шог үгүүллэг
-Тариандаа ороорой гээд л Дээгий бархиран, хаалга үүд бүрийг онголзуулж, элдвийн хараал ерөөл, наргиа егөө, шалтаг учирлал сонсон явсаар, ээлжит бариулыг угзарваас, винайн ёсыг сахидаггүйгээрээ алдаршсан Мандах дэн дун сууж байв.
-Ямар учиртай тариа вэ? хэмээн тэнтэр тунтар алхсаар тэр, сувилагчийн өрөөнд орж, гар барих гэтэл өгзгөнд нь хүрчихэв. Гэрлийн өөдөөс харсан чинь нүд нь гялбаад наашаа цаашаа харж зогссоны алин болох нь мэдэгдээгүй явдлыг тайлбарлан бөхөлзтөл:
-Нам засгаас Монгол улсыг ашигт малтмалгүйгээр үсрэнгүй хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу тарьж байнаа, би дуртайдаа ингэж байгаа юм биш. Монголын эрчүүд нь цөм архинд орж, харин эмэгтэйчүүд нь л улс орон, гэр орноо авч явж байгаа. Тийм болохоор, бүх эрчүүдэд архинаас гаргах, бүх эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс сэргийлэх тарилга хийх нууц дирэктив гарсныг та дуулаагүй юу гэж бүсгүй уцаарлангуй хэлэв.
-Нууц юм бол би яаж мэдэх вэ?
-Дирэктив нь нууц, хэрэгжүүлэх нь нууц биш юм гэнэ лээ.
-Архи ч яахав ойлгомжтой. Харин жирэмслэлтээс сэргийлдэг нь яаж байгаа юм. Ажил дээрх бэлгийн дарамтыг багасгах гэж тэр үү, ихэсгэх гэж тэр үү?
-Та ялааны хор уучихаад битгий олон юм яриад бай. Алив бушуу өмдөө шувтал. Үгүй ээ, арагшаа хараач ээ, ямар ичдэггүй юм бэ гээд сувилагч түрүүн өгзгөнд нь хүрсний өшөөг авч, ширүүхэн хүрлээ дээ. Чингээд:
-Улс үндэстнээ нуруун дээрээ авч яваа хүүхнүүдийг арчаагүй эрчүүд та нар бэлгийн мөлжлөг болгочихоод тэгээд бас зугаа цэнгэлийнхээ төлөө хэвэлд нь хүнд ачаа дайж, улам нэрмэх нь үү. Тэгээд ч төрөх, эх нялхсын нэг ч эмнэлэг домнолго байхгүй болсон мэдэв үү гээд л, монгол эрчүүдийг жигших үзэл сурталд бүр нэг нэвширтлээ орчихсон шинжтэй нүдээ гялалзуулан урсгаад тарилгын дараа, тавирч буй янзтай гайгүй болов.
Нэг ухаан орвол Мандах гэртээ хэвтэж байх юм. “Хи хи гижиг хүрээд байна, аятайхан тарь л даа” гэж сувилагчид сээтэн хаяхчаа аядаж байснаа бүүр түүрхэн санана. Эхнэр Заяа нь:
-Өчигдөр чи их уян зөөлөн агсам тавьсан шүү, баярлалаа. Бүсгүй хүний зовлонг ойлгоноо гээд л намайг үнсээд байсан гээд түр ичингүйрхсэнээ, нэг “Yah-uu” сарвайв. Рэфлэкс ёсоор ум хумгүй шүүрэн авч залгилах гэтэл нэг л хачин, пиав харахаараа дургүй хүрээд байдаг болчиж. “Тарианы л гай” гэж санаад:
-Уухгүй ээ гэсэн чинь эхнэр нь “Хайрт минь” гэснээ түүнийг дарж унав. Иймэрхүү зүйл шар тайлдаг гэсэн үнэн юм гэж бодсоор ажил дээрээ заларсан чинь бөөн уй гашуу.
“Архинаас гарсан миний бие ажлын энэ уйтгарт өдрийг яаж барна аа, харивал ядаж унтах юм даа” л гэж бодон, гиюүрэн ганихарсан эрцүүл хоёр гараар эрүүгээ ээтийлгэн тулж, цонх руу гөлрөн сууна. Эднийхэн даргаасаа өгсүүлээд цэвэрлэгчээ хүртэл яггүй хөлчүүрчихдэг, ямар сайндаа л “архичдын төв байгууллага” гэгдэж байхав. Тиймээс хөтөлбөрт хамгийн анх хамрагдсан нь үнэн л дээ. Гэхдээ бусад байгууллага хэвийн атал улс нийтийн хөтөлбөр хэрэгжүүлдэг ч…
Ийн эргэцүүлж суутал нь шударга үг яриатай гэгдэх Дондвоо:
-Ай даа, амьдралын утга учир гэдэг чинь архи л байсан юмсанж үү дээ гээд эвшээлгэв. Хэн ч хариу хэлсэнгүй. Нанчдын найзууд бие биеээн танихгүй улс шиг л хөндий хүйтэн харьцах болж дээ.
Ядаж байхад, хүүхнүүд нь даагаа нэхэж байгаа аятай, гашуун нясуун юм үнэртүүлээд, дуу нь чангарч, хөгжиж хөөрчихсөн явах агаад, бас ч үгүй элдвээр өдөж сөдөөд, татаж чангаагаад амар заяа үзүүлэхээ байлаа. Мандахыг гэхэд л, “Зума” тоглосон болж цаг нөгцөөж суутал хажуу өрөөний хөөрхөн Цэлмүүнээ орж ирж элдэвлэлээ. Айсан янзаганых шиг нүд нь эм барсынхаар солигдсон тэр:
-Чи үнэхээр миний төлөө авгайгаасаа салж чадах юм уу! гээд өвөр дээр нь суухад нөгөөх сэнгэнэв.
-Болиоч, хүмүүс юу гэж ч бодох юм билээ. Яриад байгааг чинь ойлгохгүй байна.
-Та нар чинь яачихаа вэ. Урьд архи уудаг ч гэсэн эр шүү юмнууд байсан. Согтох бүрдээ л надад хэлдэг ярьдаг ариун хайрын үгсээ мартчихаа юу даа, хонгор минь!
-Наад гар мар чинь болохгүй газраар яваад байна. Бас тоглоом маань хэцүүдлээ.
-Ажлын цагаар тоглож болохгүй ээ, миний бяцхан Казанова!
-Төрийн албан хаагч тэгээд ажлын цагаар өөр юу хийх юм.
-Болдог тоглоомоор нь наадаж сур. Битгий маяглаад бай гээд л Цэлмүүнээ дайрч, хэрээс хэтэрсэн их чимээ гарган, тэр хоёр давхралдан нурав.
Энэ бүхэнд хязгаар байсангүй. Өдөр Цэлмүүнээ, шөнө гэргий нь түүнийг талхиж гүйцнэ.
Эрчүүд эргээд хоорондоо харьцаж эхлэв. Ганц нэгээрээ байх аргагүй ч болсон хэрэг. Дээгий буюу Дэлгэрээ:
-Эр хүн жирэмсэлдэг бол сонин оо гэдэг юм байна.
-Чи арай өөрөө жирэмсэлчихсэн юм биш биз дээ. Нүүр чинь сэвхтээд, гэдэс чинь пүмбийгээд л байх юм.
-Архинаас гарахаар бие тэнхрээд мяраа сууж байхгүй юу. Та нар ч гэсэн гүзээтэй болоод л, сэвхтээд байгаа биз дээ.
-Тийм нь тийм. Эвгүй юм аа. Тураах күрс, гоо сайханд явдаг юм билүү.
-Эхлээд шинжилгээ өгч, хяналтанд орсон нь дээр байх аа.
-Юу яриад байна аа?
-Жирэмсэлсэн бол турна, гоо сайхан болно гээд нэмэргүй ш дээ.
-Чи чинь ууж байхдаа мэдэгддэггүй байсан. Арай нөгөө архины цагаан…
-Битгий солиор, би эв эрүүл л байна даг. Ямартаа саяхан “Тэргүүний глобал удирдагч” тэмдгээр шагнуулахав. Ер нь эр хүн хүүхэд төрүүлж, үрийн зулай үнэрлэлээ гэхэд ч муу нь юу байхав дээ. Заавал эмэгтэйчүүд л…
-Хүүе, бүтэн гарсан сар удаан харвал ихэр төрдөг гэсэн!
-Тийм үү, ямар гоё юм бэ!
-Кофэ муу гэсэн шүү.
-Би хавагнаад байгаа.
-Миний дотор муухайраад байдаг болсон.
-Даралт ихэссэн.
-Биед зураас гарсан.
-Стрэсст орсон.
-10 цагаас доошгүй унтаарай.
-Хэнтэй?
-Эрчүүд дандаа л нэг юмны тухай бодож байх юм. Давс, сахар, өөх, тос, архи тамхи, эмийг март.
-Чи яагаад дуугүй суугаад байна. Биед чинь ч өөрчлөлт орсон юм алга.
-Арван хүний нэг нь жил сэкс хийсэн ч жирэмсэлдэггүй гээ биз дээ. Тэр нэг нь л би юм байгаа биз. Амар л байна.
-Бид чинь одоо бэлгийн хэвийн харьцаанд орж болж байгаа юм уу. Энэ хүүхнүүд ч нэг л юмны тухай бодоод, юу ч ойлгохгүй. Эрчүүд бид л аминчлан ярихад…
-Хэвийн харьцаа марьцаа гээд яасан ичдэггүй юм бэ?
-Хэвийн харьцаа ярихад ичих юу байна. Ямар хэвийн бусыг ярьсан биш, хи хи.
-Балай ш дээ.
-Хөхөө сайн бэлтгэх хэрэгтэй гэсэн шүү. Толгойд нь иллэг хийж, цэвэрлэж байх хэрэгтэй.
-Та нар ямар эрээ цээргүй юм бэ. Би христийн шашинд орсон. Ичгүүр сонжуургүй нүгэлтэй яриагаа боль.
-Мээм байхгүй байж юугаа илэх гээд байгаа юм. Тэр хүүхэд хийсэн улсынх нь мээмийг ил.
-Угжсан нь дээр байх аа. Тэд чинь архи уугаад хүүхэд согтоогоод хаячвал яах юм. Ер нь, шал архичин хүүхэд төрвөл яанаа.
-Хүүе ээ, бид чинь юу яриад байна вэ. Бүгдээрээ жирэмсэлциймүү, хаашаа юм.
-Хамтдаа явж шинжилгээ өгцгөөеө.
-Тэгье. Бие биеэ сэтгэл санааны хувьд дэмжээд л сайхан ш дээ гэж эрчүүдийг хөөрөлдөн ахуйд Мандахаа л орох байх газраа олж ядан навталзаж байв. Бодоод байхнээ, Цэлмүүнээс л хүүхэд олсон шиг. Яаж Заяагийнхаа нүүрийг харнаа. Нөгөөтэйгүүр Цэлмүүнд ч өөрөө сайн. Зэрлэг балмад, түрэмгий довтолгоо нь эхлээд эвгүй санагддаг байсан ч, сүүлдээ таалагддаг болж. Согтуу байсан ч хамаагүй. Авгайнх нь эелдэг зөөлөн энхрийлэл ч сайхан. Яах ч аргагүй л болчихоод байв…
Шинжилгээний дүнгээр, ихэнх нь жирэмсэлсэн нь тодорхой болов. Дор нь аборт хийж зовлонгоос чинь салгаад өгье гэж эмчийг хэлэхэд, уйлалдаж байсан эрчүүд харин уурлах ч янзтай болж:
-Аборт бол аллага!
-Ангир үрээн тэвэрмээр байна.
-Хяналтанд оръё. Маргааш авгайтайгаа ирнэ.
-Төрөх үед найз бүсгүйгээ дэргэдээ байлгаж болох уу гэцгээв.
-Төрөх, эх нялхсын эмнэлэг гэж байхгүй болчихоод байхад хаашаа улс вэ. Бүстэй хүн богино ухаантай гэж үнэн юм гэж эмч ч цухалдлаа.
Нөгөө сувилагч бүсгүй дээр бөөнөөрөө очиж уулзав.
-Та нар чинь тариандаа орохгүй нервтүүлээд, бас энэ ах чинь өгзөг илээд, юмаа өөдөөс харуулаад, будлиулчихсан байхгүй юу. Дараа нь эр эм, хөгшин залуу, сайхан муухай янзан бүрийн олон өгзөг хараад бүр салганачихсан. Малын эмчээр сурсныг ч хэлэх үү. Сургуулиа төгсөөд, ажилд орсон анхны өдөр байсан юм гэж тэр үглэв.
-Өө, Мандхаагаас л болсон юм байнашт. Энэ тариаг сольж хийхээр чинь амь насанд аюултай юу?
-Аюулгүй. Харин эсрэгээр үйлчилдэг юм.
-Юу?!
-Эрчүүд жирэмсэлнэ, хүүхнүүд архинд орно.
-Бид архинаас гарсан шүү дээ.
-Эм шинжинд ороод л тэгсэн байхгүй юу гэж сувилагч тайлбарлав…
Өдөр хоног улирсаар, эрчүүдийн гэдэс цүдийсээр. Мандахаа дээр нэгэн өдөр Цэлмүүн орж ирж:
-Хайрт минь төрөх мөрөх байхгүй гэж санаа зоволтгүй ээ. Яаж ийгээд хоёулаа хүүхдээ гаргана гэж сэтгэл уужрам үг хэлснээ:
-Хүүе ээ, миний хөхөнд сүү орсонштээ гээд энгэрээ ярав. Энэ л эмшүүд шийдэмгий занд нь Мандах эрхгүй татагдах бөгөөд, цээжинд нь хацраа наагаад зөндөө л уйлав.
Ч.Мөнхбаяр
ММХ.X.II
No comments:
Post a Comment