Wednesday, January 20, 2010

Дарга нар маань газар хөдлөлтийн асуудлыг нуун дарагдуулж, ард түмнээ хорлох гэж байжээ


1. Хуурай газар бараг болдоггүй 9-10 баллын газар хөдлөлт УБ-т хэзээ ч болж магад
1.9-нд газар хөдөлж, нийслэлийн зарим хэсгийнхнийг бүр паниканд автуулснаас хойш, нам засгийн өчнөөн жил далдалж байсан аймшигт нууцын хөшиг аргагүй ярагдав. Улаанбаатар сэйсмо идэвхтэй бүсэд оршдог агаад, 2010-2012 онд, маргааш ч, одоо ч 9-10 баллын газар хөдлөлт болж магадгүй гэдгийг ард түмэн сая л мэдэв.
Үүнээс хойш, олон хүний амьдрал газар хөдлөлтөөс өмнөх, хойшхи гэж хоёр хуваагдав. Өмнөх амьдрал ямар ч сайхан байгаав гэж тэд өчиж байна. Өдөр бүр үнэтэй, өдөр бүр үхэж болно. Дэлхийн II дайны үе шиг, Ленинградын бүслэлтэд орсон шиг. Хотод амьдрах аргагүй, хотоос гадна бүр ч хэцүү, хэзээ ч бөмбөгдүүлж болох ленинградчууд мэт сууна даа. Цаазаа хүлээн хоригдож буй ялтнууд шиг ч боллоо. Харин яагаад цаазын ял авсан гэж?

Цэргийн диктатурд байраа тавьж өгөөд тарна гэдгээ УИХ илэрхийлэв


Нам засаг маань, эдийн засгийн хямралтай байхад Цагаан сарыг маш их хэмнэлттэй, нэн ядуу байдалтай тэмдэглэх хэрэгтэй, тэмдэглэхгүй бол бүр сайн гэж уриалж байна. Ширээн дээрээ талх маасал, халуун хараа тавьчихаад, алсаас бие биерүүгээ даллачихаад, нуруу нуруугаа харуулж суучаад тарцгаа гэж байна. Бас гахайн ханиадаас сэргийлж байгаа юм гэнэ. Золгох, үнсэхийг бол хориод л байгаа шүү /Маасагтай улс яаж ч үнсэх вэ дээ/. Энэ ард түмнийг ч өөд нар харуулахгүй нь ээ.

Нэрт улс төрчид төмөр барс жилд ямар явах вэ?


/Зураг төөргөөр нь шинжихүй/

Улс төрчдийг зурхай төөргийн үүднээс шинжин харцгаая.

• УИХ-ын дарга Д.Дэмбэрэл цагаагчин төмөр могой жилтэй (1942). Төрсөн жилийн төөргийн хувьд, идэх өмсөх нь элбэг, явдал хөдөлгөөн их, урлах үйлдэхэд авъяастай, бусдын гэмийг ярих, өрөөлийн өөг харах дуртай, дээрэм хулгай, дайсны хорлол олонтой, нөхрийн мөс муу гэжээ. Бас эд хөрөнгөө  үрэмтгий, ханиад томуу хүрэх, биед яр шарх гарах  нь хялбар, дайсны хорлол, хараал зүхлийн уршгаар хүндээр өвдөх, сэтгэлийн муу оёг өвчин тусах магадлалтай хэмээсэн байх юм.

Бар жилд Монголд хүчтэй газар хөдлөлтүүд болж байжээ


Газар хөдлөлтийн эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэхийг шаардан, эрслэн тэмцэцгээе!

2010.1.9-ний Бямба гарагийн өдөр нийслэл хотод газар хөдөлж, эвгүй чичиргээ тодхон мэдэгдсэн бөлгөө. Түүний өмнө болон үеэр, зохиогчийн тэжээдэг шувууд торон дотроо ихэд бачимдан бужигнаж, орох байх газраа олж ядан байсан болно. Ашгүй тэр газар хөдлөлт хоёр удаагийн чичиргээгээр л хязгаарлагдав.
Энэ явдал Монгол улс маань төр үгүй, хаос ноёлсон орон гэдгийг батлан харуулсан. Учир нь ард түмнийг сэрэмжлүүлэх юм уу, тайвшруулах, мэдээлэл өгөх ямар ч оролдлого засгийн зүгээс хийгдсэнгүй. Нэг хувь хүн л Yahoo Messenger-ээр сэрэмжлүүлэг цацсан болно.

Мангас


(үгүүллэг)

Өрвөөхэй гэдэг бяцхан богширго яагаад бутны ёроолд хяран хэвтэж буйгаа ойлгосонгүй. Жигүүр, хавирга сүвэргэ, ер нь бүхий бие нь жигтэйхэн их зовуурьлана. Ухаан алдаж, ой нь балардсан тул хэрхэн ийнхүү өвдөх болсныг, ямар учраас нисч чадахгүйд хүрснээ мэдэхгүй байлаа.
Гэтэл бутны хажууд аймшигт мангас ирэв. Тэр мангас жигүүртнийг бодвол, бараг сохор ч гэлээ, өөрийг нь олоод харчихаж. Ямар ч өд сөдгүй эрэмдэг далавчаа сунгаж, үзүүр дэх сэрзгэрээр нь бор шувууг атгаад авлаа.

Утаажилтаас болж хохирсон хүмүүс төрөөс 100 сая төгрөг нэхэмжлэн, хөдөлгөөн байгуулж тэмцэх гэнэ


Манай сонинуудын нэгэн уншигч “Нийслэлийн утаажилтаас болж надад учирсан хохирлыг төрөөс нэхэмжилнэ” хэмээн бидэнд хандлаа.

-Тө өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Б.Гомбосүрэн гэдэг. Утаажилтаас болж, эрүүл мэндээр хохирсон тул, орон тооны ажил хийж чадахаа больж, гэрээрээ орчуулга гэх мэтийн халтуур хийсэн шүү болж суудаг болсон. Уг нь, мэргэжил маань уул уурхайн инженер. Уралын уулын дээд сургуулийг төгсгөсөн.
-Урьд та хаана ямар ажил эрхэлж байв?
-Би Эрдэнэт, Бор-Өндөр, Хар-Ааригийн уурхайнуудад ажиллаж байсан. Хувиараа бизнес эрхлэх гэж оролдсон минь бүтэлтэй болоогүй. Дараа нь уул уурхайн компаниудад янз бүрийн ажил хийж байсан ч сүүлдээ амьсгал дутмагших өвчтэй болсноос болж, тогтмол цалинтай, тодорхой үүрэгтэй ажил хийж гүйцэтгэж чадахаа болилоо.

Monday, January 4, 2010

Оюутнуудтай уулзав


Манай ажилтан Ч.Мөнхбаяр Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлзүйн дээд күрсийн оюутнуудад зориулж зохион байгуулдаг “Шилдэг сэтгүүлчидтэй хийх цуврал уулзалт”-нд оролцож, “Асуудал дэвшүүлсэн үгүүлэл” сэдвээр хүүрнэлдэв.

-Асуудал дэвшүүлсэн үгүүлэл гэж юу вэ?
-Асуудал гэдэг бол бидний хувьд, юуны өмнө нийгмийн өмнө тулгарч буй томоохон саад бэрхшээлүүд, шударга бус явдлуудтай холбоотой. Тэдгээрийг судалж, таниулж; шийдвэрлэх, арилгах арга замыг нь эрэлхийлж, шаардаж; болох бол тэр арга замыг санал болгож бичсэн үгүүллийг хэлэх болов уу?

Бөх

үгүүлэлгэ

Батболд хүнд нойрноосоо арайхийн сэрэв. Яг л дэвжээн дээр медалийн төлөө барилдсаны дараа ийм байдагсан. Гэхдээ Батболд их төлөв бэлтгэл хангагчаар ажиллаж, үүрүүлж шидүүлж байсан бөлгөө. Дөчин насыг зооглосон түүнд одоо эрүүл газар гэж нэг ч үгүй.
Босоод алхахад л тархи нь дүйнгэ мангуу. Ингэж байгаад хүнд өвчин эмгэгтэй болж, ижий аав, хэдэн дүү нараа зовоох вий гэсэн бодол түүнийг шаналгана. “Баяртай” гэж шигшээ аль эрт Батболдод хэлсэн ажээ. Сурч мэдсэн юм гэж даанч түүнд үгүй. Дасгалжуулагч болно гэж бодож байсан нь үлгэрийн далай.

Ж.Зана - уран зохиолын ардчилсан хувьсгалыг хийлцсэн хүний нэг


Миний бие 1998 онд хувийн сонин гаргаад ч байгаа юм шиг, эсвэл бусад хэвлэлүүдэд материал нийлүүлээд ажиллаад ч байгаа юм шиг сонин байдалтай хөвж явдаг байв л. Үнэндээ бол, Цэдэндоржийн цэцэрлэгийнхэн гэгдсэн бүлэг зохиолч сэтгүүлчидтэй нийлж явсан минь нь байдлыг илүү тодорхойлох биз ээ. Манай бүлэг эхлээд Хэвлэлийн бирж гэх газар цуглаж, бичсэн нийтлэл материалаа борлуулж, мөнгөжиж авцгаана. Дараа нь, уран бүтээл-мэдээллийн уулзалт хийдэг байв гэх үү дээ.
Тэр оны зун цагаан күртктэй, цэмцийтэл самнасан буурал үстэй, цэх нуруутай нэгэн ахмад хүмүүн бирж дээр үзэгдэж эхлэхэд, бүлгийнхэн маань ч “Зана гуай, Зана гуай” хэмээн ихэд хүндэтгэн байсан сан. Байхгүйд нь, Хар Зана гуай гэх нь ч буй. Хар царайтай болохоор нь тэгж буй юм болов уу гэж бодно. Гэтэл Зана гуай өөрөө:
-Тэр чинь миний царай зүстэй холбоотой биш ээ. Би чинь сонинд  их ажилласан хүн. Алдааг сайн харна. Улс амьтан “Хар, Зана! Хар, Зана!” гэсээр байгаад, тэгээд нэрлээд хэвшчихсэн байхгүй юу гэж тайлбарлаж байсан. Ер нь Хар Зана гэдэгт нэлээд дургүй байсан даг аа.
Цэдэндоржийн цэцэрлэгийнхэн гэх голцуу гучийн наанатай цаанатай насны залуусын дунд Зана гуай маань хээвнэг суучихаад л, ямар л бол ямар сэдвээр хөөрөлдөн байдаг асныг нь санахул, их л залуу сэтгэлгээтэй нэгэн. Түүнээс гадна, найргийн тойрог хийж шүлгээ уншицгаахад, тун чиг анхааралтай сонсож, зөвлөгөө өгч, сургамжилж байдаг нь аргагүй л амьдрал үзэж, бийр элээсэн туршлагатай уран бүтээлчийн шинжтэй байдагсан. Тэр үед, Монголын залуучуудын холбооны байрны ардахь, бидний Цэдэндоржийн гэж нэрлэх /М.Цэдэндорж гуай энд ирж зуу татах дуртай байсан гэж хэлэлцэнэ/ цэцэрлэгт Ц.Ганхуяг, Ж.Болд-Эрдэнэ, Т.Содномнамжил, Ш.Уянга, Н.Амархүү, Т.Цолмон, С.Адъяасүрэн, Ц.Батбаяр, Н.Батбаяр, Ц.Батбаатар, Л.Батцэнгэл, М.Амгалан, Л.Заяабаатар, Р.Мөнхтөр, Г.Баатар, Г.Мөнхнасан, Г.Пүрэвдорж, Ш.Галсанбаатар, Б.Бат-Орших, Ц.Доржсэмбэ, Х.Саруулдалай, Ц.Эрдэнэ, Б.Сэргэлэн, П.Гантулга, Батсүх, Даваадорж, Баатаржав, Чулуун, Хүрэлбаатар гээд л олон олон сэтгүүлч зохиолчид цугладаг байв аа.
Бөөнөөрөө их явах ч, ний нуугүй хэлэхэд, юмны хүрэлцээ бага бол “фракц” үүсгэцгээнэ. Нэгэнтээ, “цэцэрлэгийн эрхлэгч” “фашист” гэх Ц.Ганхуяг, шог зохиолч Ш.Галсанбаатар, Ж.Зана гуай бид дөрөв фракци үүсгэв. Тэгээд нэг юм авсан чинь Ш.Галсанбаатар маань талыг нь ч билүү, бүгдийг нь ч билүү, ганцаараа нэг амьсгаагаар залгачихдаг юм байна. Ж.Зана гуай түүнийг нэлээд зэмлэнгүй байсан бөгөөд, ахин нэг юм авахад би энэ эрхэм хүнтэй “албан ёсоор” танилцаж, ихэд тухтай хөөрөлдөж билээ.



Тэгэхэд манай хүн 57-той, ануухан байжээ. Ю.Цэдэнбалын тухай роман бичнэ, урвагч власовчууд гэгдсэн оросуудын 505-р хорих ангийнхан Монголд төмөр зам барьсан тухай ч роман бичнэ, материал их цуглуулсан, би өөрөө төмөр замд ажиллаж байсан болохоор нэмж материал цуглуулахад ч дөхөмтэй байна гээд л ярихад нь би дотроо “Пээ, ямар чадалтай, цараатай уран бүтээлч вэ? Монголын уран зохиолыг ч доргиосон бүтээлүүд гарах нь дээ. Гэтэл миний байж байгааг!” гэхчлэн бодож, Занаа гуайгаа биширч, өөрийгөө чамлан суусан билээ.
Зохиолч хүн уран бүтээлийн санаа оноогоо нууцалдаг атал, тэнд нь ч тийм шийдэл хийнэ би, энд нь ч ийм үйл явдал оруулна гээд л илэн далангүй хөөрөн, үүндээ ч бүр урамшин баяссан шинжтэй байсан сан.
Бас намайг магтаж, итгэж найдаж явдгаа хэлж, харин битгий л архи их уугаарай гэх бөгөөд, нэлээд л сургамжилсан. Энэ хүн яагаад ийм итгэлтэйгээр сургааль айлдаж байдаг юм бол гэж би боддог байв.
Гэтэл Ж.Зана гуай маань, МЗЭ гэж хүнд сурталтай, нэг намын үзэл сурталд хүлэгдсэн, хаалттай газар байсныг 1990 онд өөрчлөн байгуулалцаж, уран зохиолын ардчилсан хувьсгалыг манлайлан хийлцэж, улмаар Залуу зохиолчдын зөвлөлийг байгуулан ажиллуулж, залуу уран бүтээлчдийн өмнө Монголын уран зохиолын үүд хаалгыг нээж өгч, тэднийг дэмжиж тэтгэж, сургаж хүмүүжүүлж, халамжилж байсан гавьяатай нэгэн юм билээ л дээ. Тэр залуусыг С.Дашдооров гуай “Занын хүрээ маралынхан” гэдэг байж.
Зана гуайтай анх танилцсанаас хойш 11 жил харван оджээ. 1998 оныг бодвол би түүнийг мэддэг ч болж. 1941 онд Завханы Нөмрөг суманд мэндэлж, 1959 онд нийслэлийн 1-р дунд сургуулийг онц дүнтэй төгсгөөд, Москвагийн театрын урлагийн дээд сургуулийн зохиолчийн ангид амжилттай суралцсан. Ирээд нийслэл хотын даргын референт хийж ч явсан, хөдөө цөлөгдөж ч байсан, ёстой л туг ч барьж, тугал ч хариулж үзсэн нэгэн. Эсэргүү гэгдэн, хэлмэгдэж ч байсан.
МЗЭ-ийн шагналт тэрбээр “Халуун уул”, “Уулын хүн уулаа дуулна”, “Цагаан буга учрах тавилан”, “Мухар гудамж”, “Цагаан дэлт хар морь”, “Тэнгэрийн нулимс” зэрэг яруу найраг , хүүрнэл зохиолын 10 гаруй ном гаргасан, уран бүтээлийн арвин баялаг өв сантай. Хэвлэл мэдээллийн байгууллагад насаараа ажилласан.
Сүүлийн жилүүдэд Зана ах бид “Алаг хорвоо” нэгдсэн редакци гэх халуун ам бүлд багтан, гар нийлэн, ажиллаж ирсэн билээ. Зана ахынхаа үгүүллэг, материалуудыг би мөн ч их хянаж, редакторласан даа. Аваар осолд орж, өвчин зовлонд ээрэгдэн, тэргэнцэр дээр суух болсон ч, буурал ах маань эцсийн амьсгалаа хүртэл бичиж туурвисаар байсан.
“Мөнхбаяр манайд ажиллах болсон нь их сайн хэрэг боллоо. Харин тэр Бямба, Долоонгэрэл, Хөхдээлт гээд бичээд байдаг болсон улсууд ч дээ. Гавихгүй дэг ээ” гэж үгүүлж суусныг, гэргий Оюунцэцэг нь хэлж, багагүй хөгжөөж билээ. Тэр “гавихгүй” улс нь миний псевдоним шүү дээ. Олон давтахгүйн тулд, гол зүйлүүд дээрээ л би нэрээ тавьдаг л даа.
Нэлээд хэдэн жилийн өмнө Ж.Зана гуайтай хундага тулган суухад тэрбээр: “Болд-Эрдэнэ, Уянга, Содномнамжил, Баттогтох, Гэрэлбаатар, Ганбаатар, Адъяа-сүрэн, Ганхуяг гээд хичнээн ч олон хүүхдүүд минь явчихаав дээ” хэмээн нулимс дуслуулж, архидан согтуурахгүй байхыг хичээнгүйлэн захиж байсан сан. 90-ээд оны хорь гучин залуу зохиолч их төлөв нанчид сархдаас /энэ нь нийгмийн шалтгаантай/ болж насан нөгчсөн бөгөөд, дийлэнхийг нь би таньдаг байсаан.
Зана ахынхаа гол сургамжийг үе үе зөрчдөгөө нуугаад яахав. Саяхан багагүй зөрчсөнийхөө дараа гутралд автан суутал Я.Мөнхжаргал найз маань Зана ах тэнгэрт хальсныг дуулгаж, бүр сэтгэлийн гүн уналтанд ороход хүргэсэн билээ.
Хамгийн сүүлд би Ж.Зана ахтай энэ зуны 7.6-нд, номын баяр дээр уулзаж, хэдэн үг сольсон. Тэр баяр дээр Зана гуай их л сайхан мялаалгын үг хэлж байсан даа. Харин би сурвалжлан нийтлүүлэхдээ, түүнийг Хөвсгөлийн уугуул гээд алдаад биччихсэндээ их л харуусч явдаг юм.
Манай редакцийн хамгийн ахмад ажилтан агсан Ж.Зана гуай минь тэнгэрийн орноо залраарай хэмээн, хамт олонтойгоон сэтгэлийн зул өргөхийн сацуу, эх сайхан нутгийнх нь тухай бичсэн шүлгээрээ энэ дурсамжаа өндөрлүүлье.

МОНГОЛ АЙМАГ

Эгэлхэн аймгууд Монгол оронд минь байдаг юм.
Эгэлхэн гэлээ ч, энэ л аймгуудад, даяар сайхан алагланхан үзэгдэнэ.
Дэлхий далайгаар хучигдсан байхад анх товойсон Отгонтэнгэр уул
Дээрхийн сувдан титмээрээ талын Монголоо гийгүүлэн солонгорном.

Завхан, Тэс, Идэр нь эгшгийн туяаг мэлтэлзүүлэн, амьдралын очсыг тольдох нь
Заяа тавиланг навчлуулж, гарцаагүй үнэний хэмнэлээр ундалнам.
Гүн их цаг галавын улмаас төөрсөн, Монгол, Бор харын элс нь алтран мишээж,
Гүйцсэн учрал тохиол - түмэн асуултын хариу бөгөөд шийд хэмээн шивнэнэ.

Хүй нуур мэт тэнгэрийн толиот ардууд нь баян зүрх, улаан хаалгат сэтгэл ээ.
Хүннү, Сүмбэ, Нирун, Монгол улсуудын агуу түүх, алхам нь байсан итгэл ээ.
Хутагт хувилгаан, яруу найрагч, баатар эрс, талын нүүдэлчдийн нутаг аа.
Хувиршгүй цалгиан, ухаан хүчийг өөдөөс цацлах нь монгол аймаг аа.

Монгол аймагт хагдрах өвсний оронд, бадрах өвс урганам зээ.
Морьтон их аймаг та, молор долгис, давлал, сүр хүч байдгийнхаа нууцыг хэлээч.
Аймаг их хийморь сүлд, цог золбоо зээглэж давхартаад, ар араасаан эгнэн угтах нь,
Асар хүчтэй хөгжим бодот бүхэн болон хувилахуй – бас айзам болон салхилах мэт.

Улирах монгол хүмүүнийг жаргаагч, улс Монголыг цэнгээгч аймаг аа,
Ундаргаас тань баясал төрүүлэгч цөм урсах нь, мөнхийн хүрхрээ мэт ээ.
Их аймгийн дунд зогсоод хамаг амьсгал, чимээг чагнахуй,
Илт орчлон цэцэг шиг дэлгэрч, шүүдэр шиг гэрэлтмүй.

Алсран цуурайтах ялгуун хоолой шиг тодхон аймгийн оргил
Авралт нэгний харц үүлэн төглөөс эх бүрийг үзсэн мэт, нэгэнтээ гялсхиймүй.
Намуун аялгуу шиг тунгалаг аймгийн сэрүүн гол ус тэнгэрээр урсаад,
Нар, тэнгэр, одод, бурхдын тусгалаар таван эгшиг мэт мяралзах нь зохист хувь заяа.

Ч.Мөнхбаяр. MMIX.XII.XIV