Friday, January 7, 2011

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч өө, ядаж монголчуудын цаг, цаасыг хайрлаач!

шүүмж

Та Ю.Цэдэнбал шиг илтгэдэг болжээ
Эрхэм ерөнхийлөгч өө! Ерөнхий сайд С.Батболд та хоёрын, сонины нүүр нүүрийг эзэгнэсэн далдгар том илтгэлүүдийг уншлаа. Юу санаанд орсон гээч! Өөрчлөн байгуулалтаас өмнөх он жилүүд.
Нэрээрээ л ялгаатай нийлбэр хоёр нам МАНАН-гийнхан Ю.Цэдэнбал шиг хэд хэдэн цагаар сунжирсан урт илтгэл уншиж, ард түмнийг залхаан цээрлүүлдэг болж дээ.
Парламэнтийн 20 жилийн ойд зориулж хэлсэн үг тань монголчуудын цаг цаасыг үрж, зовлон зүдгүүрт нь нэрмээс л боллоо.
“Би ард түмэн гэж ярих эрхтэй, ард түмнээ төлөөлөх үүрэгтэй” гэжээ, та. Харин ч тийм биш гэж бодож байна. Хойд Солонгос, Судан зэрэг хэдхэн орныхоос чүү чамай илүү гарах амьдралын төвшин нь улам дордсоор байгаа, 24 чиглэлийн гэноцидэд өртөн сөнөж мөхөж буй монголчуудын байдлыг сүржин үгэндээ та бодтоор тусгасангүй. Мэдэхгүй байгаа биш, мэдэхгүй дүр үзүүлж байгаа биз ээ.
Таны уртаас урт илтгэлд авах юм ч ер алга, монологийн ч шинжтэй юм. Ард түмний төлөө ийм хэрэгтэй зүйл, ийм тодорхой тэмцэл хийнэ гэж та дуугарсангүй ээ. Та “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш нийтэд хандаж хэлсэн үгнүүдээ эргэж харлаа” гэжээ. Бодвол энэ урт үгүүдийг бэлтгэх, эргэж харах ажил хамаг цагийг тань эзэлдэг буй заа.



Монголд парламэнт байхгүй, баячуудын сэнат л бий
Популизм буюу хошгоруулах. Энэ явдал таны байнгын сүүдэр байсаар ирлээ. “Парламэнтат ёсыг хэрэгжүүлсэн ихэнх оронд урт удаан, магадгүй зуунаар тоологдох түүхийн хуудсууд Монгол Улсын хувьд 20 жилийн дотор эргэж, олон үйл явдлаар баяжиж чаджээ” л гэнэ. “Манай оронд байнгын ажиллагаатай парламэнт ажиллаад удаагүй мэт санагдавч, хуримтлуулсан туршлагын хувьд чамлах аргагүй” л гэх юм.
Монголд маань ямар ч парламэнт байхгүй шүү дээ. Боолын нийгэмт Ромын үеийн, цөөн тооны язгууртан, баячуудын төлөөлөл болсон сэнатархуу л юм байгаа. Эсвэл та, хойшоогоо богино хугацаанд ухарч, боолын нийгмийн үед очсоныг хэлээд байна уу.
“Монголчуудын, ялангуяа манай залуу үеийнхний сэтгэхүйн цар дэлхийн дунджаас дутахгүй болжээ” гэвээ, та. Магтаад байна уу, доромжлоод байна уу. Монголчуудын боловсрол ахисан гэх аваас, нэг ч сэтгүүлч, нэг ч сэхээтэн зөв бичгийн дүрэм мэдэхгүй гэхээр болсныг юу гэх вэ. Харин дэлхийн дундаж гэвэл найгүй доогуур юм байдаг. Зарим газар чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдарч байгаа тул. Авцалдаа муутай байх юм аа, үг тань.
Ерөнхийдөө, таны илтгэлд хошгоруулах өнгө аяс тун ч их ажиглагдсан. Нэгэнтээ та “жагсагчдыг хошгоруулна” гэж хэлчихээд, дараа нь “хашгируулна гэсэн” гэж улайм цайм мэлзэж билээ. Тэгэхэд миний хувьд л лав танд итгэх өчүүхэн төдий ч итгэл үлдэлгүй арилсан юм даг.

Та монголчуудыг Монгол улсгүйгээр амьдрахыг уриалав уу?
Монголыг дарангуйлалтай боловч төргүй, бүтэцтэй боловч улс биш болгох гэсэн оролдлого сүүлийн үед их ажиглагдах болсон. Орон нутгийнхны эрхийг нэмэгдүүлнэ гэх лоозонгоор энэ нь илэрдэг. Хэрэв чингэх аваас Монгол Улс ханлиг ванлигуудад хуваагдан задарч, хан ван нь илүү том гүрнийг дагахыг эрхэмлэх болно гэж би эртнээс бичиж ирсэн. Тэр нь ч хэрэгжиж, бүхэл бүтэн сумаа хятадын хууль зөрчигчдөд зарчихаад, тэдэнтэй худ ураг, түнш бололцсон засаг дарга нар олон боллоо шүү дээ. Энэ муухай хандлагыг дэмжих аяс таны үгэнд байх юм.
Харь хөндлөнгийн жуулчин хачирхах маягаар ярих бичих нь таны нэг стиль л дээ. Чингээд: “Би саяхан Төв аймгийн Баянчандмань суманд манай иргэд сайн дураараа хэлэлцэж ярилцаад, нэгдэж нийлээд өөрсдийнхөө өмнө тулгамдаж буй олон асуудлаа шийдвэрлэж байгааг харлаа. Хотод гудамж, хороо бүр, хөдөө баг сум бүр иргэд нь хэлэлцэж баталсан дүрэмтэй байвал сайн. Энэ нь тосгон суурин, дүүрэг, аймаг, хот нийслэлийн хэмжээнд хэвштэл удах байх. Зарим хуулийн хэрэгжилтээс замын дүрэм арай дээр байдаг гэдэг. Дүрэмгүй амьдрал утгагүй. Сум, суурин бүрийг дүрэмтэй байхыг төрөөс дэмжих хэрэгтэй. Та нар иргэншсэн аль нэг оронд очоод “манай хот аймаг, сум, тосгон дүрэмгүй” гээд хэлээд үз. Нэг л хариу сонсох байх. “Жинхэнэ зэрлэгүүд” гэсэн. Иргэд өөрсдийн дүрэмтэй байж сурвал эрхээ хамгаалж, үүрэг хариуцлагаа ч үүрч чадна. Иргэдээ хамгаалсан ийм дүрэм хамгийн сайн хэрэгжинэ” гэсэн байх юм.
Тийм ээ, энэ бол бас л Монгол улсын үндсийг эвдэх, бүтцийг задлах, эв нэгдлийг сарниулах урхагтай үгс байна.
Монголчуудыг Монгол улсгүйгээр амьдарч сурахыг та уриалжээ. Монголчуудыг Монгол улсын хуулийг дагалгүй, салан тусгаарлахыг уриалжээ. Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын эсрэг үг хэлэхийг сонсох цөвүүн цаг ирдэг л юм байна.
“Төрийн үүрэг бол-үйлчлэх!” гээд л та индэр дээрээс лоозогноод байсан. Тэгсэн атлаа монгол төргүйгээр амьдрахыг бас сурталчлах. Өөрийгөө, үйлчлэх ажилгүй болгох.
Хуульгүй газрыг л “жинхэнэ зэрлэгүүд” гэх байх. Монголчуудыг “жинхэнэ зэрлэгүүд” болгохыг хүссэн хэн нэгэн харин хуулийн хариуцлага хүлээх учиртай юм даа. Төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг шүү дээ.
Дүрэм гэнэ шүү…

Монголын авлигачдыг мөн ч их өмгөөлж дээ, та!
Таны, роман мэт урт илтгэлд үнэн бодот ганц, хоёр үг үгүүлбэр байсныг тэмдэглэх нь зүйтэй. "Тэр гишүүн хэлж байна. “Ард түмнээ сонсох хуралд оролцлоо. Энэ хүмүүс чинь цуглахаараа нэг их л төр засгаа муу хэлэх юм, хараах юм. Бүр үзэн ядаж байна” гэж" хэмээн дурдсан тань үнэнд нийцэх л юм. Би өөрөө ч саяхан төрийн томчуудын хөдөлмөрчидтэй хийсэн нэгэн уулзалт дээр сууж байхдаа үүнийг хурц тодоор мэдэрсэн. Ард түмэн харгис дэглэмийг үзэн ядаж байна.
Гэтэл та “Тэр эрхэм гишүүн бодлоо хуваалцахдаа монгол хэлэнд байдаг хэтрүүлгийн хэлбэр ашигласан байх” гэж залруулахчаа аядсан байх юм. Эрхэм ерөнхийлөгч таны, сонины бараг бүтэн дугаар эзэлсэн илтгэл л тэр аяараа “хэтрүүлгийн хэлбэр” мөн. Монголчууд үзэн ядаад зогсохгүй, зэвсэглэн босоход бэлэн болчихоод байгаа шүү дээ. Интэрнэтэд дэглэмийн тухай бичигдэх бүрийд дороо: “зэвсэглэн босъё”, “буудан хорооё”, “хэзээ, хаана цуглах вэ, хэн удирдах вэ?” гэсэн “сэтгэгдэл” хурдгийг та мэдэхгүй гэж үү дээ?
“Э.Бат-Үүл гишүүн хоёр жилийн өмнө ярьж байсан. Манай авлигачид өнгөрсөн хугацаанд ард түмэндээ очих байсан гурван тэрбум долларын хөрөнгө завшжээ” гэж та дурдсан байна. Авлигачдыг яасан их өмгөөлөн хамгаалаа вэ. Тэд ердөө л гурван тэрбум долларын хохирол учруулсан гэж үү?
Үгүй ээ! Тэд Монгол орны аль л алт баялагтай газрууд буюу, улсын нутаг дэвсгэрийн 60 гаруй хувийг харийн түрэмгийлэгчидтэй нийлж завшсан. Монголын нийгэм, эдийн засгийн бүх салбарыг гадаадын хулгайч дээрэмчидтэй хуйвалдан атгасан. Монголчууд бидний 20 жилийн амьдралыг хилийн чанадын хамсаатнуудтайгаа хүч хавсран булаасан.
Үүнийг ойлгохгүй буюу, ойлгохыг хүсэхгүй байгаа та АТГ-ын удирдлагыг өөрчлөхийг бараг гол зорилгоо болгон чаргууцалдаж ирснийг харин би ойлгохгүй байна.

Та ашигт малтмал гэж юу болохыг мэддэггүй Ерөнхийлөгч үү?
Өдгөө Дубай гэдэг үг хүн төрөлхтний хөгжил дэвшлийн бэлгэдэл болоод байгаа билээ. Долоо хоног бүр Дубайд дэлхийг гайхшруулсан нэг гайхамшиг буй болдог. Дубай гэдэг маань, хүн амын хувьд ч (300 гаруй мянга), газар нутгийн хувьд ч (78 мянга) манайхаас хавьгүй бага орон болох Арабын нэгдсэн Эмиртүүдийн (АНЭ) нэг л хот шүү дээ. Эрүүл ухаант удирдагчидтай улс гэдэг ийм л байдаг юм байна. Нэфтийн баялгаа тэд ард түмнийхээ аз жаргал, ирээдүй болгож чаджээ. Алсын хараатай бодлогын ачаар, аялал жуулчлалын салбараас олох орлого нь нэфтийн салбарынхаас давсан гээд бод.
Монгол Улс эрдэс баялгийнхаа хэмжээ, үнэлэгдэх төвшингөөр АНЭ-ийнхээс хавьгүй илүү юм. Гэтэл дэлхийн хамгийн баян, хөгжилтэй, иргэд нь жаргалтай байх ёстой улсыг хамгийн ядуу, сөнөж мөхөж байгаа, гамшгийн бүс болгогсдыг чөтгөр шулам гэх үү, галзуу солиотой гэх үү.
АНЭ-д нэфт, түүн дээр суурилсан хөгжлийн асуудал яригдах гол сэдэв байдаг нь ойлгомжтой. Харин би эрхэм ерөнхийлөгчийнхөө ханын цаас мэт том илтгэлийг шүүрдээд шүүрдээд, ашигт малтмалтай холбоотой хэдхэн үг олсон болой. Монголын далай их эрдэс баялгийг та хааш нь хийчихэв. “Ашигт малтмал гэж юу болохыг мэддэггүй ерөнхийлөгч” гэмээр л санагдсан шүү. Эрдэс баялгийн улсын тэргүүн хэрнээ ийм байж болох уу даа, Элбэгээ дарга аа.
“Ойрын 10 жилд Монгол Улсын үндэсний нийт бүтээгдэхүүн жил бүр доод тал нь 10 хувиас доошгүй өсөж магадгүй байна. Монгол Улсад мөнгө хурц асуудал биш болох нь” гэжээ. Хамаг орд газраа нэгэн зэрэг цөлмүүлэх атал түм буман хувь биш, яахлаараа аравхан хувь байдаг билээ. Мөнгөний үер буух учиртай атал яагаад дөнгөж л хурц асуудал биш болох билээ.
Таныхаар ашигт малтмал бол, гол нь экологийн проблэм үүсгэдэг л хүчин зүйл юм байна. Тиймээс “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хуулийн заалтыг түдгэлзүүлэх миний саналыг УИХ-аас дэмжсэн” гэж дурдахаа мартсангүй. Гэхдээ улс орон бараг бүхэлдээ харийнхны гарт лицэнзээр олгогдчихсоны дараа, олгох лицэнз бараг дуусчихсаны дараа түрхэн төдий түдгэлзүүлсэн нь нэмэртэй ч юм уу даа?
Энэ алхмыг хийх боломж өмнө нь танд бишгүй л байсан, ашиглаагүй. “Лицэнзэд гадаадын хөрөнгө оруулагчдыг эхэнд нь, монголчуудыг хойно нь оочирлуулчихаад, монголчуудын оочир тулаад ирэхээр олгохоо больчихлоо л доо” гэсэн яриа ч гараад байгаа юм билээ.
“Хүн малгүй бидний ундаалдаг гол ус ширгэлээ, бохирдлоо” гээд иргэд гомдол гаргаад явахаар хуулийнхан, эрх мэдэлтнүүд өөдөөс нь “Тэр ус гол чинь үнэгүй юм байна. Танайд хохирол учирсан гэх үндэсгүй байна” гэж хэлсэн тохиолдол ч бий. Үнэ цэнэтэй хүний эрх эзэндээ очоогүй учраас, үнэ цэнэтэй баялагтаа үнэ тогтоох эрхээ манай иргэд эдэлдэггүй учраас манай орны үнэ цэнэтэй бүхэн үнэ цэнэгүй байна. Үнэ цэнэтэй баялгаа үнэлэх эрхийг орон нутагт, иргэддээ өгье” гэж та хэлжээ.
Ард иргэд бид чинь алт баялгаа, газар усаа үнэлэх эрхээ эдлээгүй учраас л тэдгээр нь үнэгүйдээд, хог новш болчихоод тэгээд хайрт дарга та нар маань харийнхнаар тэр “хог новшийг” цэвэрлүүлсэн юм байна шүү дээ, үгнээс тань тэгж л ойлгогдлоо. Уг нь гадаад дотоодын ялт этгээдүүд нууцаар хуйвалдаж байж, эх орныг минь бялуу мэт хуваан огтчиж эхэлсэн болохоос, монголчууд бид юуны ч үнэ цэнийг мэддэггүй усан тэнэгүүд биш шүү дээ.
“Ард түмэндээ, эд баялагтаа ч эзэн, эрх үүрэгтээ ч эзэн байх боломжийг олго. Эрдэнийн хувиа эзэмших эрхийг нь иргэддээ нээж өгөөрэй” гэж та лоозогножээ. Гэхдээ харийн булаан эзлэгчид, тэдний дотоодын хамсаатнуудаас ард түмэн яаж алт баялгаа чөлөөлж авах талаар дуугарсангүй.
Мөн “Эрдэнийн хувь” хэмээх гуйлгачинд шидэх зоос, орон нутгийн сэпаратизмын хүрээнд л боломж олго гэж сануулахаа мартсангүй.
“Ард түмэн алт зэс, нүүрсний уурхайг тэдний оролцоо хяналттай, улс нийгэм, ирээдүй, амьдрал ахуйд нь наалдацтай ашиглахад тэгтлээ дургүйцэхгүй. Харин авлига, хүнд суртлын үүр уурхайг хөндөх, цэвэрлэх ажилдаа Их Хурал, эрх баригчид хойрго хандаад байгаад л тэд бухимдаж байна. Өнөө маргаашдаа УИХ-аас сонгогч олон “Алтан бороо” оруулаад өг гэж шаардах төлөв алга. Тэгж чадахгүй, түүнийг монгол хүн өөрөө бүтээнэ гэдгийг ч тэд мэдэж байгаа. Харин хариуцлага алдсан байж болох албан тушаалтанг хаацайлаад байгаад хүмүүсийн уур бухимдал үнэнээсээ хүрч байгаа нь мэдрэгдэж байна” гэж таны нуршсанаас үзэхүл, ард түмэн ашигт малтмал дээр суурилсан хөгжил, түүний үр шимийг огт хүсэхгүй, Сангарагчаа та хоёрын толхилцооныг л амин чухал гол зүйлээ гэж үзэж байгаа бололтой. Тийм биш шүү, харин ч эсрэгээр. Дарга та нар байхгүй байсан ч ард түмэнд огтхон ч хамаагүй, тэд харин хууль ёсны өмч болох алт баялгаа эзэмшихийг зүй ёсоор хүсч байгаа.
Тэр голланд өвчин гээч нь дарга ангийнханд л туссан агаад, мэргэн оюунт монгол түмэн минь ашигт малтмал дээр суурилан хөгжих олон салбарт эрүүл эдийн засгаа цогцлоогоод явахаа ямар ч эрхтэн дархтан, эвэртэн туурайтнаар заалгалгүй мэднэ. Харин та нар битгий л “бүгдээрээ чацаргана таривал Эрдэнэтээс илүү ашиг олно” гэж ногоон хувин барьж явж онигоотоод, саад тотгор болоод байгаач гэмээр байна.
Таны бодлоор бол “Монголын алс хязгаар хөдөө нутаг эзгүйдээд хүмүүсийн ажил амьдрал дордоод байгаа нэг л шалтгаан бий. Тэнд ажлын байр бий болгодог, хүмүүс ажилтай, орлоготой болдог тэр бизнэсийг нь төрөөс дэмжихгүй байгаа юм” гэжээ. Жинхэнэ шалтгаан нь бол, ноёлогч ангийнхан 90-ээд оны их сүйтгэлийг зохион байгуулж Монголд аж төрөх ямар ч аргагүй болгочихоод, үлдсэн цор ганц аврал болох ашигт малтмалыг нь харийнханд бэлэглэчихсэнд оршиж байгаа юм шүү дээ.
“Тэнд хаягдалгүй бие засах газраас авахуулаад утаагүй түлш хүртэл хийж хэрэглэж байгаагаа харуулж байна” гэж та бахдан дуу алджээ. Мянга мянган дарга нар ингэж дуу алддаг. Монголчуудад баасыг санал болгоод, энэ бол юутай гайхамшигтай вэ гэдэг. Гадны нэоколоничлогчдод хамаг эрдэнэсийг нь өгчихөөд, оронд нь тэдний чацгаар амь зуу гэж байдаг ийм доромжлол аль ч улс түмэнд, дэлхийн бүхий түүхэнд тохиогоогүй биз ээ.

Монголчууд жинхэнэ сонголтоо буюу хувьсгалаа хийнэ
Та нөлөөлдөг ч юм уу, хувьцаанаас нь эзэмшдэг ч юм уу гэж ойлгогддог сонин байдаг. Тэр сонин бүх монголчуудыг нийслэлд нүүж ир, тэгээд нутгаа харийнханд эзэмшүүл гэж мөн ч их уриалсан даа. Монголыг хот-улс болгох энэ хорт бодлого багагүй нөлөөтэй байсан биз. Тэр сонин таны зөвшөөрөлгүйгээр элдэв бодлого сурталчилж зүрхлэхгүй байсан гэж сананам.
Гэтэл өдгөө та нийслэлд амьдарсны төлөө татвар төлдөг болгох хэрэгтэй гэж ярьж байна. Эртнээс эх суурийг нь тавьсан хууль бус бизнэсийн нэг л комбинацийн бүрэлдэхүүн хэсэг үү, аль эсвэл та үнэхээр хүн амын жигд суурьшлын талаар санаа зовбуу.
Монголчууд чинь, дураа хүрэхээр нийслэл рүү, дургүйгээ хүрэхээр нийслэлээс гадагш өшиглөж байдаг хагархай бөмбөг биш биз дээ.
“Сайхан мэдээгээр үгээ төгсгөе. Саяхан ОУВС-ийн төлөөлөгчид надтай уулзсан. Манай оронд валютын сангийн хөтөлбөр иж бүрнээр амжилттай хэрэгжиж дууссан тухай мэдээлсэн. Монголын энэ амжилт манай бүс нутагт, өнгөрөгч хориод жилд шилжилт хийсэн улс орнуудын дотор ч ховорхонд тооцогддог юм байх. Юу ч болов монголчууд улс орныхоо цаашдын хөгжлийн асуудлыг олон улсын санхүүгийн байгууллагын хөтөлбөр туслалцаагүйгээр бие даан шийдээд явах чадвартай болсон гэдэг үнэлгээ бол яах аргагүй сайн мэдээ” гэжээ, та. ОУВС юу ч гэж хэлнэв, хаана ч нэг их сайхан мэдээнд тооцогдоод байдаггүй юм шүү дээ. Эргэлзээтэй үйл ажиллагаа, рэпутацитай энэ байгууллагын үгэнд хэн ч хөөрцөглөн баясаад байдаггүй. ОУВСантай сангүй Монгол бол санхүүгийн асуудлаа шийдвэрлээд явж чадах, дэлхийн хамгийн баян орнуудын нэг шүү дээ, Ц.Элбэгдорж гуай.
Монголчууд чөлөөт сонголтоо хийх эрхтэй болсон гэж та мянга давтсан. Тийм эрхийг дарагуйлагчид маань онилсон буугаар “баталгаажуулдаг” бус уу. Гэхдээ ард түмэн минь ямар ч сонголт хийх чадваргүй биш. Удалгүй жинхэнэ ардчилсан хувьсгалыг хийх сонголт тэдний оюун ухаанд гүйцэлдэж боловсрон буй. Харин хувьсгалынхаа үр дүнг ахин зальхай этгээдүүдэд алдахгүй байх түүхэн сургамжийг монголчууд хангалттай авсан.
Таны илтгэлийн талаар өөр ярих юм зөндөө байна гэхгүй. “Ардчилал бол ардчилал мөн”, “Хүн бол хүн юм” гэх нь холгүй мэдээжийн зүйлээр дүүргэн, нүглийн нүдийг гурилаар хуурсан илтгэлийн тань талаар өөр ярих юу ч байхгүй.
Ч.Мөнхбаяр 
ММХ.XI.III

No comments: