Thursday, September 29, 2011

Ар Монголын аатай наймаачны паян

наргиа

Ар Халхын аатай наймаачин эр дэн буудлынхаа тагтан дээр дэнхэлзэн гарч иртэл, танкны хошуу шууд өөдөөс нь өндөлзөн чиглэж, битүү саван дотроос “Ална шүү!” гэсэн бүгт дуун гарах нь сонсдов. Манай наймаачин нүдээ нухлаж, юу болоод байгааг ойлгож ядан гуйвах нь ичээнээс дөнгөж цухуйсан баавгай гэлтэй.
-Онц байдал тогтваа. Даруй дотогшоо буцаж орохыг 38-р арми шаардаж байна гэж экипажийн дарга Хо танкны хошуугаа цагаан хоолойн оронд ашиглан, пижн монгол хэлээр хашхирав.
-38-ын арми гэв үү? Чихэнд чимэгтэй мэдээ байна даа. Ямар онц байдал гээч нь энэ вэ? 38 хэмийн умдаан л зооглоод байх хэрэг үү? гэж наймаачин эр амандаа халх барин хариулав. Хо дарга:
-Ар Монголын бүх хэт даврагчдыг Эрээнээс гаргасан байхад энэ зандалчин яагаад үлдчихдэг билээ? Гадаадын хүнийг чинь одоо хамаагүй буудчихаж болохгүй. Ар Монголын салан тусгаарлагчид бас бослого гаргаад унавал яана гэж бүтэж үхэх дөхсөн албатууддаа хэлэв.

“Цөмийн хатан хаан” А.Ундраа албан тушаалаасаа ховх үсэрсний нууц


400000 тн цөмийн хаягдлыг кг-ыг нь 1000$-оор булах бизнес МАНАН-гийн гарт шилжив

400 мянган тонн цөмийн хаягдлыг, кг-ыг нь дор хаяж 500, дээр хаяж 1000 доллараар булах аугаа бизнесийг хийж, Билл Гейтс мэтийн баячуудыг бэлд хаях нь гэж яригдаж байсан А.Ундраа хатагтай Монгол улсын цөмийн тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд гэх хачирхалтай албан тушаалаасаа татгалзаж, олон түмнийг алмайруулав.
Зарим хүн, ингээд цөмийн аюул ариллаа хэмээн алга ташиж байна. Зарим нь надад энэ бүхэн ямар хамаа байхав гэж урваганаж байна. Зарим нь Монгол улсын цөмийн хөгжил баларлаа, сүйрлээ гэж гуниж байхад, зарим нь Монгол улс атомын бөмбөгтэй болж Хятад, Америк, Япон зэрэг дайснуудтай цөмийн дайн хийх нь өнгөрөв хэмээн гутарч байна.
Аль нь ч буруу юм. А.Ундраа дарга хугацаат албаа хааж, даалгавраа биелүүлээд л, жамтай юм жамаараа л болж байна.

Ямаак улс


Наргиа

Манай аялал жуулчлал гэж гадаадын гийчнийг тамлан зовоох гаж дон байдаг хойно доо, Алтан гурвалжин ч гэнэ үү, алмайрам нэртэй улсаас ирсэн эрхмийг үүр цайхаас өмнө орноос нь суга татаад л , хоол ундны үнэр ч авахуулалгүй халуун наран дор, битүү кабин дотор жигнэн хэдэн цаг пижигнүүлэв ээ, хө. Монгол орон сайхан байгаа биз гэж үе үе асуун, элдэв магтаалын үг урсгуулан дэглэхээ яахин мартах билээ дээ, би.
Биднийг Цонжин Болдогт хүрэхэд, ямаачин өвөө хэзээний ирчихсэн, шатан дээр завилан унтаж байв. Өөр газар намаржих болсон тул, замчилж өгөхөөр, унаанд дайгдан ирсэн түүний тас хар царай, цав цагаан шүд, басхүү инээж буйг нь илтгэнэ.
Өвөө бид хоёр “жинхэнэ малчин айлд өнжүүлэх” гэдэг бизнэсийг үе үе хоршин хийдэг юм л даа.

Монголын цөмийн бизнэсийн хэн нь хэн бэ?


I. Монголд, дэлхийн цөмийн хогийн сав байгуулах асуудал 2008 онд шийдэгджээ

“Ерөнхийлөгч зарлиг гаргах нь
Ерөөсөө бидний баяр даа!” гэж дуулж бүжиглэх нь холгүй зарим хүмүүс баясч байгаа бол, зарим нь цөмийн хэрэгт хамгийн их хутгалдчихаад, популист зарлиг гаргаж, өнгөлөн далдлалт хийж хошгоруулав гэж байна.
Үнэндээ цөмийн хуйвалдаан бол, манай улс төрийн бүх томчуудыг унагаж, харгис дэглэмийг халахад хангалттай маш өргөн асуудал юм. Нэн товч бөгөөд ерөнхий, бөөрөнхий, эрх зүйн чадамжгүй ганц зарлигаар уг асуудлыг шийдчихнэ гэвэл гонжийн жоо, голионы баас гэгч л болох бий вий. Яагаад эрх зүйн чадамжгүй вэ гэвэл, дээрх зарлиг нь цөмийн хаягдал гаднаас оруулж ирж булахад үйлчлэх хуулийн орчин, хөтөлбөр, албан тушаалтнуудыг огт хөндсөнгүй. Тэгэхлээр хууль хэрэгжинэ, хөтөлбөр үргэлжилнэ, ямар ч шийтгэл хүлээгээгүй албан тушаалтнууд аюулт хаягдлын бизнэсээ хийнэ.

Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн эсрэг Б.Чадраа эрслэн босов уу?

Б.Чадраа харийн бүх нэоколоничлогчдыг хөөж явуулахаар шийджээ

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цөмийн хаягдал булах асуудал байхгүй, байх ёсгүй хэмээн сүр сүндэртэйгээр мэдэгдсээр байгаа билээ. Гэтэл энэ нь ямар ч баримт нотолгоогүй мэдээлэл юм. Эрхэм ерөнхийлөгчийг цөмийн асуудалтай холбон их бичдэг. Тэрийгээ болиогүй, хөөцөлдсөөр байгаа, тэр асуудлаараа дахин Амэрикад очно гэж ойлгогдохоор мэдээлэл гадаадын хэвлэлд гарсан байна.
Гайхал цөмчин Б.Чадраа, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нууц цөмийн гэрээ байгуулахыг хорьсон нь зөв өө, ил гэрээ бол байж болно шүү дээ, АЦС барих гэж байгаа юм чинь гэж шууд үгүйсгэжээ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хэлж байгаагаар бол тийм зүйл ч байж болохгүй юм. Харин Б.Чадраа гуайн хэлж байгаагаар бол АЦС барина, түлш нь болох ураныг олборлоно, гарах хаягдлуудыг нь мэдээж Монголдоо булна. Цөмийн хаягдал булна гэдэг асуудлыг уг нь Үндсэн хууль, Хорт хаягдлын тухай хууль, Цөмийн зэвсэггүй бүсийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын баримтлал гээд олон зүйлээр хорьсон гэж байгаа.

Хазарууд өвөөгийнхөө нэрийн оронд Чингис хааны нэрийг зүүж байна

Хазарын нэрт бизнэсмэн Новруз Мохаммад Хамза-тай ярилцав.

-Та өөрийгөө товч танилцуулна уу?
-Би Эмирт улсын Дубай хотноо суудаг. Миний бизнэсийн гол чиглэл бол машины худалдаа. Өвөг дээдсийнхээ нутагт ирж үзэх, хазарууд-монголчуудын ахан дүүгийн харилцааг өргөжүүлэхэд туслах, Монголд бизнэс эрхлэх боломжийг судлах зорилгоор ирлээ.
-Таны зорилго хэр бүтэмжтэй байна?
-Би маш сэтгэл хангалуун байна. Монголчууд болон хазарууд угсаа гарал нэгтэй, ахан дүүс гэдгийг нүдээрээ үзэж мэдлээ. Найрамдалт харилцааг албан ёсны зохион байгуулалтад оруулах талаар монгол, хазар нөхөдтэй ярилцаж тохирлоо. Бизнэсийн боломж ч өндөр байгааг үзэж мэдлээ.

49

Наргиа

Продюсэр найруулагчид санал дэвшүүлэв.
-“49 цаг” кинофэстивальдаа оролцъё оо, таминээ, санасан бодсон юм байнуу, чамд?
-49 цагт кино хийх гэж юу байсийм, шал балай болзолтойм байхчүүлээ. Уг нь ч саяхан би “Сармагчны хаан Тарзан” гэдэг кино үзээд, “Монгол Тарзан” гэдэг кино болгоод хийчвэл яасийм гэж бодох нь ч бодсон л доо.
-Сармагчны хаан нь Ү Күн ш дээ.
-Ү Күн бол хятад сармагчны хаан. Амэрик сармагчдынх нь Цэзарь, английнх нь Тарзан.
-Монголынх нь ерөнхийлөгч Э…
-За битгий солиороод бай, улс төрийн хэрэгт орох нь уу?

Хоккэйчин жокэйчин хоёр


Наргиа

Цээмаа Цэрмаа гэдэг хоёр эмээ саяхан уулзан хөөрөлджээ. Тэдний ярианаас уншигч олондоо сонирхуулж сийрүүлье…
-Гүй ээ хө, Цээмаа хөөе, танай нөгөө сахилгагүй дэлдэн шар үзэгдэхээ байчихсан, хаачсан юм бэ? Хөгжим сонсдог юмаа зүүчихээд л юу ч сонсохгүй дуулахгүй л харайж явдагсан.
-Дэлдэн шар гэнэ шүү, муу Бажгааг минь яахнав дээ. Амэрикад диск-жокэйрхуу юм хийж байгаа шүү дээ. Харин чи чинь л юу ч сонсохгүй дуулахгүй харайж явдаг юм байна.
-Диск-жогорхой?
-Биш ээ, диск-жокэй.
-Өө тэр чинь их мундаг ажил ш дээ. 1935 онд анх Мартин Блок гэдэг хүн санаачилсан гэдэггүй юу...
-Юу яриад байгаа юм, тэрнийг чинь би хар багаасаа л хийж ирсэн дэг…

1998 онд Монголд 40 тонн цөмийн хаягдал нууцаар булсан бололтой


Үүний төлөө 20 сая доллар авсан байж таарна

Цөмийн хаягдлын эсрэг тэмцэл өргөжиж буй, ялангуяа Жо Байдэнийг айлчлахад жагсаал болсон зэрэг нь нам засгийнхныг зарим нэг арга хэмжээ авахад хүргэж байна. Үүний нэг жишээ нь, цөмийн хуйвалдааны эсрэг байр суурьтай байгаа Ногоон нам, Ногоон эвсэл, Ногоон хөдөлгөөн, Шударга иргэдийн фронт, Ардын Хянан Шалгах Хороо, “Хөх Монгол” бүлгэм, Байгаль хамгаалах байгууллагуудын эвсэл, Facebook-ийн “No Nuclear Wastes”, “Stop Nuclear Genocide” бүлэг зэрэг ТББ-ын төлөөлөгчидтэй Цөмийн Энергийн газар (ЦЭГ)-ын удирдлага уулзалт хийсэн явдал юм.
ЦЭГ-ын зүгээс дэд дарга Ц.Дамдинсүрэн голчлон ярьж байсан бөгөөд, цөмийн хаягдал гэдэг нь ийм юмыг хэлнэ гэхчилэн “лэкц уншихыг” завдахад, нууц гэрээ хэлцлүүдийн сэдвээс хазайхгүй байхыг ТББ-ынхан сануулж болиулав.

45 улс Монголд цөмийн хаягдлаа булах болжээ


Монголд цөмийн бөмбөгийн туршилтын талбай ч байгуулж болзошгүй

1. Обама 1.6 тэрбум хүнийг хангах АЦС-ыг Монголд барь гэсэн үү?
Цөмийн нэг грамм ч хаягдал булшлахгүй гэж удаа дараалан эвэртэн туурайтнууд маань мэдэгдэж ирсэн ч, өөрийнхийгөө бол ч булшилна л даа гэж басхүү, хэнд ч эс дуулдахаар хааяа нэг шивнэдэг.
Өөрийн цөмийн хаягдал гэж юусан билээ? Бараг “ардчилсан” хувьсгал ялангуут л яригдаж эхэлсэн АЦС-ийн хаягдал юмсанж.
Кремль соцлагэрийн орнуудыг арван таван толгойтой атомын хар мангас болгох гэж, Дубнагийн эрдэм шинжилгээний төвдөө цөмийн физикч, мэргэжилтнүүдийг бэлтгэж байсан. Ийнхүү Монгол улс тун хачирхалтайгаар атомын боловсон хүчинтэй орон гэгдсэн. Зарим нь олон улсад алдаршсан мундаг эрдэмтэн болсон агаад тэднээрээ бахархахаас биш яахав.
Зарим нь… үнэхээр мангас болчихжээ. Тэд юуг ч залгин устгахад бэлхэн. Цөмийн хаягдал булшлана гэх, амар хялбар бүтэх амтат бэлэн хоол байдаг юм байна хэмээсэн ойлголтыг тэд олж авч амжсан асанж. Хэдэн бор юм л олж байвал хичнээн хор хөнөөл гаравч үл ойшоох монструуд. Тиймээс ч хулгай луйврын эрх чөлөө нээгдэнгүүт, атомын аюулыг аль байдаг чадлаараа даллаж эхлэв.

Дайснуудын хорлол тохиогоогүй бол Монгол улсын хүн ам 50 сая байх байв!


“Нэг сая хужаа авчирвал нийгэм хэвийн болно” гэж хэлэх бэлтгэлээ дарга нар хангаж байна

1
Дээд Тэнгэр Бурханаас монголчуудад үрийн заяа хайрлаж, өнөр өтгөн амьдарцгаа хэмээн зарлиг буулгасан нь хувь тавилан билээ. Мөнх Тэнгэрийн заяаснаар монголчууд газар нутгаар төдйгүй, хүн амаар их хүчирхэг улс түмэн байх ёстой. Тийм байж л Монгол орших, хөгжих учиртай байв.
Тэнгэрийн ивгээснээр, монголчууд хүүхдүүд багачуудад элэгтэй хайртайгаараа ялгарсан цолгорсон улс байлаа. Олон хүүхэдтэйгээ бужигнасан өнөр өтгөн айлыг бахдан магтана. Энэ нь ч нүүдэлчин аж төрөх унаган хэвшилд охицно. Айл бүр аж ахуйтан байсан тул гэрт гадаах ажил ч их, том багагүй олуул хамжиж байж бүтээхээс өөр аргагүй.

Хазарууд Монголд уул уурхайн ажиллах хүчээр ирэх сонирхолтой байна


Афганистаны Иргэний хөдөлгөөний намын нэгэн дарга, хазарын үндэсний эрх чөлөөний зүтгэлтэн А.Гизабитай ярилцав.

-Та Монгол оронд хэзээ ирэв?
-Наймдугаар сарын эхээр ирсэн. Бараг гурван долоо хоног болж байна. Өмнө нь хэд хэд ирж байсан. Зорилго минь ар монгол, хазар монголчуудын хооронд найрамдал нөхөрлөлийн гүүр босгох явдал.
-Таны энэ сайхан зорилго хэр бүтэж байна вэ?
-Бүтэж байнаа, бүтэж байна. Монгол орныг танилцан судалж, ямар ямар чиглэлээр хамтран ажиллаж болохыг мэдлээ, олон найз нөхөд, ажил хэргийн түншүүдтэй боллоо.

Хятадын Жоу Юнкан дарга Монголд айлчлахдаа А.Сарнай бүсгүйг онцгой анхаарав


Доод хэмжээнээс арав дахин өндөр цалин авбал Монголын иргэн болгоно гээд хятадуудыг бөөнөөр шилжүүлэн суурьшуулж байна

Хятадын Жоу Юнкан зэрэг том дарга нар аюулгүй байдалдаа асар их анхаарчээ. Тиймээс тэр даргын хүмүүс Монголын талд тусгай бичиг ирүүлсэн аж. Тэр бичигт, сүүлийн үед танай Монголд байдал тогтворгүй байгаа тул манай өндөр дээд шатны элч төлөөлөгчдийн аюулгүй байдалд онцгой анхаарна уу гэсэн байна.
Тэгэхдээ нэг л хүний нэрийг тодорхой дурдаж, энэ хүнийг анхаараарай гэсэн аж. Тэр нь иргэний тэмцлийн идэвхтэн А.Сарнай юм. Цагдаагийн байгууллага энэ асуудлаар А.Сарнайтай уулзаж, Хятадын өндөр дээд албан тушаалтны айлчлалын үеэр амгалан тайван байдлыг алдагдуулж, ажил хүндрүүлэхгүй байхыг зөвлөсөн байна.
А.Сарнай гадаадад байхдаа, Европын Холбооны улс орнуудад есөн жилийн турш янз бүрийн тэмцэлд идэвхитэй оролцож байсан, бараг мэргэжлийн тэмцэгч хүн юм. Энэ хавар Монгол улсад ирээд хэд хэдэн олны анхаарал татсан арга хэмжээнд идэвхитэн, зохион байгуулагчаар оролцоод байгаа билээ.

Цөмийн хаягдлын олон арван тэрбум долларыг харийн компани, хураамжийн найман сая төгрөгийг л Монгол улс авна!


Хилийн дагуу цөмийн хаягдал булж хятадуудыг хорлох, хаягдлаар бөмбөг хийж 
тэднийг айлгах нууц төлөвлөгөө манай дарга нарт бий гэв үү?

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байдэн Монголд айлчлахаар ирэхэд гурван нам, есөн хөдөлгөөн, Японы “Green Japan” ТББ-ын хүмүүс нийлж, эсэргүүцэн жагссан юм. Яагаад энэ хүмүүс хүч нэмэгдүүлэн ирсэн олон тооны цагдааг сөрөн зогсож, өөрсөд рүү нь тусгайлан илгээгдсэн мэргэн буудагчдын онин дор цуглав? БНХАУ, ОХУ-ын дунд, хадан завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг байдаг монголчууд бид АНУ-тай аль болох эе эвтэй байхыг хичээж, өмөг түшиг болгох нь зүй бус уу?
Гэтэл Байдэн гээч нь, Монголын ард түмнийг устгах гэж мянга түмэн хор хорлолыг найруулж сэтгэн улайрч яваа махчин дарга нарын маань сэдсэн хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн намаг балчигт хүзүүгээ хүртэл шигдчихсэн нэгэн гэнэм. Дэлхийн цөмийн бүх хаягдлыг Монголд булах нууц төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж ард түмнүүдийг устгахыг санаархагч шинэ цагийн Хитлэр, Химмлэр, Хэринг, Гёббэлс болон тодорч байгаа дайснуудыг нэрлэх хэлэх муу үг олдохгүй юм.

Этиопод хар монголчууд гэдэг хачин сайхан монголчууд байгааг нээжээ


Латин Амэрикад аймаар монголчууд гэдэг аймшгийн хүмүүс мөн олджээ

Монгол улсын иргэдийг монгол туургатан дундаа юм санаж сэтгэхдээ муу нь, монгол туургатны үйлсэд оролцох байтугай ойлгодог ч үгүй гэх ойлголт мэр сэр байсан. Тэгвэл өнөөдөр байдал өөрчлөгджээ.
Монгол туургатны үйлсийн залуу зүтгэлтэн Д.Бямбахүү гэдэг Амэрикад амьдардаг залуу Дэлхийн монголчуудын өв соёлын сан гэх нэр хүндтэй байгууллагын гол хүмүүсийн нэг болжээ. Энэ байгууллагын шинэчилсэн зохион байгуулалтын дагуу Монгол улс, Өмнөд Монгол (БНХАУ-ын монголчууд), Буриад, Халимаг, Тува, Алтай, Хазараас хоёр хоёр хүн УЗ-д нь оржээ.
Монгол туургатны энэ байгууллагын үйл ажиллагаанд хазарууд маш идэвхитэй оролцож байгаа аж. Нэг хазар бизнэсмэн тус сангийн офисийн нэг жилийн төлбөрийг хийж, хазаруудаар засал чимэглэлийг нь сангаас төлбөр авалгүйгээр хийлгүүлж байгаа аж.

“Учруулсан хохирлыг ял эдлүүлэхгүйгээр ажиллуулж барагдуулгах хууль” баталж, дарга нарыг огт шийтгэдэггүй болох нь

Дарга хэрэг үйлдвэл, албан тушаалаас нь өөрчилж болохгүй гэх хууль гарах нь ээ

Байнга элдэв хэл аманд ороогдож, хэрэг төвөг тарьж явсаар, эцэстээ хүн хулгайлсан хэрэгт ороогдсон Б.Хурцыг чөлөөлүүлэх тэмцэл багагүй өрнөсөөр жилийн нүүр үзэж байна. Нэлээд олон ТББ-ууд эвсэн “Хурцыг чөлөөлье” гэх том эвсэл байгуулсан нь аргагүй л нийтийн солиорол гэлтэй.
Авлигын газар албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг хальт шалгахад 55 нь авлига авсан, 60 нь худал мэдүүлсэн, 20 нь мэдүүлэг өгөөгүй нь тогтоогджээ. 600 хүнээс 135! Хэрэв сайн шалгавал бүгд зөрчилтэй гарна. АТГ сануулга өгдөг агаад тухайн байгууллага нь хамгийн хүндээр шийтгэлээ гэхэд нэг өдөр ажлаас халах, цалин, эрх мэдэл нь буурахгүй өөр албан тушаалд томилох зэргээр шийтгэдэг аж.

Дэлхийн цөмийн хаягдлыг цөлмөгдсөн уурхайн нүх цооногуудад зүгээр л сул хаях төлөвлөгөө боловсруулжээ

Монгол улсад цөмийн хаягдал булшлах нэрийн дор монголчууд биднийг цөмийг нь булшлахыг санаархсан дарга нарын аймшигт гэмт хэргийг эсэргүүцсэн арга хэмжээ хаа сайгүй өрнөж байна. Еврэй нарыг устгасан Холокост хэмээх хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг байдагтай энэ нь дүйцнэ.
Манай дарга нарын санаачилгаар дэлхийн олон орны башир удирдагч нар Монголд л хог булшилъя, яаж ч дарлаж доромжилж байсан мэдэлгүй хоорондоо л уралцаад байж байдаг олон ардыг нь золиосонд гаргачихъя хэмээн хуйлрах болсон. Европын Холбооны улсууд, Солонгос, Тайвань хогоо Монголд булах хүсэлтэй байгаагаа нууцаар илэрхийлжээ. БНХАУ-ын том албан тушаалтан Монголд айлчилсан нь мөн л үүнтэй холбоотой гэгдэж байна.

“Хөдөөгийн баясгалан” дууг гэрманчууд хулгайлж, “элгэн дор эрвээхэй эргэлднээ” гэж дуулжээ

“Хөдөөгийн баясгалан”-гийн аянд европын залуус туйлдаж унатлаа бүжиглэж байна

Монгол “Хөдөөгийн баясгалан” киноны “Тайван намар” дууг гэрманчууд хулгайлав гэж шуугиулаад өнгөрсөн. Гэхдээ учир нь олдоогүй. Хулгайлсан эсэх нь ч тодорхойгүй.
Үүнийг  судалж үзээд,  хулгайлсан улсыг нь нэр устай нь тогтоолоо. Александэр “Ала”, Кристианэ фон Күцшэнбах, Вилли Якоб, Сами Калифа, Пэтрэ Шээзэр зэрэг Зүүн буюу Ардчилсан Гэрманы нөхөд 1986 онд “Винд” буюу “Салхи” гэдэг хамтлаг байгуулжээ.
Перестройкийн үе эхэлж хоёр Гэрман хоорондоо харилцаа өргөсч, социалист орнуудын хоорондын харилцаа хумигдаж иржээ. Тэгэхлээр нь энэ хамтлаг Монголын кино ТВ-ээр гарахаар нь дууг нь санаандгүй сонсч, улмаар Лайпциг хотын ТВ-ийн нөхдөөс хурааж аваад хулгууж ашигласан ажээ. Гэрманд байдаг монгол нөхөд иймэрхүү ам дамжсан яриаг ярьдаг байна.

Өвөр монголчуудын хувьд Ар Монголд ажиллаж амьдрах боломж нээлттэй

Өвөр Монголын Ардын Намын (ӨМАН) ЕНБД Хэрэйд Э.Хувьсгалттай ярилцав.

-Та ямар зорилгоор ирэв. Эрдэмтэн хүнийхээ хувьд Монгол судлаачдын хуралд оролцож байна уу?
-Монгол улсад өвөр монголчуудыг дэмжих байдал эрс нэмэгдэж буй тул, үүнтэй холбоотойгоор ирлээ. Ар өвөр монголчууд уг дэмжлэгийн талаар уулзалт зохион байгуулж байгаа. Түүнд оролцох, ар монголчууддаа талархлаа илэрхийлэх, үзэл санаа нэгтнүүдтэйгээ холбоо тогтоох, цаашдын ажил үйлсээ хэлэлцэн төлөвлөх нь гол зорилго маань юм даа.
-Өвөр Монголд өрнөж буй үйл явдлуудын нөлөөгөөр ар монголчууд өөр хандлагатай болж буй нь үнэн. Өдгөө Өвөр Монголын нөхцөл байдал ямар байна вэ?
-Тэнд хүн ард амь бие хайргүй тэмцсэнийхээ хүчээр арай илүү ардчилсан уур амьсгалыг бүрдүүлж байна. Бэлчээр, экологийн холбогдолтой шаардлага тавьж байсан бол, хүрээгээ өргөжүүлж үндэсний эрхийн холбогдолтой шаардлага тавин тэмцдэг боллоо. Тунляо хот гэж нэрлэгдэх болсон Жирэм аймгийн 400 гаруй сурагчид монгол хэлээр суралцах, ажиллах арга боломжийг шаардан жагссан жишээ байна.

Монголын ногоон эвсэл зэрэг олон байгууллагынхан ар өвөр монголчуудыг нэгтгэхийн төлөө тэмцэнэ

Өмнөд монгол зон олны хүний эрх ноцтойгоор зөрчигдөж ирсэнд сэтгэл зовнисон, нөхцөл байдлыг сайжруулан өөрчлөх үлсэд хувь нэмрээ оруулахыг хүссэн, газар газрын монголчууд 2011 оны 8-р сарын 13-нд Улаанбаатар хотноо “Өмнөд монголчуудыг дэмжицгээе!” сэдэвт уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Монгол улсын иргэд болон Япон, БНХАУ-аас ирсэн монголчууд оролцов. Тэд Ногоон эвсэл, Шударга иргэдийн фронт, Өвөр Монголын Ардын Нам, “Хөх Монгол”, “Нэгдсэн Монгол” бүлхэмүүд, Монгол туургатан залуусын холбоо, “Нэр төртэй амьдрал” ТББ, Facebook-ийн Southern Mongolian Support бүлгийг төлөөлөн ирсэн байлаа.

8000 доллар төлөөд л хамаг цөмийн хогоо Монголд хаяж болно


Эрхэм хүндэт дарга нар маань цөмийн хаягдлыг Монголд булах ямар ч асуудал байхгүй хэмээн шувуу бүрт үг зааж, шуудан бүрт захиа дайн цамнаж буй ч, өөрсдөө аль ээ эрт цөмийн хогийг Монголд төлбөртэйгээр булшлах үйлчилгээг хуульчлах ажилд оролцсон  байдаг аж.
УИХ-ын шударга үгтэй гишүүд гэгдэх Г, Б нар 2011 оны 5-р сарын 2-нд “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл”-ийг өргөн барьжээ. Түүнийг 6-р сарын 9-нд соёрхон баталсан байна. Тэр дундаа цөмийн мина булсан байжээ.
Уг хуулийн нэмэлт буюу, 34-р зүйл, “Цацраг идэвхит ашигт малтмал, цөмийн энэргийн чиглэлээр зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ”-ний 1.4, 1.5-д цөмийн хаягдал импортлох, тээвэрлэх, булшлахад 8.5 саяас 250 сая төгрөгийн хураамж төлнө гэж тов тодорхой заажээ. Манайд АЦС барих, уран олборлох, цөмийн тэхнологи нэвтрүүлэхэд гарах хаягдлыг нь булах гэсэн үг гэж булзах аргагүй юм. Гаднаас оруулна, тээвэрлэнэ гээд хэлчихсэн, хуульчилсан байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.18-д 2009 онд мөн чингэж мина булсан аж.

Сириус

шог үгүүллэг

Азийн цагаан дагина Улаанбаатар гэгдэн мандаж бадарч явснаа, Азийн хар дагина Утаанбаатар хэмээгдэн гундаж бутрах болсон хотын маань явцыг түргэсгэхээр цөмийн нэгэн мундаг ноёнтон гадаадаас жигүүрлэн ирж сэм буувай. Эхний хэдэн өдрийг ч наргиан найр, наадам цэнгүүн дунд савж дампуурч, савлаж дүнхүүрч өнгөрөөв. Оргил халуун онцгой нэгэн өдөр бүгчимдээд, гарч салхилсу хэмээн гайхуулж жаахан сэлгүүцтэл хог новш мэт алаглуулсан хаяг рэкламанд толгой нь эргээд төөрч орхив. Монгол хамуудынхаа нэгнийх нь дугаарыг л, ганц цифр давтаж бүтсэн, содон хийцтэй болохоор нь санаж байв. Тэгээд утсаа хэд тоншоодохсон чинь англи хэлэнд маруухан түнш нь “I Mongolia. You Mongolia. We Mongolia” гэхээс цаашгүй агаад, манай хүн ч дээрдэх зүйлгүй. Бухимдаад утсаа чулуудаж орхитол элээ шүүрчихэв.
Ингээд л ямар хэцүү байдалд орсноо гэнэт ухаарав. Гудамжаар нозоорон хөлхөх хүмүүс, замаар назгайран цуврах такси руу хандан гар хуруугаа сарвалзуулж “Үү-үү, аа-аа” гэж аргаан баравч, гориллын хэл мэдэх хүн үл тохиолдоно. Мэдэхийг нь манай хүн тоохгүй.

Насанд хүрсэн бүх монголчууд, хүүхдүүдийнх нь нэлээд хувь БЗХӨ-тэй байсан гэв

БЗХӨ-өөс болж нэг хэсэг хүүхэд огт төрөхөө байж, хүүхнүүд хурдны морь унаж байсан гэнэ

Монголчуудыг айхавтар их доромжилдог, суртал ухуулгын нэг сэдэв нь улаан тариа. Зөвлөлтийнхөн, хятадууд Монголд БЗХӨ-г дэлгэрүүлсэн агаад, төвшин нь тэр үед тэдгээр улсуудад Монголоос хавьгүй өндөр байв. Одоо ч тийм. Хятадад БЗХӨ гамшгийн хэмжээнд очлоо гэсэн зүйлийг хүн ярьж байсан.
Гэтэл монголчуудыг доромжилсон “Улаан тарианы хүүхнүүд” гэх киног асар их хөрөнгө зарж хийх гэж байна. Зохиолч Догмидын үгүүллэг бол тийм доромжилсон зүйлгүй, уянгын зохиол байдаг. Түүнийг доромжлол болгон хувиргах гэж байгаа юм байна гэж ойлголоо. Учир нь киног хийх гэж буй С дарга тун аймаар аймаар юм ярьжээ.

Хилийн чанадын цөмийн эсрэг монголчууд төр эргүүлж, дэлхийг донсолгох нь ээ


“Монголчуудын баас дэлхийн цөмийн хаягдлаас 1000 дахин хортой!”

Монголд бүх дэлхийн цөмийн хог хаягдлыг булж, Монгол хэмээх бүхэл бүтэн улс, ард түмнийг нь ор мөргүй устгах галзуу солиотой төлөвлөгөөг дарга нар маань боловсруулж, эртнээс хөөцөлдөж гүйсээр Япон, Амэрикийн зарим олиггүй албан тушаалтнуудаар зөвшөөрүүлж чадаад, нууц гэрээ байгуулах гэж байгаа буюу, байгуулсан юм билээ.
Энэ бүхнийг Монголын залуус, шударга ард иргэд эсэргүүцэн тэмцэж байна. Facebook-д гэхэд 2400 гишүүдтэй No Nuclear Wastes In Mongolia (Монголд цөмийн хаягдал хаях ёсгүй), 800 гишүүдтэй Anti Nuclear Movement (Цөмийн эсрэг хөдөлгөөн) гэсэн хоёр том бүлэг буй. Тэд мэдээлэл хайх, цэгцэлж боловсруулах, түгээх, тодорхой тэмцлийн арга хэмжээнүүд зохион байгуулах талаар их зүйл хийж буй. Олон улсын чанартай грүппүүд бөгөөд, сайн санаат дэмжигч япон хүнээр дамжуулан “Майничи” сонинд мэдээлэл оруулсан, Гэрманы “Гринпис”-ийн анхаарлыг Монголын цөмийн асуудалд хандуулаад байгаа.

Монгол, АНУ, Япон улсуудын төрд хандсан ил захидал

Сүүлийн үед, улс оронд маань Дэлхийн цөмийн хогийн савыг нууцаар байгуулах гэж байна гэсэн мэдээлэл Монголын ард түмнийг асар их түгшээх болсон билээ.
Өдгөө дэлхий нийт цөмийн хаягдлыг найдвартай аюулгүй болгох арга тэхнологийг боловсруулаагүй байна. Хэзээ шийдвэрлэгдэх нь тодорхойгүй маш хүнд, ээдрээтэй асуудал бөгөөд, түр агуулахын аргаар л аргацааж, ийш тийш зөөсөөр байгаа ажээ. Тогтсон чиг хандлага гэвэл, тухайн улс цөмийн хаягдлаа өөрийн нутаг дэвсгэрт хадгалах зарчим юм. Улс бүр цөмийн хаягдлыг гаднаас оруулж агуулахгүй, дамжуулан өнгөрүүлэхгүй гэсэн хуультай болсон агаад, Монгол улс ч мөн адил. Цөмийн хаягдлаа бусад оронд нэвтрүүлэх ямарваа оролдлогыг, тусгаар тогтнолд нь халдан түрэмгийлсэнтэй дүйцүүлэн үзэх болжээ.

Улаанбаатартай ахан дүү бололцох гэсэн хазар монголын Дайкүнди мужийнхан ирлээ


Тэд өөрсдийгөө хазар монголчууд, чингис хазарууд гэж нэрлэдэг

Сүүлийн үед Монгол улсын ард иргэд болон, хазар монголчуудын хэлхээ холбоо, найрамдан нөхөрлөх эрмэлзэл улам улам их болж буй билээ.
Хазар монголчууд бол эрт дээр үеэс алс баруун өмнөд нутагт хүннүчүүд болон монголчууд нүүн очиж нутаглаж байснаас угсаатны эхээ авсан; угсаатны гол хүчин зүйл нь монгол цус, өвөг дээдэс болсон зон олон юм. Тэд өөрсдийгөө монгол туургатны нэг хэсэг, монголчуудын төрсөн ахан дүүс гэж үздэг, “хазар монголчууд, чингис хазарууд” гэж нэрлэдэг, Чингис (Чангэзи) гэх овгийг их авдаг, биднийг кавма (төрсөн ахан дүү) гэж дотночилдог хүмүүс юм.
Ийм найрсаг сайхан ахан дүүстэйгээ өргөн харилцаатай байхыг Монгол улсын ард иргэд бид хүсдэг боловч, хоёр монгол түмний хооронд албан ёсны ямар ч холбоо байхгүй нь зүйл бүрийн саад бэрхшээлийг учруулдаг. Хазаруудтай найрамдан нөхөрлөх явдлыг төрийн зүгээс дэмжиж, албан ёсны холбоо тогтоох нь маш том хөшүүрэг, хүчин зүйл болох юм.

Монголын цөмийн хуйвалдаанаас болж, Японы засгийн газар, Амэрикийн ерөнхийлөгч огцрох нь ээ


Харин манай дарга нар хятад, оросуудтай цөмийн хуйвалдаан хийх гэж буй гэнэ

Манай дарга сайд нар худал хуурмаг хэмээн мэлзэж ирсэн ч, Монголын хамаг алт баялгийг харийнханд бэлэглэж, оронд нь үхлийн аюултай хор болох цөмийн хаягдлыг нь авч, Монгол орныг Дэлхийн цөмийн хогийн сав болгох гэж чармайн хөөцөлдөж Япон, Амэрикийн зарим албан тушаалтныг гуйж гувшсаар хамсаатнаа болгосон хуйвалдаан нь дэлхий даяарт илэрч, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гэгдэж байна.
Японы хэвлэл мэдээллийн салбарын дээд шагналыг “Майничи Шимбун” сонин Дэлхийн цөмийн хогийн савны хэргийг илчилснээрээ хүртжээ. Хэдийбээр Монголын олигархиуд худлаа хэмээн чихэнд чийр болтол вааглаж, Японы авилгач дарга нар болгоомжтой няцааж, Америкийн хамсаатнууд нь бүлх залгисан мэт дуугүй байгаа ч, 100 хувь үнэн гэдгийг нь өдгөө дэлхийн нэр хүндтэй, шударга бүх хэвлэл бичиж байна.

Шаардлага

Өвөр Монголд болж буй хэрэг явдлууд монголчууд биднийг эрхгүй түгшээж байна.
Малчин Мэргэний амь насыг зэрлэгээр хөнөөснөөс хойш өрнөсөн ард олны өргөн шударга эсэргүүцлийг Тяньанмэний болон Уйгурын бослогыг дарсан 38-р арми гээч цэрэг-дайны харгис хүчийг ашиглан байж нухчин мөхөөсөн нь дэлхий дахины жигшил зэвүүцлийг төрүүлсэн билээ. Дэлхийн олон оронд эсэргүүцлийн жагсаал, арга хэмжээ өрнөсний дотор Улаанбаатарт хоёр удаа эсэргүүцлийн жагсаал болсон.
Шударга хүн төрөлхтний дургүйцлийг Хятадын эрх баригчид өчүүхэн төдий ч ойшоосонгүй, бодлогодоо ямар ч өөрчлөлт оруулсангүй. Өвөр монгол малчдын газрыг түрэмгийлэн булааж, бэлчээр нутгийг нь сүйтгэж, амьдрах аргагүй болгосоор байна.

Дарга нар Монголыг Дэлхийн цөмийн хогийн сав болгож, кг хогноос 1000 $ олж хагартлаа баяжих гэж нууц гэрээ байгуулжээ


Монголд дэлхийн хогийн сав байгуулах гэсэн төрийг халж, эрүүл нийгэм байгуулъя!

Уриалга

Миний Монголын ард түмээн!

Улс оронд маань аймшигт аюул занал учирлаа. Монгол оронд дэлхийн цөмийн хаягдал булшлах газрыг байгуулах гэж байгаа нь тодорхой боллоо. Бүх дэлхийн цөмийн хаягдлыг ганц Монголд бөөгнүүлж булахаар шийдсэн юм байна шүү!
Япон, АНУ-ын засгийн газруудтай гурван талын нууц хэлэлцээр хийлээ гээд байсан. Энэ хоёр улс хариуцан Монголд барьж байгуулах болохоос бус, уг газар нь бүх дэлхийн хүрээнд үйлчлэх зориулалтаар ажиллах юм байна. Монголд цөмийн хаягдлаа булах дараалалд дээгүүр байр эзлэхийн тулд Европын холбоо гадагш уг хаягдлаа гаргахыг хориглосон байсныгаа яаран цуцаллаа.
Олон улсын цөмийн салбарын гол байгууллага болох МАГАТЭ энэ хэлэлцээрийн талаар тодорхой мэдэхгүй байгаагаа илэрхийлж, хэрэв байгуулагдсан аваас тал бүрээр дэмжинэ гэв.
Нэг кг цөмийн хаягдлыг булахад 500 доллар төлдөг гэнэ. Зөвхөн Япон, Солонгосоос тэрбум тэрбум доллар олж болох аж. Энэ мөнгийг сэм халааслах гэж арааны шүлс нь асгарсан дарга нар маань юу ч хийхээс буцахгүй болоод байгаа юм байна.

Лукашенког аргад!

Наргиа

Монголын ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярив.
-За, Барак сайхан зусч байна уу, хө?
-Сайхаан, сайхан зусч байна уу?
-Сайхаан, сайхан зусч байна уу? Өө энэ чинь нээрээ юу билээ, эцэс төгсгөлгүй үргэлжлээд байдаг хачин мэндчилгээ шүү.
-Хэ хэ.
-Сонин юутай байна хөгшөөн, ганц юм шаах уу?
-Юу?
-Худлаа худлаа, тоглосон юм. Хөөе, Баагий чамтай айлчлалынхаа үеэр чухал чухал юм ярих байснаа мартчихжээ. Тэгээд залгалаа л даа.

Орос, хятадаас далайд хүрэх гарц нутаг авах хэрэгтэй

Бүх монголчуудыг Монгол улсад суурьшуулах нь үнэхээр аврал мэт санагдана. Сүүлийн үед манайхан харийнханд газар нутгаа өгөх юм уу, худалдчихаад тэгж олсон хэдэн төгрөгөө идээд гэдсээ илээд хэвтэж байх мэт зүйлийг ярих болсон. Иймэрхүү мунхагууд олширвол монголчууд амьтад адил сөнөж мөхөхөд ядах юмгүй. Харин энэ газар нутгаа харийнхандаа бус монголчууддаа л өгөх, зориулах хэрэгтэй билээ.
Буриадын олон зүтгэлтэн хорьдугаар зуунд монголын эв нэгдлийн санааг мандуулж ирсэн, өнөөдөр ч хэвээрээ байна. Бүх буриадуудыг Буриадын БНУ-д ирүүлж, титул үндэстний хувийг өсгөн, унаган хүн амын байр суурийг бэхжүүлэх "Ордын хөдөлгөөн" үйл ажиллагааг тэд үүсгэж байв. Хорьдугаар зуунд буриадууд хэд хэдэн удаа Монголд олноор нүүн ирсэн. Буриад зон монгол түмний эв нэгдлийг эрхэмлэдэг сэтгэлдээ хөтлөгдөн юун түрүүн Монгол улсад шилжин суурьшиж эхлэх магадлалтай.

"Орон бүхний монголчууд нэгдэгтүн!" буюу Монголыг аврах ганц зам

Нэг хэсэг манайхан, Гумилев монгол үндэстэн таван зуун жилийн настай хэмээсэн гээд л, зарим нь мөнхийн хутагт үндэстнийг доромжилов гэж, зарим нь харин ч хэрээс хэтэрсэн урт удаан насыг бэлгэдэн ерөөсөн байна гэж маргалдаж байсан. Одоо бол юун тийм маргаан өрнөх нь байтугай монгол гэдэг үгийг сул үгийн оронд юм уу, муучлах гоочлоход л хэрэглэдэг болж дээ.
Монгол хүн, Монгол улс гэж боддог хүн "Улаан ном"-нд орох нь байна. Дээдцүүл нь болохоор энэ улсын баялгийг цөлмөж хоосруулах талаараа уралдаж, харийн булаан эзлэгчид шиг л авирлана. Эгэл олон нь тулга тойрсон асуудалдаа тушигдан, залуус нь харьд боол болох тухай мөрөөднө. Эрх чөлөөний төлөө хүмүүс амиа өгдөг байсан атал боол болохыг мөрөөддөг болжээ.
Монгол сөнөх гэж байна гэж үү? Монгол хэнд ч хэрэггүй юм гэж үү? Монгол хүн байж яах юм бэ, заавал монгол хүн, Монгол улс байж байх албатай юм гэж үү? Ийм асуултууд хойно хойноосоо хөвөрнө.

Нарлаг хорвоогийн тувачууд

Хилийн чанад дахь элгэн садан монголчууд, сайхан монгол нутгуудыг дөнгөж л дуулж мэдэж эхлээд өөрийн өмнө шинэ Монгол тодрохыг харж байсан үе. Хойд зүгт Тува АССР гэж байдаг чинь монголчууд юм гэж үү! хэмээн сурагч би дотроо дуу алдаж билээ. "Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд..." Соёны нуруу тэнд байдаг ажээ. Тэнд Тагна урианхай, соён урианхай гэх хүмүүс амьдарч, тэнд монгол зан заншил, монголын соёл, эрийн гурван наадам...
Нэгэн цагт тэд ёстой л монгол туургатан байж. Монгол улсын бүрэлдэхүүнд багтаж байснаа Манжаас илүүтүрэмгийлэгч, уугуул нутгаасаа даруй арав дахин их нутгийг хүн ардтай нь эзлэн авсан Оросын эзэнт улсын эрхшээлд орсон. XVII зуунд мах ясны дайнч казакууд энэ нутагт аажим аажмаар нэвтрэн бэхлэлт цайз бариад энд тэндгүй шивээлэн суурьшиж авчээ. Дараа нь казакуудын нөмөр түшгийг бараадан сүрлэн шаахайтай орос тариачид нүүн ирцгээж, суурин тосгоноо байгуулцгаажээ. Энэ л оросууд урианхайчуудаас алба татвар шаардаж, Оросын хаанд дагаар орохыг тулгаж байсан нь түүхийн хуудаснаа хоцрон уламжлагджээ.
XVII зуунд Тува Халх хоёр хоёул Манж Чин улсын эрэхшээлд орсон.

Хазар ахан дүүс дөтөлсөөр

Энэ зун Хазарын холбогдолтой үйл явдлууд өрнөлөө. Афганистаны хазар муж Дайкүндийн нийслэл Нили хот Улаанбаатар хоттой ахан дүүс болох хүсэлтээ тавьж, элч төлөөлөгч, үндэсний эрх чөлөөний төлөө нэрт тэмцэгч Акрам Гизабиг илгээв. Эрхэм Акрам Гизабиг ирснийг тохиолдуулж, хазар, ар, өвөр монголчуудын уулзалт зохион байгуулагдсанд оролцож, чухал асуудлуудыг хэлэлцлээ. Мөн нэрт хазар бизнэсмэн Новруз Мухаммэд Хамза хүрэлцэн ирж, хоёр түмний найрамдалд хувь нэмрээ оруулах хүслээ илэрхийлэв. Ноён Хамзатай ТББ байгуулах зэрэг тодорхой тохиролцоонд хүрч, мөн монгол-хазарын зугаалга зохион байгуулцгаав.




Зурагтын дэлгэцнээ


Нэрт тэмцэгч, NBS TV-ийн Г.Арслан ахын "Ярилцах цаг" (NBS TV) нэвтрүүлэгт уригдан, түүнтэй ярилцав. Тус ТВ-ийн нэрт сэтгүүлч н.Пүрэвнямын эрхэлдэг "Блиц" нэвтрүүлэгт уригдан, мөн ярилцлага өглөө. Нэвтрүүлгүүдэд уригдах болсны шалтгаан нь: Өвөр Монголд болон түүнтэй холбоотойгоор Ар Монголд өрнөж буй үйл явдлууд байв (мөн нэгэн стүди Өвөр Монголын тухай нэвтрүүлэгтээ оруулж бичлэг хийсэн).  "Ярилцах цаг" нэвтрүүлэгт цөмийн хуйвалдааны асуудал, орчин үеийн Монголын улс төр, Монгол-Хятадын харилцаа зэрэг сэдэв хөндөгдсөн. Зун оролцсон жагсаал, арга хэмжээнүүдтэйгээ холбоотойгоор ТВ-ийнхэнд яриа өгсөн, ТВ-ээр гарсан нь урьд өмнө үзэгдээгүй олон болов.



Цөмийн аюулыг эсэргүүцэв


Монголд цөмийн хаягдал булшлах зэрэг хорт зүйлүүдийг төлөвлөсөн аюулт хуйвалдааны эсрэг тэмцэлд оролцлоо. Цөөнгүй тооны нийтлэл, мэдээлэл хэвлүүлж, шүүхдүүлэх ч дөхөв. Цөмийн хуйвалдааны эсрэг Фэйсбүкийн грүппүүдийн гишүүн болж, өөрөө Stop Nuclear Genocide грүппийг үүсгэв.




Өвөр Монгол ахан дүүсийн төлөө


5.30-нд "Хөх Монгол", "Цагаан хас", Монголын эрх чөлөө холбооны нам, Өвөр Монголын ардын нам зэрэг байгууллагуудын зохион байгуулсан, Өмнөд Монголд өрнөсөн хувьсгалт хөдөлгөөнийг дэмжсэн жагсаалд оролцов. Миний бие жагсагчдын мэдэгдлийг олны өмнө уншиж танилцуулав.
6.18-нд "Эсгий туургатан" ТББ-ын зүгээс зохион байгуулсан, Өвөр Монгол дахь эрх чөлөөний төлөө хөдөлгөөнийг нухчин дарж буйг эсэргүүцсэн жагсаалд оролцож үг хэллээ.
Мөн энэхүү сэдвээр 8.4-нд А.Сарнай зэрэг нөхдийн хамт хэвлэлийн хурал зохион байгуулсан нь олны анхаарлыг татав. Үндэсний үзэлтнүүдийн шаардлагыг толилуулж, Өвөр Монголын нөхцөл байдлыг танилцуулан ярив.


Ч.Мөнхбаяр Хятадын Phoenix телевизэд ярилцлага өгч буй нь

8.13-нд Өвөр Монголын ардын намын ЕНБД Хувьсгалт Хэрэйд зэрэг хүндэт зочид, үндэсний үзэлтнүүд цугласан "South Mongolian Support" уулзалтад оролцлоо. Уулзалтаас мэдэгдэл гаргасан болно.
Өмнөд Монголд нөхцөл байдал хурцдан даамжирсаар байсантай холбогдуулан ахин жагсаал зохион байгуулагдах болсон ч, цагдаагийнхан тэмцэгч А.Сарнайгаар дамжуулж, БНХАУ-ын нам засгийн хүндэт төлөөлөгчид айлчлах үеэр жагсахгүй байх хүсэлт тавьсан тул, хэвлэлийн хурал болгон өөрчилсөн юм. "Хоёр улсын харилцаанд сэв суулгахгүйн тулд..." гэсэн шалтгаан хэлсэн агаад, уг нь бид хоёр улсын харилцаанд сэв суулгах зүйл хийгээгүй, хийхийг зориогүй болой.
Ийнхүү Өмнөд Монголын ард түмний шударга тэмцлийг дэмжсэн арга хэмжээнүүдэд удаа дараалан оролцсон минь энэ зуны нэг онцлог юм.

Sunday, September 18, 2011

Хазар монгол ахан дүүсийн хамт



Цөмийн хуйвалдааны эсрэг тэмцэлд



Г.Арслангийн "Ярилцлагын цаг" нэвтрүүлгээр

МЗЭ-ийн гишүүн Чулуундоржийн Мөнхбаярын уран бүтээлийн тодорхойлолт

МЗЭ-ийн гишүүн (2008 онд элссэн) Ч.Мөнхбаяр нь хүүхэд бага наснаас уран зохиолыг сонирхон оролдож, 1984-1986 онд зохиолч Т.Очирхүү, судлаач Д.Хүү нарын удирдсан уран зохиолын "Нахиа" дугуйланд суралцаж байжээ. "Нахиа" дугуйлангийн түүвэр номд 7 шүлэг нь орсон.
Анхны хошин шүлгээ 1983 онд "Пионерийн үнэн" сонинд, анхны шог үгүүллэгээ 1984 онд "Тоншуул" сэтгүүлд нийтлүүлснээс хойш, шог хошин уран бүтээлийг байнга бичиж хэвлүүлсээр ирэв. Хошин шогийн уралдаануудаас 2 түрүү, 3 байр авч байлаа.