Thursday, July 21, 2011

Ч.Мөнхбаяр: Элэгшүүллийн бодлого дэлхийн монголчуудыг нэгтгэнэ

"Монгол улс, монгол туургатан гэсэн ойлголтууд 
ямагт хамт байх учиртай"

Б.Цогнэмэх
Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр "Нэгдсэн Монгол" хөдөлгөөн байгуулж, нэгэн багц долоон санал, төслөө төрийн өндөрлөгүүдэд өргөн барьснаа зарласан юм. Түүнтэй энэ талаар хөөрөлдлөө.

-"Нэгдсэн Монгол" хөдөлгөөн одоогийн бүх хөдөлгөөнөөс өвөрмөц үйл ажиллагаатай гэж мэдэгдсэн. Тэр өвөрмөц байдал нь юунд орших вэ?
-Энэ хөдөлгөөн удирдлага, зохион байгуулалтгүй. Нийтлэг үндэслэлүүддээ л захирагдана. Монгол туургатны эв нэгдэл, Монгол улсын сайн сайхны төлөө тэмцэнэ гэсэн эрмэлзэх таван зүйлтэй. Таван толгойт хас бэлгэдэлтэй.
Бүх үйл ажиллагаа нь гишүүдийн сайн дурын хичээл зүтгэл дээр суурилна. Байнгын, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй ч, гишүүд түр, хэсэгчилсэн зохион байгуулалтад орж, эвлэн нэгдэж болно.

"Нэгдсэн Монгол"-ын сайн дурын, албан бус мөн чанар иргэдийг өндөр ухамсартай, тэмцэгч, эх оронч болгож хөгжүүлнэ. Бас удирдлагыг нь худалдан авах, үйл ажиллагааг нь хутган үймүүлэх боломжгүй болгоно гэж үзэж байгаа. Өөрчлөн байгуулалтын үед ийм албан бус байгууллага олноор үүсч, эерэг үүрэг гүйцэтгэж байсан.
-Уугуулшууллын хууль Монголд бүх монгол туургатныг нүүлгэн ирүүлэх зорилготой гэсэн. Унаган иргэд маань гадагш олноороо цагаачилж байхад, наашаа ирэх гадаадын иргэд тийм олон байх болов уу?
-Бүх юм зөв бодлогоос л шалтгаална. Манай барилгын компаниуд, янз бүрийн төслүүд хууль бус цагаачдад монгол ажилчдынхаас 5-10 дахин өндөр цалин төлж байна. Тэр цалингаа өөрийнхөндөө өгдөг бол гадаадад ажиллахаар явахгүй байсан гэж сая нэг телевизээр ярьж байна билээ. Тэр үнэн.
Монголд амьдрах нөхцөлгүй бол юу гэж хууль бус цагаачид наашаа тэмүүлэх билээ дээ. Ашигт малтмал Монголыг маш их хэтийн төлөвтэй орон болгоно. Тэр хэтийн төлвийг хууль бус цагаачдад бус, элэг нэгт ахан дүүстээ зориулах хэрэгтэй. Өөрийн ард иргэдийн сайн сайхны төлөө ч мөн зориулах нь мэдээж.
-Элэгшүүллийн хуулийн төсөлдөө бүх монгол туургатныг Монголын иргэн болгоно гэжээ. Ийм практикийг хэрэгжүүлсэн улс орон хэр байна вэ?
-Хамгийн ойрын жишээ гэхэд хоёр хөрш маань байна. Оросын уугуул үндэстнүүдийн төлөөлөгч, хилийн чанад дахь 25 сая хүнийг ОХУ-ын давхар иргэншилд хамруулах ажил явагдаж байгаа. БНХАУ бас ийм бодлого явуулдаг. Унгар, Румын, Армян, Гүрж гээд олон улс давамгайлах үндэстнийхээ хилийн чанад дахь хэсгийг иргэнээ болгох үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Монголчуудын зуун зууныг дамнасан хүсэл эрмэлзэл бол нэгдэж, нэгэн гэр улс болох үйлс гэж боддог. Тэрхүү эрхэм эрмэлзлийг биелүүлэхэд элэгшүүллийн бодлого тус болох юм.
Энэ явцыг хууль бус цагаачид мушгин гуйвуулж болох тул, тэдэнд хориг саад болох олон зүйлийг төсөлдөө тусгасан. Ер нь хууль бус цагаачлалтай тэмцэх нь эн тэргүүний асуудал байх учиртай болоод байна даа.


-Геноцидийн тухай хуулийн төсөл тань ноцтой асуудлыг хөнджээ. Манай гадаад харилцаанд хүндрэл учруулах юм биш үү?
-Монгол туургатныг хүй төрлөөр нь хөнөөж, геноцидэд нэрвэгдүүлж байсан явдалд ОХУ ойлгож хандана гэж бодож байна. Саяхан Украины ард түмнийг геноцидээр хэлмэгдүүлсэн Голодоморын хэргийг ОХУ хүлээн зөвшөөрсөн. Сталинизмын бүх гэмт хэргийг ОХУ хүлээн зөвшөөрдөг. Геноцидийг халимагууд депортаци гэсэн нэрийн дор хүлээн зөвшөөрүүлсэн байх жишээтэй.
БНХАУ, өвөр монголчууд болон бусад ард түмнүүдийн үндэсний оршихуйд халдсан явдлыг "Соёлын хувьсгалын алдаа", "Дөрвөн дээрэмчний хэрэг" гэх зэргээр томъёолон зөвшөөрч байна.
Уян хатан, ухаалаг бодлого баримталж чадвал бусад оронтой муудалцах байтугай, улам ойлголцож, найрамдах боломжийг энэ явдал олгоно. Бидний хувьд түүхийн үнэнийг мэдэх, сургамжийг таних, туургатнаа нягтруулах, шударга ёсыг тогтоох зэрэг чухал ач холбогдолтой л доо.
-Засгийн газрын монгол туургач номнолын тухай санал дэвшүүлжээ. Тусгай номнол байх шаардлагатай юу?
-Монгол Улс, монгол туургатан хоёр бол ялгаж салгашгүй ойлголт юм. Өнөөгийн байдлаар, монгол ахан дүүсээ нэгдэж нягтруулах тал дээр манай төр хангалтгүй ажиллаж байна. Тэгэхлээр монгол туургатны үйлсийг шинэ шатанд гаргаж, хүчжүүлэхийн тулд тусгай номнол хэрэгтэй. Бүр сайд тэргүүнтэй Монгол туургатны газрыг байгуулж ажиллах хэрэгтэй гэж үздэг.
Төр маань мянганы зорилго гээд л ярьдаг, хэлдэг. Цаг дээрээ болохоор тэтгэвэр тэтгэмжээс хэтрэхгүй шахуу. Мянганыг ярих бол Нострадамусын хэрэг. Зууныг харин ярих хэрэгтэй. Зууны үйлсүүдэд монгол туургатнаа нэгтгэх нь зайлшгүй багтах учиртай.
-Ашигт малтмалын хуулийг "өөрөө бүхнийг хийх" буюу "автаркийн" зарчмаар өөрчлөх хэрэгтэй гэж байна. Энэ нь хэр бололцоотой вэ?
-Бидэнд шаардлагатай бүх хөрөнгө оруулалт хөрсөн дор маань бий. Үүнийгээ барьцаалж зээл аваад зоригтой хөдлөх хэрэгтэй. Монгол улс уул уурхайн үндэсний боловсон хүчинтэй,
ажиллах хүч ч хангалттай. Шаардлага гарвал гадаадын мэргэжилтэн, компанийг хөлслөн ажиллуулж болно. Ашиг орлогыг зүгээр тарааж, бэртэгчин сэтгэлгээ түгээж болохгүй. Улс түмнээ хөгжүүлэхэд ашиглана. Ийм зүйлүүдийг би "Автаркийн уриалга"-даа оруулсан. Ашигт малтмалын автарки нь түгээмэл ёсон. Харийнханд өгнө, дараа нь тэднээс хувь гуйна гэсэн ойлголт манайхаас өөр газар байдаггүй.
-Төрийн хас сүлдний тухай санал гаргасан байна. Хас тэмдэг монголчуудтай холбоотой ч гэсэн, дэлхий дахин бол нацизм фашизмтай л холбож үздэг шүү дээ?
-Хас бол монголчуудын язгуур сүлд л дээ. Үүнийг дэлхийд таниулах хэрэгтэй. Хэн нэг булай санаатан өөрсдийгөө монгол гээд нэрлэчихвэл, бид монгол гэсэн нэрнээсээ татгалзахгүй шүү дээ. Тэрэнтэй л адил.
Хасын саналыг дагалдуулан, Монгол улсыг Төв Монгол Ард Улс, парламентыг Их Хуралдай гэж нэрлэх, баримт бичигт үндсээ халх, буриад гэх бус, монгол гэж бичиж, албан ёсоор монголчууд үндэстэн болох саналуудыг мөн дэвшүүлсэн.
-Латин үсгийн төслийг мөн дэвшүүлжээ. Манайд энэ төсөл хэрэгжээд, биеллээ олчихсон гэж ярьдаг юм биш үү?
-1997 оноос хойш 10 жилийн турш засгийн газрын латин үсгийн хөтөлбөр "хэрэгжиж" байна. Үүнд чамгүй хөрөнгө мөнгө зарцуулсан гэж дуулсан. Гэтэл латин үсгээр төрийн хэргийг хөтлөх, бүх шатны сургалтыг явуулах, шинэ дүрэм зохиох, толь бичиг гаргах гээд л тавьсан хэдэн арван зорилт нь хэрэгжээгүй шүү дээ. Кирилл үсэгт латин үсэг автоматаар оноодог "Тусгал" гэдэг хөтөлбөр л гарсан. Санал болгоод байгаа цагаан толгой нь шийдвэрлэнэ гэсэн асуудлуудаа шийдвэрлээгүй. Зөөлөрсөн гийгүүлэгчийг хоёр янзаар тэмдэглэдэг. И авиаг хоёр үсгээр тэмдэглэдэг. Сэх гэдэг үгийг sex гэж бичдэг. Тоочоод байвал өчнөөн юм бий.
Харин би тэр мэт алдаагүй цагаан толгойн төслийг дэвшүүлж ирсэн. Энэ удаад төрийн өндөрлөгүүдэд өргөн барилаа.
Энэ дашрамд хэлэхэд, дээрх долоон санал, төсөл маань "Нэгдсэн Монгол" хөдөлгөөний гишүүний хувьд дэвшүүлж байгаа санаачлагууд юм. Хөдөлгөөний албан ёсны байр суурь биш. Нийтлэг үндэслэлүүдийн дагуухь хувь хүний үйл ажиллагаа юм. Миний санал, санаачлагуудтай http://moenhbayar.blogspot.com-ooc танилцаж болно.
“Зууны шуудан” сонин 2007

No comments: