Friday, January 7, 2011

Аль эсвэл…

үгүүллэг

Миний бие тэр жил Зөвлөлтийн Яковск гэдэг хаалттай хотод суралцахаар очсон сон.
Ээ мөн сайхан намар байж билээ. Хотыг тэр чигээр нь шижиртэн алтруулсан бүлээн навчис, хөх чийг томсон улаалзгана, “би ч эдэн шиг гэнэн залуухан явлаа даа, хөөрхий” хэмээн дурсаж дүнсийх адил хана хэрэмнүүд, бидний юугаар ч хааж хорьшгүй нэвтрэх ямар ч шалтгаангүй хөөр цэнгэл, чимээгүйхэн мяралзах хайр сэтгэл, асгарсан итгэлийг чимсэн алагхан гуниг, эсвэл зүгээр л трамвайн хонх…
Гэхдээ анхны сэтгэгдлүүд тийм ч таатай байсангүй. Екатерина, Сталины үед, их л бодож Хрущёвын үед барьсан хуучин муухай байшингууд, үргэлжийн бүрхэг тэнгэрээс долоо хоногжин асгарах бороо, нэг ч хүүхэд эс үзэгдэх хөгшдийн ертөнц, хувхай хоосон лангуу, архины зах хязгааргүй урт дарааллууд, асар том нийтийн халуун ус, дарж унах нь уу гэлтэй оюутны хоосон байр (зөвлөлтийн оюутнууд САА явсан байв), нэг цоргоор нь буцлам халуун, нөгөө цоргоор нь хага ташим хүйтэн ус гоожих эртний угаагуур, фанэрэн хаалга хаалтууд нь юу ч үгүй нурчихсан жорлон…

Саргүй шөнө, сохор харанхуй коридорт тэмтчин явж арайхийн бие засаад, холлын цонхны цаана хотын гэрэл гэгээ үзэгдэхүйг сонирхохоор дөхөж очив. Саглагар модод таглаад олигтой ч харагдах юм алга. “Коммунизмыг байгуулж буй үлгэрийн оронд очно гэж санасан чинь цөллөг шиг…” хэмээн гутарсныг минь:
-Юу байна, өвгөөн. Гал байнуу гэх орос залуугийн дуун тасалдуулав. Хуучны маягийн унтлагын хувцастай, эцэнхий цонхир залуугийн ороосон тамхийг асааж өгөнгөө: “Өвчтэй болохоороо САА яваагүй байх нь" гэж бодов.
Тэр залуу хэнтэйгээ ч архи уучихсан юм, бурж өгвөө. Өнөөдөр найз бүсгүйтэйгээ энд болзсон ч, хэл чимээгүй алга болсон л гэнэ. Өөр нэг залуутай учир ургуулсан байх, нэг л сэжигтэй байсан юм л гэх. Насанд хүрээгүй охин л доо… ч гэх шиг.
Сарын дараа аж ахуйгаас оюутнууд ирж, би сэтгүүлзүйн ангийнхны байр луу хуваарилагдав. Ижилдэн дассан нөхөд, общаг хэмээх байрнаасаа салах эвгүй л байлаа. Байсхийгээд л хэн нэгний төрсөн өдөр, тэмдэглэлт явдал тохиолдоно. Хуучин байрандаа явж очно.
Нэг банкэтэнд өөр сургуулийн залуус ирсэн байв. Тэднийг би гадуурхахчаа аядаад сүрхий л муудалцав. Танхай балмад гэгддэг нэгтэй нь бүр барилцаад ч авлаа. Улс амьтан дундуур орж салгаад, “уусан идсэнээ шингээж чаддаггүй чи тэр 69-р байр луугаа яв” гэж хөөлөө шүү. Цагийн эрхээр ч юм уу, бидний хооронд үүсэх болсон ан цав улам л нэмэгдэж буйд гонсойсон би холл руу очиж, өвөр дэх шил юмнаасаа балгав.
Анх ирсэн шөнөө би яг л ингээд ганцаараа зогсч байсансан гэж уярангуй бодож, сархдын урин дотнод уусан байтал:
-Юу байна, өвгөөн. Гал байнуу гэх орос залуугийн дуун тасалдуулав. Нөгөө унтлагын хувцастай, бие муутай залуу байв. Зуу татуулчихдаг юм билүү гэсэн бодол зурсхийлгээдэхсэн чинь тэрбээр харин хэдэн сарын өмнө өчсөнөө үг үсгийн зөрүүгүй давтан ярив шүү. Өвчтэй өвчтэйдээ бүр шизотой болж таарав уу даа. Юун хундага тулгах байхав, сүүлдээ бүр дайжихын түүс болов оо, хөөрхий.
Гэтэл, өөр сургуулийн залуус чанга чанга дуугарсаар гараад ирлээ.
-Өө, энэ муу хулгайч яваагүй байгаа юм уу, алнаа! гээд л танхай залуу мэс гялалзуулж, бусад нь хорьж чаргууцалдав. Орос “найз” маань:
-Юун новшнууд хаанаас гараад ирэв ээ гээд дүрсхийхэд нь би бас татаж чангаалаа. “Хөвүүд эх орныхоо төлөө алтан амиа өгч байхад ар талд муусайн гөлөгнүүд ингэж байдаг вий! Нусгай пацаануудын хүзүүг хуга мушгих минь” гээд л “шизо” маань агсрах. Афганы дайнд оролцож байсан юм болов уу гэж таамаглав.
Тэгж тэгж нэг юм тарцгаалаа даа. Арай ч алалцсангүй ээ, хэрэлдэж байгаад л салсан.
Хуучин байрныхнаасаа нэлээд хөндийрч, харин “жоор” (орос хэлний дээдээс жилийн дадлагаар ирэгсэд буюу стажёрууд) гэгдэх монголчууд болон, орос, еврей, татар нар нөхдийн маань хүрээг тэлвээ.
Гэтэл намайг “юмтай” гэж хэлэлцэх болсон сураг дуулдав. Учир нь би шөнө ганцаараа цонхны дэргэд очоод, өөрөө өөртэйгээ яриад зогсч байдгийг харсан үзсэн хүмүүс тодорсон юм байх. Хутга барин дайрсан этгээд ч нөхдийн хамт тийм зүйл үзээд, солиотой хог байна, яршиг яршиг гээд явсан ч гэх шиг. Мөрөөрөө гэмгүй явдаг намайг онигоонд оруулах гэж ядах нь шив дээ гэж бүр ч дургүй хүрэв. Муу үг модон улаатай хойно доо, хот даяар л тархав.
Сүүлдээ намайг сүнстэй нөхөцдөг гэж үнэн худлын хооронд хэлэлцэцгээж байснаа, бүр Хий үзэгдэл, Барабашка гэхчлэн хочлох болж билээ. Гэнэн багахан залуусын л явдал байж дээ. Аажим аажмаар цаг зуурын хөндийрөл маань, урьд өмнө байгаагүй улам бат бэх нөхөрлөлөөр солигдож, хамаг саар сөргийг таг мартчихаад, эргээд л нийлэн бужигнаж, ёстой л нөгөө хавирга газрыг халцартал, өвдөг газрыг үлтэртэл бүжиглэнэ гэгчээр пижигнэдэг болов.
Тэр байранд Клаша гэдэг жижүүр эмээ байх. 1-р давхрын мухарт, өчүүхэн тасалгаанд аж төрнө. Бас ч гэж, монголчуудын авчирсан барааг боломжийн үнээр аваад хамаатнаараа хөдөө заруулах “бизнэс” хийчихнэ. Би ч зах дээр элдэвлэж зогсох нь түвэг санагдаад эмээд ханддаг байв. Нэг удаа Клаша гуай надад банш чанаж өгч, улаалзганы дарс ч задлаад:
-За хүү минь, яалаа яалаа гэнэ ээ. Яаралгүй нэг сайхан яриад өгөөдөх гэв. “Өөрөө өөртэйгээ хуучилдаг” тухайгаа тайлагнах л боллоо доо. Гэтэл эмээ:
-Тэр чинь Костя! гэж дуу алдав. Чингээд, үлгэрийн юм шиг зүйл болж, Клаша гуайн тийм байна уу, ийм байна уу гэж тодруулан асуусантай миний үзсэн харсан яг л нийлэлцээд байх нь тэр.
Эмээ нулимс дуслуулан байж хачирхалтай түүхийг хүүрнэсэн нь, хэрхэн нуруугаар хүйт оргиулж, толгойтой үсийг зарсхийлгэснийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Ингэж айж цочиж ч үзсэн биш. Бие сэтгэлээр мэдэрсэн хүн л ойлгоно доо. Ийм зүйл хэнийг ч бараг өөрийн ухаангүй болгож, юугаар ч тайлбарлахын аргагүйгээр эзэмдэн захирдаг. Социализмын үеийн албан ёсны диалэктик матэриалист ертөнц минь хөл дороос л цөмрөн нурж, миний бие ёроолгүй ангал руу нисэх шиг санагдан, зүрх өмрөөд л явчихсан.
Фрүнзэ-26 гэх энэ общаг дэлхийн дайны үед цэргийн эмнэлэг байсан юм гэдэг. Хүнээр түшүүлсэн, таяг тулсан, бүр мөлхсөн өвчтөнгүүд; тайрсан гар хөл, цогцос зөөх эмч нар хий үзэгддэг ч гэх бөлгөө. Гэвч харсан үзсэн хүн надтай л лав таарч байгаагүй.
Харин дайны үед Клава охин 15 настайдаа, цэвэрлэгчээр дайчлагдан энд ажиллаж байж дээ. Чингээд, Костя гэх залуутай ижилсэн үерхэж. Гадагш гарах хориотой болохоор залуу төдөн цагт цонхны дэргэд хүрээд ир, хэлэх чухал юм байна л гэж. Тэгсэн чинь ар гэрийн гачигдал гараад, охин ирж чадсангүй ээ.
Хөөрхөн Клавочкаг бас ч гэж эндхийн харцуултай их л харддаг Костя бухимдаад, эмнэлгийн спиртээс ахиухан зооглож, согтуугийн хамаг л сохор мухар авирыг гаргаж, зодоон нүдээн ч хийж, улмаар оёос нь задраад, насан нөгчихөд хүрсэн нь үнэхээр тэнэг үхэл гэлтэй. Ер нь ч тэгээд халамцуу хүнд ухаантай үхэл гэж байдаг юм уу.
Уг нь, одон мэдалуудаараа нэгэн бяцхан бэлзэг сольж аваад, хайраа үнэн сэтгэлээр илчлэхээр зэхсэн байжээ. Үүнийг хожим мэдсэн бяцхан охины уй гашууд хязгаар байсангүй. Яковск хотод ч төдөж хүлцэлгүй, ар гэр нь байдаг Алапаевскдаа гачигдлаар шалтаглан буцаж очиж дээ…
Клавдия бүсгүйн хувийн амьдрал бүтэлтэй болсонгүй. КГБ-гийн харгис офицэр, догширсон фронтынхон, дархлагдсан эрүүгийнхний дундаас сонголтоо хийх болов. Засаг төрийн ажилтан юм даа гээд офицэртой гэрлэсэн авч, хайраар ханилаагүй тул аз жаргал ирсэнгүй. Тэгээд ч, хилс хэрэгт намайг унагасан гэж өсөрхсөн этгээд нөхрийнх нь амийг бүрэлгэв.
Бүсгүй эцсийн эцэст өөрийн ариухан, өнгөт тунгалагхан хайр луугаа тэмүүлж, Яковск хотын Фрүнзэ-26 дахь оюутны байранд арга чарга хэрэглэж байж цэвэрлэгч, комэндант, жижүүр гээд л янз бүрийн ажил эрхэлж иржээ. Энэ байранд элдэв сүнс, тэр тусмаа Костя нь үзэгддэг гэдгийг дуулсан учраас тэр шүү дээ.
Түүнтэйгээн уулзаж учрах, гагцхүү өөрийг нь л хайрладгаа хэлэх, чингэснээр амь насыг нь аврах гэсэн үл гүйцэлдэх бодолдоо хөтлөгдөөд л тэр бүсгүй энд хоргодох болж. Хүн амьтан унтсан хойно, болзсон цагтаа цонхны дэргэд очиж, харуулдан хүлээдгийг нь оюутнууд анзаараадахжээ. Ухамсартай зарим комсомолчид санаа тавьснаар, Клавдияг галзуугийн эмнэлэгт ч хэвтүүлж. Зөвлөлт нийгэмд хий үзэгдэл байж болохгүй шүү дээ.
Нэгэнтээ бүсгүй Костятай уулзсан ажээ. Гэхдээ болзсон цагтаа биш.
Энэ байранд амьдардаг тинхмийн эрхлэгчтэй яаралтай уулзах гэсэн хүнийг оруулж өгчихөөд, нөгөө цонхон дээр очин санааширч зогсоход залуу иржээ.
Яг л надтай ярьдаг шиг зүйлийг өчихөд нь тулгамдсандаа болоод бараг хэл нь гацчихжээ. Костя ч түүнийг таниагүй нь айлгасан ч, аягүйцүүлсэн ч.
Хожим нь “битгий архи уу, зодоон хийж болохгүй, орж унт” гэж хэлэх минь яав хэмээн харуусдаг болжээ. Гэвч хувь заяа тэднийг ахин учруулсангүй ээ. Яагаад гэдгийг хэн мэдэх билээ дээ. Хүний тавиланд ер нь зүй тогтол байдаг юм гэж үү?
Он жил өнгөрөх тусам л түүнтэй танихгүй эмэгтэйн хувьд л уулзана, хайр сэтгэл нь бүтэхгүй гэдгийг улам л хурц тодоор мэдэрч, гагцхүү амийг нь л аврахсан гэсэн чин хүслийг тээсээр, өөрийгөө буруутган зүхсээр амьдралыг туулж дээ.
Ийнхүү Клаша эмээ яриад, дахин Костя тааралдвал битгий архи уулгаарай гэж хичээнгүйлэн захиж, бас бид хоёрын л хоорондын нууц шүү гэж сануулсан юм. Эмээгийн чин сэтгэлийн яриа ч айдас хүйдсийг минь уярал ухаарлаар солигдоход хүргэсээн.
Өөрчлөн байгуулалтын үеийн нэн сонирхолтой хувьсгалт явц, өдрөөс өдөрт мэргэшүүлж дадлагажуулах хичээл ном, рок хөгжим, залуу насны бөөн бөөн баяр хөөр, олон үндэстний хөөрхөн сайхан бүсгүйчүүд эрээлжлэн, нэг л мэдэхэд хэдэн жилийг үдсэн байв. Төгсөгчдийг үдэх банкэтийн дундуур би гэдэг хүн тамхи татахаар гарав. Тэр үед чинь өдөр наргина гэдгийг мэддэггүй байлаа.
-Юу байна, өвгөөн. Гал байнуу гэх дуун, энэ тухай бараг мартчихаад, Клаша эмээ ч зүгээргүй дэг ээ гэж боддог болчихсон намайг жигтэй их цочоож, уушиг зүрхийг амаар гаргах дөхөв өө. Эмээгийн захиасыг бараг нэг амьсгаагаар урсгахад Костя:
-Чиний хэлдэг зөв өө.
Тэр гачигдалтай болсон гэдэг тун сайн хэрэг. Үгүй ээ, би юу хэлчихэв ээ. Гачигдалтай болсон нь юу нь сайн байхав, хэрэв гачигдал тохиолдоогүй бол надтай уулзах байсан гэдэг нь л сайн байна. Итгэл найдвар хайрласан чамд баярлалаа, хөгшөөн. Орж унтнаа, харин нойр хүрэх болов уу даа гэснээ надад тунгалаг чулуун шигтгээтэй бөгж үзүүлэн, учир явдлаа аминчлан хэлэхэд палхийгээд л явчихлаа. Тэр бөгжийг эмээгийн хуруунд байхыг харсан юм! Гэрээслэж үлдээсэн хэрэг байх л даа.
Залууг тамхиа татчихаад доголсоор явж, булангийн цаана ороход араас нь очиж хартал алга болчихож. Хамаг согтуу гарч, нийллэг болж буй өрөөнд давхиж ороод л стакан дүүрэн архи хийж уув…
Тас үсэрчээ. Нэг ухаан ороход, нөгөө ертөнцөд байгаа мэт л санагдав. Бараг 24 цаг унтаж, ахиад шөнө болчихсон байх юм. Салгачин очиж чийдэнгээ асаагаад, өрөөндөө ганцаар буйгаа мэдэв. Хий үзэгдэл, далд ертөнц гэж байдаг нь сэтгэл зовоон түгшээгээд амар заяа үзүүлэхгүй аж. Нэг бодлын дуулиант матэриал, сэтгүүлчийн олз мэт. Нөгөө бодлын эмээ, Костя бид гурвын нууц шүү дээ.
Тэр цагаас хойш би огт өөр хүн болсон доо. Ямагт “бодот бус” ертөнц зэргэлдээ оршдогийг, зэргэлдээ оршдог ч гэж, би өөрөө, бид бүгдээрээ дотор нь оршдогийг мэдрэн амьдрах болсоон.
Хорь гаруй жил өнгөрөв. Гоц үзэгдэл судлаач гэж өөрийгөө нэрийдэх болсон миний бие тэр талын мэдээллийг Интэрнэтээс хайж, “Алаг хорвоо” сонинд хөтөлдөг булангаа бэлтгэж суутал “Анх удаа хий үзэгдэл эрдэмтдийн баттай хараа хяналт дор өртөв” гэсэн дуулиант гарчиг үзэгдлээ. Эцсийн эцэст хүмүүс намайг солиотой галзуу гэж дөлж айхаа болих нь, хүн төрөлхтний оршихуйд хувьсал гарах нь гэж догдлон уншвал, Яковскийн Фрүнзэ-26-гийн 3-р давхрын холлын цонхноо залуу хосын сүнс үзэгдэх болсныг эрдэмтэд баримтжууллаа, цаашид сайтар ажиглахын тулд маш нууцаар ажиллаж, судалж байна, тодорхой үе шатны дараа холбоо тогтоох оролдлого хийх төлөвлөгөөтэй байна гэжээ.
Эрүүл согтуу нь мэдэгдэхгүй болтлоо хөөрөн догдолсон миний бие Клаша эмээ насан нөгчсөн, тэгээд сүнс нь хоргодоод Костятайгаа учирч дээ гэж бодов. Яаран сандран мэдэх бүхнээ оросын сайт руу бичиж илгээлээ. Хариу байдаггүй. Хий хоосон дуулиан байсан юм болов уу гэхлээр, уг мэдээлэл улам л үнэмшилтэй болж, газар аван түгж, даян дэлхийг донсолгоод, анхаарлыг татаад байдаг. Фрүнзэ-26-гийн оюутнуудыг шилжүүлж, оронд нь судлаачид, сэтгүүлчид, баячуудыг суулгасан юм байх. Клаша, Костя хоёрыг тайван байлгаач ээ, эс бөгөөс тэд та нараас айсандаа ухаан солиорч ч мэднэ гэж бархирмаар санагдан байж ядмой.
Тэгсэн харин, дахин хий үзэгдэл дуулиан дэгдээв, Монголын Галбадрах гэдэг хүний сүнс энэ хоёрыг Клава, Костя гэдэг хэмээн мэдэгдсэн нь батлагдав, өнгөрөгч зууны эцсээр насан нөгцсөн ЗХУ-ын УГЗ К.Алейникова, түүний нөхөр К.Тимачёв нар Аугаа их эх орны дайны үед, энэ байрыг лазарэт байхад нь танилцжээ, харин, хамтаар архидан согтуурч байгаад маргалдсаны улмаас, Монголын оюутан Т.Галбадрахын амь насыг эх орон нэгтэн нь болох оюутан Б.Сонинбаяр бүрэлгэснийг тодрууллаа, бидэн рүү чухаг мэдээлэл илгээгч Галбадрах гээчтэй холбоо тогтоох гэтэл, тийм и-мэйл хаяг байдаггүй юм байна гэсэн зүйлс оросын хэвлэлд гарч ирлээ.
Интэрнэтээр судлаад үзсэн чинь, ядуухан жижүүр Клаша эмээ маань үнэхээр УГЗ болоод гялалзаж явжээ. Фрүнзэ-26-д дайны үед л ажиллаж байсан болж таарав. Нөхөр нь төмөр замын байгууллагад дарга даамал байж гэнэ. Тэдний залуугийн зургийг үзвэл, нөгөө Костя маань дүрээрээ байж байна. Харин миний тухай, сүнс, алагдсан гэхээс өөр ямар ч мэдээлэл алгаа.

Ч.Мөнхбаяр
ММХ.V.III

No comments: