Friday, January 7, 2011

Зэс рэлс

наргиа

С.Батболд: Та нар энэ “ЗГ-аас эхний ээлжинд хэрэгжүүлэх 26 төсөл”-өө харчих даа. Яг л галзуу хүний өдрийн тэмдэглэл. Тэгээд бас ичих ч үгүй сонинд нийтлүүлээд байгаа шүү.
Д.Зоригт: Юу нь болохгүй болчихов оо, дарга аа. Би л ийм гоё төсөл амьдралдаа үзээгүй юм байна.
С.Батболд: “Тэргүүлэх чиглэл”, “төсөл” хоёр нь яг чацга шиг холилдчиж. Бас “Оюутолгой" төсөл” дотор “Тавантолгой”, “Таван толгой” дотор “Зэс”, “Зэс” дотор “Кокс” ороод багтаад байгаамуу хаашаа юм бэ? Матрёшк хийж марзганаад байнуу, үгүй юу?
Зэс хайлах үйлдвэр гэж юу яриад байна. Тэрнийг чинь хүн хайлуулах юм уу, тэр зэс чинь өөрөө зүгээр хэвтэж байгаад хайлаад урсаад алга болчих юм уу. Эсвэл өөрөөрөө элдэв юм хийгээд зугаацаад байх юм уу. Зэс юм уу, чөтгөр юм уу.

Ё.Отгонбаяр: Өөрөө хайлдаг тэхнологи гарчихсан юм байлгүй дээ. Нээлт мээлтийг нь хийхдээ болгоомжтой байхгүй бол хайлаад хамаад аваад явчих аюултай үйлдвэр байна даа.
С.Батболд: “Зэс хайлах үйлдвэр” дотроо юун хар мэталлурги оруулж бичээд байгаа юм.
Ц.Нямдорж: Өнгө нь өөр болохоос адилхан л мэталл биз дээ. Тэрийг л бичээ биз.
С.Батболд: Одоо тэгээд зэсээр төмөр замын рэлс хийх юм уу. Энд чинь рэлс гэж бас байна ш дээ.
Л.Гансүх: Яагаад зэс рэлс байж болохгүй гэж. Манайх шиг зэс ихтэй оронд байж болно ш дээ. Рэлсийг маань үзэх гээд даян дэлхийн жуулчин хурж, ёстой нэг ашигт малтмалгүй үсрэнгүй хөгжлийн замдаа жинхэнээсээ орно доо.
С.Батболд: За, чи дут. Тэр хэдэн шонхрын наймаагаа л хичээ. Тэгээд ч даян дэлхийн жуулчид биш, шонхрын наймаачин нэрийн дор даян дэлхийн тэррористууд манайд хуран цуглаад байгаа юм биш үү.
Ашигт малтмал гадаадын хөрөнгө оруулагчдын мэдэлд байхад яаж зэсээр рэлс хийх гээд байгаа юм. Экспортод зэс гаргавал татваргүй, бидэнд өгвөл татвартай болохоор засгийн газарт хуруу ороох ч зэс олдохгүй шүү дээ. Юмаа мэдэж байж төлөвлөж байгаач.
Х.Баттулга: Тэгвэл хуулиа өөрчилчихье л дөө.
С.Батболд: Би л нэг бөх хүн гэсэн шиг бүдүүн хадуун юм ярих гээд байнуу, үгүй юу. Тэр хуулийг чинь хэрэгжүүлэх гэж л манай ЗГ байгуулагдаа биз дээ. Үгүй бол огцорно!
“Коксын үйлдвэрээс ялгарах шатдаг хий битумыг боловсруулна” гэж юу солиороо вэ. Байхгүй коксын үйлдвэрээс ямар үхсэн үлий нь ялгарах юм. Битум чинь ямар шатдаг хий юм уу. Битаан буюу сүү тараг хийдэг сав…
Х.Баттулга: Зам барилгын түүхий эд л дээ.
С.Батболд: Чамтай хэн тоож ярьсан юм!
Та нар энэ кокс химийн үйлдвэртээ юун газрын тос боловсруулах гээд байгаа юм бэ. Кокс хим гэдэг чинь асар их энэргитэй процэсс, дээрээс нь газрын тос юүлбэл Хирошима болно биз дээ!
Ё.Отгонбаяр: За, би л нээлтэнд нь очиж чадахгүй шүү. Дандаа аюултай үйлдвэрүүд баригдах юм байна.
С.Батболд: Үйлдвэрүүд баригдахгүй шүү дээ. Боловсролын сайд байж юу ч мэдэхгүй. Эсвэл хэдэн жилийн өмнө зодолдож байгаад турбаадуулсан л гэсэн, тэрний нөлөө байна уу?
Бүх коксжих нүүрс, нэфт түүхийгээрээ Хятад руу гарч байгаа, гарсаар байх болно. Холбогдох үйлдвэрүүд нь тэнд баригдчихсан байхад, энд бид бариад унавал дэлхийн дайн гарна биз?!
Л.Болд: Хятадтай байлдана гэвэл цэрэг байхгүй шүү. Бүгдийг нь гадагш нь гаргачихсан.
Ц.Нямдорж: Хилчин ч байхгүй. Хоорондоо буудалцаад дууссан.
С.Батболд: Тэрийгээ санаж байж төсөлдөхгүй яасан юм, тэгээд!
Кокс хим, нүүрс хим хоёроо нэгтгээд оруулчихгүй, ямар зорилгоор хоёр тийш нь цөлөөд будлиулаад байна. Бас нүүрсний орд дээр химийн цогцолбор барина гэх. Дээр нь цогцолбор барьчихаад дорх нүүрсээ яаж авах гээ вэ.
Та нар ч ийм л төлөвлөлт хийнэ дээ, еэ чааваас.
Г.Занданшатар: Лифтээр татаж гаргаж ирэх юм байлгүй.
С.Батболд: Юуны чинь лифт. Монгол орон лифтний ноцтой гачаалд орчихсон, бараг бүх лифт аваарын байдалтай байгааг мэдэж байнуу.
Хамаг нүүрс урагшаа тэр чигээрээ ачигдаж байгаа, малнууд аа. Та нар авч үлдээд дээр нь цогцолбор барилаа гэхэд, доогуур нь хөндийлж ухсаар байгаад цөмөрч үхэцгээх юм байна л даа.
Т.Бадамжунай: Батболд дарга аа, процэдураа барья аа. Төрийн сайд нарыг мал зал гэж доромжлох нь дэндэж байна.
С.Батболд: Та муусайчуудыг юу гэж ч доромжилсон багадна.
Бадмаа сайд ХАА-н хүн гэсэндээ мал гэсэн үгэнд эмзэг байна аа? “Эрүүл хүнс” мал эрүүлжүүлэх төсөл гэдгээ тайлбарлаадах. “Эрүүл хүнс” мал гэж ямар мал байдаг юм? Зургаадахь хошуу мал уу. Тэр мал чинь эрүүл юм бол эрүүлжүүлж яах юм?
С.Ламбаа: Нэг ангийн хүүхдүүд байж коллэктивтэй байцгаая аа. Ялихгүй зүйлээс болж түнжин хагарцгаагаад яах вэ дээ.
С.Батболд: Ухай, би ялихгүй зүйл дээр л солиороод байгаа болох нь ээ.
“ХАА-н гаралтай бараа, түүхий эдийн бирж” дээр ХАА-н гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгоно гэдэг чинь юу гэж байгаа юм? Та нарт ядаж бирж гэж юу болох талаар өчүүхэн ч гэсэн ойлголт байна уу?
Т.Ганди: Энэ нь эцсийн бүтээгдэхүүн буй болгодог өвөрмөц бирж юм байлгүй дээ.
С.Батболд: Дуу! Хятадын сайд гэж нэрлэгдэх болтлоо хужаа нарыг оруулж ирж, ЗГ-ын нэр хүндийг унагачихаад бас чалчих санаатай. Бүтээгдэхүүнийг үйлдвэр буй болгодог юм. Бүх мал гадагшаа хөлөөрөө, хүүрээрээ гарч, бараг дуусч байхад юу юу гээд байгаа юм. Таван хошуу мал дуусахаар, “Эрүүл хүнс” гэдэг шинэ мал зохион бүтээнэ гэж байгаа биз, бас? Салтыков-Щедриний хоёр эргүү гэнэрал шиг юм болох нь шив дээ?
Т.Ганди: Хужаа нарыг оруулж ирнэ гэж бүгд л хамтаараа шийдээ биз дээ. Та нар ганц эмэгтэйгээрээ бамбай хийчихээд … ий ий.
С.Баярцогт: За, миний хөөрхөн Ганди битгий уйл. Баагий ах нь уг нь сайн ах ш дээ. Алив үнсчихье, өөлхий өөлхий.
Т.Ганди: Хүүе ээ, гар чинь болохгүй газраар яваад байна!
С.Батболд: Больцгоо! Дандаа л ингэж байдаг… Өөр ажил хиймээр байгаа улс нь гарцгаа.
“Өндөр тэхнологийн аж үйлдвэрийн цогцолбор, шинжлэх ухаан-үйлдвэрийн парк” төсөл гэсэн мөртлөө, дор нь, борлуулалт хийх тэхнологи л гэсэн байх юм. Юу вэ, энд одоо! Үйлдвэр, шинжлэх ухаан нь хаа байнаа, наймаачид аа, хөөш.
Д.Зоригт: Даргаа, та дандаа болохгүй бүтэхгүй юмыг нь яриад байх юм, болох бүтэх юм байнуу, наана чинь.
С.Батболд: “Галзуу хүний өдрийн тэмдэглэл”-д болох бүтэх юу байдаг юм.
Хог хаягдал, биомассаас эрчим хүч үйлдвэрлэх төсөл гээд л сүржигнэсэн байна. Биомасс гэдэг чинь баас биз?
Л.Гансүх: Тийм. Гэхдээ биобаас л даа.
С.Батболд: “Тавантолгой” төсөл нь гэж хэдхэн үг, “Баас” төсөл нь гэж сүртэй юм байхаар биднийг юу гэж ойлгох вэ? Баасны ЗГ гэж ойлгоно. Баас гэж ойлгоно.
Баярцогт сайд аа, энэ төслүүдийг хэрэгжүүлэх мөнгө бий юу?
С.Баярцогт: ЗГ-ын данс улайсан. Ямар сайндаа тамирчдад бага амжилт үзүүлээрэй гэж захиж байхав. Тэдэнд өгөх шагнал л ЗГ-т хүнд дарамт болох юм байна шүү дээ.
С.Батболд: Цаашдаа яаж хэрэгжүүлэх мөнгөө олохов?
С.Баярцогт: Олдоно гэх баталгаа байхгүй ш дээ. Монголчууд ядуу. Гадаадын хөрөнгө оруулагчид алдагдалтай ажиллана, уул уурхай хамгийн ашиггүй бизнэс л гэдэг.
С.Батболд: Отгонбаяр сайд аа, энэ төслүүдийг хэрэгжүүлэх боловсон хүчин бий юу.
Ё.Отгонбаяр: Байхгүй.
С.Батболд: Ганди сайд аа, зохих ажиллах хүч бий юу.
Т.Ганди: Та нар өөрсдөө хужаа битгий оруулж ир гээд байгаа юм чинь яаж байх юм.
С.Батболд: Энэ баримт бичгийг ер нь хэн яах гэж боловсруулсан юм?
Бүгд: Мэ-эд-кү!
С.Батболд (удтал бодолхийлснээ): Түрүүн Ганди санаа авахуулах юм хэллээ шүү. Ерөөсөө ажиллах хүч, боловсон хүчин, санхүүжилт гээд бүх асуудлыг хятад нөхөдтэй хамтраад шийдвэрлэчихье. Нэгэнт хэрэгжүүлнэ гээд зарлачихсан юм чинь одоо яах ч аргагүй ш дээ.
Г.Занданшатар: Гандийн санаа гэнэ шүү, бид угаасаа л хамаг асуудлаа Хятадын тусламжтайгаар л шийдвэрлэж ирсэн шүү дээ.
Д.Зоригт: Хэрэв хятад компанийн үйлдвэр байгуулагдах, тэгээд тэнд нь хятадууд ажиллах юм бол ч, Монголд юу л бол юу бариад бүтээгээд өгнө л дөө. Яс юман дээрээ бол экологи энэ тэр гээд нутгаа цаадуул чинь хайрладаг байхгүй юу.
С.Ламбаа: Энэ маань тэгээд Монголын хөгжил гэх ямар утгатай байна аа? Бид чинь ер нь хэн болж таарч байна вэ?
Л.Болд: Монголын нутаг дээр байгаа юм чинь Монголынх байхгүй яах юм. Монголд хөгжлийг цогцлоосон юм чинь бид ч Монголын ЗГ байхгүй яах юм.
С.Ламбаа: Тийм ч юм уу. Шүлхий тусчихсан чинь барагтай юм ойлгохоо байсан.
С.Батболд: Гадаадын хөрөнгө оруулагчдын үйлдвэр, ААН, гадаад ажиллагсдын асуудлаар ч бид уян хатан хандаж ирсэн туршлагатай л даа. Бүтээн байгуулалтаа хийчихнэ, эдийн засаг өснө, гадны ажиллагсдад өгөх цалин мөнгөний асуудлыг гадаадын зээл тусламжаар шийдчихнэ, ЗГ-ын данс улайх улайхгүй нь хамаагүй…
С.Баярцогт: Ингээд бүх асуудал сайхан шийдэгдчихлээ ш дээ, тэмдэглэцгээе! Уйлуулсан ганц охиноо бүгдээрээ үнсэцгээе, аргадацгаая, энхрийлцгээе!
Т.Ганди: Яана аа, та нар болиоч ээ. Ингээд дандаа давраад байдаг юм шүү!
С.Батболд: Ай даа, сайн хөрш байхад ч “Галзуу хүний өдрийн тэмдэглэл”-ээр ч улсаа хөгжүүлчих юм даа!
Ч.Мөнхбаяр
MMX.XI.IX

P.S. Нам засгийн хэвлэлд нийтлэгдсэн албан ёсны тэкстээс эшлэн суурилж бичив.

No comments: