Оросууд “Чернобыль”-ээ Монголд барьж, монголчуудыг ажиллуулахаар завдан, “би үхэхээр чи үх” гэж байна
Ноён Сү.Батболд Их өрийг одоо л нэг юм барагдуулав хэмээн, Сүр Батболд болчихоод байгаа. Гэтэл барагдуулсан гэхээсээ, Оросыг их өрөнд оруулав гэвээс зохилтой юм хийж. Оросод хоёрын хоёр ордоо өгчихөөд иржээ. Хожим энэ хууль бус явдал нь олонд илэрхий болж, монголын ард түмэн Оросоос луйвардуулсан баялгаа нэхэх нь мэдээж тул, их өрөнд оруулчихлаа гэж байгаа юм л даа.
Уран гэдэг бол хамгийн үнэтэй ашигт малтмал. Жаахан уран байхад л атомын цахилгаан станцыг (АЦС) аваад явчихна. Том том улсууд цахилгааныхаа ихэнхийг АЦС-иас гаргаж авдаг. Дээрх хоёр орд магадгүй хоёр толгойгоос ч их баялагтай. Даварсан оросууд АЦС аюултай учир, түүнийгээ Монголд барьж монголчуудыг ажиллуулна, би үхэхээр чи үх гэж байгаа (Чернобыль яалаа). Энэ, дайны үе шиг тог тасладаг, тоног төхөөрөмжөө зараад хужаагийн хулхи юмаар сольдог, осол аваар гаргадаг цахилгаан станцын хариуцлагагүй дарга цэргүүд АЦС-ийг аюулгүй ажиллуулж дөнгөх үү дээ, ер нь.
Тэгэхэд хөлсний суртал ухуулгачид (акадэмич хүртэл хөлслөгдчихөөд, хүзүүнээсээ гинжлэгдчихээд, хөв хөв гэж явна). АЦС шиг гоё сайхан юм үгүй, дулааны ЦС шиг бузар булай зүйл бас үгүй, Оросын станцийг даруй барьж, цөмийн гайхамшигт эрчим хүчээр нь цөмөөрөө Лаосын тусламжийн тутрагаа чанаж жамирцгаая, хортой муу нүүрс коксоо хомхой хужаа нарт өгч яс салъя гэж цагаан солиорч, улаан галзуурч буй.
Орос гэхээр л ерөнхий сайд маань орон дороо шургах дөхдөг гэх нь холгүй зүйлийг ярьж бичих юм. Кремлийнхэн бүүр түүнийг дарлаад сурцарсан. Гадаад хэргийн дэд сайд байхад нь нүүр лүү нь цаас базаад шидэж л асан. Орчин үеийн олон улсын харилцааны түүхнээ ийм тохиол байхгүй аж. Эрт балар цагт аль нэг улсын удирдагчид өөр улсын удирдагчдыг энэ мэт доромжилж байсан түүх байна уу, үгүй юу. Бас нэг хаад ноёдын намба, харьцаа гэж байсан шиг.
Манай дарга нар өөрсдөө хужаа нартай хуу хуйвалдаж, бүхнийг Хятадын төлөө гэж гүйлдчихээд Орост амласнаа биелүүлдэггүй, өгнө гэснээ өмнөд хөршид өгчихдөг, эрх ашгийг нь хохироочихдог, тэгээд сахилгагүйтсэн муу сурлагатан банди багшаасаа эмээх шиг байдалд орчихдым байлээштээ.
С.Баяр айж зугтаад л сүйд болдог байсан гэсэн. Залгамжлагч нь мөн адил. Монросцветметийн хувиа төлөөгүй, Оросын 33 компанийн лицензийг цуцлаад нөхөн төлбөр өгөөгүй, гагцхүү “Алтан Дорнод Монгол”-оос 68 хувийн гэнэтийн ашгийн татварыг онцгой чанд хатуугаар авч байсан, бусад татвараар ч чангалж бүр үйл ажиллагааг нь зогсоож, ялгаварлан гадуурхсан нь олон улсын шүүхээр тогтоогдсон зэрэг өчнөөн олон хэргийнхээ төлөө өвдөг чичрэн байсан л буюу. Хүн хулгайлсан хэргээс болж Англид айлчлахаа болиод хэзээ л олон улсын шүүхэд дуудагдах бол гэж түгшиж суудаг. Хүн хулгайлахад ГХЯ оролцсон агаад, дэд сайд нь Сү.Батболд байсан. Ингэж ч гишгэх газаргүй болох гэж.
Их өр гэдэг бол Монгол улсад тусламжийн журмаар зээлдүүлсэн мөнгө юм. Монгол улсад сүм дуган, соёлыг устгаж, хүн ардыг хядаж, шударга бус худалдаагаар луйвар хийж, өчнөөн хохирол учруулсан нь тэр зээлээс нь олон дахин их болох тул тэглэсэн. Харин Монголтой хоршиж, хувь нийлүүлж байгуулсан “Эрдэнэт”, УБТЗ, Монросцветмет зэрэг байгууллагын асуудал бол Их өрөнд хамаарахгүй, зээл биш. Манай дарга нар өгнө гэчихээд, идчихсэн учраас өгөхгүй зувчуулаад байгаа залилан маягийн юм. Зээл авъяа гээд зээлсэн мөнгө биш, хувь нийлүүлж өгьеө гээд хулхидчихсан асуудал. Авъя гээгүй, өгье гэсэн хэрэг. Үүнийг ойлгох дарга ховор. Оростой холбоотой мөнгө бүр тэдний хувьд их өр.
Ойлгож байгаа хэдэн дурак нь худлаа тайлбарлаад, хэт улс төржүүлээд новшроод яваа асуудал.
Загнуулахаас айгаад ерөнхий сайд маань хэлсэн зоргоор нь л бидний баялгийг өгчихөөд ирж. Тэр 180 сая доллараа л өгөхийн оронд, магадгүй 180 тэрбумын монгол эрдэнэсийг өгчихжээ.
Путин тохирлоо гэж монголоор хэлэв гээд л манайхан сүйд. Фашист нацист оросууд нь үүнд эгдүүцэн бухимдах буюу, элэглэн шоолж ханджээ. Матерщина гэдэг бузар хэлээрээ онигоо зонигоо зохиосон гэж нэг их мэдэгч л хэлсэн шүү, үнэн худлыг бүү мэд, өөрөө ямар тэр орос хараал ерөөлийг мэдэх ч биш.
Юутай ч атугай, сайд маань Монголын ард түмнээс айсангүй. Буруу зүйл хийчихээд дарга нар маань ард түмнээс айж ичдэг болох цаг хараахан ирээгүй байнам. Уг нь тэр хүн Үндсэн хууль, Цөмийн энэргийн тухай хууль хоёроороо оросуудыг тахичихаад л ирэв. Уран өгнө авна гэдэг чинь мань мэтийн байтугай МАГАТЭ-гийн зөвшөөрөл байгаад ч, амар бүтэх юм биш. Даян дэлхийн аюулгүй байдалтай холбоотой данагар асуудал. Юун ч “тохирлоо”-сог юм билээ дээ. Удахгүй, цөмийн зэвсэг үйлдвэрлэх асуудлыг нь дэлхий нийтээр эсэргүүцэж байгаа улсад дураар орд өгөв гэсэн бас нэг олон улсын хэрэгт унах вий дээ. Өөрийнхнийгөө авч хэлэлцдэггүй, тоодоггүй юмаа гэхэд дэлхий гэж нэг юм байдгийг хааяа ч гэсэн санаж явмаар.
Онцгой эрдэс болохоор нь онцгой хууль гаргасныг онцгой зөрчлөө дөө. 51 хувийг нь манайхан эзэмшнэ гэх зүйл яригдаад байгаа. Хэзээ 51 хувийг эзэмшдэг болчихсон юм бэ? Итгэхгүй байна. Оюутолгой, Тавантолгой яалаа?
Гэхдээ Монголд түүнийг таагүй явдал угтсаан. Оросуудад орд өгөхдөө Канадын “Хан Рисорсиз”-ийн ордыг шууд дээрэлхээд л, булааж аваад л өгсөн гэнэм. Хан Рисорсиз олон улсын шүүх дээр зад үзэлцэнэ, их өр гэж юу байдгийг харуулаад өгье гэж байгаа. Канад компанийн шүүхдэж хожсон их мөнгийг уншигч та бид л төлнө шүү дээ.
Ноён Сү.Батболдыг оросууд урихдаа Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн айлчлалыг хойшлуулж, мань хүнийг их л эвгүй байдалд оруулав. Өөрсдөөс нь айдаггүй, өөр гүрэн ард нь байгаа гэж үзсэн хүмүүстэй оросууд харилцахыг төдийлөн хүсдэггүй, дээрэлхэж чаддаггүй. Араа бодоод, ардахь гүрнийг нь бодоод тэр шүү дээ.
Ташрамд, Ц.Элбэгдорж цалингаа нэмүүлэхгүй, ард түмнээ бодноо гээд байсан чинь ерөнхийлөгчийн төсвөө дэндүү данхайлгасан байсан нь ил болж, скандал үүссэн. Зөвхөн тамгынхаа газрын хүрээний ажилд, дотроо, өөр хоорондоо л, гадны ямар ч хүн, юмс үзэгдэлд хүртээгдэхгүйгээр, 3.8 тэрбум төгрөгийн жилийн зардалтай аж. Хандив тусламж 30 сая, тэтгэвэрт гарахад өгөх нэг удаа олгох дэмжлэг 29.4 сая, ажилтнуудын өрх гэрт олгох тусламж 34.4 сая, мэдээлэл сурталчилгаанд 29.4 сая, бусад урсгал зардал 28 сая, үндсэн цалин 551.2 сая, цалингийн нэмэгдэл болон урамшуулалд 608.9 сая, бичиг хэрэгт 20.7 сая, тээвэр, шатахуунд 142.7 сая, шууданд 52.8 сая, ном хэвлэлд 3.8 сая, эмэнд 2.2 сая, дотоод томилолтод 91.6 сая, гадаад томилолтод 1.5 тэрбум, гадаадын зочдод 141.2 сая, тохиолдлын гэнэтийн баяр наадамд 10 сая, бусдаар гүйцэтгүүлэх ажилд 20 сая, сургалтад 30 сая, тохиолдлын буцалтгүй тусламжид 600 сая гэжээ. Энэ бүхэн бол тамгын газрынхан, тэдний ар гэрийнхэнд л очно.
Яахав, амлалтаа хэрэгжүүлэхэд 160 сая гэсэн нь ард түмэн рүү чиглэж байгаа юм уу, хаашаа юм. Гэхдээ энэ нь 3.8 тэрбумын дэргэд юу ч биш шүү дээ. 160 саяар 2.5 саяыг өгөх, оюутнуудын сургалтын зардлыг даагаад, стипэнд бас өгнө зэрэг түг түмэн амлалтаа хэрэгжүүлэхгүй нь мэдээж. Төсөвт энэ амлалтуудыг суулгах ажлыг хөөцөлдөхөд зарцуулах мөнгө бололтой юм. Тэгсхийгээд бас л дотроо шингэчих маягийн. Ард түмэн нь ирэх жил махаар тасарч, өлбөрөх маягтай байхад ингэж Брүнэйн султан шиг тансаглаж, нөгөө өндөрлөг нь хоёр гараараа хоёр орд оросуудад бэлэглээд л. Нэг найруулагч драмын тэатрт хамгийн их жүжиг үздэг хүмүүс гээд тоочихдоо эхэнд нь ерөнхийлөгчийг дурдсан байна билээ. Их л жүжгийн урлагт дуртай хүн юм даа, хөөрхий.
Сү сайдын маань 2010 онд хийсэн гол ажлууд гэвэл Тавантолгойг харийнханд өгнө гэж бужигнуулсан, ураны ордыг оросуудад өгсөн хоёр л тархинд бууж байна. Хэд хоногийн өмнө ЗГ-ын хэвлэлийн албанаас “Бизнэсийн орчны шинэтгэлийн орчны мотор аслаа” гэж гэнэт сэрэх аятай мэдэгдэв. Ерөнхий сайдын “Бизнэсийн орчны шинэтгэлийн жил” дуусч байхад эхэллээ гэж зарладаг нь ямар учиртай вэ? Бизнэсчид орчинд нь ямар ч шинэ зүйл, сайн зүйл гараагүй, улам дордохын долоо болсон л гэдэг юм билээ. Бизнэсийн орчинд өнгөрсөн жилд юу болов гэвэл маш их хор найруулж, төрөөр дэмжүүлж байж, танхимын мөнхийн дарга нь дөрөв дэхээ “сонгогдож” дээ. Тавантолгойг үндэсний бизнэсчид эзэмших “999+” хөдөлгөөнийг дарахад сайн хүчин зүтгэсэн гэж төр дэмжсэн гэсэн.
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment