Thursday, July 21, 2011

Мацаг

хошин үгүүллэг

Гамби Замбид л ийм байдаг болов уу гэлтэй халуу шатсан өдөрт зохилдсон дүртэй буюу, заан мэт төрхтэй Балдан аахилж уухилсаар өргөө гэртээ орж ирэв. Гутлынхаа үдээсээ тайлахдаа хайлж урсах дөхнө. Хамаг хувцсаа тайчиж хатаагаад, шалдан биеэ сэвж байтал эхнэр Цээмаа нь халаглан:
-Иш Балдаа минь, Балдаа минь энэ халуун өдрүүдэд чи нэг дэлбэрч үхэх вий дээ. Жингээ хасч, мацаг барь гээд байхад үгэнд орохгүй юм гэж үглэв.
-Өлбөрч үхсэнээс дэлбэрч үхсэн нь дээр байлгүй. Зовохгүй шүү дээ.
-Зовоод л тарчлаад л явдаг биз дээ.

-Та нарыг тэжээх гэж л би үйлээ үзэж явна. Зүгээр сэлгүүцэж зовоогүй.
-Амьтан хүртэл зовиуртай бол өөрөө мацаг барьж эхэлдэг.
-Өө, бүр амьтан болгох нь л дээ.
-Хэрэв чи энэ янзаараа байвал нэг л өдөр ажил албанаасаа салахад хүрнэ шүү дээ. Будда хүртэл мацаг барьж байж л гэгээрч Будда болсон юм гэсэн нь Балданд нэгийг бодогдуулав. Албан тушаалын өрсөлдөөн их, алдаа сэв гаргаж болохгүй.
-Турна гээд өлсөөд байсан чинь эсрэгээр харин таргалчихвал яана. Өвчний тарга гэж бас бий.
-Зөвхөн өлсөх хангалтгүй. Бясалгал үйлдэх хэрэгтэй гэж Цээмаа өчив.
Бяслаг гэж мэдэхээс, бясалгал гэж мэдэхгүй Балдан бодолхийлэв. Энэтхэгт мацгийг упаваши буюу дээд ухамсарт ойртохуй гэж хэлдэг гэнэ. Мянга мянган жил ёгчид мацаг барин танин мэдэхүйн туйлд хүрч ирсэн аж. Хэрэв тийм мундаг дээд ухамсартай, танин мэдэхүйн туйлтай болчихвол огцрох байтугай огших юмсанж…
-Шал худлаа юм байна гэж Балдан бархирав.
-Юу худлаа гэж?
-Би нэг жаахан мацаг бариадахсан чинь дээд ухамсарт хүрэх байтугай, ухаан балартаж, танин мэдэх бус, хоолноос өөр юу ч бодогдохоо больж байна.
-Чамайг хэн мацаг бариадах гэсэн юм?
-Юу?!
-Сарны байршлаас хамаарч мацгаа эхлүүлэх ёстой юм.
-Сарыг ямар идэх биш, мацаг барихад ямар хамаа байна? гэж Балдан гайхаж цонх руу олилзов.
Цээмаагийн ухуулахыг үзвээс, сарны зааварчилгаан дор л хоол сойх учиртай гэнэм. Бас бясалгана гэдэг нь нүдээ анин, унтах ч биш, унтахгүй ч биш суухыг хэлэхгүй, ариун гэгээн бүхэнтэй оюун сэтгэлээр нэгдэхийг хэлнэ гэнэ шүү.
-Ээж ээ! гэж Балдан хашхирав. 30-40 хоног бацаглана гэхийг дуулсан хэрэг л дээ. Гэвч удалгүй бүх ёсыг дагаж эхлэв. Цэвэр агаарт явах хэрэгтэй учир үе үе л Төв аймаг руу одно. Нийслэлд тэр нь ямар байх биш. Мацаг барьсан үеийн хоолоо ядууст өг гэх тул тэдэнд шил лааз өгч гялайлгана. Хэлээ сайн хусах учиртай тул сахлын машинаа байсгээд шүүрч авна.
Ингээд хүсэн хүлээсэн цаг ирж, мацаг тайлах болов. Бүтэн гадил идэхдээ  зажлахгүй залгих ёстой болохоор, ягуар залгиж буй анаконда адил хэдэн цаг гүлдийж байж далд оруулав. Мацаг барихаасаа мацаг тайлах нь хэцүү гэдэг үнэн юм гээч…
-Юу ярьж байгаа юм бэ? Гадилаа бага багаар залги гэсэн шүү дээ гэж Цээмаа уулга алдав.
-Чи чинь л өөрөө бүтэн гадил залги гээ биз дээ? Надад ямар ч буруу байхгүй.
-Бүтэн гадилыг бага багаар залги гэсэнштээ!
-Тэгээд яачаав? Би нэг үйлдлээр залгичихаагүй, бага багаар залгисан. Алив, гахайн хөл идмээр байна, аваад ир.
-Будда мацаг барьсныхаа дараа гахайн хөл идээд нас барсийм. Дэмий юм яриад бай. Алив энэ цэцэгт байцааг, навчит ногоогоор даруулж ид.
-Энэ чинь гудамжны л өвс ногоо байнаштээ! гэж Балдан дургүйлхсэн ч Буддагийн явдлыг давтахгүйн тулд, сэжиглэсэндээ үхэхээс наахнуур юм болж байж хороов. Бас ч гэж зажилж болох нь яамай. Цээмаа:
-Чи нэг л Бэкхэм шиг харагдахгүй байна даа гэж хардав. Тэгээд жин үзэх боллоо. 10 кг-аар нэмэгдчихэж.
-Бага уух ёстой. Арай их уучихсан юм биш биз гэж эхнэр нь асуув.
-Юу гэж их уух вэ? Тэгвэл шал согтуу амьтан л яваад байна  биз дээ. Тааруулаад, соёлтой хэрэглэж байсан.
-Архийг уу?
-Вискийг. Өөрөө бага уу гэчихээд, бас намайг буруутгах гээд байгаа юм биш биз дээ.
-Тэгвэл идэж ч байсан байх нь ээ?
-Мэдээж.
-Яагаад чи тэгж тэнэглэв ээ. Яагаад миний итгэлийг нэг ч удаа даадаггүй юм бэ? Мацаг баринаа гэж  амлаа биз дээ.
-Амласан, амласандаа ч хүрсэн.
-Тэгээд яахлаараа юм иддэг билээ?
-Мацаг барих  үедээ би юу ч идэхгүй байсаан. Харин бариагүй үедээ идэж байсан байхгүй юу.

Ч.Мөнхбаяр
ММХI.VII.XIX

No comments: