1. Монголын наадам, Шилийн голын наадам хоёр тун адилхан болов
Дэглэмийнхний, наадамд ямар нэг хэмжээгээр гар хуруу дүрсэн бүх тохиолдол муухай байлаа.
Эсэргүүцлийн хөдөлгөөнийг нам дарж, “Гал үндэстэн”-ий бүх удирдагчдыг шоронд хийж, өлсгөлөн зарлуулж байгаад наадлаа, тэд. БНХАУ-ын эв хамт намын дарангуй засгийн ивгээлд орж байгаад, “зоригтойгоор” эсэргүүцлийг дарсан ч, ард түмнээс эмээсэн дарангуйлагчид үй олон цагдаагаар хамгаалуулж, саяын Шилийн голын овоо тахилгын баяртай тун адил дүр төрхтэйгээр наадлаа.
Наадмын нэршил ч утгагүй байв. Тэр дөрвөн их үйл явдал нэг өдөр болоогүй шүү дээ. Нэг дор олон хоног амарч байснаас, тухай тухайн өдөр нь цөөн хоногоор амарч, баярлаж яагаад болдоггүй юм бэ. Олон бол улиг, цөөн бол билиг гэдэгсэн.
НҮБ-д элссэний ой бас давхацсан, үнэндээ таван их ойн баяр юм гэх дарга ч байв. Арай л 7.1-ний бослогыг дарсны гурван жилийн ой юм уу, “Гал үндэстэн”-ийг дарсны баяр гээд нэмчихсэнгүй.
2. Монгол туургатны төвшний наадам хийнэ гээд молигодсон нь
Хүннү, Их Монгол, Богд хаант Монгол, Бүгд Найрамдах Монгол улсуудыг монгол туургатан түмнүүд хамтаар нэгдэн байгуулсан юм. Тийм учраас дөрвөн ойн наадам монгол туургатны л наадам болох учиртай байлаа. Төрийн зүгээс ч монгол туургатны хэмжээнд баяр наадам зохион байгуулна гэж мэдэгдэж байв. Тийм болохоор монгол үндэстэн гэж юу болохыг ойлгодог хүмүүс дуугараагүй.
“Монгол туургатны соёлын өдрүүд” наадмыг угтан болно гэхээр нь Ар, Өвөр Монгол, Буриад, Халимаг, Тува, Хазар гэхчлэн хийх юм л санаж суулаа. Гэтэл монгол бичгийн өдөр, гэрийн өдөр, цагаан идээний өдөр гэж хийв шүү. Хөөрхөн молигодчихож байгаа нь энэ. Яах гэж тэр вэ?
Хоёр хөршөөс айлаа эмээлээ гэж аанай солиорох үндэсгүй. Аль аль нь л улсдаа монгол туургатны төвшний арга хэмжээ явагдахыг зөвшөөрч л байдаг. Манай бөхчүүд Өвөр Монгол, Буриад, Тувад өчнөөн очиж барилддаг наад захын жишээ буй. Гэтэл яагаад хилийн чанадын ахан дүүс маань манай наадамд зодоглож болдоггүй юм бэ? Харин ч энэ солиотой хандлагаараа хоёр хөршийнхнийг ялгаварлан гадуурхаж байнам бус уу. Монгол үндэстний л эсрэг юм хийж байвал ад зэтгэрийн дарга нар маань хоёр хөршөөсөө ч айдаггүй л юм байна.
3. Наадмын хуушуур гэх ойлголт монгол ёсонд огт байдаггүй
Учир мэдэхгүй хүнд бол цэнгэлдэхэд их л гоё сайхан юм болоод байгаа мэт санагдаж, нүд нь эрээлжлэн суусан буй заа. Үнэндээ бол холион бантан, холимог хуурга л байлаа шүү дээ.
Социализмын үеийн улиг болсон элдэв тоглолт, хожуу үеийн хуурмаглалууд, арми, бөө, юу л бол юу олдсоныг нь хамж шимээд л цацчихсан. Үнэндээ ямар ч мэдрэмжгүй ийм зүйл муухай харагддаг юм. Наадам бүрд байг гэхэд том ойгоор нэгдсэн зохиомжтой нэгэн цогц үзүүлбэр найруулан толилуулж болно оо доо.
Чингис хааны дүрд мөргөнө үү гэхээс, Чингис хаан өөрийгөө элэглэн биднийг баясгаж буй мэт жүжигчилсэн тоглолт зохион байгуулж байхаа болимоор (Томчуулын хурим найрыг ч Чингисийн дүр хөтөлдөг боллоо шүү дээ).
999 морин хуурч л гэнэ, БНХАУ дахь үндэсний хуурмаг соёлын нэг номэрийг л копидчихсон хэрэг. 999 хүүхдийг хичнээн зовоож байж энэ бяцхан баясал бүтсэн гэж санана.
Амэрикийн монголчууд гэсэн чинь энэтхэг хүн ч явж байх шиг. Монгол туургатныг монголчууд бидний тархинаас арчих ажил хийснийгээ цайруулах гэж “тэндхийн эндхийн монголчууд” гээд амрахаар ирсэн оюутан хүүхдүүдийг жагсаалаа. Энэ логикоор бол ухаан нь би уралын монгол болох нь ээ. Жинхэнэ монгол туургатныг үгүйсгэчихээд, ингэж шогтох ч гэж.
Наадмын хуушуур гээд л хөөрцөглөх. Наадам бол хуушуур, тоос, хөлсний аль нь ч биш. “Морь, бөхийн хөлс” гэж ойлгох явдал байсныг нь хүчний байгууллагынхан нөр их чармайлт гарган байж зогсоодог болж. Нөгөө хоёр төөрөгдөл нь байж л байна. Хэн гээч мунхаг нь анх, наадмаар хуушуур идэх гээч айхтар гоё юм байдаг гэх гажууд зүйлийг гаргаад ирсэн юм бол. Монгол ёсонд наадмын хуушуур гэх зүйл огт байхгүй, харь ёсонд юу юм гэхээс. Эгэл үеийн дорд хоол эрхэм наадмын маань дээд нь болох учиргүй. Нэг элий нь өдгөө, гурилтай хуургыг “хуцваа” гэж хэлэх эрэмдэг юмыг нийгэмд халдварлуулчихсан л байна. Хэдэн жилийн дараа гайхамшигт ёс уламжлал мэт болоод л явж байх вий.
Хий хоосон хөөрцөглөл наадмын гол өнгө аяс байв. Хайран сайхан баярыг шүүмжилж хар юм ярив гэж намайг буруутгаад л учраа мэдэхгүй уухайлж, орилж хашхирагсад байсан. Өвчтэй эцгийгээ мандтугай гэж бархираад, эмч домчид үзүүлж илааршуулъя гэсэн нэгнийгээ буруу булхайтай юм хэлэв гэж болох уу.
4. Хамгийн олон харийнхны өмнө шившгээ дэлгэж, дээд амжилт тогтоов
Төв цэнгэлдэхийг тойрон хогийн сав түрсэн хүүхэд залуус явсныг их л сайшаан өхөөрдөж, хойч үе маань ийм л байх ёстой гэлцэв. Эх орныхоо төлөө тэмцэх дургүй, хогийн ажил хийх дуртай хойч үеэр яах ч билээ дээ. Зүй нь тэдний явдлыг шүүмжилж бичих ёстой шүү дээ. Тэр ажлыг хэн хийх ёстой, хэн хийх ёсгүй нь албан зохицуулалттай, түүгээрээ, шат шатандаа шийдэгдээд явах учиртай. Түүнээс биш, амтай бүхэн үргэлжийн мөнхөд хог ярьж амьдрах учиргүй. Хэн хамгийн их хог түүх вэ гэсэн уралдаан наадамчдын дунд зарлагдаж ч байх шиг. Монголчууд бид алт баялгаа харьд бэлэглэчихээд, хог түүж баярлах болоо юу.
Бөхийн барилдаан унтаа хэмнэлээрээ нозооруулж байхад цэнгэлдэхийн гадаа ширүүн тэмцэл өрнөж байв. Яагаад тэр вэ? Олон билэт давхардуулж худалдсанаас болж. Шагшигдаад байгаа өндөр зохион байгуулалт…
Бөх маань ч аанай л найраа новшроо, булай булхайтайгаа хамт болж өнгөрлөө. Юун тэр сонин сайхан, содон гоё… Цол олголт дээр мунгинасан онигооны явдал гэхэд хөх инээд хүргэхгүй байхын аргагүй.
Хүй долоон худаг концлагэр шиг болж гэнэм. Муудсан мах, хуушуурын дугаарын наймаа, олдохгүй жорлон, байхгүй хогийн сав болон цэвэрлэгч, адууны ханиад, унаагүй хоцорсон хүмүүс 7.1-ний олзлогдогсод шиг наранд хайлж суусан гээд л…
500 мянган жуулчин ирлээ гээд сайрхаад байсан. Нүдний булай. Тэр олон харийнхны өмнө шившгээ дэлгэж. Бас тэр олон гадаадынхныг хулхидаж.
5. Архигүй наадъя гэчихээд, архидан согтууруулж, архины мафид үйлчлэв
Архигүй наадъя гэж ерөнхийлөгч санаачилсан гэх юм. Нөлөөний сониндоо: “Хожим монголчууд Чингис хаанаар биш, Ази тивийн ардчиллын лидер Ц.Элбэгдоржоор нүүрээ тахлах цаг ирнэ” (тийм цаг бүү ирээсэй гэж залбиръя. зох.) гэж бичигдэж байгаа (6.25) энэ хүн тийн уриалсан ч байж болох. Хий хоосон уриа лоозон сонирхдоггүй болохоор хэн тэгж сүржигнэснийг нь үнэндээ мэдэхгүй байна.
Олон хоногоор баяр наадмыг сунжруулсан нь архины мафийн эрх ашигт үйлчилсэн хэрэг гэж бичигдсэнийг үзлээ.
Наадмаар архины худалдааны ямар ч хязгаарлалт хийгдсэнгүй. Ард түмэн архиа ууж, шарталтын эсрэг бүтээгдэхүүн авч, өндөр төлбөртэй (гурав нугалсан гэж дуулсан) хордлого тайлах үйлчилгээ хийлгэж, цөөн тооны хэсэг бүлгийнхэнд асар их олз ашиг авчирсан. Зөвхөн нийслэлд архинд хордлоо гэсэн түргэний дуудлага 4000 гаруй ирсэн гэх шив.
Ам ажлын зөрүү, худал лоозон, бодот байдлын ялгаа гэж энэ.
6. “Шинэ Монголын анхны наадам”
Жилээс жилд наадам ардын шинжээ алдаж, олигархиудын цэнгүүн болсоор байгаа. Бөх ч, хурдан хүлгүүд ч хэрэг дээрээ ноёдынх л байх аж. Тэгвэл бүр ноцтой зүйл таардаг юм байна.
Дэглэмийн сонины саяхны дугаарт “Шинэ Монголын анхны наадам” гэсэн хачирхалтай гарчиг бүхий матэриал гарчээ. Яагаад анхны гэж? Энэ жил ямар онцгой үйл явдал болов?
Нэгэн маш чухал үйл явдал дэглэмийнхний хувьд тохиолдсон болой. Тэр бол БНХАУ-тай, хоёр улсын хоорондоо хамгийн их ойртсон шат буюу стратэгийн түншлэлийн гэрээг байгуулсан явдал. Урьдын ЗХУ-БНМАУ-ын маягийн, өөрөөр хэлбэл ноёлох улс-дагуул улсын харилцаа тогтсон гэхэд болно. Үүнээс цаашаа бол, БНХАУ-д нэгдэх нэг л шат буй. Ийм гэрээ байгуулж, ивээл хамгаалалд нь орсон болохоор дарга нар хөл нь газар хүрэхгүй хөөрч, асар их омогших оодрох болсон.
Шинэ Монгол гэдэг бол сайхан хэллэг. Гэтэл үүнийг харь гаралтнууд “шинэ монгол үзэл” гэдэгтээ тун эвгүй утгаар хэрэглэдэг юм. Бусад монголчуудтай холбоогүй, харь гаралтан ноёлж, ар монголчууд дарлагдсан “шинэ” улс үндэстэн үүсгэнэ гэсэн, 90-ээд оны эхээр бүр төлөвшин тогтчихсон байсан үзлээ нэрлэхэд ашигладаг.
Шинэ Монголын анхны наадам гэснийг бодоод үзэгтүн. БНХАУ-ын нөлөөн дорх улс болж, стратэгийн гэрээ гээчээр баталгаажуулснаар тэдний Шинэ Монгол улс байгуулагдчихсан хэрэг юм байна шүү дээ. Ямар улсын ямар наадмыг тэд хийж цэнгэснийг ойлгов уу. Тэд өөрсдийнхөөрөө наадсан, боолууд нь болох бид ч тэднийхээр наадсан.
Ч.Мөнхбаяр
ММXI.VII.XVIII
http://moenhbayar.blogspot.com
ММXI.VII.XVIII
http://moenhbayar.blogspot.com
No comments:
Post a Comment