Friday, January 7, 2011

Монгол улсын хошой баатар Э.Мөнхтод

шог үгүүллэг

-Өнөөдрийн хэлэлцэх хамгийн эхний асуудал маань Э.Мөнхтод гээчид Улсын хошой баатар цол олгох асуудал билүү?
-Тийм ээ. Сүүлийн үед улс нийгэмд маань Зүүний хүчний холбоо, Ардчилсан хүчний холбоо гэхчлэн, хүчийг дээдлэх сайхан байгууллагууд буй боллоо. Намууд маань ч өөрсдийгөө тийм ч хүчний, ийм ч хүчний гэдэг боллоо, удирдлагад нь ч хамгийн хүчтэй нь гардаг шударга ёс тогтлоо. Улс маань хүчний улс болж байна, хүчтэй улс ч болж байна.
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гээд л Н.Энхбаяр гэдэг хөгийн юм шал пал гээд байдаг байсан, шал худлаа юм. Харин, хүчтэй нь хүчтэй гэдэг шинэ сайхан үзэл гарч ирж байна ш дээ.
Тэгэхлээр тэр үзлийн бэлгэдэл болсон хүчтэй баатар хэрэгтэй болж байна.
-За, за битгий лээкц уншаад бай, толгой өвдчихлөө. Юун ямар баатар яачаад байгаа юм. Товч бөгөөд тодорхой…

-Монголын ард түмний сод хөвүүн Э.Мөнхтод ухамсарт бүхий амьдралаа хүч бол зөв гэдгийг нотлох баатарлаг үйлсэд зориулжээ. Улс үндэстний гол дайсан болох хүчгүйцүүлтэй эрс шийдэмгий тэмцэж иржээ.
1961 онд, Монголын хүчтэнүүдийн өлгий хэмээгдэх Жар, далан мянгатын хороололд удирдах ажилтны гэр бүлд мэндэлжээ. Бараг мэндлэнгүүтээ л, 1977 онд, сул дорой этгээдийг, удтал хүч бярыг гайхуулан гэсгээж цээрлүүлснийхээ төлөө тэнсэн авчээ. Гэвч тэр, хүчний төлөө шударга тэмцлээсээ болж, 1978 онд гурван жил хүүхдийн колонид хоригдох болсон ч оргосон юм.
-Чи чинь хүчин яриад байна уу, хүч яриад байна уу.
-Ямар ялгаа байсан юм?
-Нээрэн ч тийм дээ. Миний хувьд л лав ялгаагүй.
-Насанд хүрснээ тэр сул доройчуудын хөрөнгийг зүтгэл нэгт нөхдийн хамт сэм хурааж тэмдэглэсэн юм. Чингэхдээ муусайн доройчуудыг айлгаж цочоохгүй гэж нууцаар гүйцэлдүүлсэн нь энэрэнгүй илрэл атал, Мааньтад хоригдох болсон.
-Ёстой бацкоовуудыг жинхэнэ хэлмэгдүүлчихсэн байнаштээ. Ер нь тэр хөгийн амьсгаанууд өмч хөрөнгөтэй байх байтугай, амьд явах эрхтэй юм уу?
-Хэлээд юүхэв. Тууштай хүччин тэрбээр 1982 онд нэгэн жигшүүрт сул доройд хүйтэн зэвсэг танилцуулан амсуулсан чинь зургаан жил Авдрантад хоригдох болсон байгаа юм.
-Үгүй ер өө. Дорой бааснуудыг яасан ч яадаг юм. Тэд чинь ямар хүн юм уу? Бүр харахаас дургүй хүрээд бүгдийг нь устгаад хаячихмаар ч санагддаг. Нүд хорсоод байдаг байхгүй юу.
-Тийм шүү. Хүчтэйн өмнө хүчгүй нь л буруутай ш дээ. Хогийн амьтсыг бүгдийг нь алах хэрэгтэй байхгүй юу. Алж устгаж ч байгаа л даа. Янз бүрийн л аргаар.
Э.Мөнхтод 1992 онд тэдний хөрөнгийг гэгээн үйлсдээ хандивласнаас болж, цагдаатай буудалцаж, хэн нэгний машиныг аргагүй л зөвшөөрөл авалгүй унаж хил давахыг оролдоод баригдсан. Гэвч үзэл бодол нэгт, хүчит эмч нарын тусламжтайгаар “цахилгаан рак хэмээх эгшин зуур үхэлд хүргэх өвчин туссан” гэх хуурамч онош тавиулж, дайснуудын гараас мултарч чадсан юм.
-Овоо жаал байна шүү. Чи бид хоёрын залуу насыг санагдуулчихлаа байна. Тэр өөрсдийгөө ард түмэн зүмэн гээд байдаг шороон түмэн зэвүүн п… нуудыг болгож тавьдаг банди юм.
-Харин тийм ээ. 1996 онд английн нэг сул доройг оноч мэргэн буудлагаар тонилгож, дэлхийн хэмжээний тэмцэгч болохоо харуулав. Мөн л хүчит эмч нарын авралаар хоригдохоос чөлөөлөгдсөн. 1998 оны 7-р сард халуун зэвсгээр сул доройчуудыг албадан хүмүүжүүлсэн, 10-р сард нэг этгээдийг арчаагүйнх нь төлөө хүйтэн зэвсгээр олонтаа шийтгэсэн нь, түүнийг гэгээн хүчний төлөө тэмцлээ Монголд үргэлжлүүлэх аргагүй болгосоон.
-Тийм сайхан хүнээ Монгол орон багтааж шингээж дөнгөхгүй байна гэж үү дээ. Аль олигтой нь гараад дууслаа ш дээ.
-Э.Мөнхтод тэмцлээ Европын монголчуудын дунд үргэлжлүүлж байтал, өс хонзон санагсад хулгайлан авчирч, давуу хүчээр давчдаан зовоожээ. Бэхманан, Арвинбат, Мөнхгайхам, Амар-Амгалан нар С.Зоригийг алсан гэж мэдүүлбэл 500 сая төгрөг өгнө, эс мэдүүлбээс толгойгүй чөтгөр болгоно гэж, хилс хэрэг тулган хорлохыг оролджээ. Хүчийг хүнд тулгах нь сайхан болохоос, өөр дээр тулбал эвгүй золиг юм байна шүү дээ, бас.
Гэвч Э.Мөнхтод яасан ч өөрийг нь алах л болно гэж хүчитний уужим ухаанаар тунгаагаад, худал мэдүүлэг өгсөнгүй. Харин өөрөө багтраад үхчихсэн. Энэ нь нөгөө намынхны бахдлыг төрүүлж, шударга үнэний дуу хоолой гэгдэн, Монгол улсын баатраар анх удаа шагнуулсан болно.
-Өө тийм үү. Одоо чинь өт хорхой шиг олон баатар цолтон төрж байгаа болохоор хооронд нь ялгахгүй юм зүгээр. Миний ширээн дээр гэхэд л баатар цолонд тодорхойлсон тодорхойлолт богоон богооноороо байна.
Тэгээд ч тэр Мөнхтодыг чинь яасан гэж хошой баатар болгох юм. Үхсэн гээд нэг болгож, яахав. Булуулсан гэж ахиж болгох уу?
-Тэр үхээгүй ээ. Бас л эмчийн магадлагаагаар аргалчихсан байхгүй юу.
-Еэ бүү үзэгд! Хий үзэгдэл шиг ямар аймаар этгээд вэ, тэр чинь. Үхэж ч өгдөггүй байх нь ээ!
-Есүс шиг дахин амилсан түүнийг бишрэн шүтэгчид нь өндөр албан тушаалд томилох гэтэл Барилгын тэхникумыг шавардлагын мэргэжлээр төгсгөсөн нь саад болсон. Аргагүй л нэг хүчтэн юм болохоороо тэрбээр шавардлагыг тоож сураагүй л дээ, хормойгоо чирсэн нусан буунуудын стипэндийг хормойлох хармайлахад л мэргэшсэн.
Ингээд ивээгчид нь түүнийг “Хоргойн жим” компанийн Москва дахь төлөөлөгчөөр томилон, чөлөөт цагаараа боловсрол эзэмш гэв. Хэдийбээр дайснууд нь “диплом худалдан авсан” гэж гүтгэдэг ч, тэрбээр хэдхэн сарын дотор, нөр их ажлынхаа хажуугаар тагнуулч, эдийн засагчийн дээд боловсролыг давхар давхар эзэмшсэн нь оюуны хүчийг нь нотолно. Зэрэгцээгээр нь бас тамхины контрабанд хийчихнээ.
-Цаад хулгайч чинь улам чанга болчихсийм байнаштээ. Үхсэн нь ч болж!
-Үхээгүй гээд байхад чинь дээ!
МИАТ-ын Солонгос дахь төлөөлөгч байхдаа өөртөө өчнөөн юм унагасан. Тэгэхдээ зүгээр нэг, тэнэг юм шиг унагаахгүй ш дээ. Одоогийн энэ ерөнхийлөгчийг Солонгост очиж наргихад нь казинодуулдаг байж. Хариуд нь нөгөөдөх нь ерөнхийлөгч болсон хойноо ҮАБЗ-ийн мэнэжэр болгоод баллаж тавиагүй юу. Ар Монголын аугаа хүчтэн мөн байгаа биз?
-Сэргэлэн чацга юм аа. Ёстой гоё чацга!
-ТЕГ-т ажиллаж байхдаа, ноолуур хууль бусаар гаргасан хулгайчийн хэргийг дарж аргалж өгөөд, 50 саяын авлига авсан, “Хүндэт чекист” болсон гэж байгаа. Ер нь тэр байгууллагад оронгуутаа дандаа бохир ажил хийсээр байгаад, дороо дэслэгч, хурандаа болж дэвшиж байсан.
-Бохир оо. Жорлон угаадаг байсан юм уу?
-Нэг тиймэрхүү. Дарга нарыг хууль бусаар тагнаж чагнасан.
-Жорлонд уу?
-Тийм ч байж магад.
Хөл бөмбөгийн талбайн газрыг дээрэмдсэн ч гэдэг.
Сул дорой массын эсрэг тэмцлээ зөвхөн оюуны бус биеийн хүчний хэлбэрээр ч үргэлжлүүлж байсан. Байрныхаа харуулыг халамцуугаар хүч хэрэглэн нийгэмшүүлж, үзүүлэх сэтгэлзүйн нөлөөг буу тулган нэмэгдүүлсэн.
-Овоо муу гар юм аа?
-Харин тийм болохоор нь л түүнд хүн хулгайлах даалгавар өгчихсөн юм. Өөрөө хулгайлагдаж байсан болохоор туршлага, сурц сайтай л даа, цаадах чинь. Үүргээ ч амжилттай биелүүлсэн. Тэгээд ТЕГ-таа хэсэг ажиллаж байгаад дэвшиж, ҮАБЗ-д орсон.
-Юун хүн яах гэж хулгайлсан юм. Мөнгө хулгайлдаг болохоос хэзээ хүн хулгайлж байсийм.
-Гадагшаа гарчихсан нэг эрүүгийн элэмэнтийг авчирч есөн эрүү тулгаж байгаад С.Зоригийн хэргийг хүлээлгэх гэсийм л даа. С.Зоригийн хэргийг илрүүлчихсэн гэвэл намын маань нэр хүнд нөгөө намыг бодвол бүлт үсрээд гараад ирнэ ш дээ, манай нийгмийн гол асуудал тэр л юм чинь.
Тэгээд ч тэр муу элэмэнт болон, мэдүүлгээр нь С.Зоригийн хэрэгт холбогдуулах гэж байсан хүмүүс цөм манай ван даргын хувийн өстнүүд байхгүй юу. Даанч тэр муу хулгайч нэг ч эрүү даалгүй үхчихсэн.
-Тэр үхлээ гээд Мөнхтод баатар болдог нь ямар учиртай юм?
-Та чинь дандаа л пийшингээ галлачихсан пижигнэж явдаг болохоор мэдээллээс мөн ч их хоцрох юм аа.
Цаадахь чинь Английг Монгол шигээ санаад, “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гээд яваад очсон чинь баригдчихсан ш дээ. Хүний хулгайн хэргээр Интэрполын хар дансанд орчихсоноо, бараг үсэг бичиггүй хүн чинь яаж мэдэх вэ дээ. Гэхдээ мань хүн араа бодоод англичуудад түй ч гэж хэлэхгүй тас гүрийж байгаа.
Албан үүргээ нэр төртэйгээр биелүүлснийхээ төлөө асуудалд орсон, Монгол төрийнхөө нэр сүрийг алтан амиараа дэнчин тавин хамгаалж байгаа, энэ хүчтэн тэмцэгч, өдгөө ч баатарлаг гавъяа байгуулж суунам бус гэж үү. Ийм л болохоор хошой баатар болгох гээд байнаштээ, ойлгож байнуу. Далимд нь манай нам нөгөө намынхаас дутахгүй нэг баатартай болоод авч байгаа юм.
-Өө тэгээ юу. Одоо английн хулгайчуудад дарамтлуулаад хөөрхий их зовж байгаа даа. Урьд нь нэг английн тархийг зад буудчихсаныг ч хэлэх үү, хи хи.
-Английн шорон чинь манай Гандан хийдээс амгалан тайван газар гэнэ лээ. Гэхдээ л нөхцөл байдлыг нь сайжруул гэж Кили Хэзэлл, Элис Гүдвин гээд одод нь шаардаад, буяны ажиллагаа энэ тэр зохион байгуулаад байдаг юм гэсэн. Яагаав, нөгөө мундаг мундаг том мээмтэй, Европын бахархал болсон хүүхнүүд байдаг ш дээ. Манай өрөөний хананд калэндар нь байдаг…
Шорон л юм болохоор казьноодох, хүүхэндэхээс өгсүүлээд өчнөөн л эрх нь хязгаарлагдчихсан байгаа. Манай ЗГ-аас түүнийг суллуулахын тулд, английн уул уурхайн компаниудад үлдсэн бүх ашигт малтмалаа бэлэглэх санал хүртэл тавьсан. Хэрэв Мөнхтод хэл ороод, яриад эхэлбэл, олон улсын цэрэг орж ирээд л, дэглэмийг маань унагачихна ш дээ.
Мөнхтодыг Интэрполд матсан байж болзошгүй улсыг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж хорьсон. Бүхэнд сургамж болог! гэтэл тасхийх чимээ гарч, ажилтан мууран унав.
Мөнхтод түүний эрүүг дэлссэн агаад, нөгөө ажилтныг элэгдэж эвхрүүллээ.
-Муу бааснууд намайг гаргаж авахгүй яасан уддаг юм. Одоо та нарыг ахиж гуйх ч үгүй.
Би Кили гээч энэ хүүхнийг хоригдлуудын хүний эрхтэй танилцана гээд явж байхаар нь, торон завсраар гараас нь шүүрч авч барьцаалаад суллагдлаа.
Энэ муу хүүхэн Европын хамгийн аугаа хүн нь юм шиг байна. Тийм болохоор, тэндхийнхэн миний бүх болзлыг зөвшөөрсөн.
Одооноос эхлээд би Монголын IX Богд Жавзандамба хаан! Халхын хавтгайд хамгийн хүчтэй нь гэдгээ би мэдэрсэн. Намайг гадаадын хөрөнгө оруулагчид ч дэмжиж байгаа.
Алив тэр төрийн өндөрлөгүүд, ЗГ, УИХ-ын гишүүдийг жагсаа! Бүгдийг нь өдөржин дэглэнэ дээ! Одоо энэ байшин Төрийн Ордон биш, Авдрант болж хувирнаа! Атмаанаа хүндлэхгүй бол яадгийг үзүүлнэ!
Хошой баатар маатар гэнэ ээ? Брежнев дөрвөн удаагийн баатар байсан гээ биз дээ? Би тэр хулгайчаас юу дутдаг юм. Таван удаагийн баатар болно доо. Тэрийгээ таван удаа загас наадуулж тэмдэглэх юм шүү гээд Мөнхтод баатар нүд ам нь хөхөрч, хувцас хунар нь урагдсан Кили Хэзэлл хүүхнийг, ерөнхийлөгч орж ирэхийг ч тоож байгаа юмгүй шунамгайран озов.
Ч.Мөнхбаяр
ММХ.XI.II

P.S. Энэ үгүүллэгт дурдагдсан гэмт явдлууд бараг цөм үнэн болой. Нийгэм маань тэр аяараа шог үгүүллэг болж байнам.

No comments: