Monday, January 4, 2010

Оюутнуудтай уулзав


Манай ажилтан Ч.Мөнхбаяр Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлзүйн дээд күрсийн оюутнуудад зориулж зохион байгуулдаг “Шилдэг сэтгүүлчидтэй хийх цуврал уулзалт”-нд оролцож, “Асуудал дэвшүүлсэн үгүүлэл” сэдвээр хүүрнэлдэв.

-Асуудал дэвшүүлсэн үгүүлэл гэж юу вэ?
-Асуудал гэдэг бол бидний хувьд, юуны өмнө нийгмийн өмнө тулгарч буй томоохон саад бэрхшээлүүд, шударга бус явдлуудтай холбоотой. Тэдгээрийг судалж, таниулж; шийдвэрлэх, арилгах арга замыг нь эрэлхийлж, шаардаж; болох бол тэр арга замыг санал болгож бичсэн үгүүллийг хэлэх болов уу?
-Манай нийгмийн хамгийн тулгамдсан хурц асуудал юу байна вэ?
-Маш олон асуудал байна. Улаанбаатарын утаажилт бараг хорт хийн атакны хэмжээнд очлоо. Сэтгүүлч бидний орлого бага, нийгмийн халамж хамгаалалт муу байдаг нь ч хурц асуудал. Үүнээс болж сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгүүлзүйн үндсэн зарчмуудаас хазайж, үнэн бодот бус мэдээлэл түгээхэд хүрдэг. Үнэн байхгүй бол нийгэм байхгүй л гэсэн үг. Сөнөнө шүү дээ.
Гэтэл аливаа асуудлыг шийдвэрлэе гэхэд учгийн үзүүр мөнгөн дээр л явж очдог. Мөнгөний эх үүсвэр хаа байна? Монгол улсад бол шаардлагатай хэмжээний эх үүсвэр ганц байна гэж хэлж болно.
Тэр бол ашигт малтмал юм. Өнөөдөр, монгол хүн бүрт 2 сая тн эрдэс баялаг оногдож байна. Тэр нь 12 тэрбум доллар гэсэн үг юм гэнэ билээ. 12 тэрбум доллар шүү дээ. Гэтэл тэр их баялгийг харийнханд үндсэнд нь бэлэглэчихлээ. Орлогын 10-15 хувийг нь манай дарга нар хувааж авдаг л юм гэсэн. Бидэнд бол оногдох юм байхгүй.
250 сая долларын бондыг ЗГ Айвэноу-Тинтод худалдаж, 100 саяыг нь авчихаад тэр хоёр компанийг өглөгийн эзэн бурхад мэтээр өргөмжилж сүйд болсон. Тэр чинь хүүтэй зээл бөгөөд, бид л төлнө.
Өнөөдөр хамаг ашигт малтмалаа харийнханд бэлэглэж, эх орноо хямд үнээр худалдсан, үүнийг хэрхэн засч залруулж улс үндэстнээ неоколоничлолоос чөлөөлөх вэ гэдэг бол хамгийн тулгамдсан хурц асуудлын нэг болоод байна. Өөр асуудлын тухай бичье гэлээ ч, тэр л гол асуудал хөндөгдөж л байгаа юм.
Бас нэг чухал, ер нь ¹1 асуудал бол ардчилсан хувьсгалын үйл хэрэг. Монгол аль хэдийнээ ардчилсан улс биш, дарангуйлал, харгис дэглэмтэй улс болжээ...
-Та ямар ямар асуудлыг хөндөн бичиж байв?
-1991 оноос латин үсэгтэй болъё гэсэн асуудлыг хөндөн бичиж ирсэн минь анх олны анхаарлыг татаж байсан. Түүнээс хойш, олон арван асуудал хөндөж бичсээн. Заримтай нь, миний блог-сайтад танилцаж болно, интернэтээр Ч.Мөнхбаяр гээд хайхад л шууд гараад ирдэг юм.
Ашигт малтмалын тухай хөндсөн минь бараг зузаан номын хэмжээтэй болно. Тэр асуудлаар С.Баяр сайдад миний бичсэн ил захидал гэхэд л А4 цаасны 40 гаруй стандарт нүүр болсон.
Үе үе би дэвшүүлсэн асуудлуудаа багцалж, төрийн өндөрлөгүүд, иргэний хөдөлгөөн, нэрт зүтгэлтнүүд, хэвлэл мэдээлэлд, дэмжиж туслахыг хүсч хүргүүлдэг. Хамгийн сүүлд, Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгч болоод удаагүй байхад, Төрийн цахим сонгуулийн системийн тухай, Үр хөндөлтийг хориглох тухай хуулийн төслүүд; Яс үндсээр ялгаварлан гадуурхах явдалтай хийх тэмцлийг чангатгах тухай ЗГ-ын тогтоолын төсөл; “Шинэ Алтай” эдийн засгийн чөлөөт бүсийн тухай, “Монгол Улсын баатар”, “Монгол үндэстний баатар” цолуудыг бий болгох, “Уран зохиолын Олимп” хөтөлбөрийн тухай саналууд зэргээ багцалж өргөн барьсан…
-Таны дэвшүүлсэн асуудлууд ямар дэмжлэг хүлээдэг вэ?
-Төрийн байгууллагуудаас л, нөгөө сүмочид дандаа “хичээж барилдах болно оо” гэдэг шиг, “судалж үзэх болно оо” гэсэн бичиг л ирдэг юм ш дээ. Өөр нэг их дэмжлэг байхгүй ээ. Зарим санаачилга маань өөр даргын хувийн шинэ бүтээл, оночтой санаачилга “болоод” гараад ирэх нь бий. Латин үсгийн тухайд тэгж л байсан.
-Та хаана ямар ажил эрхэлдэг вэ?
-Найз маань “Алаг хорвоо” нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч. Би найзыгаа орлож ажилладаг гэх үү дээ. Манай редакциудаас гардаг сонинууд хамгийн чөлөөтэй, шударга нь гэж боддог шүү. Учир нь манайхныг “ивээдэг”, эзэгнэдэг том төрийн түшээ, улс төрч, бизнесмен, нууц ноёнтон гэж ард маань байхгүй.
-Өдөр тутмын сонин, ТВ-д та ажиллаж болдоггүй юм уу? Бүтээлээ, өөр сонинууд, блог-сайт зэрэгт нийтлүүлснээс илүү олон хүнд хүрнэ шүү дээ.
-Би боломжтой газраа л ажиллаж байгаа, найз маань төрөл бүрээр надад тусалж, дэмжиж байдаг. Өдөр тутмын сонин, ТВ-г бүгдийг нь сайн мэдэхгүй ч,нэлээд нь далд эзэдтэй, тэрхүү эздийнхээ атганд бүрэн орсон, ямар ч даалгаврыг нь үг дуугүй биелүүлж байдаг гэдгийг гадарлана.Тэрний ТВ, энэний сонин гээд л яригддагийг та нар ч мэдэх биз.
Би чинь үндэсний үзэлтэй, эх оронч байр суурьтай, дарга нарыг буюу дэглэмийг дандаа шүүмжилж байдаг хүн. Тэгэхлээр өдөр тутмын сонинууд, ТВ-үүд намайг ажиллуулах ч үгүй, би ч тэнд ажиллаж чадахгүй.
Тэр бүү хэл, нэг өдөр тутмын сонин миний юмыг нийтлэхийг 2001 онд хориглосон шүү дээ. Нэг ажилтан нь намайг уг нь манай нийтлэлч бол гэсэн. Би латин үсэг, монгол бөхийн ёс суртахуун, хазар монголчуудыг дүрвэгчээр авах асуудлыг тэнд дэвшүүлээд, өөр материалуудаа ч гаргаад явж байснаа, нийт монгол туургатныг нүүлгэн ирүүлж уугуулшуулах асуудлаа дэвшүүлсэн чинь, тэр сонины далд эзэн нь хориглосон юм. Би чинь хориотой сэтгүүлч байхгүй юу.
-Та хамгийн сүүлд юу бичив?
-“Оюутолгойгоо Жэннифэр Лопэсийн өгзөгнөөс хямдхан өгчихлөө” гэдэг нийтлэл бичиж байгаа. Лопэс өгзгөө 300 сая доллараар даатгуулсан, Оюутолгойгоос их л бодож 250 саяыг зээллээ...
-“Sonin.mn” дээр таны нийтлэлүүд гарсан байсан. Харин сэтгэгдлүүд нь онцгүй юм билээ.
-Өө тийм, би “Сонин.мн”-ий байнгын зохиогч болсон. Түүндээ ч баяртай байгаа. Сэтгэгдлүүд гэвэл, ихэнх нь л намайг тэнэг мулгуу гэсэн байна билээ. Улс үндэстнээ гэж зовнисон сэтгүүлчийг дэмжихийн оронд дайрч давшилдаг гурван янзын хүмүүс байдаг. 1-рт, хана манан дээр юм эрээчдэг зүггүйчүүд, 2-рт, над мэтийг доромжлох, олон түмэнд буруу ойлголт өгөх үүрэгтэй “сэтгэгдэлчин” гэдгийг дарга нар ажиллуулдаг болсон, 3-рт дарга нар өөрсдөө бичдэг. Гэхдээ дэмжсэн, урам өгсөн хүмүүс ч цөөнгүй.
Тэр хүн доромжилдог интернетийн танхайрагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх тухай баримт бичгийг би боловсруулах гэж байгаа. Хариуцлага хүлээлгэх боломж бий.
-Та асуудал хөндөх тухай ярилаа. Гэтэл миний бодоход, сэтгүүлзүйн ертөнц маань ялзарлаа, сэтгүүлчид авлигачид боллоо, тийм болохоор өөрсдөөсөө эхэлж асуудлыг хөндөх хэрэгтэй юм биш үү. Тэгээгүй байж ямар нүүрээрээ бусдыг шүүмжлэх юм бэ?
-Би Монголын сэтгүүлзүйг чимхэж л байдаг, саяхан фельетон минь ч гарсан. Гэхдээ сэтгүүлзүйн ертөнцийн “ялзрал”, “авлига” гээд байгааг чинь Монголын тэргүүн, амин чухал асуудлын тоонд оруулахгүй.
Сэтгүүлчид бол юуны өмнө дэглэмийн дарлал, нухчил дор орчихоод, хэвлэлийн эрх чөлөөгүй болчихоод байна. Амьдрах аргагүй ч болсон учир, хааяа нэг PR хийж хэдэн төгрөг олдог. Өлбөрч үхэхгүй, шоронд хатахгүйн тулд цагийн аясыг дагах явдал гарна. Гэхдээ учрыг мэдэж, хужрыг тунгааж явдаг улс. Монголын сонин хэвлэл дээр үнэн зөв, зоригтой шударга зүйл зөндөө л гарч байгаа.
Харин сэтгүүлчид эв нэгдэлтэй байх нь илүү чухал. Монголын сэтгүүлчид бие биенээ хамгаалдаг байх ёстой. Сэтгүүлч бараг ямар ч хамгаалалгүй байдаг. Бид биесээ хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах вэ? Яаж дөрөвдэх засаглал болох вэ?
-PR-ыг та авлига биш гэж үзэх үү?
-Сэтгүүлчийн хийх ёстой нэг төрлийн л ажил шүү дээ. Тэгээд ажлын хөлсөө л аваа биз. Харин PR сөрөг үр дагавартай байж болохгүй.
-Сэтгүүлчийг авсан шагнал, цолоор нь үнэлж болох уу? Та сонин хэвлэлийн оны шагналаас өөр ямар шагналтай вэ?
-Голдуу дэглэмд юм уу, дарга нарт аль их зүтгэсэн, тал зассан нь шагнал аваад байх шиг байдаг. Тэгэхлээр олон тохиолдолд, шагналаар нь, дэглэмийн хэр боол болохыг нь үнэлж бол болохоор байх.
Би 1993 онд Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийн шагнал, энэ онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол авсан. Над шиг бага шагнал цолтой сэтгүүлч ч гэж бараг байхгүй дээ. Шагналаар нь намайг хамгийн муу сэтгүүлч гэж зарим нь ч үнэлэх л байх.
-Би л лав юуны өмнө, сэтгүүлчдийгээ шүүмжилнэ. Сэтгүүлчид бие биенээ шүүмжлэхгүй гэсэн бичигдээгүй хууль байдаг л гэцгээх юм. Заримынх нь бурууг хараад, заримынх нь бурууг хардаггүй тийм шударга ёс гэж байх ёсгүй. Шударга байхгүй бол сэтгүүлч байгаад яах юм?
-Би та нар дундаас хамгийн шударгыг нь л онцлон сайшаана. Чи их ч юм асуулаа, хамгийн шударга нь ч бололтой. Танилцъя, нэр хэн билээ?
-Мөнхбаяр…
ММIX.XII.XVI

No comments: