Friday, January 7, 2011

Латин үсэг Монгол ба дэлхий дахинд

Ленин ЗХУ-ын бүх ард түмнийг, оросуудыг ч 
латин үсэгтэй болгох гэж байв

МТӨ VII зуунд өнөөгийн Италийн нутагт байсан этрүс аймгийнхан нэгэн үсэг бичгийг зохиосон нь, илүү хүчирхэг латин аймгийнхан цааш цаашид түгээн дэлгэрүүлснээр латин үсэг гэгджээ. Ром гүрэн анх улсын бичиг болгосон тул, ром үсэг ч гэгддэг.
Европод слав зарим ард түмэн, грэкүүдээс бусад нь; Африкт араб хэлт улсууд, Этиоп, Эритрэйгээс бусад нь; Америк, Австрали тивийнхэн бултаараа латин үсэг хэрэглэж байна.
Азид Түрк, Түркмэнистан, Узбэкистан, Ветнам, Индонэз, Малайз, Сингапур, Филиппин, Брунэй, Тимор улсууд, Хятад, Энэтхэгийн бага ард түмнүүд хэрэглэдэг. Хятад улс 1950-иад оноос, латин үсэгт шилжих туршилтуудыг хийсээр ирэв. Японд XIX зуунд латин үсэгт шилжих оролдлого хийсэн ч үл хэрэгжиж, ромажи гэх цагаан толгой дурсгал нь болж үлджээ.

Тухайн улс өөр үсэг бичигтэй байлаа ч, зэрэгцээгээр нь өөрийн гэх үндэсний латин бичигтэй байх хандлага өргөн болж буй. Түүнийг галигтай эндүүрч болохгүй. Олон улсын галиг, үндэсний галиг, хувилбар галигууд гээд мөн латин үсэг дээр суурилсан систэмүүд бий. Хятад латинжин гэхэд л галиг бус, үндэсний нэг бичиг үсэг нь юм. Орос латинжин ч буй.
1833 онд анх оросын үндэсний латинжин зохиогдсон. Түүнээс хойш олон ч хувилбар дэвшүүлэгдэж байв. А.Луначарский, В.Ленин хоёр ЗХУ бүхэлдээ латин үсэгт шилжих санаачлагыг гаргасан. Ингээд 70 орчим хэлэнд (орос ч орсон) зориулсан шинэ цагаан толгой буй болсон.
Лалынхнаа тэд хамгийн анх латинжуулж эхэлсэн нь, зөвлөлт дэглэмийг хүчтэй эсэргүүцэж байсантай нь холбоотойгоор хүчтэй өөрчлөх гэсэн хэрэг. Харин оросуудаа хамгийн сул латинжуулсан болой.
Ихэнх хэрэглэгчид нь хилийн чанадад байдаг хятад, солонгос, араб, пэрс, күрд зэрэг хэлийг ч латинжуулж байв.
Зөвлөлтийн түрэг түмнүүдийн латин үсгийн нэгдсэн систэм (ЗТТЛҮНС) буюу яналиф гэдэг тогтолцоог монгол хэлтнүүдэд тохирно гэж Москва үзсэн. Яналифийн тусламжтайгаар монгол туургатны утга зохиолын хэлний нэгдмэл байдлыг эвдсэн нь нэн харамсалтай. Тагна урианхайчууд буюу тувачууд монгол утга зохиолын хэлний үгсийг нутгийн аялгаар дуудсанаар мэдэлцэх хэлтэй байсан бол, хамгийн түрэгжсэн диалэктийг нь нийтэд нь тулгаснаар өдгөө түрэг хэлтнүүд гэгдээд, бидэнтэй үл ойлголцох үг яриатай болсон байна.
Эрдэмтэн Б.Барадин 1910 онд буриад хэлэнд зориулсан латин үсэг гэж зохиосон нь нэгэн анхдагч үүсгэл юм. Монгол Улсад Н.Поппэ зэрэг зөвлөлтийн эрдэмтэд манай мэргэдтэй нийлэн ажиллаж (их Д.Нацагдорж энэ ажилд оролцож байсан гэдэг), яналифийн монгол хувилбарыг бүтээжээ. Сонины нэр, нүүр, зарим хаяг, чимэг зэргийг хэвлэх, бичих зэргээс илүүтэйгээр дэлгэрүүлж чадаагүй юм. Хэн бүхний мэдэх дурсгал нь гэвэл “Halhin gol” гэсэн бичээстэй медаль. Ташрамд өчихөд, х авиаг k-гаар тэмдэглэж байсан ч, Халхын гол, Калкын гол хоёр адил бичигдэх зэргээс болж h-гээр тэмдэглэх болсон гэдэг. Калкын голд Монголын цэрэг Орос-Кипчакийн их цэргийг бутниргэж асан.


Тэр үеийн монгол латин үсэг нь монгол хэлний зүйг одоогийн бичлэгтэй зүйрлэшгүйгээр, нэлээд сайн хадгалан илэрхийлж чадсан байв. Хожим, Ц.Дамдинсүрэн нарын чамархайд буу тулгах дөхөн байж, хар ярианы хэллэгийг голчлон, зүйгүйгээр  буулгасан өнөөгийн “дүрмийг” зохиолгосон билээ.
Үүнийг тэрлэгч бээр бага ангиасаа латин үсгээр бичиж, 1987 онд цагаан толгой болгон цэгцэлж, 1991 онд монгол латин үсэгтэй болох санаачлагыг дэвшүүлж, 1993 онд Латин үсгийн нийгэмлэгийг олны танил эрдэмтэд, сэтгүүлч зохиолчдын хамт байгуулалцан тэргүүлж, 1997 онд Ардчилсан эвслийнхний, 2001 онд МАХН-ынхны латин үсгийн төслийн ажилд оролцож явав. Өдгөөгийн албан ёсны, латин үсгийн стандартчилагдсан цагаан толгойн хамтын зохиогч болно.
1999 онд миний бие “Монгол латин үсэг” бүтээлдээ зохиогчийн эрх авсан, түүнийгээ 2002 онд шинэчлэн сайжруулсан, 2007 онд төрийн өндөрлөгүүдэд өргөн барьж толилуулсан, судалж үзнэ гэх хариу авсан. Албан ёсны хувилбараас ялгаатай нь, давхар үсгээс (лигатур) гадна, тэмдэгт (диакрит) үсгийг санал болгосон, олон хувилбар дэвшүүлсэн, лигатураар бичигддэг авиаг нэг янзаар бичих зарчмыг гаргаж ирсэн зэрэгт оршино.
Төрийн зүгээс, албан хэргийг латин үсгээр хөтлөх буюу, ер нь улс нийтээрээ латин үсэгт шилжих чигийг баримталж ирсээр, 13 жилийн нүүрийг үзэж байна. 2001 онд цагаан толгойг тогтоосон, харин монгол хэлний зүйг баримталсан дүрэм, толь бичиг зохиох асуудал маш их маргаантай (Өнгөрсөн зууны 30-аад оноос хойш маргалдаж байна гэхэд болно) учир, шилжих явцад саатал учраад буй. Кирилл үсгийн дүрмээ өөрчлөнө, я үсгийг еа гэж бичнэ ч гэх шиг хачин сонин зүйл ч төслийнхнөөс гарч байдаг.
Өдгөө, латин үсэг дэлхий дахинд улам түгэн дэлгэрсээр байна. Оросын Татарстан, Чечень, Карэл улсууд, вэпс үндэстэн латин үсэгт шилжиж, энэ асуудлыг Башкортостан зэрэг улс түмнүүд их сонирхох болов. Зөвлөлтөөс тусгаарлаагүй байхдаа л Молдов латин үсэгтээ эргэж орсон, Беларусь улсад ч, Оросын эзэнт улсад нэгтгэгдэхээсээ өмнө хэрэглэж асан латин үсэгтээ эргэж орохын төлөө хөдөлгөөн өрнөж буй. Зохиомол хэлүүд бүгд латин үсэг дээр суурилсан.
Хамгийн түвэгтэй латин үсэг Ветнамд буй. Нэг үсгэн дээр гурван тэмдэг тавих нь ч бий. Хамгийн хялбар нь полинэзийн бүлгийн хэлүүдэд буй, учир нь тэдгээрт хамгийн цөөн авиа байдаг. Ирланд хэлний албан ёсны цагаан толгой нь V зууны уншихад түвэгтэй хувилбар. Герман хэлэнд щ-г schtsch гэсэн долоон үсгээр тэмдэглэдэг. 50-иад онд Хятадын олон ард түмэнд зориулж, кириллтэй хольсон, латин кириллийн үсгүүдийг доош харуулсан, толин ойлтоор эргүүлсэн, янз бүрээр гажаасан дүрстэй шинэ үсгүүд бүхий хачирхалтай цагаан толгойнуудыг зохиож байлаа...
Ч.Мөнхбаяр

No comments: