Friday, January 7, 2011

Баабар гадаадынхныг дураар дургиулахын тулд хувийн сэкторт авлига байдаггүй гэж бурав

Баабар ганцаараа “ха ха хэ хэ” гэж инээгээд зогсохоо байжээ

Ноён Баабар гуай нэг л биш болжээ. Бичсэн болгон нь буруу. Саяхан “Ха Ха Ха Хэ Хэ Хэ Хо Хо Хо” гэсэн, сэтгэцийн эмч нарын анхаарлыг ихэд татам гарчигтай “Баабар ингэж өгүүлэв”-ээ бичжээ.
Гол санаа нь гэвэл авлига зөвхөн төрийн байгууллагад байдаг гэнэ. Уг нь авлига бүх байгууллагад тохиолдож болох нь хэнд ч ойлгомжтой баймаар. Үүнийг мэддэг эрүүл ухаантай хүмүүсийг шоолж байгаа царай нь тэр дотор зарсхийлгэм гарчиг.
Өөрт буй эрх мэдлийг хууль бус ашиг олох зорилгоор хэрэглэхийг авлига гэнэ шүү дээ. Ердөө л энэ. Тэгэхлээр авлига хаана ч байж болох нь мэдээж. Дэлхий даяар тэгж үздэг жишигтэй. Гадаадад үе үе л, хувийн сэкторт гарсан авлигын том хэргийн тухай дуулиан дэгддэг.

Гэтэл Баабар гуайн улирсан баларсан, дээрээс нь баабартнууд бүр дортгочихсон “Британника”-д нь авлигыг “Амлалт, бэлэг, зөвшөөрөл эсвэл мөнгө болон үнэт зүйлсээр нөлөөлөх зорилгоор төрийн албаныхан болон олон нийтийн ажилтныг худалдан авахыг хэлнэ” гэж, хятад гоймонгийн заавар шиг ойлгомжгүйгээр тайлбарласан байдаг байна. Ийм “Британника”-гаар яах вэ, ер нь. Ингэж "Британника"-гийн нэрийг гутааж байсаас, зүгээр л “Баабарпээдий”-гээрээ нэрлэчихгүй дээ. Тэгээд ч, английн энэ улиг домог болсон, хоцрогдсон толийн нэрийг энэ хүн антимонгол пропаганддаа л ашиглах байх даа гэж таамаглаж ирсэн минь үнэн шиг.
Яагаад антимонгол гээд байна вэ гэвэл, мань хүний санаа хэрэгждэгсэн бол: Монгол орныг бараг бүхлээр нь хувийн өмчөө болгочихсон гадаадынхан авлигын хэрэгт хэзээ ч орохгүй, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байх юм байна. Хувийн өмч дотор авлига байдаггүй гэж Баабаа эцэг маань айлдсан гээд л. Тэгж айлдах чинь гэмт хэрэг юм шүү.
Хувийн сэкторын авлигын загалмайлсан эцэг хэмээх лут бизнэсийн үүд хаалгыг нээх гээд байгаа юм болов уу гэмээр энэ хүний лут аргумэнтийг эшлэсү: “Түүнээс зуун хувь компаний эзэн нүүрсээ мөнгө авч хямдхан өгөх ямар хэрэг байна.Тэнэг л биш бол”. Ямар хэл дээр юун тухай бичээ вэ, энд.
Уг нь сониныхон нь Баабар гуайн бичвэрийг монгол хэл дээр болгоод засаад байдаг байсан юм гэнэ билээ. Гэтэл ёстой л өөрт буй эрх мэдлээрээ далайлгаад, миний зүйл илэрхий алдаатай байсан ч засч болохгүй гэж зарлиг буулгасан гэдэг. Тэгээд л “ха ха хэ хэ” гээд байдаг болчихсон.
Бас “Ер нь ийм байдаг юм шүү дээ, таминь ээ, ухаан гаргахад хязгаар бий, байгаль цаанаасаа тухайн хүний оюунд дээд хязгаар тавьчихсан байдаг юм. Харин тэнэгтэхэд хязгаар гэж үгүй. Яаж л бол яаж дураараа дүнхүүрч болно. Нийгмээрээ ингэхээр ёстой нэг үзүүштэй юм болж байгаа нь тэр дээ” гээд байдаг болчихсон. Ер нь, Баабар гуай, ямар ч суут хүн ухааныхаа өчүүхэн хувийг л ашиглаж чадсан байдаг гэдэг. Тэгэхлээр хүний ухаан таны боддог шиг бус, танд байдаг шиг бус, хязгааргүй юм. Харин “ха ха хэ хэ” гэхэд ч хязгаар бий юм шүү. Хэтэрвэл ч…
Ч.Мөнхбаяр
MMX.X.XXV

No comments: