Монголд төр-эрүүгийн 30 мянган том гэмт этгээд,
тэдний 500 мянган xaмсаатан байна
тэдний 500 мянган xaмсаатан байна
Монгол улсын төрийн жолоог томоохон гэмт бүлэглэлүүд, загалмайлсан эцэг, аалзны тор энэ тэр эзлээд авчихлаа гээд л хэвлэл мэдээлэл олон жил бичлээ. Тэр нь үнэн ч байж болох юм.
Монголд төр засагтай барьцалдан сүлжилдсэн 30 мянган ноцтой хулгайч, дээрэмчин байна аа гэж хэлсэн, бичсэн, тооцоолсон явдал ч үзэгддэг. Тэдгээр төр-эрүүгийн 30 мянган этгээдийн хамсаатан нь 500 мянган хүн, энэхүү хагас сая төр-эрүүгийн товарищуудын гэмт хэргийн үр шимийг хүртэж, нуун дарагдуулж, хаацайлж явдаг нь бүх ард түмэн гэж бичсэн нь ч тохиолдоно.
Тэгэхлээр ард түмэн үл бүтэх нийгэм, дэглэмийн эсрэг тэмцэхгүй байгаа нь ийм учиртай байх нь ээ. Өөрөө өөрийнхөө эсрэг яаж тэмцэх вэ дээ, ер нь.
Хэрэв шударга хувьсгал ялж, шударгаар гэмтнүүдийг шүүе гэвэл 30 мянган хүнийг шууд шорон руу илгээх болно. Нэлээд нь цааз, бусад нь бүх насаар хорих ял авах юм биз дээ. Эх орноосоо урвасан, төрийн эрх мэдлийг ноцтойгоор урвуулан ашигласан, төрийн өмч хөрөнгийг завшсан, зальдсан, хулгайлсан, шамшигдуулсан, их хэмжээний авилга, хээл хахууль авсан, ажлын хариуцлагыг ноцтойгоор алдсан, ард түмний эсрэг геноцид үйддсэн... гээд л хамгийн том гэмт хэргүүдийг тэд бүгд нэг бүрчлэн амжуулж орхисон хойно.
Гэтэл түм түмэн хүнийг хийх шорон орон нь байхгүй. Тэгээд ч бүгдийг нь ард түмэн өмгөөлж хамгаалаад унана. Тийм ч ноён нуруу, ийм ч үндэслэгч, ардын баатар, нэрт зүтгэлтэн... юу юу л гэх бол доо. Харин юуны нуруу, үндэслэгч, баатар, зүтгэлтэн юм бэ. Хулгайн, хулгайч нарын...
Даян дэлхий маань Адаг чуулгын мананцрын 10 сая гэрлийн жилийн өмнөх дэлбэрэлт, шавьжийн хөлнүүдийн рефлексийн онцлог, нисдэг таваг ба бөмбөлөг цахилгааны холбоо, Африкийн бамбара омгийнхны цохилбор хөгжмийн интонацийн зарчмыг мэддэг. Монголын тухай л мэддэггүй. Бүр юу ч мэдэхгүй. Тэгээд л 30 мянган гэмтнийг гэсгээх гэсэн шударга баатар руу ард түмний хүсэлтээр пуужин харваж магад.
500 мянгыг шийтгэх тухай ярихаа ч больё. Уг нь хоёр нь хоёр, долоо нь долоон жил аваад, хөрөнгөө бүхлээр нь юмуу, ихэнхийг нь хураалгах ёстой. Үлдсэн бүх насанд хүрэгч баривчлагдах, торгуулах, тэнсэн зэрэг ял эдлэх учиртай болно. Гэвч яаж үүнийг гүйцэтгэх, хэрэгжүүлэх вэ.
Яагаад ч юм, зөв шударга хувьсгал хийгээд ялчихсан баатар маань бүхнийг хууль ёсоор шийдвэрлэе гэвэл... "геноцид" хийх учиртай болох нь! Янз бүрийн геноцид ард түмний янз бүрийн процентод хүндээр тусч байсан. Ойрдуудын 80, армян, еврейчүүдийн 50, кампучуудын 30 хувь нь алагдаж байсан ч гэдэг юм. Хэрэв хуулийг дагая гэвэл хувьсгалч баатар маань насанд хүрэгчдийн 100 хувийг шийтгэх болох нь ээ. 100 хувийг шийтгэсэн тохиолдол түүхэнд хараахан үгуй буй заа.
Үүнээс ямар гаргалгаа гарч ирж байна вэ гэхлээр өнөөгийн төр-эрүүгийн хавтгайрсан гэмт хэрэгт ард түмэн бүхэлдээ хутгалджээ.
Тун гайхалтай нь үүнд ард түмний буруу бага мэт. Төр-эрүүгийн гэмт хэрэг бол ард түмний нэг л гэмт хэрэг. Өөр олон гэмт хэргийг ард түмнээрээ үйлдэж байгаа. Гэмт хэрэг хийхгүйгээр, хулгайч болохгүйгээр амьдрах аргагүй нийгэм учраас. Өөрөөр амьдрах ямар ч аргагүй болгочихсон учраас.
Манай ард түмэн байлдан дагуулагч, эвдрэлцэгч, дарлагдагч, чөлөөлөгдөгч, улс түмнээ нэгтгэгч, хэлмэгдэгч, социализм байгуулагч, ардчилсан хувьсгал хийгч... байсаан. Харин хулгайч байгаагүй л юм. Тийм болчихоогүй гэж найдъя. Гэвч...
Ард түмний төлөөлөгч хэн ч гэсэн өнөөдөр оюуны хоосролд орохоос, хумслахаас, авилга өгөхөөс, авахаас, атаархахаас, хорлохоос, хуурахаас, худал хэлэхээс, татвараас зайлсхийхээс, эх орныхоо өмнө хүлээсэн бүх үүргээс зугтахаас, урвахаас, архидан согтуурахаас, нууц амрагтай байхаас, шунахаас, арван хар нүглийг үйлдэхээс, арван цагаан буяныг жигшихээс, хулгайлахаас, дамлахаас, мэхлэхээс, боолчлогдохоос, новшрохоос... буцахаа байчихсан юм шиг. Хэн бүхнийх нь дотор өнгө өнгийн арав хорин чөтгөр найрладаг болчихсон шиг. Буцахгүй төдийгүй бүгдийг нь уралдан уралдан, өрсөн өрсөн үйлдэж явнам бус уу.
Ийм л болохоор хэний эсрэг тэмцэж, юуны эсрэг босох вэ дээ. Ямар баланцгийн хувьсгалаа хийх вэ.
Монгол бол хоёр гүрний завсар хавчигдсан нэг том Гулаг ольтриг шиг харагдана. Харгалзагчид нь мөнөөх хоёр гүрэн. Тэртээ тэргүй хоригдлууд санж...
Манай таарсан таар шуудай гурван улсын шорон гянданд нэг л зохион байгуулалт байдаг шүү дээ. Тэр нь ч Монгол оронд нийтлэг үзэгдэнэ.
Юу гэхлээр, харгалзагч нар том овгор, хулгар, зартай хулгайч нарыг тулгуур баганаа болгодог. Тэдгээр овгорууд бусад хоригдлуудыг алж, тамлаж, боолчилж байна уу, үгүй юү харгалзагчдад ер хамаагүй. Шоронд бослого үймээн гарчихгүй л бол яамай.
Овгорууд шинэ хоригдлыг зодож жанчдаг. Хэдэн цаг ч зодно. Болж өгвөл ёолуулах, өршөөл эрүүлэх, уйлуулах санаатай. Тэгж зодож байгаад алж ч болно. Алдаг ч.
Айхавтар их зодуур даасныг нь овоо муу хулгайч гэж үнэлдэг, зодсон тухай ам ангайхгүй байхыг сануулна, тэгээд л жирийн боолоо болгодог. Ёолж, өршөөл эрж, уйлбал түүнийг хамгийн адгийн амьтан болгоно. Яаж ч доромжилж, дарлаж, үзэшгүй муухайгаар зовоож болдог л байхгүй юу.
Эгэл хоригдлууд ганц л юм боддог. Зодоход нь өршөөл эрэхгүй юм шүү гэж. Тэр шалгуурыг давчихсан л бол "Ээ, мөн сайхан аа. Ингээд л би газар дээрх Шамбалын оронд заларлаа. Банди биш, балинч боллоо. Намайг ахиж зодохгүй, гялай, гялай" гээд шүдгүй амаа дарвайлган инээсээр, овгорууддаа боолчлогдон явдаг. Цаадуул нь "ингээд байвал хэн чамайг зодох вэ" гэхийг хамгийн өндөр дээд шагнал, эрхэм тавиланд тооцно.
Тэдгээр хоригдол овгоруудын эсрэг эрслэн босоцгоовол чухам чигчий хуруугаараа няц дарчихаж чадна.Гэхдээ тэд хүн ёсыг тогтооё гэж боддог уу? Огтхон ч үгүй. Шамбалын оронд залраад жаргаж байгаа хүн чинь юу гэж илүү харж, билүү долоох вэ. Харин ч овгорыг эвгүй харсан нэгнийгээ матаж, будаа болгуулаад санаа амарна.
Ийм л нэг нийгэм, амьдрал харагдаад байна даа. Юун тэр шударга ардчилсан нийгэм, иргэний хөдөлгөөн, хүмүүнлэг энэрэнгүй ёс, Монгол Зонгол вэ? Тийм юм үлгэрт л гардаг байх. Бид тэдгээрийг орчин тойрондоо гэгээн цагаан өдрөөр дэнлүү бариад ч олохгүй.
Ер нь яагаад Монгол шорон болчихсон юм бол, ард түмэн яагаад хоригдчихсон, шийтгүүлчихсэн юм бол?
Монгол учраас л шийтгүүлсэн юм даа. Тэгээд л усыг нь уувал, ёсыг нь дагаад л...
Ч.Мөнхбаяр 2008
“Болсон явдал” сонин
No comments:
Post a Comment