шог үгүүллэг
Зургаан настай хорват хүү Иван Стоилькович 25 кг мэталл биет биедээ наалдуулах чадвартай гэнэ. 70 нас шүргэж яваа Малайзын Лью 20 мэтрийн цаана байсан машиныг биедээ мөн соронздоод наалдуулчдаг. Хамгийн гол нь тэд чинь биедээ халбага сэрээ, индүү, тараншааны таг магхан наасан төдийд л баяжцарах юм гээч.
Уг нь над шиг Зүүн Азийн томоохон цөмийн физикчийн хувьд соронзон-хүн болох нь алга хөрвүүлэхээс ч амархан байхгүй юу даа. Ийм амархан хөлжих бэлжих нүх бэлээхэн байж байхад, яах гэж физикийн хүрээлэнгийн нүхэнд хорин жил бүгэв ээ гэж өөрийгөө зүхэв.
Цөм гэдэг бол угаасаа хамгийн жижигхэн хөөрхөн соронз юм. Ингээд бодоод үзэхүл хорвоо ертөнц, оршихуй, туйлын зорилго гэгчид нь бүгд - соронз гэсэн философийн номлол дороо урган гарч ирж, “улам ядуу гуйлгачин болох нь дутаа юу чи” гэж өөрийгөө хатуу донгодон зэмлэж байж, тархины үйл ажиллагаагаа тоормослов. Тэгээд индүкц миндүкцээр жаахан оролдсон шиг суутал дүн хийгээд л соронзжуулалт эхлэв шүү.
Гараад ойрын ТВ рүү баяр хөөртэй алхаж явтал нэг такси зогсоод “Явах уу?” гэж байна.
-Соронзонд татагдчихав уу?
-Юу?!
-Жолоодлогогүй болчихоод миний дэргэд ирээд зогсчихов уу гэж монгол хэлээр хэлж байна.
-Та чинь ямар хачин хүн бэ? Лав тэр хүрээлэнгээс гараад явж байгаа байх. Инээгээд байхаар чинь л мөнгөтэй юм болов уу гэж санасийм гээд шуртхийн одов.
“Бие минь гүйцэд соронзжоогүй байж таарах нь. Үгүй тэгээд, өрөөндөө суугаад байсан бол хамаг төхөөрөмжөө хамаагүй татаад эвдчихнэ шүү дээ” гэж бодсоор ТВ-ийн сэтгүүлч эмэгтэйн өмнө иржээ. Микрофон нь духан дээр наалдаж байна шүү. Биеийн бусад хэсэг дээр ч наалдах л байсан байх. Гэвч ямар хувцсаа тайлалтай нь биш дээ, арай ч цэвэр ичимтгий монгол эрийн ёсоо гээгээгүй байнаа, хө. Бүсгүй хавчаараа авч духан дээр минь нааж үзэхэд, үс нь сул асгараад, цээж нь түхэлзээд л. Соронзон хүн байх нь таалагдаж эхэллээ.
-Манай “Монгол үндэсний брэнд” нэвтрүүлэгт бүр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн олдож өгөхгүй, үнэхээр хэцүү байлаа шүү! Хөөмийг хичнээн ч үзүүлэв! гэж хөөрхнөөр шулганасаар, намайг шууд эфирт хөтлөн оруулав.
-Жа би Монголын анхны соронзон хүн билээ. “Алгаа тосч биш, ажил хийж амьдрах цаг болсон” хэмээх, Сү.Батболд даргынхаа илтгэлийг сонсч байсан чинь сэтгэл хөдлөөд ийм соронзон гажигтай болчихлоо. Миний соронзон гажгийг Күрскийн соронзон гажигтай тэнцэнэ гэж Монголын эрдэмтэн би үзсэн байгаа. Илтгэл сонсч байхад л шууд биед соронзонгоор татагдаад наалдсан… гэж бурав. Ямар үнэнээ хэлэлтэй биш.
-Юу наалдсан гэж? Зурагт уу? Ерөнхий сайд уу?
-Мэдээж ерөнхий сайд. Гэхдээ дүрс нь л дээ. Миний соронзон орон бол оюун ухаантай холбогдсон, бас сонголтоо хийнэ… гэсэн чинь бүсгүй чарлаад л явчихав. Түүний ээмэг надад татагдаад чих нь ихэд хорссон байжээ. Чихээ алгаараа дарж байхад нь ээ бүү үзэгд, өчүүхэн бага даашинз, хөхөвчнийх нь мөрний гох дэгээнүүд тас үсрэн нүүр лүү харваж, ямар их өвтгөв өө. Нэг нь ядаж өрөөсөн нүдэн дээр буусныг ч хэлэх үү. Цээжээ даран зугтах гэсэн бүсгүйн шилэн оймсны тээглүүр, дотоож, өндөр өсгийт цөм над руу нислээ. Бүгд “Люи Вюттон” гэсэн данагар том төмөрлиг чимэгтэй юм.
-Таны сонголт энэ үү гэсээр хамгаалагч нар намайг гадагш чулуудаж, биеэс минь камэрийг салгаж авах гэхлээр, тэлээ нь сугарч намайг ороолгоод, тэлээгээ татаж авахаар камэр нь нисч ирж балбаад эцэс төгсгөлгүй л юм боллоо. Соронзон хүн байх чинь тийм таатай зүйл огт биш юм байна, хөөе.
Машин болгон дайрчих гээд:
-Замаа харж яваач!
-Улаан архичин!
-Хар архичин!
-Цагаан солиотой архичин!
-Ногоорсон архичин!
-Шартсан архичин! гэх хараал ерөөлийн үгс урсана.
-Битгий солиор, өөрсдөө жолоодлогогүй ямбийгаар жороолчоод! Худлаа гэвэл шалгаад үз гэхлээр:
-Нээрэн тийм байнаштээ. Та лав бөө байх аа, яаж мэдвээ гэх. Цайлган ч амьтад бол доо.
Машин замгүй газраар явах гэхлээр олдохгүй юм. Тэгэхлээр нь арга ядаад дандаа баригдаж буй барилгуудын хашаа дамжаад ахилаа. Танк трактор нь арай ч надад сорогдчихгүй юм. Харин тэр нийвий, хүрз, зээтүү, жоотуу нь амаргүй даваа. Бултах гэж наян юм болно. Хашаанд зоогдсон зэмсгүүдийг би ууртай харж:
-Юу гэж над руу элдэв юм нүүлгээд байгаа юм бэ. “Даяар Монгол”-д хэлнэ шүү гэвэл хужаа нар:
-Ай та өөрөө “Даяар Монгол” ваа. 38-р армийн бүх зэвсгийг хураачихваа гээд л бөхөлзөх.
-Салга юм уу, хаашаа юм. Байлдааны зэвсгээ чамлахаар чанга атга! хэмээн хамаандалж хаахалзаж байтал хамгийн цаатаа талын барилга нурлаа. Тэгээд л даалуун байшин шиг бүгд! Чанаргүй арматур нь надад татагдаад хуга хуга үсэрсэн юмсанж.
Соронзон чанар маань өөрчлөгдөж нэгэн троллэйбус руу хийсч очоод л таван хошуу шиг наалдчив аа, би. Ашгүй, манай хүрээлэн хүрэх чиглэлийнх аж. Тийш дөхөхлөөр би төхөөрөмжүүд рүүгээ татагдах нь ойлгомжтой. Хойд Солонгосын төслийн аварга рэактор манай амбаар шиг жижиг барилгад нуугдаж байдаг хойно.
Лаборантаараа магнитизатор буюу соронзжуулагчаа авчруулж, арайхийн аврагдлаа. Гэтэл Рио-Тинто компаниас утасдаж байнаа. Надаар алт зэс олборлуулах юм байх. Нөгөө ВВС-гийн “Гүн хөх” хэмээх далайн тухай баримтат кинонд, Марианы хонхрын ёроолын зургийг авахад ашигласан шумбагч онгоцыг надад зориулж тусгайлан худалдаж авав гэнэ.
-Би түүгээр чинь газрын гүн рүү шумбах болж байна уу? Та нарыг тэнэг гэж бичсэн байсан. Арай ийм гэж санасангүй гээд хөхөрвөл:
-Сорогдсон зэсэнд дарагдаж үхэх аюулаас л таны амийг аврах гэсэн юм гэж уурлах янзтай хариулж байна. Нээрэн ч Марианы хонхрын даралтыг даадаг шумбагч чинь мөн их зэс даана даа. Амийг минь аврах гэсэн сайхан сэтгэлтнүүдэд туслалгүй ч яахав.
-Ингэхэд би нэгэн эгшинд бүх зэсийг олборлож чадна. Гэрээ ёсоор бол та нар 30 жил олборлох ёстой шүү дээ.
-Гайхамшигтай! Бид гурван эгшин гэж тооцоолсон байснаас хэд дахин илүү хурдтай ажиллах нь.
Тэр танай гэрээ пирийнтэлсэн цаасныхаа ч үнэд хүрэхгүй тул, бүү санаа зов. Нэг ч зэс байгаагүй гээд л онгорхой нүх харуулчихна.
Та олборлосон зэсээ аваад шууд Хятад руу гарна гэхэд, шумбагчийн чинь моторын хүчин чадал хүрэх үү?
-Мэдээж хүрэхгүй. Соронзон нөлөөгөөр бүх эд анги нь задарч салаад надад наалдсан байх болно. Хуяг нь л хэвээрээ үлдэнэ.
-Тэгэхээр ингэе, мистэр Магнэто ч билүү, Айронмэн ч билүү, та минь ээ. Энд зэсээ олборлочихоод, гялс Хятад руу гараад татаад авчих. Ингээд л таны ажил гүйцээ! Бид танд сая төгрөг төлнө. Та саятан болно!
-Сайхан л дуулдаж байна. Гялс гэдэг нь хэдэн сар вэ? Та нар намайг зэсэн уулаас ухаж гаргах хугацаа…
-Өө нээрээ тийм ш дээ. Өвөр Монголын бослогын бүх олзлогдогчоор ухуулахад ч гайгүй л дээ. Хоёр сар л орох байх.
-Тохирлоо. Шумбагч онгоцондоо миний хоёр сар идэх уух юм, унших ном, унтах хүүхэн, уулзах хүмүүс, Улаанбаатар хотыг багтаачихаарай гэж би хэлээд соронзжуулагчаа авч харилаа.
Эхнэр ТВ-ийн шууд нэвтрүүлгийн тухай дуулсан байсан ч, Рио-Тинтогийн санал түүнийг тайвшруулалгүй яахав. Харин ч би түүнийгээ соронзжуулалтын хүчээр нүцгэлэхүй:
-Хамаг хувцас ураад хаячлаа ш дээ. Яг л зэрлэг араатан! хэмээн талимаарав.
Янагийн явдал ч маш сонирхолтойгоор өрнөв. Харин өглөө эхнэр:
-Хүүеэ би цоо эрүүл болчиж! гэж дуу алдав.
-Соронзон эмчилгээний эффэкт үйлчилсэн бололтой гэв.
-Үгүй ээ, чи намайгаа хайрын хүчээр л эмчилсэн гээд наалдчив. Соронзон маань арилчаад байхад мөн хачин аа.
Оюутолгойд очоод олборлолтоо эхлүүлтэл, гайхал Рио-Тинто офисоо бүр хамгийн их баялагтай хэсэг дээр барьчихаж. Их агууламжтайгаас нь эхлээд сорчлон олборлохоор тохиролцсон байлаа л даа. Тэгээд л доодох баялаг нь миний шар шумбагч руу татагдахаар тэд цөмрөөд, газрын гаваар орохгүй юу. Тохиролцоо маань ч лөөлөө боллоо.
Тэр баялаг чинь соронздуулж гарч ирэхдээ онгоцыг маань өргөөд л сүндэрлээд байхаас бус, дээрээс ойчихгүй юм байна шүү. Би цөмийн онолын физикч болохоос, уул уурхайн тэхнологич биш, яаж мэдэхэв. Төхөөрөмжөө унтрааж барьчихаад зэсэн уулнаас бууж явтал монгол ажилчид бэлд эсэргүүцлийн жагсаал хийж байна. Хоолгүй болголоо энэ тэр гээд л намайг алах нь ээ.
-Энэ зэсээр хоол хийхгүй юу гэсэн чинь:
-Яаж? гээд л толгойгоо маажиж байна.
-Та нар одоо эрх чөлөөтэй. Ахин хэзээ ч боолчлогдох ёсгүй хэмээн “Спартак” киноноос эш татвал:
-Баялгийн хараал гэж айхтар юм байдаг гэсэн. Тэгээд ч тэнгэр заяатай бидэнд газрын юм тохирохгүй. Энэ гайтай зэстэй холбогдсоноос үхсэн нь дээр л гэж байна. Тэгтэл хужаа ажилчид нөгөө зэсэн уулыг өвөртөлж хормойлоод хил даваад гүйгээд явчлаа. Энэ монгол ажилчдыг, ажилчдыг ч гэж дээ, хятадуудын боолуудыг яасхийж соронзжуулаад аргалчихъя даа гэж бодож байтал:
-Зайлцгаа! Тонилцгоо! гэх жонгиносон дуу гарч, жагсагчид ч улаан түйрэн болон одов. Юуны хэн ч билээ дээ, нэг их үзсэн сайд айсуй.
Удалгүй би Төрийн ордонд сууж байв. Дарга нар:
-Чамайг дуртай үедээ соронзжоод, дуртай үедээ больчихдог гэдгийг чинь мэднээ. Тэгэхлээр тэр биднийг харваж алчих гээд байгаа “Гал үндэстэнг” талбайд ирэхээр хамаг төмөрлигийг нь соруулаад авчихаж бай гэлээ. Дуртай үедээ болдог больдог маань ч өнгөрөөд байлаа. Соронз гэдэг чинь архи шиг донтуулчдаг эд юм. Нөгөөдхөөсөө зуун грамм хүртээд улаан зээрд болчихсон суув. Дарга нар ч үхэдхийн ойчоод эхэллээ. Цусных нь төмөр багадсан байхгүй юу. “За, одоо хоолгүй болголоо гэсэн жагсагчдаар ч талбай дүүрнээ. Яасхийж соронзжуулаад аргалчихъя даа” гэж бодож байтал…
Ч.Мөнхбаяр
ММХI.V.XIII
ММХI.V.XIII
No comments:
Post a Comment