Saturday, June 21, 2008

Сонгогчдод хандсан уриалга


1. Ашигт малтмал бол Монголын №1 асуудал, өнөөгийн байдлаар бол, бидний амьдралын бараг цорын ганц баталгаа, аврал юм. Тийм учраас газрын хөрсөн дорхи эрдсийн нөөцөө үр ашигтайгаар эзэмшиж, Монголын хөгжлийн хөдөлгүүр, ардыг тэтгэх баялаг болгоно оо гэсэн тодорхой төлөвлөгөөг юуны өмнө танилцуулаагүй, ашигт малтмалыг №1 тулгамдсан асуудал болгож яриагүй хүнийг бүү сонго. Тэр эх орноосоо урвагч, эх орноо худалдагч байх магадлалтай.
2. Монгол Улс нийгмийн бүх суурь өвчний хүнд, хурц хэлбэрт нь нэрвэгдчихээд, “хэвтэрт” ороод байгаа. “Эрүүл мэндийн” байдлыг нь тодорхой тоо баримттайгаар ойлгуулж, ямар эмчилгээний тусламжтайгаар ямар үр дүнд хүргэх вэ гэдгээ танилцуулаагүй дэвшигчийг сонгож болохгүй. Тэгээгүй хүн Монголыг хэвтрээс өндийлгөх гэж чармайхгүй.
3. Буруугаа хүлээгээгүй нэгний сайн үйлс бүтээнэ гэдэгт нь итгэж үл болно. Гэхдээ хэн нь ч буруугаа хүлээхгүй. Хүлээхгүй болоод л дэвшиж байгаа. Тиймээс, аргагүйдвэл арай гайгүй гэсэн буруутныг сонгоорой. Улс орноо сөнөөж мөхөөх далайц нь их буруутнуудаасаа бага болох байж мэдэх л юм.
4. Хэн нь ямар хэмжээний гэмт хэрэг үйлдсэн бэ гэдгийг та тодруулж амжаагүй байж болно. Харин аль л олны танил бус дөрвийг нь нүдлээд сонгочихвол арай гайгүйчүүдийг нь гишүүн болгочих боломжтой. Яагаад тэр олны танил бус байна вэ гэвэл, арай бага гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай болоод тэр.
5. Гэр бүл, найз нөхдөөрөө хуйвалдаж байгаад, улс төрийн аль болох олон талд, субьектэд саналаа салгаж өгөх тохироо хийгээрэй. Санал нийлсэн дээрэмчдээс нийлээгүй нь дээр болохыг нурших юун. Хэрэлдэж маргалдаж, булаалдаж бужигнаж, бие биеэ огцруулсаар байтал нь Монголыг бялуу болгоод барж идэх “ажил” нь цалгардана шүү дээ.
6. Бие даагчид анхаарлаа хандуул. Ганцаардсан чоно тэд хүч чадлаар бүлэглэлүүдээсээ дор байх нь мэдээж. Муу юм хийе гэлээ ч, тэр бүрий хүчрэхгүй.

Хуулиар зөвшөөрдөгсөн бол, “зөв зүйтэй, эрүүл саруул хүн, хөтөлбөр дэвшиж гарч иртэл сонгуулийг бойкотолцгоо” гэж зөвлөх байлаа. Даанч, бойкотод уриалахыг хориглосон, Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаг зэрэг гол чухал баримт бичгүүдэд харшилсан заалт энэ удаад саад боллоо.
УИХ-ын энэ удаагийн сонгуульд дээрх 6 зөвлөмжийг маань хэрэгжүүлээрэй гэж нийт сонгогчиддоо уриалъя!

Чөлөөт сэтгүүлч, 26-р тойргийн сонгогч
Ч.Мөнхбаяр

(2008.06.08-нд бичиж, 2008.06.19-нд “Болсон явдал” сонинд нийтлүүлсэн)