А: Яг одоо Өвөр Монголд юу болж байна вэ?
Ө: Өвөр Монгол цэрэг-дайны байдал, дарангуйлал, булаан эзлэлт, бүслэлтэд ороод байна. Нэг найз руугаа өчигдөр залгасан чинь, “Манай сургуулийг цэрэг бүслэчихсэн байгаа” гэнгүүт нь л утас нь тасарчихсан. Гэвч өвөр монголчууд тэмцлээ үргэлжлүүлсээр л байгаа. Энд тэнд жагсаал болж, цэрэг цагдаагийн хүчинд дарагдаж байна. 5.10-нд эхэлсэн эсэргүүцлийн шинэ давалгааны нэг сарын ойгоор Улаанхад хотын 500 малчны бослого гарсан нь үүнийг гэрчилнэ.
А: Монгол улс дахь өвөр монголчууд Амэрик зэрэг орон руу нэлээд гарч байх шиг. Өвөр Монголын бослоготой холбоотой юу?
Ө: Холбоотой. Бослогоос шалтгаалж, Монгол улсын өвөр монголчуудын байдал ч түгшүүртэй болсон. НҮБ-ын хамгаалалт дор байдаг өмнөд монголчуудыг цаанаас ч дуудаж, аюулгүй байдлыг нь хангая гэсэн байгаа, өөрсдөө ч явъя гэж санасан байгаа юм. Өвөр Монголын тэмцэгчдийг нухчин дарж байхдаа хятадууд Монгол улсын удирдагчдыг хүлээж авч, хамтын ажиллагааны зэрэглэлээ шат ахиулан тогтоолоо. Олон жил шийдэгдэхгүй байсан, гэмт этгээдийг солилцох асуудал энэ үеэр шийдэгдлээ. БНХАУ-ын харъяаллаас татгалзан, Монгол улсад суугаа өвөр монголчуудыг бүгдийг нь барьж хятадуудад тушаах болов уу гэсэн түгшүүр бидний дунд буй болсон. Мануусыг социалист эх орноосоо зугтсан, урвасан дайснууд гэж тэнд үздэг юм шүү дээ.
А: Сая Монгол Хятадын хооронд олон нууц хэлэлцээр байгуулагдсан. Өмнө нь ч байгуулагдаж байсан. Тэнд хэдэн зүйл их яригддаг нь бид бүхэнд хамаатай. Өвөр монголчуудыг оруулж болохгүй, орсныг нь байлгаж болохгүй, өөр тийш нь гаргаж болохгүй, бидэнд л тушаа гэж. Бас үндэстний үзлийг дэврээж болохгүй, дэврээхгүй гэвэл дар, дарахгүй бол бид дэврээж байна гэж үзнэ, шаардлагатай хатуу арга хэмжээг авна гэж. Үүнээс манай дарга нар их айдаг.
Ер нь бол бүх монголчуудыг боломжтой бүх арга замаар устгана гэсэн ганц л бодлого явагдаж байгаа. Өөр ярих юм байхгүй. Хятад гэхээсээ илүү Амэрик, Англи, Франц зэрэг улсууд гол юмыг нь хийгээд байдаг. Бага үндэстнүүдийг устгах нууц төлөвлөгөөг Англи толгойлж, Франц шадарлаж, Испани, Португали, Швэд улсууд нийлж анх гаргасан. Ойрдуудыг 1757 онд хядах үед Манж бол том гүрнүүдийн тоглоом л байсан. Тэр асуудалд Англи, Франц, Швэд гээд олон өрнөдийн гүрэн идэвхтэй оролцсон. Дээр миний хэлсэн тэр л төлөвлөгөө хэлбэрэлтгүй хэрэгжсээр ирсэн.
Ө: Хятадын цэргийн номнолд, хилийн чанад дахь хятадуудын эрх ашиг зөрчигдвөл цэрэг хөдөлгөж болно гэх зүйл орсон.
А: Энэ бүхний эсрэг бүх монголчууд нийлж тэмцэх хэрэгтэй. Ойрын үед жагсаал зохион байгуулъя.
М: Нууц хэлэлцээр, төлөвлөгөө байгаа гэсэн баталгаатай мэдээлэлтэй болж байж тэмцэхгүй бол болохгүй. Тийм юм байхгүй бол яах вэ? Нөгөөтэйгүүр, “ямар нэг нууц гэрээ тохиролцоо байна” гэсэн таамаглалд бид үйл ажиллагаагаа тохируулна гэж байж болохгүй юм. Нэгэнтээ ил болоогүй, нууц юмыг бид яаж мэдэж, ямар баримжаатай байж, юуг нь дагаж мөрдөх билээ. Тэгэхлээр бид ил хууль тогтоомжийн дагуу л үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, өвөр монголчуудыг оруулж ирж ч болно, тэднийг дэмжиж ч болно.
Манай дарга нарыг хятадууд ингэж загнасан, тэгж загнасан гээд ам дамжсан цуурхал шиг яриа яваад байна. Хэн хэнийг, хэзээ юу гэж загнасан нь тодорхойгүй. Харин загнасан бол, тэр хятад дарга өөрөө хятадынхаа хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой нь тодорхой. Загнаж загнуулж хоёр улсын харилцааг авч явах ёсгүй. Загнуулахаас айх юм бол яах гэж улсын чухал албан тушаалд очсон юм? Огцорцгоох хэрэгтэй, нэгэнтээ тэр ажлыг хийж чадахгүй байгаа юм чинь. Айгаад байгаа юм уу, айсан дүр үзүүлж, ард түмнийг айлгаж байгаад харийнханд үйлчилж ашиг хонжоо хөөцөлдөөд байна уу? Найрамдана л гэж байгаа бол найрамдсан шиг найрамдах хэрэгтэй. Новшроод байж болохгүй.
Би л байсан бол тэгж загнуулахгүй. “Бид хоёр улсын хоорондын асуудалд хувийн сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй, танай улсын иргэд тэнд манай хуулийг ихээр зөрчдөг нь хариу рэакцийг төрүүлээд байна, иргэдээ хууль сахиулах талаар ажиллая, манайх ч залуусаа анхааръя, танай тал ч ажиллах хүчнээ анхаар, асуудлыг илэн далангүй авч хэлэлцэж, нөхөрсгөөр шийдвэрлэж байж л бид жинхэнэ найрамдалт хөршүүд байж, хоорондоо байгуулсан гэрээ хэлэлцээрүүдээ сахин мөрдөж чаднаа” гэж хэлээд, дипломат арга хэрэгслээр зохицуулах байсан.
Хятадаас айж сүрдэх хэрэггүй, Хятад гэдэг бол хүмүүс л юм. Том гүрэнд ч өөрийн гэсэн сул талууд байдаг. Жижиг улсуудаас илүү төвшний ч сул талтай байдаг байх.
Өнөөдөр аль нэг улс Монгол улсын удирдагчдыг алж харгислах, Монгол улсыг цэрэг армийн хүчээр шууд булаан эзлэх тийм асуудал байхгүй. Дэлхий нийтээр болохгүй бүтэхгүй нийгэм гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн улс дахь муу муухай явдлуудыг нь таслан зогсоох гэж том гүрэн цэрэглэн хөдөлдөг явдал мэр сэр байна. Монгол бол Хойд Солонгос, Иран биш. Хятад, Оросын аль нэгд ардчилал тогтоход л манайхан загнуулна гэж айлтгүй болох юм шүү дээ. Аль аль улсад нь ардчиллын хөдөлгөөн өргөжин тэлж байгаа.
Бид монгол туургатны үүргээ ямар нэг шалтгаанаар хойш тавьж болохгүй. 20 жилийн дараа үр жимсээ өгөх мод байлаа гэхэд өнөөдөр үрийг нь суулгах ёстой биз?
Ө: Тийм шүү. Ардчилсан улс орнуудад байгаа өвөр монголчууд Монголын их хувьсгалын 100 жилийн ойгоор, Монгол Улсад Өвөр Монгол дагаар орох тухай хүсэлтийг өргөн барина гэж ярьсан байгаа. Ингэснээр энэ жил Ар Өвөр Монгол нэгдчихнэ гэж бид тооцоолж байгаа бус, таны хэлдгээр үр суулгаж буй хэрэг юм.
М: Өвөр монголын эх орончид Монголын их хувьсгалаас хойш өдий хүртэл манайхтай нэгдэн нийлэх хүслээ илэрхийлсээр ирлээ. Одоо ч тийм л байна. Дагаар орох хүсэлтээ тавина гэдэг тун сайхан мэдээ байна!
Ө: Хүсэлт тавьснаар нэгдчихгүй гэдэг үнэн л дээ. Одоогийн байдлаар бол, бидний хувьд Монголын иргэн болох хүсэлт тавиад арав хорин жил айж бэмбэгнэн хүлээж суудаг тийм л байдал байна. Хэзээ ч, ямар ч шалтаг хэлээд биднийг Хятадад тушааж магадгүй. Уг нь Монгол улсын иргэн болчихвол арай тэгэхгүй.
А: Өвөр монголчуудыг ирэхээр манайхан болоод хятадууд дарамталж, “Чимээгүй байж, бидний хий гэснийг хийж суу” гээд хоёр улсын давхар давхар тагнуул туршуул болгодог гэсэн үнэн үү?
Ө: Монгол улсад сүүлийн үед ирсэн цөөхөн өвөр монголчууд бид бие биеэ сайн мэднэ. Тийм тагнуул хүн байхгүй. Гэхдээ “чимээгүй бай, буцаана шүү” гэх дарамт үзүүлдэг гэдэг. Би хувьдаа тийм зүйлтэй тохиолдоогүй.
Өрнөдийн оронд сурч байхдаа би үндэсний эх оронч үзэлтэй болж, монголчуудын тусгаар тогтнолын гал голомт болсон Монгол улсад очих юмсан гэж мөрөөддөг болсон. Тэгээд энд ирэхэд, бусад гадаадын иргэдэд, хятадуудад мэхэлзэж бөхөлзөж байх атлаа хуудас буруу бөглөв хэмээн паспорт, хамаг бичиг сачгийг маань шал руу чулуудан хуйсганаж, надтай хамт ирсэн найз бид хоёрыг тагнуул, тэррорист илчилсэн аятай, удтал шалгаж байцааж, ухаж төнхөж байсан нь шооконд оруулсан. “Арай Хятадад тушаах гэж байгаа юм биш байгаа, энэ улс чинь Өвөр Монголоос ялгаагүй болчихжээ” л гэж бодсон. Гэтэл үзэл бодол нэгт ар монгол ахан дүүстэйгээ уулзаад нөхөрлөөд ирэхлээр сэтгэл санаа огт өөр болсон. Аргагүй Монгол үндэстний маань эрх чөлөөний голомт юм даа гэж санагдсан. Тэр үед та уугуулшууллын тухай тэлэвизээр ярьж байх нь үзэгдсэн. Ээ мөн сайхан газар ирж дээ л гэж баяссан.
Тэгтэл эргээд бас сөрөг зүйлүүд гарч ирсэн. Монгол улсын төр засаг хилийн чанадын монголчуудыг бараг л дайснаа гэж үздэгийг мэдэрлээ. Биднийг хамгийн муу муухай улс гэж ухуулдгаас болж, олон олон хүн буруу ойлголттой болж мунхарсныг харлаа. Үзэл бодлоо илэрхийлэх, тэмцэл хийх эрх чөлөө байдаггүйг ухаарлаа. Цаашдаа би ингэж амьдарч чадахгүй. Монголчуудынхаа төлөө тэмцмээр байна, монголчууддаа хэрэгтэй зүйл хиймээр байна. Тиймээс гадаад руу гарахаас өөр аргагүй боллоо.
Ө: Энд ирээд бид: монголчуудын цорын ганц тусгаар тогтносон улсынхаа төрийн эсрэг ямар ч хандлага гаргаж болохгүй, Хятадын эсрэг ч дуугарахгүй байх нь зөв юм байна, өвөр монголчууддаа, нийт монголчууддаа, Монгол улсад аюул учруулах зүйл хийгээд яахав гээд өвснөөс намхан, уснаас нам гүм байцгаах нь олонтаа. Тийм байхад л биднийг иргэнээ болгохгүй, заримыг нь тэнсэн харгалзах ялтай хүн байгаа юм шиг л хараа хяналтан дор байлгадаг.
Бид Монгол улсад амьдармаар байдаг, монголчуудынхаа дунд байхад үнэхээр сайхан байдаг. Өрнөдийн орон руу гарах боломж олддог ч би энд олон жил амьдарч байна. Тэр он жилүүдийн турш хэзээ намайг барих бол, Хятадад тушаах бол гэсэн айдас түгшүүр намайг дагаж явлаа. Заримдаа би бүр цөхөрдөг, шантардаг, няцдаг. Би чинь төмөр биш, амьд хүн шүү дээ.
Баруун руу гарч байгаа нөхөдтэйгээ хамт явдаг юм уу гэж санадаг. Гэвч Баруун чинь Монгол улс минь биш шүү дээ. Монголдоо хайртай болохоор би нөхдөө үдсээр, эндээ суусаар ирэв.
А: Монгол улс маань сөнөж байна, Өвөр Монголоос хүнд байдалтай байна (сүүлийн 20 жилд болон, өнөөдөрт хамаарах: нас барагсад, орон гэргүйчүүд, үсэг бичиггүйчүүд, ажилгүйчүүд, гэмт хэрэгтэн, харьд одогсод, харийн бэр бологсод, харьд үрчлүүлэгсэд нарын талаар олон тоо баримт хэлэв). Хамгийн баян улсын иргэд болох монголчууд бид хамгийн их ажиллаж, хамгийн бага цалин авч, хамгийн хүлцэнгүй байж, хамгийн их хэлмэгдэж, хамгийн онгон сайхан байгальтай гэх атлаа, хамгийн хортой ус ууж, хамгийн хортой агаараар амьсгалж, хамгийн өндөр үнээр хамгийн чанаргүй муу хүнс авч байна. Гэнэтикийн өөрчлөлттэй хүнсээр дэлхийн хүн амыг цөөрүүлж устгах бодлогыг Амэрик анх санаачилж, Англи зэрэг түншүүд нь дэмжсэн, амжилттай хэрэгжиж байна. Хятад, Орос яах вэ, энэ хоёрыг ч дураараа хөдөлгөж байдаг Амэрик Англи гэж айхтар юм байна шүү, та минь ээ. Үүнийг яаж сөрж зогсохов, юу хийхэв. Юуны өмнө бүх монголчууд нэгдэх хэрэгтэй. Бидний муу мэдэх олон олон монголчууд байна. Күрдистан бол Хүрд ястан гэдэг монголчууд. Хосбоов гэдэг улс чинь бас монголчууд. Араб бол Монгол, Солонгос Монгол, Япон Монгол, Амэрик Монгол, Хятад Монгол. Монгол хүний толгой дээр нар жаргадаггүй.
А: Манай эрчүүд жаахан өөрчлөгдмөөр байна. Эрчүүд нь архиа уугаад, эмэгтэйчүүд л улс орноо авч явж байна шүү дээ.
А: Тэр үнээн. Эмэгтэйчүүд л ар гэр, улс гэрээ авч явна.
Ө: Нээрээ хараад байхад Монгол улсын эмэгтэйчүүд л улсаа авч явах юм даа. Архи бол монголчуудын гол дайсан. Эхлээд архитай тэмцэж байж Хятадтай дараа нь тэмцэх хэрэгтэй.
М: Бидний зорилго бол Хятадтай тэмцэх биш, монгол үндэстнээ сайн сайхан байлгах явдал шүү. Хятад сөнөтүгэй, Хятадыг үг дуугүй дагахаас өөр зам байхгүй гэх хоёр туйлшрал байна. Аль нь ч явуургүй юм. Манай хоёр улсын хоорондоо байгуулсан гэрээ хэлэлцээнд харилцан ашигтай, тэгш эрхтэй, тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа хүндэтгэнэ, хайртай дуртай гээд л хамгийн гоё үгс л дүүрэн байна. Тэрийг бариад л шууд нөхөрсөг диалог өрнүүлэх хэрэгтэй байхгүй юу. Кыргызстан бол бас л манайхтай адил нөхцөл байдалтай улс. Орос Хятад хоёр тэнд их нөлөөтэй, Казахстан, Тажикистан гэх хөршүүд нь нөмөр нөөлөг болж чаддаггүй. Гэтэл удирдагч нь Оросоос гурван тэрбум, Хятадаас гурван тэрбум доллар зээлж, ашигт малтмалын нөөц дээр суурилсан үндэсний аж үйлдвэрийн комплэксийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, тэгсэн мөртлөө АНУ-ын цэргийн баазыг гаргахгүй байж чадаж байсан. АНУ цэрэг зэвсгээ ОХУ-ын цэрэг байдаг Тажикистан улсаар дайран өнгөрүүлж, ОХУ-ын нөлөөн дор байдаг Кыргызстанд байрлуулсаар 10 жил боллоо. Нэфтийн бүтээгдэхүүнээ БНХАУ-д их хэмжээгээр экспортолж байна гэсэн амлалтынхаа төлөө Вэнэсуэл улс нэфт-химийн үйлдвэрлэлийн цогцолбор барих зориулалттайгаар 20 тэрбум долларыг Бээжингээс зээлж байсан. Диалог, гэрээнийхээ үг үсгийг баримталсан жинхэнэ хамтын ажиллагаа гэж энэ.
А: Манайх БНХАУ-тай нууц хэлэлцээр байгуулж, АНУ зэрэг улсын цэрэг байрлуулахгүй, тэр улсуудтай өргөн хүрээгээр хамтран ажиллахгүй гээд тохиролцчихсон учраас Киргизийн явдал бидний хувьд бүтэхгүй.
М: Хойд Солонгос ноднин Өмнөд Солонгосын Ёнпён арал руу буудах зэрэг томоохон өдөөн хатгалгууд хийсэн. Ард нь Хятад дэмжээгүй бол ингэж чадахгүй гэж үзсэн АНУ шууд Бээжинд шаардлага тавиад л болиулж байсан. Одоо Хятад-Филиппиний газар нутгийн маргаан-сөргөлдөөнд АНУ Филиппинийг өмгөөлж байдлыг намжааж байна. Тайванийг АНУ Хятадаас байнга, найдвартай өмгөөлж хамгаалж ирлээ. Хятадаас авах импортоо багасгана гэхэд л Бээжин өөр болдог юм билээ. Америкийн НҮБ дахь элч: БНХАУ-ыг, хүний эрх зөрчдөг тул шийтгэ гэж тус байгууллагаас шаардлаа шүү дээ.
Тэгвэл манайд АНУ зэрэг өрнөдийн олон орны уул уурхайн компани байгаа. Төр засаг маань ч Хятадын аюул заналаас хамгаалж байгаа нь энэ гэж тэднийг оруулж ирсэн. Тэгэхлээр манайхыг өмгөөлж хамгаалах улсууд олдоно, тэдний эрх ашиг манайд бий.
А: Та нар монгол хүүхнүүдтэй суугаад Монголын иргэн болчихож болно ш дээ.
Ө: Монгол бүсгүйтэй гэрлэсэн ч, иргэн болж чадалгүй долоон жилийг элээсэн найз маань байгаа.
М: Та бүхэн бүгдээрээ НҮБ-ын хамгаалалд орж, Хятадад тушаагдахгүй байх, шаардлага гарвал өрнөд рүү гарч чадах баталгаатай болох хэрэгтэй.
Ө: Яагаад би Монгол улсад амьдарч болдоггүй юм бэ? Яагаад биднийг дарга түшмэдүүд ч, анд нөхөд маань ч гадагш нь түлхэж байна?
М: Би өнөөдрийн тулгамдсан асуудлыг ярьж байна. Батзангиагийн явдлыг давтахгүйн тулд, өнөөдөр та бүхэн НҮБ-ын хамгаалалтад орох ёстой. Маргаашийн тухайд гэвэл, би бүх монголчууд Монгол улсын иргэн болох, Монголд амьдрах эрхийг хангах Уугуулшууллын тухай, Элэгшүүллийн тухай хуулийн төслүүд, монгол туургатныг янз бүрийн байдлаар нэгтгэн нягтруулахад чиглэсэн санал санаачилгуудыг боловсруулж, дэвшүүлж ирсэн.
Ө: Таны санаачилгуудыг бид их дэмждэг шүү. Монголын төр харин хилийн чанадын монголчуудаа дэмжих бодлогогүй арай дэндүү байна. Казахстан улс БНХАУ-ын иргэн монголчууд болох зургаан сая хүнийг авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Харьцуулаад үз дээ.
М: Аргагүйдвэл, өвөр монголчууд Казахстан руу гарах хэрэгтэй.
Ө: Ц.Элбэгдорж ерөнхийлөгч монгол туургатнаа анхаарна гэсэн. Бид үүнд их найдлага тавьдаг.
М: Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг монгол туургатнаа аль хэдийнэ нэгтгэчихсэн II Чингис хаан гэж хошигнон ярих нь байдаг. Монголд бүх насаараа амьдарсан ОХУ, БНХАУ-ын иргэн буриад, өвөр монгол хоёр хүнийг иргэн болгосныг нь хэлж байна л даа. Тэр хүний зөв үүсгэл санаачлагад ингэж хандаж болохгүй. Ерөнхийлөгч монгол туургатан хүнийг Монголын иргэн болгож чаддагаа харууллаа. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөс тус авъя гэвэл, түүнийг та бүхэн дэмжих хэрэгтэй. Ер нь идэвхтэй зарчимтай байж, Монголын нийгэмд байр суурьтай болж, нэр хүндээ дээшлүүлж, ард түмний дунд уур амьсгал, хүлээлтийг бүрдүүлбэл нөхцөл байдал өөрчлөгдөнө. Тодорхой, албан ёсны хандалт, хүсэлт, байр сууриа илэрхийлэлт, үйл ажиллагаа үгүйлэгдэж байна.
Ө: Бид Монголын ерөнхийлөгчийг дэмжиж ирсэн л дээ. Монгол бичгийн зарлигийг нь ч дэмжиж байгаа. Швэдийн өвөр монголчууд, Английн, Японы, Амэрикийн өвөр монголчууд гээд л нэгдэж нийлсэн байгууллагатай, сайттай, хэвлэлтэй байдаг. Монгол улсын өвөр монголчууд бид тэгж нэгдэж, бие биедээ тусалж, бие биеэ өмгөөлж, өөрсдийгөө Монголын нийгэмд зөвөөр ойлгуулж, Монголын нийгэмд ач тустай байцгаая гэж бодож байгаа.
Ө: Японд амьдардаг Сэцэнт гэдэг өвөр монгол хүн Монголын өнчин, ядуу хүүхдүүдэд туслах ажлыг их зохион байгуулж ирсэн. SOS Childrens Village, “Тэмүүжин” гэх хүүхдийн сургалтын төвүүдэд тусалж байгаа. Таван ар монгол хүүхдийг бүр аав нь юм шиг халамжилж өсгөсөн. Бид Сэцэнт гуайн үлгэр дууриалаар явбал сайн байх сан.
М: Журамт гуай бас их тусалдаг байсан шүү дээ. Үүнээсээ болж, харь улсад туслав гэж буруудаад, шорон оронгоор ноднингоос хойш явж байснаа, Өвөр Монголын босогчидтой холбоотой гэж сэрдэгдэн, бас баривчлагдлаа.
Өвөр монголчууд ар монголчууддаа бишгүй тусалж ирсээн. Харин манай талаас тусламж байсан үгүйг мэдэхгүй юм.
Ө: Ар монголчууд бидэнд тусалдаг аа, тусалдаг. Тэр нь энэ нь их бага туслав гэх ялгавар байхгүй.
А: Та нар чинь идэвхтэй зарчим баримтлана л гэх юм. Угаасаа л идэвхтэй болчихсон юм биш үү? Жагсаал цуглаанд оролцоод л.
Ө: Гадагшаа явах гэж байгаа хүн бол явахынхаа өмнө жаахан тэмцэх боломж байна. Явахгүй мань мэт нь хамаагүй тэмцэж болохгүй ш дээ. Осолтой.
Бид цаашдаа бол Монголын улсынхаа нийгмийн сайн сайхныг дэмжиж идэвхтэй байя гэж байгаа юм. Гэхдээ энэ нь Өвөр Монголын төлөө тэмцлээ орхино гэж байгаа хэрэг огт биш.
Саяын жагсаалын дараа, БНХАУ-ын ЭСЯ-ны НБД-ын фото аппаратыг булааж, зургийг нь устгасан, тайван бус жагсаал зөвшөөрөлгүй зохион байгуулсан гэх хэрэг үүсч, цаашид жагсаж цуглахад бэрхтэй боллоо. Бид зөвхөн жагсаж цуглах биш, янз бүрийн хэлбэрээр тэмцэж болно шүү дээ. Эсэргүүцэхээс гадна, ямар нэг зүйлийг дэмжиж тэмцэж ч болно.
А: Дэлхийн том гүрнүүд бусад улсуудыг сөнөөхөд цаг агаарын зэвсэг их хэрэглэж байна. Дэлхийн дулаарал гэдэг чинь тэр шүү дээ (Цаг уурын өөрчлөлтийн талаар олон тоо баримт дурдан ярив).
Ө: Монголын ТВ-үүдээр ямар их ногоон хувьсгал, тариа ногоо гардаг юм бэ? Мал аж ахуй ерөөсөө гарахгүй, сайнаар хэлэгдэхгүй юм. Малаас нь салгавал монголчууд яадгийг Өвөр Монголын сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн харуулж байна.
М: Малаа хаяад Улаанбаатарт бүгдээрээ нүүж ир, үлдсэн газраа гадаадынханд түрээслэчихээд гэдсээ илээд хэвт гэж бараг 10 жил сурталчиллаа ш дээ.
Ө: Тэр чинь яг Өвөр Монголд явагдаж байгаа бодлого!
М: Хятадуудыг хайр найргүй боолчилж, зодож нүдэж, алж хядаж, Освэнцимийн еврэй нар шиг болгон, олноор хөнөөж буй тул, орж буй, гарч буй хятадуудын тоо асар их зөрүүтэй, гарч байгаа хүн бараг алга гэж солиорох боллоо, нам засгийн суртал ухуулгачид. Гэхдээ үүнд эрх баригчид буруугүй, нацист үзэлд автсан монголчууд л буруутай гэж байгаа юм.
Ө: Хятадууд олноороо, чөлөөтэй Монголын иргэн болж, Боржигин гэж овгоо мэдүүлж, нэрээ төстэй дуудлагатай түвд голдуу нэр болгон гуйвуулж бичүүлж байгаа шүү. Бүр өдөртөө иргэний үнэмлэх гаргуулдаг гэсэн. Тэгээд “би өвөр монгол оо, тийм учраас монгол хэл мэдэхгүй, Хятадын нөлөө бас байнаа” гээд явдаг. Тэднээс болгоомжил. Өвөр Монголын эрлийз нь ч монгол талдаа байдаг онцлогтой.
М: Аугаа эх орончдын маань үүсгэн байгуулсан, 90 жилийн түүхтэй “Монголын үнэн” сонинд “Өвөрлөгч этгээдэд зорчсон зугаатай тэмдэглэл” гээд ийм зүйл гарчээ. Энд өвөр монголчуудын үг яриа гээд элий балай зүйл бичиж, тал нүүр дүүргэж доог тохуу хийсэн байна (гээд үзүүлэв. Үдэшлэгийг үсэргээ, бүжигчнийг алцганагч, сувиллын газрыг илж илаарших газар, зайрмагийг орос мөсөн мөлжүүр, хайрыг бачим учир, зочид буудлыг бачим авалцааны газар, зурагтыг дүрстэй авдар, удирдлагыг нь алсаас эзэмдэгч, сагсан бөмбөгийг ширэн бөмбөг шидэх наадаан, волэйболыг арьсан бөмбөг алгадах наадаан, хөл бөмбөгийг ширэн бөмбөг араас нь өшиглөх наадаан, шиврийг бузар хурууны үнэр, загалмайлсан эцгийг бурхан аав, бартаат замын уралдааныг яршиг төвөгт замын уралдаан, уран гулгалтыг галбирын хальтиргаа, ширээний тэннисийг одон бөмбөг банзаар савах наадаан, бильярдыг чулуун бөмбөг чичих наадаан, бассэйнийг умбалдан шумбалдах газар, онгоцны үйлчлэгчийг агаарын эмэгтэй, эмэгтэйчүүдийн эмчийг салтаа байцаагч, бэлгэвчийг бачим явдлын бээлий, мансууруулах эмийг донхолзуулах үрэл гэхчилэн бичсэн байв. Үнэндээ бол, өвөр монголчууд дээрх үгсийг биднээс ялгаатайгаар хэлэх зүйл үгүй шиг билээ. Харин албан ёсны бичгийн хэлэнд нь манайхнаас бага хятад үг, илүү европ үг хэрэглэдэг санагддаг).
Ө: Энэ чинь Интэрнэтийн бараг сайт бүрд тавигдаад ардын аман зохиол шиг болчихсон эд шүү дээ. Манайд насан баяр гэж жил орохтой холбоотой баяр тэмдэглэдэг, төрсөн өдрийн баярыг бол адилхан л хэлнэ. Насан баярын боов гэж ойлголт ерөөсөө байхгүй. Тортыг бялуу гэдэг. Хошин шогчид өвөр монголчуудын үг яриа гээд гажуу буруугаар элдэвлээд байдаг нь таатай санагддаггүй. Бид халхуудыг тэгж шоглохгүй болоод л байна. Халхууд ногоогоо манжин, лууван, байцаа, сонгино, жууцай, яншуй, гуа гээд бүгдийг нь хятадаар хэлдэг. Нэг ТВ-ээр “Хятадын пуужин Си Зи Ван гэдэг газар амжилттай буулаа” гэж байсан. Си Зи Ван гэдэг нь Дөрвөд хошууг хятадаар хэлж буй хэрэг. Пуужин гэх хятад үг нь хятадуудын баяр цэнгээний үеэрээ тэслэдэг тоглоомыг хэлнэ. Монголчуудын өвөг дээдэс эргээр нь эртнээс нутаглаж явсан Хатан голыг Хуанхэ гэж хятадаар, Шар мөрөн гэж хятадаас махчилан орчуулснаар дандаа хэлж бичих юм. Ар монголынхны яриаг сонсоход инээдтэй зүйл зөндөө л байдаг. Машин бариад явна гэдэг, уг нь машин бариад явах бяр тэнхээтэй хүн үгүй шүү дээ. Тэглээ гээд бид шоолдоггүй.
Ө: Биднийг элдвээр хэлж доромжилж л байдаг. Гэхдээ хужаа гэж хэлүүлэх нь хамгийн гомдолтой байдаг. Монгол хужаагаа ялгахгүй байвал ч хэцүү л юм болох байх. Наад матэриал чинь юу ч биш. Ар Монголын хамгийн алдартай, “зууны нийтлэлч” хүн ТВ-ээр ярихдаа, Өвөр Монгол бол Монгол Хятадын хооронд хавчуулагдсан ариун цэврийн хэрэгсэл гэсэн шүү дээ. Тэр бол том улс төрч хүн.
Гэхдээ, өвөр монголчуудыг, нийт монголчуудыг дэмжих том улс төрч гарч ирсэн гэж та бүхнээс сонслоо.
А: Тийм ээ. УИХ-ын гишүүн, нэртэй улс төрч та бүхнийг дэмжихээр болсон. Энэ уулзалтад оролцогсдод мэндчилгээг нь дамжуулж, өгсөн номыг нь дурсгая.
(Цаашид түүх, хэл соёл болон бусад асуудлаар удтал ярилцаж, хамтран ажиллах тохиролцоонуудад хүрэв)
Ч.Мөнхбаяр
ММХI.VII.II
ММХI.VII.II
No comments:
Post a Comment