Friday, April 20, 2012

Олуулшлын тухай цуврал үгүүллүүд

Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн уриалгыг дагаад, хилийн чанадын монголчууд түрүүчээсээ орж ирж эхэллээ

Мөн хятадууд харъяаллаасаа гарах гэж ЭСЯ-ныхаа гадна очерлож байна

1. Алшаа нутгийн малчин Ц.Элбэгдоржийн уриалгыг дагаад, мал хуйгаа зараад иржээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Олуулаа болцгоох” уриалгыг (ОБУ) монголчууд талархан хүлээж авсан билээ. Монгол улсад гадаад дахь монголчууд, ялангуяа уугуул монголчууд чөлөөтэй ажиллаж амьдрах боломжтой, эрхтэй болж, нэгдэж нягтран хүчирхэгжинэ гэдэг нь үндэстний маань хүсэл мөрөөдөл байж ирсэн буюу.
ОБУ-ыг дэмжин, Монгол улсын иргэн болох хүслээ илэрхийлсэн хүмүүс түрүүчээсээ орж ирж эхэлж байна. Алшаа нутгаас нэгэн малчин хүн ОБУ-ыг сонсоод итгэл найдвар өвөрлөн ирсэн аж. Өөр нутгаас 10 гаруй айл нааш зорих бололтой байна. Олуулаа болцгоох асуудал үнэхээр цар хүрээгээ тэлж, амьдралд ойртож, бодтой болж, идэвхжиж, хурцдаж байна. Цаг алдалгүй тодорхой шийдвэр, гарцыг олохгүй бол болохгүй болжээ.

“Өвөр монгол хүнээс цэвэр цусны хятад хүн дээр” гэж үү?

Тийм гэж хариулдаг хүн өөрөө хэн бэ?

1. Ерөнхийлөгчийн Олуулаа болох бодлогыг эсэргүүцэгчид 
өвөр монголчуудын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх нь ээ

Өнөөдөр бол ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол төрийн бэлгэдлийнхээ хувьд дэлхийн монголчуудыг Монгол улсад ажиллаж амьдрахыг уриалж байгаа, нийт угсаа нэгтнүүд маань нэгдэж нягтрах үйлсэд цоо шинэ уур амьсгал, ахиц гарч ирж буй гэрэл гэгээтэй цаг үе юм. Ард түмнээс шууд сонгогдсон ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгийг дэлхийн монголчууд Монгол улсын ард түмний хүсэл зориг гэж харлаа, хүлээж авлаа. Гадаад дахь уугуул монголчуудын төлөөлөгчид уриалгыг дэмжиж даган, эхнээсээ манай иргэн болохоор, Монгол улс үндэстнийхээ хөгжил дэвшил, эрх ашиг, сайн сайхны төлөө зүтгэхээр ирж буй.
Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр, хилийн чанадын монгол ахан дүүсээ, ялангуяа өвөр монголчуудыг өөчилж гоочилж, ад шоо үзэх явдал буурах байтугай, эрс ихсэх ноцтой, түгшим байдал ажиглагдаж байна. 1990 оноос хойш, бодлоготойгоор түгээсэн гэж болох “Өвөр монгол хүнээс цэвэр цусны хятад дээр” гэх хорт суртал ийм үр дүнд хүргэжээ. Төрсөн ахан дүүс, элэг нэгтнээ жигших, үзэн ядах энэ бузартай хандлага байгаад байвал яаж Олуулаа болох вэ? Үг хэлэнгүүт өөдөөс “өвөр монгол бол хужаа” гээд л дайраад, урагшаа алхам ч гишгүүлдэггүй, аймшгийн намаг балчиг хаа сайгүй байна шүү дээ.