Энэ номд маань шог хошин үгүүллэг, улс төрийн шог, наргиа, явган шог, хүүхдийн хошин зохиол зэрэг 1998-2010 онд бичсэн бүтээлүүд эмхэтгэгдэн оров. Шог зохиол бүтээл, миний тэмцлийн салшгүй нэгэн хэсэг минь юм.
Эрхлэн гаргагчийн үг
Инээд гэж юу юм бэ? Бүрэн таашаал, баясал, хөгжил буюу бусад мэдрэмжийг илэрхийлж, богино агаад хүчтэй амьсгалах хөдөлгөөнүүдийг дагуулдаг, онцлог тасалданги авиаг инээд гэнэ хэмээн тайлбар тольд бичжээ.
Инээхэд хүний бие организм сэргэж, уушиг, зүрхэнд тааламжтай байдал үүсч, тархины цусан хангамж сайжирдаг аж. Инээд бол амьсгалын маш сайн дасгал төдийгүй, сэтгэлзүйд үзүүлэх нөлөө нь гайхамшигтай. Уурлах зэрэг сөрөг эмоцийн үед хүний чухал эд эсүүд хорогддог бол инээхэд өсч төлждөг байна.
Зарим бүсгүйчүүд инээвэл нүүр үрчийнэ гэж үздэг. Гэтэл инээд нүүрний булчинг хөгжүүлснээр арьс уян хатан, залуу байж үрчлээс хорчлоосноос сэргийлдэг гэнэ. Залуужина гэдэг үгийг анхаарагтун. Инээвэл залуужина гэдэг туйлын үнэн. Сэтгэл санаа өөдрөг, инээд баясалтай явснаар үнэхээр хүний бие организм залууждаг ажээ. Харин баргар хүний эд эрхтэн ч доройтож, өвчин зовлон нүүрлэж, үйлс ч бүтэлгүйтдэг байна.
Тэгэхлээр инээд гэдэг амьдралын чухал асуудал билээ. Тиймээс инээдийг эм дом гэж үзэж, амьдралдаа ач тусыг нь хүртэцгээ. Инээхийн тулд юу хэрэгтэй вэ. Зүгээр л ха ха гээд суугаад байвал ядаргаа болох нь мэдээж. Инээхийн тулд баяр баясгалан хэрэгтэй.
Аль болох инээж мишээхийг хичээ. Олны дунд ганцаар тас тас хөхрөн явах нь хэтрэх хэдий ч дотроо инээмсэглэн, амьдрах гээч нь аз жаргалыг мэдрэх гэсэн үг болохыг ухаар. Утга учиргүй уйтгарт автан толгой гудайлгах аваас, албан хүчээр инээхийг оролд. Нүүрийн булчинг хөдөлгөж, инээмсэглэсэн төрхтэй болго. Хөгжилтэй зүйлийн тухай бод. Тэгвэл та инээнэ. Инээдийн үнэ цэнийг ойлгоно.
Хөгжил хөөрийн гарцаагүй нэг дагуул бол хошин шог юм. Хошин шогийн мэдрэмж нь хүн бүрд заавал байх учиртай чухаг мэдрэмж. Түүнгүйгээр баяслыг бүрэн хүртэж чадахгүй. Хүртэг гэсэндээ Мөнх Тэнгэр уг мэдрэмжийг хүнд заяасан. Бурхан өөрөө ч хошигнож байдаг нь мэдэгдэж, илрэлд нь бид инээж баясдаг билээ. Хошин уран бүтээл сайн энэрги түгээдэг.
Монголчууд эртнээс хошин шог үлгэр, зүйр үг, ёгтлол, шүлэг, дуу, яриа, бадарчны паян, далан худалчийн явдал зэргийг хэлэлцэж ирсэн түүхтэй. Хошин шог бол ард түмний эрүүл саруул ухааны шинж тэмдэг юм. “Социализмын” үед хошин шогчид үл бүтэх нийгмээ зад шүүмжилж, уншигч олон түүнээс ихийг ухаардаг байсан билээ.
Хошин шогийн нийгмийн ач холбогдол их. Бурангуй зүйл, аливаа дутагдлыг инээд доог болгосноор арилж устах нь түргэснэ. Хошин шог хүнийг ухаажуулж, сэтгэл санаа, зан суртахууныг цэвэршүүлж, өөдрөг сайхныг мэдрүүлж, хөгжөөн баясгаж, эрүүлжүүлдэг. Амьдралын ямар ч саад бэрхшээлийг даван туулахад хошин шог тусална. Хошиг шог бол амьдрал, эрүүл ухааны магтуу юм.
2002 оны хавар хошин шогийн уралдаанд түрүүлэн, шагналаа гардаж байгаа минь
Тэгвэл анд найз Ч.Мөнхбаяр маань тэр л бурангуй зүйл, алдаа дутагдлын эсрэг бүтээлээрээ тэмцэж, нийгмийг цэвэршүүлж, эрүүлжүүлж, уншигч олноо хөгжөөн баясгаж явдаг аа.
Миний бие, найзынхаа хошин шогийн чадварыг өндрөөр үнэлдэг агаад, тийм ч учраас 2000 онд хамтран “Монголын шинэ онигоо” хэмээх хошин шогийн хэвлэлийг гаргана хэмээн, нэг хэсэг гар нийлэн ажилласан. 2003 онд, “Инээхүйн гайхамшиг” хэмээх, гадаад хошин шогийн эмхэтгэлийг хамтран гаргасан.
Сүүлийн үед, найз маань хошин шогийн төрөлд, идэвх чармайлт, үр бүтээл, ур чадварын хувьд үлэмж өсөх болсон нь миний анхаарлын гадуур үлдээгүй. Найзынхаа шинэ зохиолуудыг уншаад заримдаа түсхийтэл инээд алдаж, заримдаа хүнд бодолд дарагдана. Уншигчид инээд баясал төдийгүй, бодрол эргэцүүлэл, ухаарал сэхээрлийг хайрлах бүтээлийг найз маань туурвидаг.
Чингээд, “хоёрдугаар Барамсай” гэж үнэлж явдаг найзынхаа хошин шог уран бүтээлийн эмхэтгэлийг гаргая гэж шийдсэн юм. Тэгэхдээ, урьд хамтран гаргаж байсан “Инээхүйн гайхамшиг” номоо цуврал болгож, “Инээхүйн гайхамшиг-2” буюу хоёрдугаар боть нь болгон гаргахаар шийдлээ. Цаашид энэ цувралаа үргэлжлүүлэн, уншигч танд өргөн барьж байх болно.
Энэ ташрамд, найзыгаа товч танилцуулах нь зүйтэй болов уу. Тэрбээр 1968 онд айлын том хүү болон төрсөн, Уралын болон Монголын их сургуульд суралцаж, сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн. 1993 онд, Ц.Элбэгдорж, Д.Төрмөнх, Д.Цэрэнжав, ардчилсан хувьсгалын “мартагдсан” анхдагчдын нэг Хөвсгөлийн Пүрэвдорж нарын нэрт сэтгүүлчидтэй хамт Монголын чөлөөт, ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийн оны анхны шагналыг, 2008 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цолыг, 2009 онд Азийн сэтгүүлчдийн холбооны (AJA) Монголын салбарын оны шагналыг хүртэж байсан. Сонинуудын оны шагналыг 6 удаа авсан. МСНЭ-ийн гишүүн.
Зохиолчийнхоо хувьд, “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадмын шагнал, “Есүнгэ мэргэн” шагнал (“Ногоон морь” нийгэмлиг, “Хүрээ хөвүүд” бүлгэм хамтран санаачилсан), хошин шогийн уралдааны 5 шагнал (2-т нь түрүүлсэн) авч байсан, МЗЭ-ийн гишүүн. “Монголын уран зохиолын дээжис” (8 боть, 1995) “Монголын шилдэг тууж” (2006), “Мөнгөн үеийн шилдэг үргэлжилсэн үг” (2009) номуудад бүтээл нь орсон. Уран зохиолын шинэчлэлд хувь нэмрээ оруулсан гэж үнэлэгдэн, “Модернист Мөнхбаяр” гэгдэх болсон.
Хошин шогийн ховорхон чадвартай (зөвхөн хошин шог ч биш, уран зохиол болон сэтгүүлзүйн бүх жанраар тэрбээр бичдэг) Ч.Мөнхбаяр найзын маань уран бүтээл танд хөгжил хөөр, сэтгэл оюуны цэнгэлийг авчирна гэдэгт найдаж байна.
Эрхлэн гаргагч Н.Батжаргал
Өмнөтгөл
Намайг үсэг бичигт тайлагдахад л, гэрт маань “Тоншуул” сэтгүүл байж байсан юм даг (Олон ч жил захиалсан даа). Тэгэхлээр би хошин шогт дуртай бололгүй яахав. Анхны хошин шүлгээ 1983 онд “Пионерийн үнэн” сонинд, анхны шог үгүүллэгээ 1984 онд “Тоншуул” сэтгүүлд нийтлүүлжээ.
Түүнээс хойш, шог хошин үгүүллэг, улс төрийн шог, явган шог зэргийг янз бүрийн хэлбэр, хэмжээ, хурдаар бичсээр л ирж дээ. Зүгээр ч үгүй бас, хошин шогийн уралдаануудаас 2 түрүү, 3 байр авч байсан гэж байгаа.
Энэ номд орсон үгүүллэгүүдийн, хэдэн онд хэд бичигдсэнийг харвал, 1984-1, 1988-4, 1992-1, 1994-3, 1995-1, 1997-1, 1998-1, 2002-1 (+ явган шогууд), 2003-8, 2007-2, 2008-2, 2009-6, 2010-16 байх юм. Хасагдсан, олдоогүй үгүүллэгүүд буй. Гэхдээ л, энэ жил шигээ, наад зах нь сард 2 үгүүллэг бичээд байсан бол, 1984 оноос хойшхи 26 жилд 624 үгүүллэгтэй сууж байх тооцоо гараад,элдвийг эргэцүүлэхэд хүргэв.
Нэгэн бодлын, би их залхуу байж. 2003 онд, өдөрт хоёр гурван хошин үгүүллэг биччихэж л байсан. 2008 онд, уралдаанд оролцуулсан хоёр үгүүллэгээ нэг өдөрт бичсэн. 1988 онд, өдөрт заавал 1 үгүүллэг бичнэ гээд, амжуулж л явсан. 2002 онд, уралдаанд оролцохын тулд, 2 өдөрт 76 явган шог зохиож байж билээ. Энэ нөөц бололцоогоо ашиглаж явах минь яав. Тэгсэн бол ихээ бүтээлтэй, ур чадварын хувьд ч хавьгүй их өссөн, Монголын хошин шогийн хөгжилд өөрийн гэсэн үзэгдэхүйц мэдэгдэхүйц хувь нэмрээ оруулчихсан байх асаан.
Д.Гүн-Үйлс захиралтай Монголын утга зохиол судлалын төвөөс зохион байгуулсан хүүхдийн хошин шогийн уралдаанд байр эзлэн, өргөмжлөлөө гардан авч буй минь
Нөгөөтэйгүүр, уран бүтээлч бидний бичиж туурвих нь, ажил амьдралын түмэн бэрхшээлийнхээ зав чөлөөгөөр арайхийн амжуулдаг “буяны үйлс” мэт байдаг нь яахин сэтгэлд нийцэх. “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг бол, “Уран бүтээл хийвэл урам устана” гэлтэй. Бүтээл маань зүй ёсоор үнэлэгддэг ч үгүй, зохих хэмжээний олон түмэнд хүрдэг ч үгүй, эрүүл нийгмийн жишгээр дэмжигддэг ч үгүй, ер нь бичсэн хүний хохь л болоод өнгөрдөг цаг юм.
Манайх шиг багахан зах зээлтай оронд, уран зохиолыг хөгжүүлэхэд төрөөс анхаарахгүй л бол болохгүй, “Уран зохиолын Олимп” гэдэг төсөл хэрэгжүүлье гээд л санал дэвшүүлж, төрийн өндөрлөгүүдэд хүргэсэн, таг чиг. Уг нь уран зохиол соёлын эх, соёл улс үндэстний эх байдаг л буюу.
624 үгүүллэг бичлээ гээд хаана нийтлүүлэхэв, ном болгоё гэхэд мөнгө яаж олохов, номоо хэвлүүлээд хэрхэн борлуулахав, бүгд л хүнд бэрх асуудал... Иймэрхүү нөхцөл байдал уран бүтээлийн даль жигүүрийг минь хумьж асан байнам. Хэрэв шаардлагатай дэмжлэг тусламж байдагсан бол ч...
Ц.Доржготов, түүний хүү Д.Буян, Ш.Цэнд-Аюуш, М.Цэрэнжамц, Г.Нямдорж, А.Бат-Эрдэнэ, С.Цогтбаяр, Ц.Байды, Л. Мөнхбат, Ш.Галсанбаатар, Б.Ерэнтэй, М.Дэмчиг, Баасанжав (яаруу бичсэн энэ өмнөх үгэндээ бүгдийг дурдаж амжаагүй л болов уу, өршөөгөөрэй)... Энэ хүмүүс ч надад тохиолдож байсан, түүнээс ч илүү бэрхшээлийг сөрөн, Монголын хошин шогийн тугийг гудайлгалгүй өргөлцөж ирсээн. Энэ хүмүүсийн заримтай нь сайхан танил, заримтай нь найз нөхөд, заримтай нь нэг байгууллагад ажиллаж, заримтай нь хундага тулгаж явсаан. Тэд болон, тийм ч сайн танил бус бусад бүх хошин шогчид (1-р ангийн хүүхэд байхаасаа л Ж.Барамсай гуайг хүндлэн дээдэлж ирсэн агаад, “Улаанбаатар” сонинд 3 удаа ажиллах завсар минь тэрбээр тус сонины ажилтан болоод байхдаа хорвоогоос халин, танилцах боломж олдоогүйд ихэд харуусч явдаг) надад нөлөөгөө үзүүлсэн нь дамжиггүй. Монголын бүх хошин шогчиддоо баярлалаа.
Ч.Мөнхбаяр хүүхдийн хошин зохиолын уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүдээс бүрдсэн "Ёстой гоё ном"-ын баяр дээр. Уг уралдаанд зохиогч байр эзэлжээ.
Уран бүтээлийн ур чадварыг зааж сургаагүй ч гэсэн, аав ижий, дүү нартаа, энэ ном бүтсэний төлөө талархнам. Ерөөс миний амьд мэнд суугаа минь ижий аав, дүү нарын минь л ач гавъяа буюу. Ялангуяа, номын минь ажилд шууд оролцсон, ямагт өмөг түшиг болж явдаг Эрка дүүдээ онцгой талархал илэрхийлье.
Статистикаас үзвэл, сүүлийн 2 жилд 22 үгүүллэг бичиж, бараг өмнөх 24 жилийн бүтээмжтэйгээ дүйцэх дөхжээ. Энэ бол анд найз, миний хамгийн сайн хэвлэн нийтлэгч Я.Мөнхжаргалын маань тус дэмээс үүдсэн болой. Алиа хошиноороо надаас давна уу гэхээс, дутах нь үгүй “Алаг хорвоо” нэгдсэн рэдакцийнхан маань надад ундарга сайт урмыг хайрлан байдаг аа.
Эртний сайн анд нөхөр Н.Батжаргал маань бас миний хамгийн сайн хэвлэн нийтлэгч билээ. Түүний ачаар л, хошин шогийн анхны ном маань бүтэж, уншигч олны гар дээр толилох боломжтой боллоо. Хэрвээ, Н.Батжаргал найз маань туслаагүй бол, номоо гаргалгүй, ахин 26 жилийг элээж, сүүлдээ бүр уран бүтээлч явсандаа харамсах ч байсан юм билүү.
Sonin.mn сайтынхан ч, хамгийн сайн хэвлэн нийтлэгчид минь билээ. Тус сайтын хамт олны найрсаг нөхөрсөг хамтын ажиллагааны дүнд, бүтээлүүд минь өргөн хүрээтэй уншигч түмэнд хүрч, шүүн хэлэлцэгдэж байдаг аа. Sonin.mn-ээр дамжуулан бусад олон сайтууд ч миний уран бүтээлийг авч нийтлэн, сурталчлан дэлгэрүүлж байдаг ажгуу.
Эхэндээ гутранги аястай үг бичиж суутал, ойр дотныхон, анд нөхөд, хошин шогийнхноо санасан чинь сэтгэл цэлмэж, дотор уужирлаа.Тэд минь болон, хайрт сайхан Монгол эх орон, миний Монгол ард түмэн, Мөнх хөх тэнгэр, ариун дагшин Монгол нутгийн минь ивгээл тэтгэл байх цагт бүх юм болж бүтнээ!
Ингээд, Уншигч та хошин шогийн анхны номыг минь мэлмийн өмнөө болгоогтун, мэргэн оюундаа тунгаагтун!
Ч.Мөнхбаяр
2010.09.21
No comments:
Post a Comment