Friday, January 7, 2011

288 хүнтэй очоод, 20-уулаа очсон Тэхраны (1974) наадмаас 11 байраар ухарлаа

Монголчууд Гуанжоуд 10 алт, 30 мэдал авч, Х байр эзэлж болох байв

Гуанжоугийн тоглолт дууслаа. Мэдал авах амаргүй, мэдалын тавцан дээр зогсох бахдалтай гэдэг нь мэдээж. Гэхдээ спорт, хүн зон маань өсөөд хөгжөөд байна гэтэл, норматив юм шиг 1-2 алт, арван хэдэн мэдал л авчирсаар 30 гаруй жилийн нүүрийг үзлээ. Үүнийг хөгжил гэх үү, зогсонги байдал гэх үү.
Улс маань дэлхий, социалист орнуудын тэмцээнд л оролцоод Азийнхныг тоодог ч үгүй үе байжээ. 1974 оны Тэхраны VII наадамд л анх оролцож, хоёр алт, таван мөнгө, найман хүрэл хүртэж, аравдугаар байрыг эзэлсэн бол Гуанжоугийн наадмаас нэг хүрэл л илүү авч, 21 дүгээр байранд орлоо. Тэхранд 20 тамирчин очсон бол, сая 288 тамирчин залраад 36 жилийн өмнөх шиг тооны мэдал хүртэж харин ч 11 байр ухарчихжээ.

Манайхан Дэлхийн IX (1982) наадамд гурван алт хүртэж, есдүгээр байранд жагсаж байсан (Ташрамд, бүх хэвлэл мэдээлэл хоёр алт авсан гэж мэргэн буудагчдынхаа амжилтыг үгүйсгэж явсаар, Гуанжоугийн наадам дуусахад л мэдэх шив). Бээжингийн XI наадамд (1990) 17 мэдаль авсны долоо нь мөнгө. Бусаны XIV (2002) наадамд 12 хүрэл зүүсэн. Эдгээр дээд амжилтын аль нь ч сая эвдэгдсэнгүй. Монголын тамирчдын эзэлсэн байр 10, 13, 9, 12, 18, 19, 26, 21, 21 гэхчилэн ерөнхийдөө хойшилж иржээ (БНСУ-ыг дайсан орон гэдэг асан тул Сөүлийн наадамд оролцоогүй тал бий). Олимп, дэлхийн аваргуудтай болсон бид Дохагаас ганц хүрлээр л ахилаа. Юу болох нь энэ вэ?
Чингисийн цомдоо гялалзаж явсан жүдоч залуус маань Мароккогийн гран-прид бут ниргүүлсэн (Ордон байхгүй ээ гээд сууж байхын оронд, өөрийн тэмцээнээ өргөжүүлэх талаар ноцтой анхаармаар юм билээ. Манайд 15 орны 125 тамирчин ирсэн бол, Мароккод 78 орны 596 тамирчин ирсэн. Япончууд тэнд есөн алт, дөрвөн мөнгө авсан бөгөөд, тогтвортой амжилт гаргадаг үүрэг хариуцлагаас нь суралцмаар). Чингэхэд би манайхан юу болчихов оо гэж гайхсан агаад, хаврын тэнгэр шиг л амжилт, ур чадвар нь хувьсаж өөрчлөгдөж байдаг өөрсдийнхнийхөө онцлогийг түр мартаж л дээ.
Мияарагчаа, Төмөрхүлэг, Ням-Осор, Нямхүү нарын шилдгүүд маань Гуанжоу яваагүй. Зарим нь гэмтсэн, зарим нь нээнтгэнд орчихсон юм уу даа. Уг нь хамгийн шилдэг тамирчин хамгийн том тэмцээнүүдэд явж байх нь зүйн хэрэг. Гэтэл манайд бол бөхийн чанараас хамаарахгүйгээр ийм ийм тэмцээнүүдэд тэр тэр явна гээд тэгшитгэсэн хуваарь гаргачихсан байдаг, тэгэхгүй бол барьцаад бөөн хэл ам гардаг гэнэ. Тийм хуваарийн дагуу би очоогүй гээд нэг ясны сайн бөх маань ТВ-ийн стүдид спортын тайлбар хийгээд сууж байх юм.
М.Бундмаа, Ц.Наранжаргал, Т.Баттөгс, Б.Бат-Эрдэнэ, Д.Цэрэнханд, Х.Мөнхбаатар нарынхаа нэг мөнгө, таван хүрлээр монголчууд бахархаж байна. Гэтэл Дохад 2 алт, 3 мөнгө, 1 хүрэлтэй байж шүү. Саяын мэдалист жүдочдын тав нь эмэгтэй. Хүчит сайхан хүдэр бадар эрцүүл маань хүүхнүүдийн ард нуугдаж, нүүрээ тахалдаг болох нь үү дээ, үгүй юу. Жүдод Өвөр Монголын Үндэс японыг ялж алт авсан нь л зохих хэмжээгээр сэтгэл сэргээх шив.
Бас манайхны аз харьжээ. Бараг л бүх жүдоч мэдалийн төлөө барилдсан ч, олимпийн аварга маань олимпийн туг барьж гар цуцсан учир ялагдлаа л гэх юм. 81 кг-ийн О.Ууганбаатар Японы хүчтэй өрсөлдөгч Такамацуг ид хавтай дийлж явсан ч, хоолойг нь боохын оронд эрүүг нь “боож” мултлахаан дөхсөн учир хориотой үйлдэл хийв гэгдээд дэвжээнээс буулаа. Т.Баттөгс маань Солонгосын бөхийг аанай чөлөөт барилдаж байгаа аятай тайван гэгч хонгодчихсон зогсч байгаад хусагдав. Энд ирчихээд “Миний дархан мэх бол хонгодох” гэж байх юм. Самбо, кураш гэхчилэн олимпийн бус, янз бүрийн бөхөөр хичээллэж байгаад хольж хутгадаг болчихдог юм байх аа даа. Дэлхийн шилдэг бөх Х.Цагаанбаатар маань бас л хориотой мэх хийсэн гэгдэв. +100-гийн Б.Сугаржаргал 4 с-д цэвэр ялагдаж рэкорд тогтоов. Тэгээд бас болоо ч үгүй, бүгдээрээ л ханиад хатгаа туссан, бэртсэн гэмтсэн, булхайдуулсан, формондоо орж амжаагүй, жин хасах, нэмэх гэж зовж шаналсан гэх. Баахан бүтэлгүйтэл. Эрүүл биетэй, хориогүй үйлдэл хийдэг, бэлтгэл сайтай хүн олддоггүй л юм байх даа.
Боксынхон санаанд хүрэхүйц шигшээ бэлтгэсэн хэдий ч, Бадар-Ууган, Мөнх-Эрдэнэ, Энхзориг, Нандин-Эрдэнэ хаачсан юм бэ. П.Сэрдамбыг дэвжээн дээр гарангуут л авлигын дэлхийн аварга шүүгч гарч ирээд 0:9-өөр булхайдаад хожигдуулчих юм гэнэ. Нэг сонин тэдний явдлыг “Ширэн бээлийтний хар цуврал” гэж нэрлэжээ. Цугаараа л луйвардуулсан гэнэм. Д.Түвшинбатыг гэхэд л энэтхэг луйварджээ. Ж.Отгонжаргал хүрэл, эмэгтэй боксчин Э.Ундрам мөнгө аваагүй бол ч…
Чөлөөтийнхөн төдийлөн нэрд гараагүй залуусаар багаа бүрдүүлсэн. “Тэд яаж хөгөө чирэх бол, үзээд ч хэрэггүй” гэх улс байлаа. Дэлхийн мэдалтай 4-н ч тамирчин нь янз бүрийн шалтгаанаар багт багтаагүйг ч хэлэх үү. Гэтэл Г.Мандахнаран Японы, Г.Наранчимэг Хятадын бөхийг ялж, шигшээ хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл авцгаалаа. Аз од, сүлд хийморь гэж нэг иймэрхүү л байх ёстой болов уу.
Тэгэхдээ бас чөлөөтөд ч дарууллаа, булхайдууллаа гэсэн. Ямар учраас монголчуудыг дандаа дээрэлхэж, ялгаварлан гадуурхаж байдаг юм бэ. Манай шүүгч яваагүй учраас ингэлээ гэв. Яагаад тэднийг явуулаагүй юм. Олон улсын амжилт гаргасан тамирчнаасаа л илүү олон улсын шүүгчтэй шахуу юм билээ дэг.
Нэгэн бөх маань, өмнөх багш хөл чагтлах мэхийг сайн сургуулилуулдаг байсан, харин одоо хөшлөө, бэртээх гэлээ гээд хийлгэхгүй юм, гадаадын тамирчинд хийж байж л аваргаллаа гэж ярив. Дархан мэхийг нь давтуулдаггүй ямар гээч бэлтгэл байна вэ, таминь ээ.
Дасгалжуулагчдад ч явдал учир их бий юм шүү. Манайх шиг, тамирчныхаа шагналын 50%-ийг авна гэж дасгалжуулагчид нь бараг иргэний хөдөлгөөн байгуулах дөхөн бужигнадаг газар гэж хаа байна. Тэдний авдаг юм тус тусдаа л байх ёстой буюу. Уншигч минь, таны багш нар орлогын тань 50%-ийг авна гээд явбал ямар байхав, төсөөлөөд үзэгтүн. Учир начир гэж баймаар. Гэтэл нөхцөл бололцоог нь хангаад өгдөггүй хэрнээ, олимпийн аваргуудад амлагдсан бэлэг сэлтийг бүгдийг нь жагсааж биччихээд өчнөөн татвар нэхэж, шоронд суулгахаас л наахнуур өнгөрсөн төрийн явдал буй гэх.
30 м-ийн гурван байрлалын буудлагад Б.Бишрэл 41 хүнээс 34, хийн урт буунд Г.Нандинзаяа 40, эр гар буунд Э.Бадамгарав 35, Я.Ганцоож 42, усанд сэлэлтийн 100 м-т Г.Оюунгэрэл эцсийн байр, эр 100 м-ийн сэлэлтэд Э.Бямбасүрэн 40 хүнээс 39, эр араар даллахад Б.Дөлгөөн 30 хүнээс 26 дугаар байр эзэлжээ. Уулын дугуйнд 16 эрэгтэйгээс Д.Өлзийбадрах 14, замын дугуйнд 14 эмэгтэйгээс Ж.Өлзийсолонго сүүлийн байр, эмэгтэй 10 мянгын гүйлтэд Л.Отгонбаяр 12 хүнээс 11, эмэгтэй триатлонд Т.Энхжаргал сүүлийн байр, эрэгтэйд нь Ч.Гансүх 21 хүнээс 19-рт орж, түрүүлэгчээс 40 минутаар хоцорчээ.
Багийн төрөлд рэгбигээр Таиландад 52:0, Японд 55:0, Хонконгод 59:0-оор ( Дасгалжуулагч нь урьд бид гарааны бүрэн тоглогчтой тоглож үзээгүй гэж ангайлгасан ), гандболоор Хятадад 67:13, Энэтхэгт 56:22-оор хожигдож, тав тоглохдоо айлын хаалганд 88 оруулж, 315 алдсан байна. Өөр спортод ч бас иймэрхүү “амжилт” үзүүлсэн тодорхой жишээ буй. Тажикистанд волэйболоор 75:26-аар хожигдсон. Сагсаар Хятадад 91:46-аар.
Манай зарим тамирчны, багийн тоглолтыг хошин шоу адилаар үзэж байсан гэнэ лээ. Хятадууд л лав тэгж асныг нэг сонин дээр бичсэн байсан.
Спорт гэдэг бол эх оронч үзлийг оргилуулж бадруулах чухал хэрэглүүр, үндэсний үнэ цэнэ. Гэтэл арав хорь дахин олон тамирчин оччихоод гуч дөчин жилийн өмнөх амжилттайгаа зууралдаад байна гэдэг яавч ахиц дэвшил биш. Яах гэж тэр эх орныхоо нэр хүндийг унагагсдыг тийш нь аваачив, ямар зорилгоор. Монгол улс үндэстний эсрэг суртал ухуулга хийх гэж үү.
Шатрын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ морилж чадаагүй л гэнэ. Хөнгөн атлэтикийн ганц гайгүй тамирчин, марафоны Б.Сэр-Одоо аваачсангүй.Тэмцээний болон эмчилгээний зардал, эм бэлдмэл дутагддаг гэнэм. Тэр олон “тамирчинг” явуулалгүй, хэмнэсэн мөнгөөрөө чаддаг мэддэг улсаа олигтой дэмжих нь яав аа.
Залуу олимпийн аварга Г.Эрдэнэболд маань хүртэл 24-өөс 18-д оров. О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул аваргууд маань олиггүй буудаад, бэлтгэл тааруу хийсээн гээд хээвнэг ярих агаад, Ц.Хонгорзулын амжилтад л чирэгдэн байж мөнгө зүүн, халаасандаа байсан алтыг аз нь шовойсон ахмадуудад ( Казахстан ) бэлэглэх шив. Шатрынхан ч таг. Балбатай нэг тоглоод л хүрэл авсан сандогийн тамирчнаа азтай нөхөр юм гэж бодтол, тийм биш аж. Пакистанд булхайгаар хожигдуулаагүй бол түрүүлчихэж ч болох байв гэнэ. Харваачид мэдалийн оосроос атгаад алдаж л байсан. Нэг л одгүй болчихсон байв даа, манайхан.
Спортын бараг бүх төрлөөр нь оролцож, тэрбум гаруй хүн амтай Энэтхэгийн багийн дайтайг илгээсэн нь бүхнийг мэддэг чаддагтаа биш л байж. Топ-4-өөс бусдад манайх дэндүү муу юм. Зарим тамирчин ч олон улсын тавцан дээр Монголын далбаагаар гутлаа арчиж л дөнгөх аж.
Биеийн тамир, хобби гэдэг их спортоос ялгаатай. Энэхэн төдийг дарга нар маань ялгадаггүй гэмээр байна шүү дээ. Эх орны нэр сүрийг илтгэх бололцоотой тэмцээнд тамирчдыг явуулж байя. Биеийн тамирч, хоббич зэрэг тамирчин бус улсыг илгээж, Монголыг гутааж байхын оронд. Нийтэд нь, бүхэлд нь харвал, Гуанжоуд Монголыг мандуулахаасаа илүү гутаасан нь гол дүр зураг болой.
Ийм гэм нүгэлд бус, Топ-4-ийнхөө хөгжил, ажил үйлсэд хөрөнгө хүч зарж баймаар байна. Баттулга, Сайхансамбуу, Чинбат гээд 3 бизнэсч 3-ыг нь амлаж аваад л овоо хөгжүүлчихлээ. Сонгомол бөх, сур, морин спорт гээд манай онцлиг нөхцөлд хөгжүүлэх боломжтой Топ-ууд, олимпийн төрлүүдийг амлаж аваачээ, бизнэсчдээ!
Чөлөөтийнхөн маань тэмцээндээ арай чүү л амжиж очсон. Уг нь акклиматизаци буюу уур амьсгалд дасах гэж нэг юм бий. Тэсгим хүйтнээс шатам халуун, хатам хуурайгаас дэвтэм чийглэгт гэнэт шилжингүүтээ л тэмцээнд орох нь амжилтад сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. С.Магсар гуай бөхчүүдээ Мэхикогийн уур амьсгал, газарзүйн өндөрлөг нөхцөлд дасгаж байж, өмнөх олимпод IX байр нэгийг эзэлсэн чөлөөтийнхнөөр ганц олимпоос дөрвөн мэдал авахуулж байсныг санацгаая. Энэ удаад чөлөөтийнхөнд тэгэх мөнгө хөрөнгө байсангүй.
Янз бүрийн спортын холбоо байгуулах нь ашиг хонжоо олох мэх гох болоод удав. Холбоодын удирдагч нар гээд эргэлзээтэй этгээдүүд ивээн тэтгэгчдийн хандив, улсаас өгөх мөнгө, олон улсын тусламжийг нийлүүлээд л ховх сорчихдог, тэгээд л хэдэн хүүхдийг Монголын анхдагч тэргүүлэгч гэж хуураад, тэднээр мөнгө гуйлгаад сууж байдаг юм биш үү.
Кёрлингийн, роликийн (скэйтбордын ч билүү), зэрэг юу ч хийж бүтээлгүй байж байгаад хаагдсан нь ч буй. Ажил нь аятайхан явагдаж байгаа холбоог нэрлэхэд бэрхтэй. Бэлтгэл хийх дэвжээ дутмаг, өвөл нь хүйтэн, буудах сум байхгүй л гэнэ.
Тэмцээн бол хамгийн гол бэлтгэл мөөн гээд л нэг ялихгүй холбооны дарга дорго том дуугарав. Бэлтгэлээ гүйцээгээгүй, бэлтгэл тэмцээнээ ялгадаггүй бол наадамд очих хэрэг юун.
Газар үзчихье, тэмцээн үзчихье гэсэн тамирчин байдаг гэнэ. Бушуухан ялагдчихаад, наймаа, хувийн ажлаа хөөцөлдөөд явчихдаг нь ч буй гэнэм. Энэ бүхэн нь монголчуудын амьдрал хэцүү бэрхтэй ч бас холбоотой
Топ-4-ын хувьд ОУТ-д явах шалгуур өндөр бол, бусдад нь ямар ч шалгуур үгүйг ч анхаарах хэрэгтэй. Тиймээс бэйсболын тамирчин маань өрсөлдөгчийн цохисон анхны бөмбөгийг хаах байтугай, нүүрэндээ хүнд бэртэл авч, хагалгаанд орсон тун харамсалтай бөгөөд, тус спортын түүхэнд бичигдэх ховор тохиолдол сая гарлаа ( Манай бэйсболчид ганц ориг цохиураа хугалаад ирсэн ч гэвүү). Хамаагүй тэмцээнд яваад байх нь амь насанд ч халтай байна шүү, таминь ээ. Зүгээр нэг аялал зугаалга гэж эндүүрч болохгүй.
Ажаад байхнээ, монголын тамирчдыг л онцгойлон элэг барьж, амжилтыг нь ичгүүр сонжуур, эрээ цээргүйгээр булаах юм. Манай л шүүгчдийг очихыг хориглосон ч гээд байх шиг. Ингэж, дэлхийн хамгийн муу муухай улс шиг дээрэлхүүлж, заяагүйтээд байхлаар бүр зүрх өвдөх юм. Буруу шүүж луйвардчихаад, манай тамирчин бол, тэгвэл яасан ч ингэж мэдалаа булаалгахгүй гэж, ам бардам хэлж, аргадаж ятгадаг гэнэ, залуусыг маань.
Энэ нь улс орны нэр төр улан дор орсонтой л холбоотой. Олиггүй “удирдагч” нар Монголыг хамаг юмаа булаалгаж байдаг арчаагүй доройчуудын орон гэсэн имижтэй болгочихсон хойно. Тэгээд ч олимп, спортын дарга нар маань олон улсын авлигачдад тал алдах вий гээд олигтой зарга гомдол үүсгэн тэмцдэггүй. Уг нь Лозанны спортын ОУ-ын шүүх гээд тусгаар байгууллага байж л байгаа юмсан.
Эрүүл бус тогтолцоотой орнууд, ёс суртахуунгүй этгээдүүд ОУБ-уудыг НҮБ-аас нь өгсүүлээд завхруулж гүйцсэн. Спортын байгууллагуудыг муу муухайн үүр уурхай болгосон. Олон улсынх болохоор нь аль нэг улс шүүж шийтгэж чаддаггүй. Үүнд бүр эрэмшиж орхисон байдаг. Афины олимпод Цагаанбаатар-Уэмацугийн барилдаанд манай хүнд ялалт өгснийх нь дараа Мун шүүгчийн гарыг жишгийн дагуу цайлгаагүйгээс болж, сая хорлосон гэх юм. Сүүлд нь гомдол мэдүүлж, 500 доллараа хий алдаж байхын оронд өмнө нь юм бодохгүй дээ. Бас л хөрөнгө мөнгөний гачаал саад болдог юм байна. Монголчууд бол юу ч чадахгүй мэдэхгүй хөгийн амьтас гэж дотоод, гадаадад ойлгуулах гэж түмэн тамирчин явуулчихсан, спортын мөнгө төгрөгийг идчихдэг уучихдаг улсад юу байх билээ.
БНХАУ спортод хамгийн муу орон байв. Шог зурагт хүртэл зурагдсан удаатай. 1984 онд л олимпийн анхны медалаа авсан. Гэтэл одоо ямар байна? Улсаа ч хөгжүүлчихсэн, спортоо ч хөгжүүлчихсэн. Монгол ч тийм байж болох асан. Даанч муусайн дарганцрууд улсаа хорлож сөнөөсөөр, дэлхийн хамгийн баян орны багийг үмх будаанаас өөр юмгүй дэндүү ядуу юм уу, өчүүхэн жижиг хэдэн улсын өмнө л жагсааж, тэдний зиндаанд аваачиж чадлаа. Бусад нь Монголоос бүр тасраад явчихсан.
Бага орны хүн ам спортын бага амжилт үзүүлж байх албагүй. 445 мянган осэтүүд чөлөөт бөхөд ноёлж, бусад бөх, бокс, тулааны төрөлд ч бужигнуулж, олимп, ДАШТ бүрээс хэд хэдэн алт авдаг. 70-аад оноос хойш тэд үй түмэн олимп дэлхийн аваргатай болсон. Хэрэв Осэт спорт бүр лүү сарваганасан бол байнд ч үгүй, банзанд ч үгүй байх буй заа.
Дохад дор хаяж 4-5 алт, нийт 20 гаруй алт авах боломж бүрэн байлаа гэж дөрвөн жилийн өмнө бичиж байв. Сая ер нь 10 алт, 30 мэдаль авчихмаар санагдаад байсан чинь…
Спортоо хөгжүүлэхийн төлөө, спорт сонирхогчийн зүгээс, сайн санааны үүднээс хэдэн зүйл өчсү.
1-рт, Монголд хөгжсөн спортыг түлхүү дэмжих төрийн бодлогыг улам тодорхой, хүчтэй болгоё. Энэ нь шударга бус хэрэг биш юм. Бусад нь хөгжвөл мөн л тийнхүү дэмжигдэнэ.
2-рт, Ашигт малтмалын салбараас асар их орлого орж ирэх гэж байна гэдэг. Спортод хийх хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлье.
3-рт, Монголын спортын ертөнцийг эрүүлжүүлье. Албан тушаал хөөцөлдөх, авлигадах, хөрөнгө мөнгө завших, нутгархах, бүлгэрхэх, хэлмэгдүүлэх, хагаралдах, гадаадад явахыг гол болгон эрмэлзэх, улсын бус, хувийн эрх ашгаа л дээгүүрт тавих, эх оронч сэтгэлгүй байх, бэлтгэл сургуулиа хийдүүлэх, хонзогнох гээд л зөндөө алдаа дутагдал буй.
4-рт, тамирчнаа ур чадварынх нь зиндаанд тохирсон тэмцээнд явуулж байх, одоо бидний ээлж гэхчлэн барьцдаг зохисгүй үзэгдлийг таслан зогсоох,
5-рт, эмэгтэй тамирчид голчлон амжилт үзүүлдэг болсон өрөөсгөл үзэгдлийг арилгаж, хүйсийн хувьд жигд хөгжүүлэх,
6-рт, тамирчдын хөдөлмөрийн, эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, шаардлагатай бүх хангамжийг саадгүй олгож байх, олимпийн төрлөөр тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийн өмнөөс оролцож байгаад бэртэх юм уу өвдвөл эмчилгээний зардлыг улсаас шууд дааж байх,
7-рт, тамирчдын сэтгэлзүй, үүрэг хариуцлагыг өндөржүүлэн, тогтвортой амжилт үзүүлдэг болгох, формондоо орж амжсангүй, жин хасах гэж ядарлаа гэхчилэн наад захын зүйл дээр хариуцлагагүй явдал гаргадаггүй болгох,
8-рт, олон улсын төвшний шүүгч, мэргэжилтнүүдийг олноор бэлтгэж, тамирчидтайгаа хамт тэмцээнд явуулан дэмжүүлж байх,
9-рт, монголчуудыг хамгийн ихээр дарлаж доромжилж, луйвардаж байдаг ноцтой ялгаварлан гадуурхах явдлыг тусгай асуудал болгон дэвшүүлж, нааштайгаар шийдвэрлүүлэх,
10-рт, олон улсын спорт дахь шударга бус, гэмт явдлуудын эсрэг бусад орны санаа нэгт нөхөдтэйгээ дуу хоолойгоо нэгтгэн, мөр зэрэгцэн тэмцэх,
11-рт, хэрэв хээл хахууль авдаг тогтолцоо олон улсын спортод баттай ноттой тогтсон аваас, арга буюу “өгдөг юм”-ыг нь өгч байх,
12-рт, спортын амжилт, эзлэх байраа тууштай ахиулах шаардлагатай байна.
Энэ 12 зүйлд хамааруулахгүйгээр, эцэст нь спортын бус нэг зүйл нэмэрлэн хэлье. Шударга, эрүүл нийгмийг тогтоож, улс орноо хөгжүүлэн дэвшүүлэхгүй бол дээрх 12 зүйл бүтэхгүй нь ойлгомжтой. Өнөөгийн дарга нар спортын мөнгө хөрөнгийг завших, спортоор дамжуулж, монголчууд бол харийн боол байхдаа таарсан сул доройчууд гэж ойлгуулахыг л хичээх болно. Тэдний харгис дэглэмийг түлхэн унагахгүй л бол, хамаг улс орон, баялгаа гадаадын эзэрхийчүүдэд алдаж, хомхой түрэмгий нэоколоничлогчдын талхин дор дарлагдан хоосорч, энэ бүхнийг хүлцсээр байтал монголчуудын сүлд хийморь, аз од унасан, хамаг бүхэнд бүтэлгүйтэн, өөдлөхөө байсан байна шүү.
Ч.Мөнхбаяр
MMX.XI.XXVII

No comments: