УРИАЛГА
Монголын ард түмээн!
Эдүгээ, нийт монгол туургатны маань тархай бутархай, салангид ангид байдал арилж, өдрөөс өдөрт ойртон дөтөлцгөөж, нэгдэн нягтарцгааж байна. Үүний нэгэн яруу тод жишээ нь, хазар монголчуудын дунд нийт Монголын ухамсар, үзэл сэргэн дэвжиж буй явдал юм.
Судлаачдын үзэж буйгаар Хүннүгийн үеэс, Чингис хааны болон хойчис залгамжлагчдынх нь байлдан дагуулал, Их Монгол (Могул) улсын үеийг хамарсан хугацаанд, олон давалгаанаар бидний өвөг дээдэс өдгөөгийн хазарчуудын амьдарч буй бүс нутагт очиж суурьшин, хазар түмэн үүсч төлөвшихөд гол хүчин зүйл нь болжээ. Хөрш зэргэлдээ ард түмнүүдийн эзэрхий хаад ноёд ч тэднийг монголчууд, байлдан дагуулагчдын хойчис, Чингис хааны үр сад хэмээн хялайж, хавчин гадуурхаж, алж хядаж, устгаж мөхөөхийг зорьж ирсэн гашуун түүх бий.
Тэнд (Афганистан, Пакистан, Иран зэрэг оронд) хазар хүмүүс Монгол, Чингис хаан гэх үгүүдийг хэлэх ч хориотой, харин бусад үндэстнийхэн хазаруудыг дайрч давшлахад хэлж болдог байна. Ийм хүнд хэцүү нөхцөлд Афганистаны нэгэн хазар муж болох Дайкүндийнхэн язгуур угсаа нэгт Монгол улсын нийслэл Улаанбаатар хоттой ахан дүү бололцъё хэмээн хувьсгалт санал санаачилгыг гаргаж, эр зоригтойгоор үйл ажиллагаа явуулж эхэллээ. Мужийн төв хотын удирдлага зохих шийдвэрийг гаргасан бөгөөд, холбогдох бичиг баримтыг боловсруулж буй аж. Соёл боловсрол, урлаг спортын өргөн хамтын ажиллагаа, солилцооноос гадна, Монголд жимс болон бусад ургамлын тариаланг хөгжүүлэх, лалын стандартаар үйлдвэрлэл явуулдаг махкомбинат барих зэрэг, харилцан ач тустай бүтээн байгуулалтын ажил хэрэгч саналуудыг бэлтгэж, төлөвлөж буй юм байна. Дайкүндичүүд албан ёсны элч төлөөлөгчдөө Монголын их хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмын үеэр нийслэл хотод маань илгээх ажээ.
Энэ санаачилга бүтвээс, хазар түмэнтэй тогтоох анхны албан ёсны, төрийн төвшний, өргөн хүрээний харилцаа болох юм. Монголын ертөнц хүчирхэгжиж, мандан бадрахад маш чухал ач холбогдолтой үйл явдал өрнөх юм.
Учир иймд, Монголын үндэстний үзэлт байгууллагууд, бүлхэмүүдийн санаа нэгдсэн нөхөд бид Монголын төр түмэндээ хандаж, дараахь зүйлүүдийг уриалж байна.
I. Их баяр наадмаар маань ирэх Дайкүндийн болон, Хазарын бусад төлөөлөгчдийг элгэн халуун сэтгэлээр угтан авч, эрхэм дээд зочид хэмээн хүндэлж, тал бүрээр тусалж дэмжицгээе!
II. Улаанбаатар Дайкүнди хоёрыг ахан дүүгийн статусаар холбож, нэгэн өрх бүлийн гишүүд болгоцгооё!
III. Элгэн садан хазар түмнийг ойртуулан нягтруулахын тулд:
1. Бүх талын хамтын ажиллагааг (хоёр талын байгууллагууд, ХАА, худалдаа, бизнес г.м-д) хөгжүүлэх;
2. Монгол туургатны байгууллага, үйл ажиллагаанд хамруулах;
3. Уугуулшигч (репатриант), дүрвэгч, цагаач, ажиллах хүч, өнчин хүүхэд хүлээж авах;
4. Элэгшүүлэх (Монгол улсын иргэний баримт бичиг олгох);
5. Хазарын төрөлгүйтгэлийг (гэноцид) албан ёсоор хүлээн зөвшөөрөх, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх
гэсэн чиглэлээр өргөн хүрээтэй, олон төсөлтэй тодорхой бодлого, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлцгээе!
Сайн үйлс дэлгэрч, Монгол үндэстэн энхжин мөнхжих болтугай! Хурай, хурай, хурай!
Монголын үндэстний үзэлтнүүд
ММХI.VI.XXVII
ММХI.VI.XXVII
No comments:
Post a Comment