Наргиа
Бид Гуйлгачингийн дээд сургуулийг төгсгөв. Сална гэж байхгүй, нэг ширээнд ч тохой нийлүүлэн сууж, хонхны баяр дээр ч хамтдаа, дараа нь ч мөн адил явсан хоёр доо.
Тун харамсалтай нь ажлын байр олдож өгдөггүй. Гурван сая найраа буюу 22 мянган доллар сугалаагаар хожчихоод гуйлгачинд өгчихсөн Нигэрийн Розмали Обиакор гэдэг хүүхнийг хайж, найраа хийх гээд Африк орлоо нэмэргүй.
Хүн амьдарч болно гэж шуугиулаад байгаа, шинээр нээгдсэн Глизэ ч билүү, Ализэ ч билүү гараг дээр очлоо, тэгсэн чинь хүн амьдарч болдоггүй гараг юм гээч. “Гуйлга бол нийгмийн тустай хөдөлмөрөөс зайлсхийх гэсэн, паразитизмын хэлбэр!” гээд биднийг хөөчихлөө. Ирэх очихын 1000 жил зарцуулж, хайран цагаа үрэв.
Найз маань надаас сэргэлэн юм болохоор:
-Талбайд хэдэн гуйлгачин ажиллаж байхыг харлаа. Хоёулаа өөр талбайд очиж ажиллая гэлээ.
Чингээд цэллоодон хайрцаг урлалаа. Дээр нь “Монгол ухааны Монуха холбоонд хандив өргөнө үү” гээд биччихэв. Найз маань:
-Нам, сонгууль, ашигт малтмал гурав хэрэггүй ээ гээд л хашхирна. Монгол суу ухааны “Манукол” акадэмийнхнаас сурч авсан үгс юм байх.
-Бид гэнэн донгио зангаасаа өнөөдөр салмаар байна. Тэр дээр байгаа 76 тэнэг гэхээр тэднийг сонгосон ард түмэн бүр тэнэг байгаа биз дээ гээд л эшлэнэ. Ингэхлээр чинь хэн мөнгө өгөх вэ дээ.
Анд маань арай л дэндүү хачин хачин юм яриад байх шиг. Харин би:
-Засгийн газар бол хог!
-Сү.Батболд бол түүнээс ч долоон дор!
-Н.Энхбаяр бол ер нь гамбир! гэхчлэн, хэнд ч ойлгогдохоор үгсийг сонгон, хэнд ч дуулдахаар чанга бархирна. Мөнгө гэж, өдөртөө хайрцагны ёроолд хэдэн юм цуглах нь цуглана. Гэхдээ өдөрт 100 төгрөгөөс цааш огт ахидаггүй. Анх оруулсан хөрөнгөө ч нөхөж чадалгүй, алдагдалд ороход хүрлээ.
Нэг гэрэлтэй сайхан өдөр Сү.Батболд дарга өөрийн биеэр морилон ирэв. Морилон ч гэж дээ, жийплэн л дээ.
-Би хог мөн үү? хэмээн тэрбээр уйтгартай царайлан асуув. Бантсандаа би:
-Мөн л дөө, онцлог нь таэквондогийн хар бүстэй гэчив. Дарга эвшээнгээ:
-Та хоёр энэ мэтчилэн ажилла. Ер нь Монгол улсын ирээдүй байгаа юм. Тэр ашигт малтмал залтмалыг та хоёр ашиглана гэж солиорсноос гуйсан нь дээр. Май гээд хармаанаасаа атга нүүрс гаргаж өгөв. Түүнээс хойш төрийн халамжинд орж, өдөр бүр атга нүүрс авдаг боллоо доо…
Нөгөө талбай дээрх “мэргэжил нэгт” нөхөд дээрээ очив:
-За, гуйлгын ажил хэр байна даа гэтэл:
-Дажгүй гэв.
Найз маань харин "Эд чинь хөөрхөн турчиж гэм, хөөе. Хоёулаа ер нь дэргэдээ, наагуураа улс төрийн тэмцлийн хэлбэртэй, цаагуураа дарга дорго ч юм уу, нүүрсний уурхайн хувьцаа эзэмшигч болчих нигууртай, давхар давхар ач буянтай Тураах төвийг ажиллуулж, олныг ойлгож буулгая!" гэж шивнэлээ.
Ишш тэр Сү Батболд золдыг биш, энэ найзыг маань ерөнхий сайд болгочиход яадаг байнаа гэж өөрийн эрхгүй би дотроон дуу алдав. Даанч, заавал гуйлгачнаас дор сэтгэлгээтэй улс дээр залрах юм. Ямар сургууль төгсчихөөрөө тийм болдог байна гэж бодоод бодоод олсонгүй.
Ч.Мөнхбаяр
ММХI.VI.III
ММХI.VI.III
No comments:
Post a Comment