1. "УИХ бол эргүү төлөгнүүд"
Улс төрийн сонирхолтой үйл явдлууд өрнөж, нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдсөөр байхад, улс төр гэж юу болохыг ч мэддэггүй, хов жив, хор, хулгай луйвар гэж төсөөлдөг дарга нар бодот үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй, бахь байдгаараа хөнөөлт бодлогоо үргэлжлүүлсээр л байна. МАХН-ыг шинэчлэн байгуулах ОИХ дээр нэг төлөөлөгч “УИХ бол хөдөөгийн ямар ч багийн хурлаас чадамж муутай, эмчилгээ тэжээлийн цэгийн эргүү төлөгнүүд цугласан газар” гэж хэлсэн нь үнэний хувьтай. Ард түмэн нам засгийг ингэж л үнэлж байна. Ерөөсөө харийн дарангуйлагчид бусад улсыг колоничлохдоо дуулгавартай гүйцэтгэгчийн орон тоонд тухайн улсын хамгийн өргөн цар хүрээтэй, шалгарсан тэнэг мунхгуудыг тавьдаг.
Гэвч ямарваа нэг ард түмэн бүхлээрээ удирдагчид шигээ ухаан муутай болох үзэгдэл байдаггүй бололтой. Ард түмэн баатруудаа төрүүлж, баатрууд нь ард түмнээ авардаг.
Монгол улс үндэстнийг, цөлмөсөн уурхайнхаа нүхэнд булж булшлахыг санаархаж буй гадаад дотоодын дайснуудын эсрэг аргагүй хамгаалалт хийж, зэвсэг тэхникийг нь буудсан эрэлхэг хөвүүд тодрон гарч ирсэн билээ. Устгахаар далайсан зэвсгийг нь хааж хорино гэдэг жинхэнэ, цэвэр аргагүй хамгаалалт. Гэтэл өмч хөрөнгө сүйтгэлээ гээд эрэлхэг эрчүүдийг хорьж мөрдсөөр өдий хүрсэн.
“Гал үндэстэн”-ийнхэн өвлийн турш ард түмэнд ухуулах сурталчлах ажил хийж байгаад, хавар Сүхбаатарын талбай дээрх эсэргүүцлийн хөдөлгөөнөө эхлүүлсэн билээ. Үнэндээ тэд өргөн олны дэмжлэгийг хүлээнэ гэж найдаж байв.
Гэвч магадгүй, харгис дэглэмийнхний: “хомоол, морь мал муухай, хотын бид л гоё” гэх зэрэг, өчүүхнээ л харуулсан суртал ухуулга харин ч хүчийг олж, пий пай гэж хамар амаа таглан маягласан улс дэмжигсдээс олон гарав уу даа. Уг нь бүр, бурангуй ноёлогчид руу хомоол нүүлгэх хэрэгтэй байсан юм. Эх орныхоо төлөө үйлсэд хувь нэмрээ оруулж яваа морь малнаас ч дор, улс үндэстнийхээ төлөө тэмцэхийг хамгийн муу муухай зүйл гэж үзэн зайлсхийж зугтдаг хоёр хөлт, хоосон толгойт адгууснууд руу ч тэр. Иргэнийхээ үүргээ биелүүлдэггүй тэдгээр цөөврүүдийг, цаашдаа ард түмний бус, гахай тахианы данс тоонд оруулмаар.
2. Сүхбаатарын талбай дээр хүн дүүжлэх гэж байна гэв үү
• Тэмцэгчид Саарал ордны хаалгыг таглахад УИХ-ын гишүүн Д.Энхбат тэдэнтэй хэрэлдэж: “Та нар жагсаад юу өөрчлөх юм. Ард чинь, та нарын харааж зүхээд байгаа хүмүүсээс бүр долоон дор улс байгаа!” гэсэн аж. Гишүүн Г.Батхүү, ахмад настан эмэгтэй: “Ард түмний баялгийг дээрэмдэхээ больцгоо” гэж хашхирч байхад, “Солиор чи! Согтуу л байнштээ, чи муу!” гэж давшилж, хамгаалагч нар нь жагсагчдад бүдүүлгээр хүч хэрэглэж байв. Энэ хоёр гишүүн нэг их шударга шулуун хүний дүр эсгэх гэж их л оролдож, зохих үр дүнд хүрсэн гэж байгаа. Тэгэхлээр бусад нь ямар байхав.
• Ард түмний төлөө тэмцээд баатар болчихсон гэж ойлгогдох учиртай Э.Бат-Үүл гишүүн маань ард түмний тэмцлийн эсрэг тэмцэгч баатар болоодхов. Солиоролдож байна, улаан тэррор, түүх давтагдаж байна, алж хядах гэж байна, би зүгээр байж байгаад алуулахгүй, эцсээ хүртэл тэмцэнэ, тэд бол больщевикууд, би тэдний ¹1 дайсан учир олигархиудын жагсаалтын эхэнд намайг бич, манай 40 мянгатынхныг дандаа олигархийн жагсаалтад оруулж, иргэний дайн гарах гэж байна, юу юу гэнэ вэ. Энэ хүний баатар цолны асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй шиг. Эсвэл цолных нь нэрийг өөрчилмөөр.
• Эрх баригч намын сонинд “Чарльз Линч гэгч колоничлогчдыг шийтгэх хууль бус шүүх байгуулах санаачилга гаргасан гэдэг. Гэтэл Монголд үүнтэй төстэй зүйлийн талаар тодхон дуулдах болов. Ард түмний онцгой эрхт шүүх байгуулъя гэх болов. Америкийн түүхэнд тохиосон шиг бараан түүхийг давтахгүй л байгаасай билээ. Сүхбаатар жанжны талбай дээр иргэдийг цуглуулаад өөрсдийн олж илрүүлсэн гэмт хэрэгтнийг шүүж дүүжлэх, цөлөх, хөрөнгийг нь хураах уу, албан тушаалаас нь огцруулах уу гэдгээ шийдэж байх бололтой дог. Олны цөсийг хөөргөвөл хамгийн аюултай. Тэд юу ч хийхээс буцахгүй болж мэднэ” гэжээ. Энэ сонинд, нинжа нар луу, “Гал үндэстэн” рүү орон нутгийнхан, залуус, уул уурхайнхныг турхирсан, эх орончдыг гутаан харлуулах гэсэн олон муухай бичвэр гардаг. Монголын ард түмнийг, ямар ч ял зэмгүйгээр гүтгэн доромжилж, өдөөн хатгаж, хагалан бутаргахыг оролдож байдаг галзуу нохсын оромж гэлтэй ХМХ-үүд тоо томшгүй болох янзтай.
• Үнэн бодтой мэдээллийг боож боомилох ажил энэ хавар зун их л өрнөж ирэв. Бие даасан байр суурьтай сонинууд, сэтгүүлчдийг дарамталж, үйл ажиллагаанд нь тал бүрээр саад учруулав. ТВ-үүдийн 2-р сувгуудыг (Соёмбо ТВ-ийг бүрмөсөн хааж ч байв) хааж үзэв, мэдээгээр төрөлж, киногоор төрөлж, эс бөгөөс хаана гэж сүрдүүлж ч үзэв. Сайтуудыг хавчиж, шударга матэриалыг тавиулахгүй, шударга сэтгэгдэл гаргуулахгүй байх арга хэмжээ авав.
• УИХ-ын гишүүн, ард түмний тэмцлийг “зохион байгуулалттай турхирч байгаа асуудал” гэж нэрлээд, “төр нухчин дарах ёстой” гэж нам засгийн байр суурийг илэрхийлсэн. Эрх баригчдад шүүмжлэлтэй хандвал “зохион байгуулалттай турхирч байгаа асуудал” гэгдэж, “нухчин даруулах” учиртай юм байж, харин тэд ард түмэнд яаж хандаж байгаа вэ, тэднийг яах ёстой вэ?
• Гал үндэстэн”-ийг дэмжсэн “Анод”-ын Н.Давааг барьж хорив. АНАТХ-ны Г.Уянгыг хулгайлж, саатуулав. Ард түмний хянан шалгах хорооны Д.Нинжэд эрүү үүсгэв. Тэмцэлтэй холбоотой гэж хардагдсан УИХ-ын гишүүдийг хүртэл хэрэгт холбогдуулав. МАХН-ын дарга Н.Энхбаярын амь насанд халдахыг завдсан гэх асуудал ТЕГ-аар шалгагдав. Саяхан “Гал үндэстэн”-ий удирдах зөвлөлийг тэр аяар нь баривчилж хорилоо. Өөрсдийг нь шүүмжилсэн, эсэргүүцсэн бүхнийг нухчин дарсаар байна.
• Морьтон тэмцэгчдийг дарах морьт цагдаагийн хэсгийг идэвхийлэн байгуулж буй. Монгол морьтой хүмүүсийг дийлэх гэж харь цусны морьдыг өндөр үнээр авчирчээ. Ард түмнийг, тэмцэгчдийн эсрэг хөдөлдөг жандарм болгох гэж, сайн дурын эргүүл нэрийн дор хагас цэрэгжүүлж, цагдаа командалдаг боллоо.
Төр маань ард түмний тэмцэлд иймэрхүү л хариу барьж байна.
3. Өвөр монгол дахь харгислалыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэлэлцэж, зогсоож магадгүй болов
Монгол улсад өрнөж буй тэмцлийн үеэр Өвөр Монголд адил утга агуулгатай тэмцэл өрнөлөө. Харийнхан газар нутгийг булааж, баялгийг цөлмөж, монголчуудыг гишгэх газаргүй, амьдрах аргагүй болгон ад үзэж, алж харгислаж, босч тэмцвэл нухчин дарж байгаа нь Ар Өвөр Монголд ав адилхан байж ирж дээ. Тусгаар Монгол улс, Өвөр Монголын ӨЗО хоёр ав адилхан болчих гэж!
Зарим ялгаа буйгаас дурдвал, Монгол улсад ард иргэд нь илүү ядуу байна, илүү дарлагдаж доромжлогдох нь ч байна, хавьгүй сул дорой “тэмцэж” байна. Дорноговийн Аариг сумын тэмцэгч ард Т.Сүхболдыг хятадууд машинаараа дайрч, хоёр удаа дээгүүр нь гараад, амьсгаа тасраагүй байхад нь зэрлэгээр зодон хөнөөсөн. Гэтэл хууль сахиулагчид хэргийг баримтжуулахгүй, өвөр монгол Соёлт алсан гэж хорт “мэдээллийг” яаран цацаж, сүүлдээ явган зорчигчийн буруугаас үүдсэн авто осол гэж хаацайлж, алуурчдыг хэдэн жил гэм зэмгүй байлгаж, сая нэгд нь хоёр жилийн ял оноохчоо аядаад, Хятадад хүлээлгэж өгөх болсон. Сумын нутгийн 90 хувийг эзэгнэсэн хятад компанийг, “холбогдолтой бүх хуулийг зөрчсөн, үйл ажиллагааг нь зогсоох шаардлагатай” гэж төрөөс үзсэн ч “лицэнзийг нь хүчингүй болгосон” гэж олон нийтийг дэндүү ичгүүргүй мэхэлчихээд л чөлөөтэй ажиллуулсаар байгаа, хохирогчийн ар гэрт ямар ч тусламж үзүүлээгүй, хохирогчийг өмгөөлөх бараг хэн ч байсангүй, өмгөөлсөн залуусыг дор нь барьж хорьсон.
Шилийн голын Баруун Үзэмчиний тэмцэгч ард Мэргэнийг хятадууд машинаараа дайрч, чирч давхин зэрлэгээр хөнөөсөн. Гэтэл хууль сахиулагчид алуурчдыг барихдаа хойрго хандаж, сүүлдээ явган зорчигчийн буруугаас үүдсэн авто осол гэж хаацайлж, хэрэгсэхгүй болгосон. Үүнээс үүдэн, өвөр монголчууд хамаг хурц асуудлаа цогц багцаар нь шийдвэрлэхийг зорьсон том бослого хөдөлгөөнийг өрнүүлж, хэдэн буман хүн ямар нэг хэмжээгээр хамрагдаад байна. Хятадын төр зарим нэг буулт хийж, алуурчдад цаазаар авах, бүх насаар хорих ял оноож, хохирогчийн ар гэрт 85 000 долларын нөхөн төлбөр олгож, хүүхдүүдийнх нь бүх сургалтын зардлыг даах, эхнэрийг нь тэтгэврийн насанд хүрэхэд элдэв хангамжийг үнэ төлбөргүй олгохоор болж, уул уурхайнхныг хязгаарлах, байгаль орчныг хамгаалах, уугуул монголчуудын нөхцөл байдлыг сайжруулах амлалт өгөөд, хэрэгжүүлж эхлээд байна. Манай төрийн, ядаж иймэрхүү ч алхам хийчихээгүй байдалтай нь халаглан зүйрлүүлж байгаа болохоос биш, Хятадын төр, Өвөр Монголын байдал гоё сайхан болчихлоо гэх гээгүй шүү.
Английн хүний эрхийг хамгаалах байгууллага Өвөр Монгол дахь харгислал хэлмэгдүүллийн асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хэлэлцэх хэрэгтэй гэсэн байна билээ. Тэнд жагсаал эсэргүүцэл өрнөсөөр байгаа гэнэм. Цэрэг цагдаа ч хүч түрэмгийлэн дарсаар.
Баривчлагдсан олон хүн сураггүй, “ихэнх нь амь үрэгдсэн” гэж өвөр монголчууд таамаглаж буй аж. Жагсаалд оролцсон хүн сураггүй алга болох нь энгийн үзэгдэл. Эсэргүүцлийн хөдөлгөөнд ямар нэг хэмжээгээр оролцсон гэж болох бүх хүнийг заавал өршөөлгүйгээр шийтгэнэ гэж буй юм билээ. Баривчлагдах шийтгэл хүлээгээд суллагдсан нэгэн, “жинхэнэ тамаас гарч ирлээ, намайг элдвээр эрүүдэн байцааж, камэр хэсүүлэн архаг гэмт хэрэгтнүүдээр зодуулдаг байв” гэжээ.
Харилцаа холбооны бараг бүх хэрэгсэл хориотой болж, үлдсэн нь хянагдаж, чагнагдаж байна. Өвөр Монгол гэх үгийг Интэрнэтийн хувьд бүрэн, бусад хүрээнд бараг бүрэн хоригложээ.
Гэмгүй хүнийг ч эсэргүүцэлд хамрагдах юм уу, эсэргүүцэн босогчоос элдэв юм дуулж магадгүй гэж мөшгинө. Монгол соёл түүх, үндэстнээ гэсэн сэтгэлтэй хэн бүхнийг жагссан л байж таараа гээд хэлмэгдүүлж байгаа гэнэ.
Гадаадынхныг тусгай бэлтгэсэн маршрут-зурвасаар л явуулах агаад бослого өрнөсөн хотууд хаалттай хэвээр. Жил бүр Монгол улсын, Хятадад элэгтэй, Хятадыг баримтлагч сэтгүүлчдийг урд хөршийнхөн урьж зугаалуулдаг графиктай. Тэр дагуу баахан сэтгүүлч яваадахсан чинь хил дээр тэхникийн холбогдолтой бүх зүйл, бичиг номыг нь хурааж аваад, хоосон цаас, үзэгтэй л нэвтрүүлсэн бөгөөд, Эрээнээс өөр хотоор оруулалгүй, хатуу чанд хяналт дор “аялуулсан” тул, их л минчийтлээ уурласан улс буцаж ирцгээсэн. Урьд нь, гарчгийг нь хараад л бялуурам нялуун, магтаал шагшаалаар дүүргэсэн хогийн юм эрээчицгээдэгсэн.
Саяхан, “38-р армийнхан Уйгурын бослогыг дарж буй нь” гэсэн бичлэг үзлээ. Баривчлагдсан хүнийг сөгтгөөд өмссөн хувцсаар нь толгойг нь битүүлээд боочих юм. Нэг хүнийг тэр боодлоос нь зуурч, түг түг хийтэл олонтаа гудамжны хавтан мөргүүлж, ухаан алдуулаад, хүзүүн дээр нь гишгэж байгаад, гарыг нь ард нь хүний дайтай урт “бороохойгоор” хөшиж, чандлан хүлж байсан. Тэгээд, өмдийг нь шувталж хөлийг нь “дөнгөлөөд”, мод төмөр барьсан түмэн хужаа нар дундуур гаргаж балбуулж байдаг шүү. Цагдаа цэргүүд худлаа “боль боль” гэж, хориглох дүр үзүүлэнгээ, бүр зай тавьж өгч, боломж олгож байгаа юм. Нэг хужаа хоёр гараараа бүдүүн мод өргөж далайгаад л, уйгар хүний нуруу руу унатал нь цохих жишээний.
Бичлэгийг тавьсан хүн “Уйгар айл бүрийн эрчүүдийг хоморголон баривчилж, зодож, алж хэлмэгдүүлж буй байдал” гэж тайлбарласан байсан. Үнэхээр ч тийм юм билээ. Уйгур, хужаа нар тус тусдаа суух агаад, уйгур хорооллын хаалга бүрийг дараалан цохиод л эрчүүдийг нь шууд бороохойдож, зодож нүдэж, чирч гулдраад гаргаад ирж байсан. Хамаг гол гэмтэй улс нь нэг дор хороолол байгуулаад суучихна гэж баймгүй. Нэг эр нялх хүүхдээ тэвэрчихсэн, өөр харж асрах хүн байхгүй л гээд байгаа бололтой байсан. Тэр эрийг арав хорин цагдаа нийлж зодоод алчих шиг болсон, амьд үлдэнэ гэж байхааргүй харагдсан, нэг цагдаа сандран, камэрийн өмнөх хаалгыг хаасан.
Хятадууд уйгуруудыг бүлэглэн зодсоноос болж, Өрөмчид үндэстэн хоорондын мөргөлдөөнүүд гарсан юм. Тэгэхэд “150 хятад, 30 уйгур хүн амиа алдсан” гэж Хятадын тал мэдэгдсэн. Өөр тооцоо судалгаа байхгүй, байх ч боломжгүй. Уйгурууд л буруудаад өнгөрсөн шиг байдаг юм. Би л лав хятадуудыг ингэж дарав, тэгж шийтгэв гэсэн зүйл үзэж сонсоогүй. Тэд нь цагдаагийнхаа нүдэн дээр чөлөөтэй уйгуруудыг зодоод, үймээн дэгдээгээд л байж байхыг харлаа.
Тэр л 38-р арми Тяньаньмэний бослогыг дарсан түүхтэй, өдгөө Өвөр Монголд ирээд байгаа. Өрөмчид хэрцгий авирлаж байснаасаа өөрөөр тэнд үйл ажиллагаа явуулж буй гэж бодохгүй л байна. Өмнөдийн ахан дүүс маань сар гаруй хугацаанд, зохион байгуулалттай өргөн эсэргүүцлийг өрнүүлж байгаа учир, улам ч ширүүн догшин хандах магадлалтай. Гэвч босогчид бүрэн дарагдаагүй, эсэргүүцсээр л байна.
Манай Монгол улсад бослогыг яаж дардаг билээ гээд бодоод үзэв. Хамгаалалтгүй хүмүүсийг чулуун мөндрөөр булж, тусгай сумаар буудаж, утаа тавьж байв. СТӨ-ний нэг давхарт, баригдсан хүмүүсийг бөөгнүүлж, өшөө авч байна гэж хайр найргүй зодож, шалыг нь цусаар дүүргэж, “хүний бой” гэх харгислалыг үйлдсэн. 150 хүний багтаамжтай хорих төвд янз бүрийн мэдээллээр бол 1000-2000 хоморголон баривчлагдсан хүмүүсийг чихэж, зодож занчиж, харгислан зовоож, хоол унд өгөхгүй, бие засуулахгүй, унтуулахгүй, суулгахгүй, эсвэл явган суулгаад босгохгүй, гадаа хонуулж өнжүүлж зүсэн зүйлээр тарчилгасан. Эрүүдэн байцааж, хамаг хууль дүрмээ зөрчиж, хэдэн зуун хүнийг ялласан. Таван хүнийг буудан хороож, бас хэдийг сумны шархтай болгосон, харгислалын явцад бэртсэн, шархадсан хүн тоо томшгүй байх нь ойлгомжтой ч, тэд айгаад ил гарч ирдэггүй.
Өнгөрсөн зууны айхавтар айхавтар харгислалуудтай дүйцэхүйц төвшний аймшигтай юм болсон. Хятадын төр өөр үндэстний бослого хөдөлгөөнийг дарахдаа гаргасан авираас манай төрийн өөрийн ард түмний шударга эсэргүүцлийг дарахдаа гаргасан авир илүү гарав уу гэхээс, дутсангүй ээ. Энэ төрийн хувьд бид өөрийнх нь ард түмэн мөн үү, бидний хувьд тэд манай төр мөн үү? Ингэж л Ар Өвөр Монгол андуурам адилхан болсоор байна.
Манайханд харин “тэмцдэггүй” хэмээх том ялгаа байгаад байгаа шүү дээ. 6.8-нд Сүхбаатарын талбай дээр болсон цуглаан дээр үг хэлэхдээ би: “Бид чинь тэмцэх чадвар, мэдрэмжээ бүрмөсөн алдчихсан ард түмэн юм уу?” гэж цөхрөн асуусан. Өвөр монголчууд шиг тэмцэхийг уриалсан. Сонин дээр харин: “өвөр монголчууд шиг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болцгооё гэж зарим хүн хэлж байв” гэсэн байна билээ…
4. Хужаритар систем
Ар Өвөр Монгол адилхан болсон тул, эрх баригчид маань асуудлыг нь хамтад нь, ташраар нь шийдээд амар болжээ. Эрх баригч намынхны хэвлэлд, нөгөө намын ерөнхий сайдаа доош нь хийхийн тулд, Өвөр Монголд үндэсний асуудал босч ирвэл хятадууд манай ЗГ-ыг жаахан шан харамжаар аргалж, асуудлыг дарахад хамжилцуулдаг гэж ам алдсан байсан. Гэтэл юу болов? Сонинууд бүгд л “Манай дарга нар өвөр монгол ахан дүүсээ 60 сая юаниар худалдчихаад ирлээ” л гэж бичиж байна шүү дээ. Өвөр монголчуудад ямар нэг дэмжлэг үзүүлэхгүй байх, дэмжигчдийг дарах, дүрвэгчдийг оруулахгүй, орсныг буцааж тушаах, мэдээллийг хааж боох, гуйвуулах зэрэг сүрхий олон үүрэг хүлээдэг шиг билээ.
Ерөнхийлөгч, ерөнхий сайд, гадаад яамны сайд гээд л хамаг том дарга нар гадаадад зэрэг зэрэг хэрэн хэсээд, төр шүү юм маань хэсэг эзэнгүйдлээ. Гол үр дагавар нь, Монголыг Хятад Орос хоёр хадны завсар улам гарахын аргагүй хавчуулагдсан халиуны зулзага л болголоо шүү дээ. Хоёулантай нь л стратэгийн түнш бололцоодохлоо. АНУ-тай бол бололцохгүй байгаа юм. Нэг Боинг л авна гэсэн, Обама нь, манай хувийн компани Монголын агаарын тээврийн байгууллага хоёрын асуудлыг яагаад надтай яриад байгаа юм бол доо гэж гайхчихсан сууж байсан. Оросод ч, наадмаар хамаг юм таг зогсчихгүй байлгах жаахан дизэль түлш өгчих, төмөр замын эзэмших хувийг өөрчилмөөр байна гэх зэрэг өчүүхэн бөгөөд, өөрөө хариуцаж шийдэх эрх мэдэлгүй юмнуудыг яриад, гадна дотныхныг ангайлгасан даргаасаа нэг сайд маань ихэд ичсэнээ өчсөн. Юун тэр стратэги вэ.
Хятадын стратэги л манайд үйлчилдэг шүү дээ. Шатахуунгүй болчихоод алгаа тосон гуйранчилдаг чинь хамаг нэфт, нүүрсээ Хятад руу зөөсөн, оросуудыг ялгаварлаж, ад шоо үзэж байгаад Кремлийнхний дургүйг хүргэснээс л болсон. Нэфт маань нэлээд хэрэгцээгээ хангачихаар, нүүрс маань хязгааргүй шахам шатахууны эх булаг гэх. Гэтэл 90 оноос хойш улсаа Азийн бар болгоно гэсэн улс төрчид маань 20 жилийн турш үхсэн үлийгээ хийв ээ. Бар болгосон уу, батгана болгосон уу.
Орос, танай шатахууны худалдааг бид авна гэж давардаг болж. Эрх баригчид Оросын шатахууныг бойкоотлоё, морь унацгаая, жагсаж тэмцэж Оросоос тусгаар тогтнолоо хамгаалцгаая гэж цагаан хоолой хэвлэлүүддээ бичүүлж байна. Арабаас нэфт авчирч Хятадын үйлдвэрээр шатахуун нэрүүлж хэрэглэе гэж байна. Эцсийн эцэст хэн хожоод байнаа?
Мажоритар пропорционал систэм гээд л маажилцаж уралцаж байна. Яг мөн чанар нь мажоритар энэ тэрдээ байгаа юм биш. Хужаритар систэм л болчихсон байхгүй юу. “Бүхнийг Хятадын төлөө!”. Үүний тулд л манай төр ажилладаг болсон.
Сая нэг яам маань Дачин гэдэг Хятадын компаний, манайд олборлосон нэфтийг тээвэрлэхийг зогсоолоо. Дарга нар 20 жилд ганц удаа ухаарав уу? Тэр нэфтийг өөрсдөө хэрэглэх гэж байна уу? Огт үгүй. Зүгээр л шантаажилж хэдэн төгрөг цохих гэж байгаа нь тэр, энгийн үзэгдэл. Нөгөөтэйгүүр, хятадуудад шударгаар ханддаг дүр үзүүлж, баг зүүж байгаа хэрэг. Нэфтийн тэр тээвэрлэлт нүүрсний тээвэрлэлтийн хажууд юу ч биш. Бага цөлмөж, байгаль орчин сүйтгэж болдоггүй, их цөлмөж сүйтгэж бол болдог дүр зураг харагдаж байгаа байхгүй юу.
Манай нэг яасан ч огцорч өгдөггүй, хамгийн чухал салбарыг атгачихсан, атгасан ч гэж дээ, Хятадад атгуулчихсан нэг сайд байнаа. Хятадын төрийн тэргүүн айлчлахад дагалдаж ирсэн тэндхийн бизнэсмэнүүд агсам согтуу тавихдаа, танай төрийг манайхан атгасан, жишээ нь манай тийм тийм хүмүүс байна гэж хэлж байсан бөгөөд, хамгийн түрүүнд тэр сайдыг дурдсан. Саяхан тэрбээр, би хятад гаралтай нь үнэн, өвөг дээдсээрээ бахархдаг гэж сайрхжээ.
Би ноднин “Эрлийзийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?” үгүүлэлдээ “Эрлийз болж төрсөндөө тухайн хүн буруугүй, гэхдээ яс үндсийн онцлогоо Монгол улс үндэстний эсрэг ашиглавал том гэмт хэрэг болно” гэж бичсэн. Энэ сайд бол чухам тийм гэмт хэрэг үйлддэг болоод л, түүнийг огцруулъя гэх шаардлага олон удаа тавигдсан. Хүний үр хүрэн бөөртэй гэж үг байдаг даа.
Хятадад айлчилсан төлөөлөгчдөө харжээ суухад, “мэдэхгүй хүн бол аль нь хаанахын төлөөлөгчид болохыг ялгахгүй л юм байна” гэж бодогдсон шүү. Тэдэнд Монгол улс үндэстнийг төлөөлөх эрх бий гэж үү.
Өмнө нь Хятад 50 сая юаний буцалтгүй тусламж үзүүлсэн бол, одоо 60 саяыг өглөө гээд л үнэхээр баярлачихсан аятай, сүйд майд болох юм. Бусад гүрнүүд бүр ч ихээр тусалж л байдаг шүү дээ. Анч амьтад намнасан ангийнхаа шинэ мах цусыг огт тоохгүй, эзнийхээ өгөх өвдөл цөвдөл рүү зүтгэдэг. Одоо нэг тиймэрхүү, уяаны нохой шувуу шиг санагдах юм. Хамаг алт баялгаа өгчихөөд, 10 сая юаньд учиргүй олзуурхах. Манай баячуудад энэ мөнгө чинь юу ч биш шүү дээ. Нэг баян залуу хүүхэдтэй болоод, авгайдаа Бэнтли, өөртөө Роллс Ройс бэлэглэсэн байна.
Монгол айл бүрийг хятад айлтай холбож, ардын дипломатын бодлого явуулна гэж дарга нар маань заналхийлж байна. Соёлын хувьсгалын үеэр өвөр монгол айл бүрт 1-10 хужаа суулгаж, уусгаж, дарлаж байсан бодлогыг хэрэгжүүлэх нь байна шүү дээ. Монгол улс маань Хятад улсыг тэжээх гэж л “оршин тогтнодог” боллоо. Монгол айл хятад айлыг тэжээх гэж оршин тогтнодог болох нь ээ.
Хилийн цэргийн офицэр, өглөө бүр галт тэрэг дүүрэн хужаа орж ирэх юм, гарч байгаа нь төдийлөн үгүй, эх орноо хамгаалж байна гэх бидний зүтгэл ямар ч утга учиргүй болж байна хэмээн өчжээ. Хужаритар систэмийнхэн маань, монголчууд хятадуудыг хүчээр авчран аймшигтайгаар боолчилж харгислаж байна, тэд Освэнцимийн еврэй нар шиг нөхцөлд байгаа учир олноороо үхэж хиарч, буцаж гарах хүн олдохгүй байна, лидэрийн хямрал гэж айхтар юм гарлаа, АНУ кэни ерөнхийлөгч, хужаа сайдтай, Гэрман ветнам дэд канцлэртай болж байж аврагдлаа, хөгжиж дэвжиж эхэллээ гэхчлэн хийрхэх, суртал нэвтрүүлэг явуулах боллоо. Хужаа барилгачид Тусгаар тогтнолын ордонг, хэрэглэсэн бэлгэвчээр дүүргэсэн нь илэрлээ…
5. Тэнэг биш бол тэмц!
Энэ бүхнийг монголчууд, цөөхүүлээ ч атугай эсэргүүцэн боссон юм. “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн төв талбай дээр хоёр сар эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулаад, шударга шаардлагууд тавиад, төрийн ордныг харваад ч нэмэр болоогүй, ард түмний дэмжлэгийг олоогүй учир өөрсдөө эх орноо чөлөөлөх гэж хөдөөг зорьсон.
Тэд, Монгол орноо тээрмийн чулуунд бутлагдахаас аврахыг уриалсан. Дахиж сэргэн өндийх аргагүй болтлоо устгагдахаас сэргийлэхийг уриалсан. Манан дунд үүрэглэхээ больцгооё гэж уриалсан. Төр засгаа алуурчин, хулгайч, луйварчин, авилгачдаас цэвэрлэе гэж уриалсан. УИХ-ыг тарааж, ЗГ-ыг огцруулж, БАТИХурал байгуулж, 1990 он шиг төр засгийн бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөе гэж уриалсан. Буруу нэг ч зүйлд уриалаагүй. Ийм уриалгуудыг дэмждэггүй хүнд харин зөв нэг л зүйл байхгүй гэлтэй.
“Гал үндэстэн” 13 компаний хууль бус үйлдлийг зогсоож, үнэнхүү сайн сайхан үйлсийг бүтээж явсан. Гэтэл сайн эрчүүдийг маань төр төмөр нударгаараа лантуудаж, төмөр нүүрээ харуулж шорон гянданд хорьчихлоо. Заримыг нь хөдөө, заримыг нь хотод, заримыг нь хулгайлж барив. Урьд өмнө нь нэг байгууллагын УЗ-ийг тэр аяар нь хорьж байсан тохиолдол байхгүй. Тэгвэл “Гал үндэстэн”-ий УЗ-ийг тэр чигээр нь баривчилж, “бүгдийг нь хоморголон хорив” гэгдэхгүйн тулд ганц О.Лхагвадоржийг одоохондоо үлдээгээд байна. Тэрбээр ганц дайчин ганцдахгүй гэгчээр тэмцдэг байсан, тэмцсээр л явна.
Бусдын эд хөрөнгө сүйтгэсэн гэж тэдэнд таван жилийн ял оноох гэж буй, давтан энэ тэр гээд өршөөлгүй хандах гэнэ. Бусдын эд хөрөнгийг (нийтийн өмч, байгалийн баялиг) жинхэнэ сүйтгэгчид нь гэм зэмгүй өнгөрөх нь ээ. Төрийн урт нэртэй хуулийг л хэрэгжүүлэх гэж яваад, байгаль хамгаалах гэж яваад хууль зөрчигчид, сүйтгэгчид гэж шийтгүүлж байх юм.
Тэд “Гурван тамга” гэдэг компаний, ард олныг амьдрах аргагүй болгодог, хууль зөрчдөг зэвсэг-ус сорогч хоолойг буудаж, ажиллагааг нь зогсоосон. Яг л, хууль зөрчих хэмжээнд хүрээгүй, аргагүй хамгаалалт.
Тэднээр хэн буудуулав? Монгол улс үндэстнийг ямагт үзэн ядаж, үгүй хийж ирсэн нам засаг. Бас би, чи, та буудуулсан. Амь амьдралынхаа төлөө, ачит улс гэрийнхээ төлөө тэмцэж өгдөггүй, тэмцсэнийгээ тэнэг маанаг гээд шоолоод доромжлоод байж байдаг, тэнгэрээс их амьтас - бид бүхнээс болж тэд буудсан. Хэн буруутай вэ гэж бүү асуу. Бүгд буруутай. Хулгайч дээрэмчин төр буруутай, тэднийг өөгшүүлж давруулж суудаг хэн бүхэн буруутай!
Одоо тэгээд яахав?
Буруугаа ухаарч, нүглээ наманчилж, зөвийг хийж, буяныг үйлд! Эрэлхэг хөвүүдээ зүй бусаар хэлмэгдэн, залхаан цээрлүүлэгдэж буйг эсэргүүцэж, суллуулцгаая, үйлсийг нь үргэлжлүүлгэе, үргэлжлүүлэхэд нь оролцъё! Олон олон тэмцлийг өрнүүлж, орох байх газаргүй болгоё, олигархиудыг!
Бидний төлөө тэмцсэн хэдийгээ, хулгайч луйварчин дарга нартайгаа нийлж шорон оронд хийчихээд, амар амгалан болцгоодгоо цэглэе! Эх орныхоо төлөө тэмцэнэ гэдэг сайн дурын хэрэг биш, үүрэг юм. Хэн Монголын төлөө эс тэмцнэв, тэр Монголд амьдрах эрхгүй. Хэн Монголын төлөө эрслэн босохгүй байна, тэр дайсан. Хэрэв дэлхийн хамгийн сайхан, хамгийн ирээдүйтэй, хамгийн баян Монгол оронд аз жаргалтай амьдрахыг хүсвэл тэмц! Хэрэв дайсан гэгдэж, цаад зах нь шоронд орж, шохой күблэх гээгүй бол, наад зах нь урвасан муу хулгай гэж чичлүүлж насыг барах гээгүй бол тэмц!
Олон юм яриад яахав. Уран гоё үг хэлэх гээд ч яахав. Тэнэг биш бол тэмц!
Ч.Мөнхбаяр
ММХI.VI.XXIV
ММХI.VI.XXIV
No comments:
Post a Comment