Sunday, January 6, 2013

Монголын цөмийн хууль-эрхзүйн өнөөгийн байдлаас

(БОНХЯ-ны "Хаан танхимд" болсон сэтгүүлчдэд зориулсан сургалт дээр тавьсан илтгэл)

Өнөөдөр дэлхий даяар цөмийн хор хөнөөл, аюул гамшгаас татгалзаж байна. Саяхан гэхэд л Сэнди хар шуурганаас болж, АНУ-ын АЦС-иуд аюултай байдалд орж, Нью-Йоркод цөмийн гамшиг нүүрлэх дөхсөн. Атомын энерги, зэвсгийн салбарыг хөгжүүлсэн улс орон цөмийн дайны гэмээр нөхцөл байдалд оршиж, хэзээ цөмийн бөмбөгдлөгт өртөх вэ гэсэнтэй агаар нэгэн түгшүүр айдаст автаж байдаг аа.
Сэнди шуурганаас үүдэн, АЦС-д нь осол гарсан бол дэлхийн хамгийн том хотуудын нэг, АНУ-ын гол зангилаа хот Нью-Йоркод сөнөл мөхөл, үхэл гамшиг учирч, тус улс сулран доройтож, улмаар дэлхий дахины эдийн засаг, энх тайвны тогтвортой байдал ч ганхах байлаа.
Дэлхийн улсууд цөмийн салбараас бүрэн, хэсэгчилсэн, нэмэгдүүлэхгүй гэсэн чиглэлүүдээр татгалзаж байна. Нэгэнт цөмийн салбараас ихээхэн хараат болсон, 50 гаруй АЦС-тай Франц улс буруу замыг сонгосондоо харамсан халаглавч яах ч аргагүй, дээр тэнгэр хол, дор газар хатуу гэгч болон цөхөрч мухардаж байна. Харин ганцхан улс буюу Монголд л төр засаг, хамсаатнууд нь атомын энерги шиг сайхан хөгжил дэвшил үгүй, ямар ч аюул осол байхгүй, бүх чиглэлээр нь хөгжүүлнэ хэрэгжүүлнэ гэж уулгалан хийрхэж, шунаг сувдаг, тэнэг мунхгийн туйлыг үзүүлж, дэлхий дахиныг алмайруулан цочирдуулж байна.