наргиа
АТГ-ын аанай нэг хөөрхөн дарга хэсэг залуусаа хэмх тагнаж чагнах үүргийг “итгэл хүлээв” гэж ихэд баясан хүлээж авбай. Тэгээд чихээн жаахан дэлдийлгээдэхсэн чинь:
-Бар ба Тос... будаа… нэгээрээ… шивэр зайл… шод анд минь… гүвээт… авс чир… авч тараа… гэх шиг дуулдав. Сүпэр тагнуулч “Бар, Тос хочтой хоёр хулгайчаар хэн нэгнийг будаа буюу чад болгох нь дээ. Эсвэл өөрсдөө нэг нэгээрээ ээлжилж гүйцэтгэнэ. За байз, манай хэн нь тийм их шивэртэй билээ, тэр нь татгалзахаар нь зайл гэлээштээ. Шодож, гүйцэтгэгчийг тодруулж байх нь. Их гүвээтэй газар аваачиж булах нь байна шүү. Тун ч ноцтой хэрэг илрүүллээ дээ, би. Одон авах нь ч гарцаагүй. Гэхдээ одонгийн найр бас ядаргаатай…” гэхчлэн бодоод, ойлгосноо сийрүүлэн бичив.
-Батням, Балган, Бүрнээ… эндхийнх… балба… алж ир… гай яанаа… сайн мурина… гэр маань… үр маань… урс… гэр бат… гэрээ наа даа…
“Бар, Тос энэ тэрийнх нь нэр тодорхой боллоо, хөдөөний хулгайч нар лав биш юм гэнэ. Шийдчихжээ, эд чинь өрсөлдөгчдөө устгах гээд. Балбаж байгаад алах нь, хөөе. Тэгэхлээр аллага биш, архи ууж байгаад зодолдоод үхчихсэн тэнэг гар болж харагдахнээ, бас л нарийн төлөвлөгөө боловсруулж. Намайг илчлээд унахлээр сайн мурина гэнэ шүү. Хулчийгаад байгаа нэгнийгээ цусаар урс гэж харааснаа, обойгоор авлигадах болж тайвшрууллаа. За, би гэдэг хүн ч бас одонгийнхоо найрыг шинэ обойтой хийх юм шүү. Гөлөгнүүд чинь санаа авахаар юм их хэлж байна”.
-Ангильяа… бакь ястан, харгис ястан, хазах ястан, тагжгар ястан, авга ястан, төрхөм ястан… хядаад... Тогоо… гонгино… Би чи… амь эрэх… чад… тайван… Хаймар уу… ихдэнэшдээ… боль найз… малий… ирлэ анд минь… бээлий өг… гавтай мал… ямаат… майлдаг… махны дон… бор тугал… шивээд… хорвоо… лийр…
“Эд чинь хэнийг яс чанараар нь ангилаад унав аа. нэг нь Тогоо гэдэг хүнээр хийлгэе гэсэн чинь нөгөөдөх нь “би чи л хийнэ” гэв ээ дээ. “Амь эрж гуйгаад байвал чадахгүйнээ” гэхээр нь чад ч гэх шиг. Тэгсэн харин өөдөөс нь Хаймар машин нэхэж даварлаа. Гавтай мал, бор тугал мугал гэж мань мэтийг л доош нь хийх шиг. Гайгүй дээ, хэн нь гавтай мал болохоо үзнээ. Муу даргыг маань ямаат, майлдаг, махны дон , юу юу гэнэ вэ, хэлнэ дээ, та нарыг. Ярьсан тохирсноо шивж, тангаргийн бичигт хурууны хээгээ дарцгаахнээ, тэрийг нь олоод авахсан. Хорвоо бол лийр шиг бөөрөнхий гэв үү. Уг нь лийр чинь бөөрөнхий биш, гурвалжинштээ”.
-Үхсэн буур… том ан… эр ан… энд байна биз… зээл анд минь… лайтай… мальдийв… сыр… Гамбууш… дэмийр анд минь… тайл анд минь… боль чи… Ганаа... эс тооно… азарга байжээ… албан… их таал… бархираан…
“Пээ, юутай бузар булай билээ. Маниусыгаа үхсэн буур болгочихоод, дээр маань бүр загас наадуулан бүжиж доромжлох нь ээ. Тэгээд бас грүппэнсэкс хийх гээд байнуу, гомо хийх гээд байнуу, түй чоорт. Өө, тайлан руугаа нулимчлаа. Арчсан чинь бүр халтартуулчлаа.
Мөнгө зээл гэсэн чинь нөгөөх нь шууд хувцсаа тайл гэх. Мөн найзууд болов оо. Болоо ч үгүй бас албан тасалгаанд хооллохыг хориглосон атал сыр иднэ гэнээ. Надад биш юмаа гэхэд, даргад сырнээсээ амсуулчих ухаангүй.
Үгүй ээ, надад ч болохгүй л дээ, би гэдэг хүн илэрч фактлана. Ер нь биднийг алах бээлийгээ хүртэл зэхсэн улс юу гэж сыр өгөх вэ дээ. Гомдмоор юм!”
- Малаа зайл… болий… урвана даа… Данзан, Норвоо, Гүржав… дайн...
Ангил… Өмнөд Аврага, Төв Аварга… еэвэн… угаанадаа… Ар Хэнтий… чих…
Гайтай… анд гуай барах уу даа… бар жил… ухраана… зайран… Пэрэнлэйлхагва..
Ураг авгай… бараг авгай… бие нь сул… маажуур…нармий…
Бэр муут… бэрт тань… Бэн Ладэн… байгаам… түргэн…сул онгоц…
“Эхэндээ хэрэлдэж байснаа, еэвэн идэж эвлэрээд, биднийг чадхийлгэж олсон зоосоо аваргуудаар угаалгах нь ээ дээ. Эдний бөлөгт ямар ч олон хүн байдаг юм, бүр дайн хийх нь.
Хамгийн гол нь чих энэ тэр гээд намайг мэдчихлээ. Би чинь бар жилтэй, тэр зайран хэлээд өгчихөж. Даргатай эд хамаатан гэдэг, тэгсэн атлаа ар гэрийнхний нь ч өршөөхгүй нь ээ, бүүр улайрчихаж. Хэ хэ, даргын авгай хамуурсан юм болов уу, маажуур өвчин тусаад мажийх гэж байна гэнэ үү дээ.
Бэн Ладэнийг сул онгоцоор түргэн хөдөлгөнө гэнэ. Яанаа, би гэдэг хүн. Яах гэж энэ новшийн хэрэгтэй зууралдав аа, юун тэр одон зодон. Бушуу Солонгос руу зугтъя. Өө тэнд чинь нээрэн дайн болох гэж байгаа. Юу ч гэсэн гаръя!” гээд мань хүн өрөөнөөсөө ухасхийн гартал нөгөөдүүлийн хоёртой нь яг мөргөлдчихөв. Ингээд л алуулдаг юм байж хэмээн, өвдөг чичрүүлэн зогстол тэд:
-Дарга аа, нөгөө таны даалгасныг бид бэлэн болгочихлоо гэж өчив.
-Би юу даалгалаа?
-Авлигын төвшингөөр аль болох олон орон Монголоос илүү байна гэж ойлгуулах, энэ нь бидний нөр их зүтгэл чадлын үр нөлөө гэж ойлгуулах матэриалыг хэвлэлд төлбөртэй нийтлүүлэхээр бэлтгэ гээ биз дээ.
-Тэгээд ямар ямар орныг манайхаас илүү гэж та нар гаргав?
-1-р төвшинд, Барбадос, Бутан, Нигэри, Швэйцар, Шотланд, Күвэйт, Австри, Австрали.
2-р төвшинд, Ветнам, Болгар, Брүнэй, Энэтхэг, Балба, Алжир, Гаяна, Сан Марино, Гэрман, Рүмин, Орос, Кирибати, Грэнада.
3-р төвшинд: Ангилья, Пакистан, Киргизстан, Казахстан, Тажикистан, Афганистан, Түркмэнистан, Хятад, Того, Гонконг, Фижи, Амэрик, Чад, Тайван, Камэрун, Лихтэнштэйн, Полинэз, Мали, Ирланд, Бэльги, Гватэмал, Ямайк, Мальта, Макэдон, Португал, Швэд, Хорват, Ливи.
4-р төвшинд, Люксэмбург, Оман, Иран, Индонэз, Шинэ Зэланд, Латви, Мальдив, Сири, Камбож, Эмират, Таиланд, Польш, Гана, Эстон, Азэрбайжан, Албани, Итали, Бахрэйн.
5-р төвшинд, Малайз, Болив, Руанда, Танзани, Норвэги, Гүрж, Дани, Англи, Өмнөд Африк, Төв Африк, Емэн, Уганда, Аргэнтин, Чэх, Гаити, Антигуа-Барбуда, Бразил, Украин, Тринидад-Тобаго, Уругвай, Парагвай, Вэнэсуэл, Мажар, Намиб, Бэрмуд, Британи, Финланд, Багам, Түрк, Солонгос гэсэн 97 улсыг манайхаас илүү авлигатай гээд аваад хаячихлаа ш дээ гэсэн чинь тагнуулч дарга асгартал уйлж:
-Гайхамшигтай ажилласан байна! Та хоёрт одон, албан тушаал, байр өгсөн ч багадна. Ай хөөрхий, амьд явж алтан аяганаас ус уух хувьтай л юм байна, би! гэв. Нөгөө хоёрыг баяр талархлаа илэрхийлж, бас л енгэнүүлэхэд дарга:
-Өрөөндөө сонсчээ суугаад би гэдэг хүн шинжлэх ухааны аугаа нээлт хийчихлээ. Та нар гэрч шүү! Энэ дэлхийн хамаг улсад чинь Чингис хаан монголоор нэр өгсийм байнаштээ. Ирэх жилийн их ойнуудад би болон манай байгууллага энэ нээлтээр бэлэг барихад хангалттай. Үүнтэй холбоотой ланжгар төсөл боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байна. 18 их наядаас наашгүй. Улсууд унаган нэрээ авах шаардлагатай учир дэлхийн хэмжээний төсөл байх шаардлагатай! Ерөөсөөн нээлтээн хурдан Оюуны өмчийн газар бүртгүүлэх минь, би гадагшаа “авлигыг эрэн сурвалжлах ажлаар явсан” шүү! гэж томрон, саяхан л уйлж байгаагүй юм шиг эрхэмсэг дүрийг олов.
-Та өрөөндөө сонсч суухад гэж юу ярив аа? Бас амьд явах хувьтай боллоо ч гэх шиг…?
-Юу сонсох, ямар хувьтай нь та хоёр шиг өрвийсөн юманд ямар хамаатай юм? Намайг тагнаж тандаж байхын оронд ажлаа хийдэг болоосой. Ер нь сүүлийн үед та нарын ажил нойл заагаад байдаг болсон шүү! Ямар ч үр бүтээл байхгүй! Дэлхий дээр 200 ч билүү, 2000 ч билүү улс гүрэн байдаг. Бүгдийг нь Монголын дор бич! Хэрэв тэгвэл бид хийх ажилгүй болж, гэдсээ илж зүгээр хэвтээд л яаж л бол яаж баяжна цулайна. Тэр шинэ жагсаалт түргэн бэлэн болгохгүй бол энэ сайхан цэнгэлийн манлай газраас ганц амбаардаад л хөөгөөд явуулчихна шүү гэж дарга агсрав.
Чингээд Оюуны өмчийн газар луу шунгинах гэсэн ч, тархинд нь өөр нэгэн бодол харван орж ирэхүйд, өрөөндөө орж, нөгөөдүүлийн тасалгаатай залгаа хананд варений шил наан чагнаж эхлэв. Уг нь тагнаж чагнах дээд зэргийн төхөөрөмж ав гэж байгууллагаас түүнд мөнгө олгосон ч, ямар сонголт хийхээ дарга мэдэхгүй, өөр хэн мэдэх билээ.
Ч.Мөнхбаяр
ММХ.XI.XVII
No comments:
Post a Comment