Хараал хийх, хийлгэх нь эрүүгийн гэмт хэрэг юм
1. Хамбуудын ч зодоон нүдээн, хулгай луйвар, амрагийн явдал гаарсан
Бүх юм нь хямарч буй Монголын маань шашин нь ч хямарч байна. Ямар сайндаа Далай лам Монгол дахь шарын шашны байдлыг хамгийн муу муухайн жишээ болгож ярьсан байхав. Гол зарчмынх нь нэг болох винайн ёс буюу эр эмийн явдлыг тэвчих ёсонг баримтлагч хувраг гэвэл ганц Чойжамц хамба л юм гэх шив.
Эд мөнгө булаалдан хомхойрсноос болоод хамгийн том толгой лам нар маань хэмх нүдэлдчихээд, энэ ч намайг бэртээсэн, тэр харин хоолой боосны ором нь байж байна гэж шуугиулцгаасан. Хоёр хамба бие биений хулгайч луйварчинг гайхаж, тал бүрээс нь баталж нотолж хэвлэлээр тулалдсаныг сана. Улс төрийн бузар булайд бүр хутгалдаж гүйцээд, тэрнийг ч улс төрийн аллагаар тонилгох гэв, тэрийг бол бүр тонилгочихсон гэх. Хамгийн их соён гэгээрүүлэгч гэгдээд байгаа, бараг төрийн их балам болоод буй нэгэн, нууц амрагийн хэрэгт хутгалдчихаад “залуу хүнд тэр зэргийн юм байлгүй яах вэ” гээд жишим ч үгүй суух. Ийм байдалд орсон шашнаас сайн бус, муу л үр гардаг гэнэ…
Монголд шарын шашин сайн сайхан зүйл авчирсан л байх, гэхдээ сөрөг нөлөө нь их гэдэг нь хэнд ч ойлгомжтой биз ээ. Соён гэгээрүүлэгч ламтан өөрөө ч: “Монгол баатар эрс зэр зэвсгээ орхин, амьтны амь таслахгүйн тангараг өргөөд тойн болж, гадна талын дайсантай тэмцэх бус, дотоод хорт сэтгэлийн дайсантайгаа тэмцэж эхэлсэн гэдэг түүхийн үнэн нь Чингис хаан дэлхийг байлдан дагуулснаас ч илүү гавъяатай хэрэг гэдгийг түүхчид хүн төрөлхтний хувьслын үнэн болгох ёстой” гэж буран, шарын шашны үнэн нүүр царайг илчилж орхисон байна билээ. Түм буман эрчүүдийг маань харийн түрэмгийлэлтэй тэмцэх “нүгэлт үйл”-ийг орхиж, улс үндсээ гэсэн “хорт сэтгэл”-тэйгээ тэмцэж эхлэхэд хүргэн, “эх болсон зургаан амьтан” болгосон “гавъяаг” л шагшаад байна шүү дээ. Тэр ламтан шарын шашныхан Монголд, юун түрүүн бөө нарыг алж хядаж, итгэж бишрэгчдийг нь ч өргөнөөр харгислаж, арвин баян соёлыг сүйтгэж, их хэлмэгдүүлэлт үйлдэж, шашны дайн өдөөж гараагаа эхэлсэн гэдгийг мэддэггүй юм болов уу?
Гэтэл Монгол маань өөрийн гэсэн үндэсний шашинтай гэж байгаа. Түүнийгээ эрхэмлэн дээдэлж байх үедээ дэлхийд хүчирхэгжин ноёлж, мандан бадарч явсан. Яагаад үндэсний шашнаа орхих болов оо гэвэл, бас л хямарч доройтсоноос нь болжээ. Хямарлаа гээд үндэсний шүтлэгээ орхиж, улам доройтуулах шашныг авсан нь түүхийн их эмгэнэл ээ.
Мөнх Тэнгэрийн, бөөгийн шашин, тэнгэризм гэх энэ унаган шүтээн маань дор хаяж 4000 жилийн настай, дэлхийд өргөн түгсэн хэдий ч монголчуудаас гаралтай, алдарт зороастризмын ч өвөг гэдгийг анд Д.Цыбикдоржиев маань 1993 онд бичиж байсаан.
Чингис хаан Тэнгэр шүтлэгт хэрхэн хандаж байсан нь сонирхолтой. Эхлээд тэрбээр шүтлэггүй асан ч гэдэг. Хожим ер бусын учрал тохиолуудаас болж шүтэж эхлэхдээ, олон зүйлийг өөрчлөх шинэчлэх шаардлагатай байгааг олж харжээ. Өөрчлөн шинэчилж ч чадсан. Хэрэв тэнгэрийн шашныг хямруулж, элдэв бусадтай хольж хутган ашиг хонжоо олох гэвэл цаазаар авах хүртэл шийтгэл оноодог байсны жишээ нь Хөхөчү бөө. Хүсвэл хүмүүн, бөөгөөр дамжуулалгүй тэнгэртэй харьцаж болдгийг их хаан өөрөө үлгэрлэн үзүүлдэг байв л…
Анхны төрт улсаас өгсүүлээд, шарын шашинд орох хүртэл тэнгэризм нь Монгол төрийн шашин байлаа. Төрийн хэмжээнд шүтэгдэж байсныг гэрчлэх олон баримт буй.
Чингис хааны Шүтээний найман орд өргөө байжээ. Энэ бол тэнгэризмд сүмийн хэлбэр байсныг харуулах нэг баталгаа. Саяхан 2000 жилийн өмнөх, Хүннүгийн сүмийн үлдэгдэл олдсон. Тэнгэризмийн сүм шүү дээ.
Монголчууд тэнгэризмийг шашнаас дээгүүрх шашин гэж үзэж байсан бололтой байдаг. Эцэг Тэнгэр, Этүгэн эх бол дээд шүтээн. Бусад шашныг үндэслэгчид тэдний хүүхдүүд маягтай. Монгол хаанаас өрнийн хаанд бичсэн захидалд та нарын шашин ч Мөнх Хөх Тэнгэрийн шашин гэх утгыг илэрхийлсэн байдаг.
2. Удахгүй Улаанбаатарт 20 баллын
газар хөдлөлт болно гэж мэргэн бөө айлдав
газар хөдлөлт болно гэж мэргэн бөө айлдав
Өнөөдөр Монголд бөө дэндүү буруу булхайтай замаар оршин тогтнож, өсч үржиж байгааг хэн ч мэднэ. Попынхон дундаас бөө төрлөө, улс төрөөс бөө төрлөө, тэр энэ салбар, байгууллагынхан дундаас өөрийн гэсэн бөө төрөв гэсэн, одоо энэ “Ногоон ирээдүй” гэх хийрхэл шиг, кампанит ажил өрнөж байгаа аятай юм болж байна.
Цагтаа би өөрөө ч бөө болох дөхсөн юм. Гэхдээ өөр маягийн түүх л дээ. 1998 онд “Хөх зуут”-ын гэгдэх З.Эрдэнэбат найз маань Германаас ирээд, Мөнх тэнгэрийн шашныг хөгжүүлэх, дэлгэрүүлэх талаар олон чухал санаа бодолтой ирж, хамтран ажиллахыг надад санал болгож, “бөөгийн” үндэс суурийг минь тавьж өгсөн. 2002 онд анд Н.Батжаргал маань фэншү гэдэг хужаагийн юм их дэлгэрч байна, хоёулаа “монгол фэншү” гаргаж ирж, сөргүүлж тавьж эсэргүүцье гэсэн билээ. Чингэснээр би монгол шашны талаарх бодол эргэцүүлэлд автаж, 2003 онд “Монголын сүлд хийморийн гайхамшиг” номоо (Н.Батжаргал найзынхаа хамтаар) хэвлүүлсэн. Улмаар тэр ондоо “төв” нэрийн дор Тэнгэрийн сүм байгуулах оролдлого хийсэн юм. Ноднин бас л Тэнгэрийн сүм байгуулах тухай яриа хөөрөөг үндэсний үзэлтнүүдтэй өрнүүлээд авсан. 2009 онд, Монгол дайчдын сүм байгуулах саналаа дэвшүүлсэн минь Тэнгэрийн сүмийн талаарх үзэл бодлын минь нэг л хэсэг юм шүү дээ.
Н.Батжаргал Сүлд хийморийн төвийнхөө дэргэд
Мөнх Тэнгэр, Эх Тэнгэр, Монгол орон, цаашилбал амьтан, арван цагаан буян, ах зах, байгаль, баяр баясгалан, газар орон, гал голомт, гоо сайхан, гэр бүл, ёс заншил, залбирал, зэвсэг, морь, мөрөөдөл, нар сар, ном бичиг, оюун, овог, өнгө, сод хүмүүс, сүнс, сүү, таван сум, тоо, төрийн сүлд, ургамал, уул ус, үг, үйлс бүтээл, үндэсний хувцас, үр хүүхэд, үс гэзэг, хасын хүч, хэл соёл, хийморь, Чингис шүтээн, Чингис хааны сургааль, энэрэн нигүүлсэхүй, эр зориг, эрийн гурван наадам, эрдэм мэдлэг, эрдэс чулуу, эрүүл саруул, эрх чөлөө, эх орон, эх эцгээ хэрхэн хүндэтгэн дээдлэх вэ гэдгийг үгүүлж, шашин мөргөлийн хүчээр Монголыг Монголоор нь байлгах; Тэнгэр шүтлэгтэй монгол ёс, Монгол улс үндэстний эрх ашгийг холбохыг оролдсон ном бичсэн билээ (Алдаж оносон зүйл бишгүй бий). Энэ үзэл санаа маань цөөнгүй хүний дэмжлэгийг ч авдаг. Миний бөө болох дөхсөн түүх гэвэл тэр. Тийм ч учраас Монголд бөө хэрхэн хөгжиж дэлгэрч байгаа байдал санааг минь зовоохгүй байж чаддаггүй юм.
Бөөгийн талаар ихэнхдээ муу мэдээ дуулддаг. Нэг архичин нөхөр унаж татдаг өвчтэй болчихсон юм. Нэлээд хугацаанд сураг тасарснаа, бөө болчихож гэж дуулдав. Хүмүүсийн өгдөг архийг ч аваад уучихдаг, хэтрүүлж хордоод унаж татаад эхлэхээр нь үйлчлүүлэгчид “энэ хүн тэнгэртэй харьцаад ёстой гайхамшигтай юм болж байна” гэж биширдэг гэнэ. Архины цагаан солио тусчихсан “бөө” нар ч байдаг л гэнэм. СХД-ийн V хороонд бөөгийн засал хийж байгаа нь энэ гэж согтуугаар хүчиндсэн явдал гарсан агаад, бүлэг хүчин болж ирэх үед л залуу бүсгүй хэрэг бишидлээ гэж ойлгов гэнэ шүү.
Нэг алдартай эмэгтэй бөө л гэхэд, олны өмнө, нүүрнийхээ хаалтан дотор шил архи оруулаад л нэг гэдийдэг, хоосон шил гаргаад хааш нь ч хамаагүй шидчихдэг. Тэрэнд нь оногдвол сайн гээд хүмүүс бужигнадаг. Үг хэл нь ч ойлгогддоггүй, ямагт шал согтуу явдаг тул тусгай “орчуулагч”-тай. Зөв ч орчуулж байгаа юм уу, буруу ч орчуулж байгаа юм уу, бүү мэд. Хүмүүс түүнийг эмгэн буурал гэж боддог атал, 20-той, жирэмсэн агаад, архины хаван болсон нүүрээ байнга нуудаг аж.
УИХ-ын нэгэн гишүүнийг бөө болох гээд алмазан чимэгтэй тансаг өмсгөл Якутад захиалсан, зарим гишүүн: “Хэрэв чи бөө болоод байгаа юм бол УИХ-ын гишүүнээ болиорой. Төр шашин тусдаа, шашны зүтгэлтэн хууль тогтоох байгууллагад байж болохгүй шүү” гэж анхааруулсан учраас л больсон гэх. УБ-т удахгүй 20 баллын газар хөдөлнө гэж айлдсан бөө бий. Гэтэл газар хөдлөлтийн дээд хязгаар нь 12 балл билээ.
Энэ бүхэн бидний үндэсний шашин мөн гэж үү? Огтхон ч үгүй ээ. Мэдэгчийн дүрээр залилах мунхгийн л явдал юм. Үүнийг бусад оронд шарлатан гэж нэрлэн, аль дундад зуунд эцэс болгосон билээ. Манайд харин яах ч учраа олохгүй байгаа л янзтай байх юм. Залилан, хууль бус үйлчилгээ, архидан согтуурал, танхайрал гэж гэмт үйлдлүүдийг нь тодорхойлоод л таарсан шанг нь хүртээчих хэрэгтэй байхгүй юу. Хүнийг үхүүлнэ гэж хүртэл хараах, хараахыг захиалах бол бусдын амь насанд халдахыг завдлаа гэх нь ч юу юм, том танхайрал л юм шүү дээ. Гэтэл хууль сахиулагчдаасаа хууль тогтоогч хүртлээ шарлатанаас айдаг, тэднээр үйлчлүүлдэг л юм билээ.
Тохиолдол бүрд хууль гаргаад байх нь юу юм. Харин хуулиа хэрэглэж чадахгүй байгаа бол шинэ хууль гаргаж, шарлатан “бөө” нарын шашинлиг залиланг таслан зогсоох хэрэгтэй.
3. Тэнгэр шүтлэгийг төрийн шашин болгох хуультай болъё!
Гэхдээ шарлатануудын явдлыг таслан зогсоох нь нэгэн шинэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг л байх ёстой гэж бодном. Тэр бол өнөөдөр асар их үгүйлэгдэж байгаа хууль. Үндэсний, төрийн шашны тухай хууль.
Фэодалын тархай бутархай байдал эхлэх хүртэл монгол төрийн шашин байсаар ирсэн, хэлмэгдэж орхигдсон Тэнгэр шүтлэгээ ахин зүй ёсны, монгол ёсны, хууль ёсны байранд нь залж, Монгол төрийн, монгол үндэстний шашин болгоё оо! Үүнийг хуульчлан тогтооё!
Түүхээс үзэхэд, Тэнгэр шүтлэгтэйгээ байх үедээ монголчууд Мөнх Хөх Тэнгэрийнхээ хязгааргүй их ивгээл эрчмийг хүртэж, дэлхийг ч байлдан дагуулах чадалтай болж, хүчирхэг явжээ. Буддизм, ислам зэрэг шашинд ороход хагарал, доройтол үүсч байж, харийн шашин зохихгүй байж. Үүнийг ч мэдсэн түрэмгийлэгчид тэдгээр шашныг монголчуудын эсрэг зэвсэг болгон ашиглаж байжээ.
Тэнгэризм бол бусад шашнаас огт дутахгүй, харин олон давуу талтай тогтолцоо юм. Тэнгэризмд догм, канон байсангүй. Чөлөөтэй хөгжих бололцоотой, оюун ухаанд нээлттэй шашин байв. Бурхан (бурхан бол гагцхүү буддын бус, монгол ойлголт, язгуурын монгол үг юм) тэнгэрийг төдийгүй, сайн чанар, үйлс, санаа, үг, юмс үзэгдлийг шүтдэг асан юмсанжээ. Тэнгэр шүтлэгээс зороастризм нь тэргүүний, ололттой талуудыг нь өвлөн авсан бөгөөд, сод философич Ф.Ницшэ зороастризмыг тусгай ном бичиж, магтан дуулсан байдгийг та бүхэн мэднэ. Зороастрын номлол нь эгэл хүнийг дээд хүн болгоно гэж тэр дүгнэсэн байдаг. Монголчууд чухам пассионар чанарт дээд хүн болсон байсныг гарамгай эрдэмтэн Л.Гумилёв тодорхойлж, сансраас энэрги хүртэж байсан бололтой гэж таамагласан. Чухам Мөнх Тэнгэрийн хүч л монголчуудыг дээд хүн, дэвшилтэт хүн, гэгээрсэн хүн, хүчирхэг хүн болгож байж шүү дээ.
Хийморь лүндаа, цог золбоо, зориг цөс, эрдэм билиг нь дээд зэргээр унаж, мохож, өчүүхэн төдий тэмцэх чадваргүй болж, харийнхны идэш, боол, зугаа болсон өнөөгийн монголчуудад эдүгээ үндэсний шашнаа сэргээх нь ус агаар мэт хэрэгцээтэй, шаардлагатай болоод байгаа билээ.
Бөө гэдэг бол тэнгэр шүтлэгийн гагцхүү асар эртний ёслол, сэтгэлзүйн заслын үйл юм. Шүтлэг өөрөө оюунлиг, нэн өргөн хүрээтэй, орчин үеийн монгол хүний шаардлагыг хангахуйц хөгжсөн байх ёстой гэж бодном. Би өөрөө Монгол ёс заншил, үнэ цэнэт зүйлс, уламжлалыг эдүгээчлэн суурь болгох оролдлого хийж байсан. Үндэсний шашин маань монгол хүнийх л байх ёстой.
Сүүлийн 20 жилд тэнгэрийн шашны талаар олон хүн бичсэн, сэтгэсэн. Тэр бүхнээс зөв зүйтэйг нь түүвэрлэн авч, шашнаа шинээр бүтээхэд ашиглах учиртай юм. Түүнээс бус, шарлатануудаас үлгэр авна гэвэл улам л сүйрнэ, сөнөнө.
Тэнгэрийн шашнаа Төрийн шашин болгоцгооё! Мөнх Хөх Тэнгэрийнхээ хүчин дор мандан бадарцгаая, монголчууд аа! Тэнгэр Бурхан минь бид бүхнийг үеийн үед, үүрдийн үүрд ивгээх болтугай!
Ч.Мөнхбаяр
ММХI.V.XIV
ММХI.V.XIV
No comments:
Post a Comment