Friday, January 7, 2011

Газрын залхуу сармагчин

наргиа

Ашигт малтмалгүй хөгжлийн асуудлаархи олон улсын симпозиумд оролцохоор Д.Зоригт, С.Баярцогт гээд хоёр сайхан дарга маань алс ногоон Австрали тивийг зорив оо. Монголыгоо эрдэс баялаггүйгээр “хөгжүүлчихсэн” улсад чинь тэр симпозиум мимпозиум юуны хамаа. Сурсан зангаараа цэнгэн хөгжицгөөе гэж бодоод далайн хөвөөнөө очсон чинь дүүрэн нүдистүүд.
Уг нь дандаа мисс зисс байвал зүгээр юм, даанч тарган туранхай, хөгшин залуу улс ямар ч “тээндэргүй” цуглачихсан чинь эвгүй харагдах гэж. Нэг авгай мээмээн мөрөн дээрээ давуулж шидчихээд, өөдөөс нь харин гүйж харагдана. Хоёр дарга ч хөлийн хурдаар зугтах зуур нэг хужаагаас учрыг лавлавал:
-Эд чинь нүдистүүд биш ээ. Шалдан болтлоон нэн ядуурчихсан амьтас. Танай манай хоёр улсын дарга нарыг үзвэл гуйлга гуйгаад ядаргаа болоод байдаг юм гэж өчив.

Аль газар л арчаагүй, амьдралын анхиагүй улс гэж байх юм даа, гуйлга гуйж байхын оронд ядаж нас насандаа биеэ үнэлэхэд яана даа, ээ чааваас, ээ чааваас гэж нөгөө хужаадаа үглэцгээв.
-Австралид чинь хонь шиг их юм байхгүй. Аягүйдвэл зүгээр түгээдэг биз, алив цөмөөрөөн идье гэсэн чинь хужаа:
-Зах зээлгүйдээд, хонь өсгөх нь ашиггүй болчихсон юм билээ. Танай Монгол чинь бүхий улсад хамаг юмаа үнэгүй бэлэглээд байхад хэн Австралиас үнэтэй юм авч суухав дээ. Эдийн засгийн хямралд оролгүй ч яахав.
Тэгээд энд чинь хоньтойгоо дайн зарлаад, хонь нь өөдөөс нь дайн зарлаад, иргэний дайн гарсан шүү дээ. Австралийн хотуудыг хонинууд нь яй бөмбөгдсөөн, хөөрхий.
-Нисэгч хонь гэж бас байх уу? Хуруу хумсгүй юм чинь жолоогоо барьж чадахгүй ш дээ.
-Үс ноосоороо шинэ зэландчуудыг хөлсөлж авч байсан байхгүй юу. Саяхан гарсан “Австрали” гэдэг баримтат кино чинь тэр тухай.
-Уран сайхны кино биш үү.
-Биш ээ.
-Тэнд тоглосон Николь Кидман арай энд байгаа юм биш биз дээ. Дайн дажны эсрэг гуа сайхнаараа тэмцээд ч юм уу.
-Н.Кидман, Х.Жэкман, Р.Кроу, М.Гибсон, Кайли нар эндхийн хамгийн эцсийн хонийг хувааж идсэн дээ. Эх орон нэгтнүүддээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх гэж.
-Молтогчин байгаа юу?
-Рэгбигийн шигшээгийнхэн тэднийг зооглоод, зүйл дуусгасан даа. Уг нь Австрали улс туулайтай хэдэн зуун жил тэмцсэн. Энэ хэдэн тамирчинд л хэлчих байж шүү дээ. Даанч засгийн газруудын ухаанд ухна ишиг ч орж ирэх биш.
-Матрыг ч бол Матар Данди устгаа биз.
-Торп мааний бадмийхум болгочихсон . Данди чинь зохиомол дүр шүү дээ.
-Энд ер нь амьд амьтан байнуу. Манайхархуу, голланд өвчин нь гаараад, хүмүүсийнх нь жаргал нь зовлон болчихсон хаашаа тэнэг газар вэ?
-Одоогоос 40 мянган жилийн өмнө аварга уутат амьтад байсныг, хүн ирээд 2000 жилийн дотор устгасан юм гэдэг. Хөдөө нутагт, эсвэл нөгөө алдарт дуурийн тэатрт  нь тэр амьтан үлдсэн байж магадгүй гэж хужаа өчив.
Манай хоёр сониучирхан очиж үзэхээр онгоцны билэт захиалах гэсэн чинь, солиулсан австраль доллараа дамжлаад дамжлаад хүчирсэнгүй, хаяхад хүрэв ээ. “Чайна эр” компаний онгоцны дугуйн сав дотор туулайчлан байж хөдөө буув. Буув ч гэж, онгоцны дугуй нээгдэхлээр ойччихсон л доо.
-За нөгөө амьтныг нь барьж аваад, хуйцай луйваанзаан хийж хагартлаа иднэ дээ. Салхинд гарч цаг нөгцөөж байгаад Монгол руу буцахгүй бол хуралдаа суусангүй, тасаллаа барилаа гээд Сү солиороод унана гээд хоёулаа нэг нэг хулс үзүүрлэж авлаа даа.
Тэдний явсан маршрут нь Австралийг анхлан судлаачид атаархам бөгөөд, Симпсоны цөлөөс Гибсоны цөл хүртэлх замнал болой. Сайд байхдаа сайтар биеэ тордож байгаагүй бол ч үхсээн, үхсэн.
Гэтэл харин тэнгэрийн лууны аврал болж, аборигэн гээч зэрлэг ард тохиолдоход Монголын аль чиг даргын хатуу нударгаар илбэн тохинуулж авав.
-За, чамайг Баасан гэж нэрлэлээ гэж Баяраа дарга жонгиноход:
-Баас аа? гэж аборигэн бүр ч дорой жонгинов. Зоригоо дарга:
-Баас биш ээ, баасан гэвэл нутгийн ард:
-Хүн болгон л баадаг биз дээ. Ганц надад тийм муухай нэр өгөөд байхдаа яадаг юм гэв.
-Хүн болгон ч биш ээ, хө. Бид сүүлийн үед баах гэдгийг мартчихаад явж байна. За, тэр ч яахав. Задарсан боол Баасан чи 40 мянган жилийн өмнө мөхсөн аварга том уутат амьтныг үзэв үү.
-Би аваагүй ээ, ноёнтоон. Надад ямар ч буруу байхгүй.
-Чамайг авсан гэсэн хүн алга. Та нар энд ирээд 2000 жилийн дотор тэр сайхан ан гөрөөсийг устгасан байна. Аварга имж, шилүүс, газрын залхуу сармагчин, уутат усны үхэр хаа байна. Бид тэр амьтдад хор гэм хүргэхгүй. Өлсөж аргаа барсандаа л сураглаж явна.
-Алаагүй ш дээ, би тэднийг. Одоо бүр байтлаасаа хулгайн анд гүтгэх нь үү.
-Юу гэж чи 40 мянган настай байх вэ дээ. Яасан юм ойлгодоггүй Баасан бэ, чи.
-Би 40 мянган настай ш дээ. Урьд хойд дүрүүдээ тооцоод үзэхлээр 40 мянга болдог юм.
-Тэгвэл заяагүй боол чи л тэр олон зүйлийн амьтныг устгаж, хүн төрөлхтний эсрэг ялт хэрэг үйлдчихсэн юм байна ш дээ. Гэмээ наманчилж, бидэнд идэх юм олж өгнө дөө. Тэгэхгүй бол чи ер нь өөрөө уутат амьтан шиг харагдаад байна шүү, мэдэв үү.
-Пийв, бифштэкс болох уу?
-Бололгүй яахав. Түрүүний л ингээд хэлчихгүй дээ гэж Зоригт сайд гонгиноход, Баасан сапэрын тэмтрүүл шиг юмаар баахан хайгуулдаж явснаа, газар дороос бахтайяа гэгч нь, нэг аварга том бах гаргаад ирлээ. Тэрний давсгандаа нөөцөлсөн шингэн нутгийнхны хувьд пийв, мах нь бифштэкс болдог юм байх…
Нэг мэдсэн, мань хоёр тасраад уначихжээ. Тэгээд Гибсоны цөлөөс Симпсоны цөл рүү явж байгаад, НҮБ-ын харуулуудад баригдав. Австралийн мөхсөн сүүн тэжээлтнүүд үү, Монголын хамаг баялгийг Хятадад бэлэглэсний улмаас Австралийг дампууруулсан хоёр сайд уу гэдэг нь ялгарахгүй байгаа аж. Хэрэг бишдэхийг мэдсэн сайдууд газрын залхуу сармагчид болж жүжиглэхийг эрхэмлэжээ. Тэд нь тус бүр 500 кг жинтэйг яана.
Ч.Мөнхбаяр
ММХ.XI.IV

No comments: