Friday, January 7, 2011

Монголын 8000 ордын ганц Оюутолгойнх нь Эрдэнийн хишиг сард 100$ байх ёстой!

Монголчуудыг Оюутолгойгоос илүү, Оросын орд ивээх нь ээ

1. С.Баярцогт: “Оюутолгойгоос та нарт юу ч өгөхгүй, битгий хуц!”
Миний бие энэ нийтлэлийн эхний хэсэгтээ (MMX.XII.XV): “Хувь нийлүүлэх гэрээний (ХНГ) хэргийн мөрөөр манайхан арга хэмжээ авлаа, хамаг асуудлыг зохицуулчихлаа гээд байсан чинь өөрсдийн баялгийн үртсээ харийнхнаас зээлж авсны хүүгээ л 9% байсныг 7% болгоо шив дээ” гэж бичсэн.
Гэтэл бас, Монголын талын эзэмших хувийг дээд тал нь 6% болгоод байсныг болиулж, 34 хувь болголоо гэх сураг дуулдав. Сураг гэхийн учир гэвэл, сонины нэг мэдээний мөрөөр, үгүүлбэрийн мөрөөр, үгний мөрөөр (“Би хүүгээ улсын мөнгө идчих вий гэж айдаг” гэсэн ээжийнхээ үнэн сэтгэлийн зовнилыг “айдаггүй” болгох гэж өчнөөн пижигнэсэн сайд байж л байна) сүртэй сүртэй мэдэгдэл хийж явдаг дарга нар, улс үндэстний амин чухал энэ асуудлын талаар албан ёсны баримт бичиг гаргаж нийтэд толилуулалгүй, маруухан цуурай нь болох “сурвалжлагч” охиддоо л хоорондоо авцалдаагүй хэсэг бусаг авиа бувтнаж бавтнахчаа аядсан юм.

Энэхүү нэмэлт “мэдээлэл” нь нөхцөл байдлыг огт өөрчлөөгүй болой. 34 хувь хэвээр байна л гэсэн, гэтэл түүнийг зургаан хувь болгодог шидтэй, давуу эрхийн хувьцаа (ДЭХ) мөн л хэвээр байх аж. Түүнийг зээлийн бичиг гэж нэрлэх болжээ. Баасыг босс гэж нэрлэлээ гээд уг юм нь хувирах уу, та минь ээ? Тэгээд ч зээлийн бичиг гээч нь гэрээнд тусгагдаагүй зүйл.
Зээлийн хүү буурууллаа гээд л мань мэтийгээ нэг их гийгүүлчихсэн аятай, цан хэнгэрэг дэлдэх нь холгүй сүржигнэж байна. Юу ч үгүй болтол дээрэмдчихээд, ичимдэг халхлах инжрийн навч өгснөөр гэмт хэргээ цайруулчихдаг юм уу.
Урьд, зээлийн хүү 9.9 хувь, дээр нь АНУ-ын хэрэглээний индэкс гээч нэмэгдээд 11.7 хувийн хүү төлөх байж. ЭБЭХ-ий сайд Д.Зоригт дэлхийн зээлийн жишиг 10 хувь байдаг, манайх 9.9 (уг нь 11.7 хувь шүү дээ) байгаа нь юутай аугаа тэнгэрийн аврал өршөөл билээ хэмээн элийрч байсан гэж байгаа. Одоо тэгтэл 6.5 хувь дээр Лондоны UBOR гээчийг нэмээд, бас л 8-9 хувь болж, өмнөхөөсөө нэг их дээрдэх зүйлгүй л болох юм байхчивлээ.
Ноднин 10.6-нд ХОГ, ХНГ байгуулагдсанаас хойш л Оюутолгой монголчуудын хувьд бүрэн хаалттай, маш нууц обект болчихсон гэсэн. Тус ордын асуудлаарх УИХ-ын ажлын хэсэг үүргээ огтхон ч гүйцэтгэж чадахгүйд хүрсэн. Хэсгийн дарга Ц.Батбаяр арайхийн жаал жуул танилцаж дөнгөөд, “болж бүтэж байгаа юм Оюутолгойд нэг ч алга” гэсэн билээ. Шаардлагатай баримтуудыг Сангийн сайд С.Баярцогтоос хүсэхэд “Та нарт Оюутолгойгоос юу ч өгөхгүй, битгий хуц!” гэсэн байгаа юм. Д.Зоригт нь зугтаад, ерөөс баригдаж өгөхгүй ороол жороолж явж. Үхэн хатан нууж хааж байгаад тэд тэгээд юу бүтээж в дээ?
АМ, РТ шиг ийм улаан цагаандаа гарсан луйварчид өөр байхгүй л болов уу? Оросын төрийн өмчит “Ростехнология”, А.Усманов эзэнтэй “Металлоинвест” компаниуд хойд хөршийг маань шуугиулаад байгаа Удганы (Удокан) зэсийн ордыг ашиглах болжээ (Монгол нутаг бүр юутай их хишиг буянтай вэ. Удганы орд буриад нутагт (Чита муж) буй. Тува, Халимаг ч асар их эрдэс баялагтай. Хятад хамаг ашигт малтмалаа Өвөр Монгол, Ойрд Монголд олборлодог). Чингээд, олборлосон зэсээ Эрдэнэтэд боловсруулахаар шийдвэрлэж, үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэчлэхэд нь туслахаар шийдэж дээ. Энэ нь Монголын хувьд ажлын байр, ашиг орлого нэмэгдэх гээд л хичнээн их ач тустай байхав. Гэтэл АМ, РТ хоёр яаж байгаа билээ дээ?
Эрх баригчид маань юу хийж байна? Оюутолгойд Хятадын “Чайналко”-той хамтран ажиллахаар нууц яриа хэлэлцээр хийж байна (www.china.org.cn сайтад мэдээлсэн, монголчуудын хувьд л нууц юм). Нөгөө Хятадын түрэмгийллээс хамгаалж, барууны АМ, РТ компаниудыг оруулж ирлээ, тэд биднийг цээжээрээ хаан хамгаалах болно гэсэн яалаа даа. АМ, РТ, Чайналко чинь Хятадын л Монгол дахь уул уурхайн экспансийн шадар гурван цэрэг юм байлээштээ. Бас болоогүй, удирдагчид маань, Монголын мэдэлд үлдсэн өчүүхэн үлтэрхий болох “Эрдэнэс МГЛ”-ыг харийнханд хувьчлана гээд л хулгайч царайлаад, гэтээд мяраагаад явж байгаа гэсэн.

2. Дарга нар маань Оюутолгойг Хятадын Чайналкод л өгөх далд зорилготой байжээ
АМРТ-гийнхны Монгол гэж байхгүй гэх үзэл үнэхээр зэвүүцлийг төрүүлдэг. ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүний үгийг нохой гийнахын дайтайд тооцдоггүй гэнэм. УИХ, ЗГ, монголчууд ч тэдний хувьд юу ч биш.
Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн монгол хүн сарын 45 мянган долларын цалинтай (гадаадынхан мэдээж хэд дахин өндөр пүнлүүтэй) бөгөөд энэ нь тэднийг хэлгүй Каролия байлгахад хангалттай гэж үзсэн бололтой юм. Гэвч тэд ч дарлал доромжлолыг хүлцэлгүй, Н.Багабанди “Та нар чинь гэрээ нэртэй боловсон луйвар л хийчихсэн байнаштээ!” гэж бархирсан агаад, тэр гурав л ХНГ-ний хэргийг сөхөж гаргаж ирэв.
АМ нь манай эвэртэн тууртнуудын эргүү өвчин халдчихсиймуу гэлтэй, өөрсдөө мөнгө босгоод л явах боломж байсан атал, РТ-г оруулж ирж маанагтсан байгаа юм. Тэгснээ, ганцаараа амжуулж дөнгөх юм байна гэж ойлгонгуутаа, булагнах тактикт шилжиж, РТ-г жийх оролдлого гаргах болсон.
Чингэхдээ, “манайхтай зөвшилцөлгүйгээр Чайналкод ихээхэн хувьцаагаа зарж, төсөлд дур мэдэн оруулж ирж, тэдэнтэй хуйвалдаж сүлбээцэлдэх болов” гээд РТ-гоо арбитрийн шүүхэд өгсөн. РТ нь ч, ганцаарчилсан тоглолт хийх гэж зоргоор авирлан хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг шамшигдуулав ч гээд бас өгөөдөхсөн. Гэхдээ энэ асуудлаа Монголын талтай хэлэлцэж зөвшилцөлгүй, хоорондоо л үзээд байсан байхгүй юу.
Чайналко дэмжсэний дүнд АМ бууж өгч, заргаа зургаан сараар хойшлуулж, хувьцаагаа РТ-д зарж тал засав. Гурван талт жинхэнэ гэрээ гэдэг чинь энэ гурвын л хоорондын гэрээ болчихоод байгаа юм. Монголын баялгийг Хятад, Канад, Австралийн гурван компани санаснаараа хуваагаад наймаалцаад, Хятад нь командлаад явж байгаа нь тэр л “Монгол байхгүй!” гэх үзэл, үзэгдэл.
“Бүхнийг Хятадын төлөө!”. Энэ бол Бээжингийн уриа, манай дарга нарын уриа, АМ, РТ-гийн ч уриа. АМРТ бол уг чанартаа Хятадын л компаниуд. Европ арьс нөмөрсөн хужаа нар. ДЭХ-г тэд Чайналкод л худалдах гэж байжээ!
Чайналко ч улайм цайм явдлаасаа ичиж эрээлэхээ ч байж, хаа сайгүй л Оюутолгойг авмаар байна гэж улиглах болж дээ. Bloomberg сувагт ярилцлага өгөхдөө дэлхий даяар чанга хашхираад авлаа.
Р.Фридланд Овоот Толгой дээр Хятадын компанитай стратэгийн түншлэлээр хамтран ажиллахаар болсноо мэдэгдэв. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд (ХМХ) ч өөрийнхөө хулгайлагдсан баялаг, эх орны тухайд, гадаад мэдээг уйтгартайхан хөврүүлэх аятай, хөндий хонгио авиа олшруулж л явах юм даа, хөөрхий.
АМРТЧ-гийн үйлчлэгч компаниуд нь бүгд хятадын, эсвэл үндэсний гэгдэвч далд эзэд нь хятад, тэгээд бас хятад ажилчин олонтой байна гэж байгаа юм. Эд нийлж үгсээд, зардал алдагдлаа санаснаараа өсгөж, монголчуудыг амаар нь шороо үмхүүлэх нөхцөл цөм бүрдчихсэн байна гэнэ дээ.
Ээ дээ, энэ “Бүхнийг Хятадын төлөө” юу!

3. АМРТ Монгол улс үндэстний эсрэг 82 томоохон гэмт хэрэг үйлдэж, ялын дээд хэмжээний болзлыг хангасан
МАН-ын “Ард түмнээ сонсъё” аяныхан сонсохын оронд “Оюутолгой, Тавантолгой биш, монгол толгой чухал” гэж ухуулж асан гэнэ. Хоёр толгойг тэд АН-тайгаа нийлээд харийнханд бэлэглэчихсэн, одоо монгол толгойг яах гэж байна? Цавчих гэж байна уу? Энэ л үлдээд байгаа шүү дээ.
З.Энхболд гишүүн Баабар Оюутолгой, Тавантолгой төслийнхнөөс мөнгө авч, хөлсний юм бичдэг гэжээ. Тэр хүнд ч бас хоёр толгой “хэрэггүй” болоод байгаа. Бүх ХМХ-үүд, бараг бүх ТББ, олны танилууд маань ч гэсэн. Хоёр толгой хэрэггүй, хохимой толгой хэрэгтэй гэх нь холгүй солиорч байгаа, эх орны минь эсрэг асар том суртал ухуулгын аппарат ард түмэн рүү оюуны хор цацсаар.
Харийн луйварчдад, тэдний гар хөл болсон “манай” дарга нарт, цагаан хоолойнуудад нь яавч итгэж болохгүй. Оюутолгойг эзэгнэсэн гадны хунхуузууд 10 жил биднийг мэхэллээ, дээрэмдлээ. Энэ оны 4.6-нд би Монгол Улсын Дээд Шүүхэд “Оюутолгой” төслийн ХОГ-г цуцлуулах тухай өргөдөл гаргахдаа дараах 42 нүглийг нь тоочсон. Энэ нь:
1. авлига хэрэглэн хууль тогтоомжид нөлөөлсөн;
2. авлига хэрэглэн: лицэнз авч, мөн хүчингүй болсон эрхийг нь сэргээсэн;
3. Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиудыг зөрчсөн гэрээг авлига хэрэглэн байгуулсан;
4. ордыг өөрийн хөрөнгө хүчээр нээсэн гэж үндэслэлгүйгээр мэдээлсэн;
5. санхүүгийн чадвар хангалтгүйгээ нуусан;
6. асар их хөрөнгө оруулсан, оруулна гэж хуурамч тооцоо гаргасан;
7. ордыг эзэмшихэд 1 тэрбум доллар зарцуулагдах атал 9 тэрбум доллар зарцуулагдана гэж мэхэлсэн;
8. Монголын иргэд хувьцаа эзэмших, Монголын биржид хувьцаа борлогдох боломж гаргаагүй;
9. түүх-соёлын дурсгалыг хамгаалах талаар зохих ёсоор дүгнэлт хийлгээгүй, шаардлагатай арга хэмжээ аваагүй;
10. байгаль орчныг хордуулан сүйтгэсэн гэж лицэнзээ хүчингүй болгуулж байсан ч, холбогдох дутагдлуудаа арилгаагүй;
11. үнэн бус мэдээлэл түгээх, гүтгэж доромжлох, дарамт үзүүлэх зорилгоор хэвлэлийн, төрийн бус байгууллагууд, хувь хүмүүсийг зүй бусаар хөлсөлдөг, санхүүжүүлдэг;
“Хөрөнгө оруулалтын гэрээ”-г
12. Монгол Улсын хуулиудыг зөрчин;
13. тэхник-эдийн засгийн үндэслэлгүйгээр (ТЭЗҮ гэх);
14. ордын нөөц хангалттай тогтоогдоогүй байхад;
15. Монгол улсын болон олон улсын стандартчиллыг дагалгүй;
16. Монгол Улсын мэргэжлийн байгууллагаар хянагдалгүй;
17. даатгалын асуудлыг шийдэлгүй;
18. аудитын хяналт шалгалтгүйгээр;
19. хоёр талын эрх тэгш байдлыг хангалгүйгээр байгуулсан;
“Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд
20. хөрөнгө оруулалтын зохих хэсэг нөхөгдсөний дараа, Монголын ЗГ-ын хувьцаа эзэмших хувийг 34-өөс 51 хүртэл нэмэгдүүлнэ гэсэн хоёр талын тохиролцоо тусгагдаагүй;
21. манай тал ямар бодот үр өгөөж хүртэх нь тодорхойгүй;
22. Монголын ЗГ-ын эдлэх эрх нэн хангалтгүй;
23. Монголын талыг хяналт тавих, хяналтын багц эзэмших эрхгүй болгосон;
24. эзэмших, өмчлөх статус маргаантай;
25. татварын хөнгөлөлт эдлэхгүй гэсэн хэрнээ эдлэхээр тусгагдсан
26. ажиллагсдын олонхи Монголын иргэд байна гэснийгээ олон болзлоор үгүйсгэсэн;
27. хөрөнгө оруулагчийн хүлээх үүргийг баталгаажуулаагүй;
28. хөрөнгө оруулагчид хариуцлага тооцох механизм үгүй;
29. хөрөнгө оруулагчийг Монголын тал эцсийн шийдвэр гаргах дээд шат гэж үзэхээр томъёологдсон;
30. цуцлагдах нөхцөл тодорхойгүй;
“Хөрөнгө оруулалтын гэрээ”, хоёр талын тохиролцоонуудад харшлах:
31. ТЭЗҮ-дээ:
1/ шаардагдах судалгааг дутуу гүйцэтгэсэн;
2/ ашиг орлогын асуудлыг тодорхойгүй тусгасан;
3/ 45 сая тонн зэсийг 26 сая тонн гэж мэдүүлсэн;
4/ ВНР компанид орлогын 2 хувийг өгөх ёстой, үүнийг Монголынтал хариуцна гэж гэнэт тулгасан /урьд гадаадын тал хариуцна гэдгээ мэдэгдэж байсан/;
5/ Монголын иргэдийг төсөлд оролцуулах үүргээ бүрхэгдүүлсэн;
6/ олборлол-үйлдвэрлэлийн хүчин чадлыг тодорхойлоогүй;
7/ усны ноцтой асуудлыг хэрхэн зохицуулахаа танилцуулаагүй зэргээр гэрээг зөрчсөн;
32. Оюутолгой 70 жил олборлох нөөцтэй гэж байснаа, 30 жил гэх болсон;
33. зэс, алтнаас бусад мэталлын их нөөцийг нуун дарагдуулж буй;
34. аль агууламж ихтэй, хүндрэлгүй газраас нь сорчлон, богино хугацаанд цөлмөхийг эрмэлзсэн;
35. гэнэтийн ашгийн татварыг цуцалбал зэс хайлуулах үйлдвэр барина гээд, наад зах нь 20 тэрбум долларын ашиг гаргасан хэрнээ, өдгөө үйлдвэр барих асуудлыг тодорхойгүй болгосон;
36. тонн зэсийн баяжмалын дундаж үнэ 3300 доллар байхад ашигтай ажиллана гэж байснаа, дараа нь түүнээс хэд дахин өндөр үнэд хүрээд байхад ийм нөхцөлд ашигтай ажиллахгүй гэх болсон;
37. хяналтаа хэрэгжүүлэх боломжгүй Монголын төрийг хуурамч алдагдлын 34 хувийн өрөнд унагах нөхцөлийг бүрдүүлсэн;
38. 170 мянган ажлын байр бий болгоно гэж байсан ч, 56 дахин бууруулж, 3 мянга болгосон хэрнээ, холбогдох зардлаа 6 дахин өсгөсөн;
39. ВНР, Chinalco зэрэг компаниудыг зүй бусаар төсөлд оролцуулах хандлагатай байгаа;
40. Монголын талтай тохиролцолгүйгээр ордын том хэсгийг Солонгосын талд зарсан;
41. Монголын ЗГ-т сард 5 хувийн хүүтэйгээр 100 сая доллар зээлүүлснийг урьдчилсан төлбөр гэж худал ойлгуулсан;
42. гадаадын тал манай баялгаар дэнчин тавьж босгосон компанийхаа 34 хувийг Монголын талд 9 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, Оюутолгойн ордыг бүрэн мэдэлдээ авсан нь, Монгол улс ирээдүйд их өрөнд ороход хүргэх үр дагавартай байхаар зохион байгуулагдсан зэрэг болно. Дээрх гэмт үйлүүдийнхээ нэгийг нь ч гадаадын хөрөнгө оруулагчид ( ГХО ), тэдний хамсаатнууд буюу “Оюутолгой” төслийнхөн засч залруулаагүй. Харин ч ХОГ-нээс өмнө, хойно дараахь нүглүүдийг үйлдсэн нь нэмж илэрсэн:
1. Ашиглалтын лицэнзийг авсан, цуцлуулсан, сэргээсэн талаархи мэдээллээ нууцалдаг;
2. Гэрээний төслийн ажлын хэсэгт зохих мэргэжил, чадавхигүй хүмүүсийг оруулсан;
3. Гэрээ Монголын хуультай зөрчилдвөл гэрээг, гэрээний англи монгол эх зөрвөл английг баримтална гэж хуулиас дээгүүр статустай мэт болгосон;
4. Гэрээний төсөл ГХО-ийн өмнө Монголын ЗГ( ЗГ )-ын хүлээх үүрэг хариуцлагыг тоочих чиглэлтэй болсон, ЗГ-ын тусгайлан туслах үйлчлэх хууль бус үүргүүдийг багтаасан;
5. ГХО  зах зэээлийн жишиг үнийг тогтооно гэж дураар дургих боломжийг олгосон
6. УИХ-ын 40, 57-р тогтоол, холбогдох мэргэжлийн байгууллагын шаардлагын дагуу ХОГ, ТЭЗҮ-ийн төслөө засаагүй;
7. АММИ нь компаний хувьд байгуулагдаж чадаагүй, ТУЗ-өө томилсноос өөр юу ч хийгээгүй;
8. Үнийн өсөлтийн татварыг зөвхөн энэ ГХО-даас авахгүй байхаар гэрээнд заасан;
9. Гэрээ олон зүйлээр Дэлхийн худалдааны байгууллагын өмнө Монголын ЗГ-ын хүлээсэн үүргийг зөрчиж, бизнэсийн дискриминацийн гэмт хэрэгт холбогдоход хүргэсэн;
10. ЗГ-ын хурлын тогтоолын дагуу үзэглэгдэх ёстой атал, тогтоолгүйгээр үзэглэгдсэн, чадамжгүй ХОГ-г байгуулсан;
11. Олон зүйлүүдээрээ Монгол улсын хуулиуд, ХОГ-г зөрчсөн, мөн чадамжгүй ХНГ-г ЗГ-тай нууцаар байгуулсан;
12. 3%-ийн хүүтэй авсан зээлийнхээ талаар нууцлан, Монголын талд 11,7%-ийн хүүтэйгээр зээлүүлсэн;
13. Дээж гэх нэрийдлийн дор олон жилийн турш ордын эрдэс баялгийг хулгууж ирсэн;
14. Мэнэжмэнтийн багтаа санхүүгийн залилан хийх үүрэг оноосон;
14. 5,7 сая тн эрдэс баялгийг ашиглах боломжгүй нөөц гэж үндэслэлгүйгээр мэдэгдсэн;
15. 1,8-2 жилд зардлаа нөхөх бололцоотой атал, 4,5 жил гэж байснаа, 30 жилд нөхнө гэж зүтгэх болсон;
16. Ордын нөөцийн 30 хувь орчмыг л судалж тогтоосон атлаа, нөөц нэмэгдэхгүй гэж мэлзсэн;
17. ТУЗ-ийн Монголын талын гишүүдийг игнорчилдог, тэдний: ТУЗ-ийн Монголын талын төлөөллийг нэмэгдүүлэх, ХОГ-г шинэчлэх зэрэг саналыг зүй бусаар үл ойшоосон;
18. Төслийн ажилтай танилцах УИХ-ын ажлын хэсэгтэй хамтран ажилладаггүй, ямар ч дүгнэлт гаргуулаагүй;
19. Монголын байгууллагаар аудит хийлгэхээс татгалздаг;
20. Монгол улсын нягтлан бодох, бүртгэлийн стандартыг мөрддөггүй, санхүүгийн тайлангаа монгол хэлээр хийдэггүй;
21. "Оюутолгой” ХХК-ийн ажиллагсдын 90 хувь нь Монголын иргэн байна гэсэн зүйлийг хөсөрдүүлж, мэргэжил чадваргүй гадаадын иргэдийг нууцаар, олноор авчран ажиллуулж байгаа;
22. "Оюутолгой” ХХК-ий ажиллагч бус, үйлчлэн гүйцэтгэгч компаниуд, нийслэлийн нийтийн ахуйн үйлчилгээний ажиллагсад, оюутнуудыг өөрийн ажиллагч гэж хуурамчаар мэдүүлдэг;
23. Үндэслэлгүйгээр, цалинг гадаадын иргэн ажиллагчийн хувьд адил ажилтай Монголын иргэнийхээс хэд дахин өндрөөр тогтоож, нөхцлийг Монголын иргэний хувьд адил ажилтай гадаадын иргэнийхээс нэн дор төвшинд бүрдүүлэн, уугуул иргэдийг ялгаварлан гадуурхах дэглэм үүсгэсэн;
24. Үйлчлэн гүйцэтгэгч компани Монгол улсын үндэсний компани байна гэсэн зүйлийг зөрчсөн;
25. Гадаадын үйлчлэн гүйцэтгэгч компаниудтай үгсэн хуйвалдаж зардлаа хуурамчаар өсгөх, хуурамч алдагдал буй болгох нөхцлийг бүрдүүлсэн;
26. Тусгай хамгаалалттай бүс нутгийн статусыг нь үл ойшоож ирсэн;
27.Дэд бүтцийн ашиглалтад ГХО монополь эрх эдэлдэг;
29. Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг ноцтой зөрчсөөр байгаа;
30. Усны тооцоогоо тодорхой хийлгүй ажлаа эхлүүлснээс үүдэн, тус аймгийн болон зэргэлдээ нутгуудын харъяат иргэд байгууллагуудыг усны гачаалд оруулах, дэвсгэр нутгийг нь бүрэн цөлжүүлэх магадлалтай болсон;
31. Усны төлбөрийг хийхгүй зувчуулах хандлагатай;
32. Зэс хайлуулах, боловсруулж бэлэн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулах тохиролцооноосоо ухарч, ус хүрэлцэхгүй, байгаль орчинд хортой гэх зэрэг шалтаг тоочиж, ямар ч боломжгүй гэж мэдэгддэг;
33. Зэс хайлуулах үйлдвэрээс, цаашид цэвэрүүдлэх шаардлагатай түүхий зэс гарах атал эцсийн бүтээгдэхүүн - зэс дэтал гарах мэтээр сурталчилдаг;
34. Татвар, төлбөрийн асуудал тулгарвал, энэ нь зэсийн үйлдвэрүүд барихад саад учруулна гэж, төлөхөөс цааргалдаг;
35. Голлох байр суурийн төлөө өрсөлдсөн, шүүхдэлцсэн, “Чайналко”-д хувьцаагаа худалдсан, АМ-ын хувьцааг РТ авсан, РТ голлон удирдах болсон, “Чайналко”-той шат ахиулан сүлбээцэлдсэн зэргийнхээ тухай Монголын талд огт мэдээлээгүй, манай талтай хэлэлцэж, зөвшилцөөгүй;
36.Ямар төрлийн хувьцааг аль тал хэрхэн эзэмшихийг ХОГ-нд тусгаагүй гэмээ ашиглан, ХНГ-нд Монголын тал эзэмших эрхгүй гэж заасан ДЭ-ийн, алтан хувьцаануудын тусламжтайгаар ордыг 100% эзэмшихийг санаархсан;
37. ДЭХ гэх хууль бус хэрэгслээ зээлийн бичиг гэх нэрийдлээр үргэлжлүүлэн ашиглаж, нууцаар байгуулсан ХНГ-гээ үндсэндээ баримталсаар байгаа;
38. АМ хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө болох 1 тэрбуум долларыг хувь нийлүүлэгчдийн зээл хэмээн санхүүгийн луйвар хийсэн;
39. Монголын талын өмнө ГХО хувьцаа арилжихтай холбогдсон яар ч үүрэг хүлээхгүй байхаар гэрээнд тусгасан;
40. Хувьцааны талаархи мэдээллийг нууцалдаг.
Ийнхүү Монгол улс үндэстний эсрэг 82 гэм нүгэл үйлдчихээд байгаа улсыг ( Миний энд тоочсон нь л 82 болохоос, үнэндээ бол хэд ч юм билээ) бид яах вэ? Хэдэн нүгэл үйлдтэл нь хүлээх вэ? 100 юу? 1000 уу? Хэдэн жил хүлээх вэ? 30 уу? 300 юу?

4. Оюутолгойн ялт хэргүүдээсээ болж ЗГ, УИХ огцорч, АМРТ-гийн удирдлага болон холбогдох бүх гэмт этгээдүүд хариуцлагад татагдах ёстой!
Би л хувьдаа хүлээхгүй. 82 нүглийнх нь төлөө шүүхэд хандах болно. Тэгэхдээ урьдын адил ганцаар бус, үзэл санаа нэгт нөхөд, байгууллагуудын хамтаар. Тэднээр алдааг засуулах биш, тэднийг шийтгэх ёстой. Хаа ч гэсэн, тийм л хуультай.
Дарангуйлагчид Монголын баялгийн хэмжээг аль болохоор нуухыг оролддог. Бусад улс манайхаас хавьгүй баян ч, тэр чинээгээрээ манайхаас хавьгүй дор байгаа, баялгийн хараал гэж тэр хэмээн сурталддаг. Афганистан манайхаас 300 дахин их эрдэс баялагтай ч ямар байна гэж солиорно. Тэнд юун ашигт малтмал байтугай, ХАА-д зохистой хөрс ч хомс, агаарт нь нарийн тоосонцор дүүрэн хөвөөд, Утаанбаатар шиг л байдаг газар, тэгээд бас уулархаг орон. Гадагш нь хар тамхи, хатаасан жимс, хөвөн, ноос ноолуур л их биш хэмжээгээр (хар тамхийг их) гаргадаг, түүхий эдийн гачаалтай, ХАА-н л орон юм. Удоканд дэлхийг донсолгосон том орд нээгдэв, Буриадад 100 тн-ын нөөцтэй алтны орд олдож шуугиан дэгдээлээ л гэдэг. Оюутолгойн батлагдсан нөөц 45 сая тн зэс, 1000 тн алт, 250 тэрбум доллар бол, Удокан 20 сая тн зэстэй юм.
Тэгээд ч, Оюутолгойн орд газрын 30 хувьд нь л судалгаа хийгдсэн, 70 хувь нь судлагдаагүй. Оюутолгойд олборлох, баяжуулах, хайлуулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогцолбор, хот, Чойр хүртэлх төмөр зам барихад одоогийн тогтоогдсон 30 хувийн нөөцийн 10 хувь нь буюу 25 тэрбум доллар шаардагдах аж. 50 жил цогцолборыг ажиллуулах урсгал зардал 50 тэрбум доллар. Ордын 30 хувиас олох цэвэр ашиг 175 тэрбум доллар буюу нэг монгол хүнд 60 мянган доллар гэсэн тооцоо байх юм. 100 хувиас бол ямар байхав? Тэгэхлээр, эрдэнийн хишиг нь Монголын 8000 ордын зөвхөн ганцаас л гэхэд жилд 1200, сард 100 доллар байж болох нь байна шүү дээ. Үлдсэн 70 хувиар нь улсаа хөгжүүлэх бүрэн боломжтой.
Монголын бүхий эрдэс баялаг Оюутолгойгоос олон дахин их. Эрдэнийн хишиг ч төдийчинээ өсөх боломжтой. Улс орон хөгжсөнөөр, цалин хөлс нэмэгдэж иргэдийн орлого бүр ч арвижна. Гэтэл бидний хэтийн төлөв ямар байгаа билээ. АМРТ болон ЗГ Оюутолгой төсөл 30 жилийн дараа зардлаа нөхнө, 30 жилийн дараа монголчууд өндөр хүүтэй их өр, улаан түйрэн болсон өмнийн говь, ёроолгүй аварга нүхнүүдтэй л үлдэнэ. Дээшээ биш доошоо, урагшаа биш, арагшаа хөгжинө л гэж энэ!
Үүний хариуцлагыг хүлээж, гэрээг үзэглэсэн сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, БОАЖ-ын сайд Л.Гансүх нар даруй огцрох ёстой! ЗГ ч огцорч, УИХ ч тарах ёстой! Холбогдох этгээдүүд цөм эх орноосоо урвасан, хүй төрлөөр устгасан зэрэг ялт хэргийнхээ төлөө гэсгээн цээрлүүлэгдэх учиртай юм. Гадаадын иргэд ч ялгаагүй. Тэд хүн, монголчууд хүн бус гэсэн баримтлалыг нь даран сөнөөцгөөе!
Хууль бус гэрээг цуцалж, Оюутолгойг улс үндэстэн 100 хувь мэдэлдээ авах, үгүй ядахнаа тэр 34 хувийг үнэгүй эзэмших учиртай л байхгүй юу.
Нам засгийн сонинд нэн ядуучуудын тухай “Тэдэнд Оюутолгойн гэрээ, УИХ-ын сонгууль огт хамаагүй. Харин 1000 төгрөгийн найрка нь л чухал” гэжээ. Тэдэнд хамаагүй ч биш, 1000 төгрөгөөр найрах нь ч чухал биш. Бүх юм эсрэгээр. Үндсэн хуулийн 6.2-д “ард түмний мэдэлд байх ёстой баялаг” гээд заачихсан. Гэрээ хийгдсэн л бол бүх юм дуусаа гэдэг. Бүх юм эхэлнэ!
Ард түмний аугаа тэвчээр барагдаж байна. Алдарт дуучин байснаа алдарт тэмцэгч болж буй С.Жавхлан Оюутолгойн гэрээг цуцлуулна гэж андгай тавьж, “Гал үндэстэн” хөдөлгөөнийг байгуулж, “Даяар Монгол”-той хамт улс даяар ухуулга хийж явна. “Гол нууруудын хөдөлгөөн”-ийхөн “Хөх Монгол” зэрэг үндэсний үзэлт байгууллагуудтай нийлж, газар усныхаа төлөө, харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэх болов. АНАТХ, “Тусгаар тогтнол” эвсэл, “Миний Монголын газар шороо”, “Үндэсний Соёмбо” хөдөлгөөн хүчээ нэгтгэн Оюутолгойн гэрээг өөрчлөхийг шаардаж, УИХ-д итгэл үзүүлэх эсэхийг ард нийтийн санал асуулгаар тодруулах боллоо.
Sonin.mn сайтын санал асуулгад хариулагсдын 69 хувь нь Оюутолгой төслийг “Монголчуудыг бодит бус мэдээллээр хууран мэхлэх замаар орд газрын баялгийг тонож, уурхайг хятад ажилчдаар дүүргэж байна” гэж үзжээ. Энэ хувь улам өсөх болно. Гадаадынхан ч Монгол дахь нэоколоничлол, апартэидэд дургүйцэж буйн жишээ нь амэрик эрдэмтэн Р.Стэйнэрийн захидал юм.
Бидэнд Оюутолгой, Тавантолгой ч хэрэгтэй, монголчуудын толгой ч хэрэгтэй. Байхгүй биш, байгаа Монголын минь бүх юм хэрэгтэй! Яагаад гэвэл бид тэд биш, монголчууд учраас!
Ч.Мөнхбаяр
ММХ.XII.XIX

No comments: