Sunday, April 13, 2008

Уриалга


Монгол Улсын Ерөнхийлөгч Танаа



Ж.Соёлт болон Монгол Улсын бусад иргэдийн хүний эрхийг зөрчихгүй байхыг БНХАУ-аас шаардах тухай
УРИАЛГА

Эрхэм Ерөнхийлөгч Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Сүүлийн үед БНХАУ-д Монгол Улсын иргэдийг баривчлах, албадан гаргах зэрэг үйлдлүүдийг хүний эрхийг нь үл хүндэтгэсэн байдалтайгаар удаа дараалан гаргах боллоо. Түүнийгээ зуны олимпиадтай холбон үзэж, янз бүрийн зөрчилтэй байсан гэж шалтгаацаж байна. Гэтэл 2008.01.06-нд МУ-ын иргэн Ж.Соёлтыг ямар ч шалтгааныг мэдэгдэлгүйгээр, БНХАУ-ын нутаг дэвсгэрт хөл тавингуут баривчилж, түүний аюулгүй байдал, ажилладаг монголын компанийх нь бичиг баримтаар барьцаалан, энэ тухай чимээгүй байхыг хамт явсан нэг компанийх нь ажилтнууд, эхнэрт нь анхааруулж, сүрдүүлгээр нуун дарагдуулгаж байсан, хожим энэ явдал ил болж Монгол Улсын ЭСЯ, ГХЯ-наас удаа дараалан асуулга, шаардлага, ноот илгээхэд өдий хүртэл хариу өгөлгүй үл ойшоож ирсэн нь манай олон нийтийн дургүйцлийг бүр ч нэмэгдүүлж байна.
Тухайн улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдээгүй гадаадын иргэнийг үзэл бодлоос нь шалтгаалсан байх магадлалтайгаар шууд баривчилж хорьсон нь олон улсын хууль эрхзүй, хүний эрхийн хэм хэмжээг маш ноцтойгоор, нэн бүдүүлгээр зөрчсөн, уландаа гишгэсэн хэрэг боллоо. Энэхүү байдлаас үзвэл, эрхэм Ерөнхийлөгч таныг ч барьж хорихыг үгүйсгэх аргагүй. Учир иймд:
— Ж.Соёлт болон Монгол Улсын бусад иргэдийн хүний эрхийг зөрчих, хангалттай үндэслэлгүйгээр албадан гаргах, баривчлах, хорихын эсрэг авах арга хэмжээг хүчжүүлж, асуудал шийдэгдтэл шинэ шат, шинэ төвшинд гаргаж тавьж байх;
— Энэхүү асуудлыг НҮБ, холбогдох ОУБ-уудад мэдэгдэж, дэлхийн олон нийтэд хангалттай таниулан мэдүүлж, дэмжлэг авах;
— Асуудлыг Монгол улсын Ерөнхийлөгч болон бусад албан тушаалтан, иргэд, тамирчид Бээжингийн олимпиадад очих эсэхтэй холбож үзэх;
— Монгол Улсад оршиж буй БНХАУ-ын иргэдэд тавих шаардлагыг өндөржүүлэх, нэмэгдүүлэх зэрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн төлөө тодорхой алхмуудыг хийхийг танд уриалж байна.

Чөлөөт сэтгүүлч, “Нэгдсэн Монгол” СДХ-ий гишүүн Ч.Мөнхбаяр
2008.04.13


Энэхүү уриалгыг МУ-ын УИХ, Засгийн газар, ард түмэн, ТББ, нэрт зүтгэлтнүүд, хэвлэл мэдэллийн хэрэгслүүдэд хандсан хувилбаруудаар мөн гаргаж, цахим шуудан, Интернет сүлжээг ашиглан тус тусад хүргэсэн болно.