Friday, January 7, 2011

Ерөнхийлөгч маань Солонгосын дайнд бэлтгэж, олон гэнэрал төрүүлэв үү?

Байтаг Богдын баатрууд маань хятад нутгийг 
хамгаалсан хятад баатрууд болжээ

Ерөнхийлөгч Н.Энхбаяр шагналын хур буулгадаг гэж шүүмжлэгддэг байв. Тэр ч үнэн. Өөрт нь аятай таатай хандаж байсан буюу байгаа зохиолчдыг гэхэд л ямар “хайр найргүйгээр” хөхиүлж байсан нь нэгэн жишээ. Гэтэл үүнийг нь шүүмжлэгсдийн нэг асан Ц.Элбэгдорж ерөнхийлөгч өөрөө шагналын хурыг үер болгож байна. Нэг улс төрийн бүлэглэлийнхэн өөдөө гарахаараа өнөөгийн болон ирээдүйн өөрсдийнхнөө, шийтгэгдэх ёстой байсан ч хамаагүй толгой дараалан шагнаж, өсөрхөж хонзогнох мэт авир гаргаж, төр улсын нэр төрийг гутаадгаа хэзээ болих вэ.
Тэр хишиг хүртсэн хүмүүс нь эргээд шагнасан хүн, хүч, бүлэглэлийн улс төрийн карерийн төлөө зүтгэх өртэй болдог. Шагнал улс төрийн бүлэглэлд элсүүлж авах явуулга ч болж байна.

Сая Элбэгээ дарга тав зургаан хүнийг гэнэрал болголоо. Урьд ингэж хоморголон гэнэралчилж байсныг санахгүй юм байна. Бүлэглэл төчнөөн гэнэралаар хүчээ зузаатгалаа шүү дээ. Олон дайн тулаан, мөргөлдөөн сөргөлдөөн болсон, БНХАУ-тай хүйтэн дайны байдалтай асан 70 жилд 100 гэнэрал төржээ. Гэтэл тийм ямар ч юм болоогүй, ямар ч шалтгаан гараагүй атал сүүлийн 20 жилд 50 гэнэрал төржээ.
Юун дайн болоо вэ, таминь ээ. Эрх баригчид монголын ард түмний эсрэг л дайн хийсэн байх. Гэхдээ түүнд армийн оролцоо 50 гэнэрал төрөхүйц хэмжээтэй байсан гэж үү.
Өдгөө, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар баталсан “БНМАУ-ын цол, одон мэдалын тухай дүрэм”-ээр шагнал олгодог аж. Тэр дүрэм нь ЗХУ-ын холбогдох дүрмийн орчуулга бөгөөд, ОХУ-д аль эрт халагдсан, хаягдсан хог байхгүй юу. Тэр хогийг баримтлаад л, шагналын үер буулгаж, монголчуудыг гамшигт автуулаад явж байна.
Уг дүрэмд, соёлын гавъяат авъя гэвэл, хороо хорины шийдвэр шаардагдах жишээний. Хороо хорин урлаг соёлыг дүгнэдэг байгууллага мөн үү, тийм чадвартай юу. Мэдээж үгүй. Тийм болохоор, ажилласан он жил, тухайн дэглэмдээ хал балгүй байсан эсэхийг л харгалзан шийдвэрээ гаргадаг байна. Ийм нөхцөлд, социалист, нэоколонист дэглэмд олон жил морь нохой мэт зүтгэсэн хүн урамшуулал хүртэх нь тодорхой юу, тодорхой. Бүгдээрээ тийм гэж байгаа юм биш шүү, үнэхээр сайн сайхан хүн шагнуулдаг л байх, гэхдээ л дэглэм дэглэмчнээ өөд татахаа л урьтал болгох нь ойлгомжтой.
Харгис дэглэмийн эсрэг цөөн хэдэн хүн тэмцэж, тэнэг, шизо-гоороо гайхагдаж байгаад л дарагддаг. Масс бол дарлал доромжлолыг хүлцэж суудаг. Олон хүн хүлцэхийн хэрээр, төдийчинээ хэмжээгээр шагнуулах хүсэл оволздог байна.
Долоо хоногт, одон, өндөр цолд 300 гаруй тодорхойлолт ирдгийн 20 хувь нь гавяъат цол хүссэн байдаг аж. Ерөнхийлөгчийн аппарат тэр түм буман тодорхойлолтод бүр дарагдчихаад учраа олохоо байсан гэнэ. Тийм их гавъяа зүтгэлтэй хүн Монголд үнэхээр байдагсан бол улс маань эрүүл нийгэмтэй, өндөр хөгжилтэй байхсан. Гэтэл харгис дэглэмтэй, харийн колони, хамгийн ядуу буурай л байгаа биз дээ. Ийм байдалд хүргэчихээд шагнал авах гээд байгаа юм биш үү.
Дарга дорго нарын халаасанд одон, цолны тэмдэг явж л байдаг, тэгээд ой мой, найр наадамд явж байгаад л, дураа хүрэхээрээ хэн нэгнийг шууд шагначихдаг болов гэнэ.
Гавъяат, одон мэдалыг тодорхой ханшийн дагуу, төд өдөн саяыг өгч байж авах бизнэс гэж буй хэмээн нэгэн сонин дээр бичсэн байсан. Ядрахын цагт гавъяатын сард авдаг 250 мянга аминд орно гэдэг юм уу даа.
Жинхэнэ шударга гавъяа зүтгэлтэй хүнийг бол бүр яагаад ч шагнадаггүй юм гэнэ билээ. Улс төрийн бүлгэрхлийн эрх ашгийн үүднээс ч шагнахгүй байх явдал тохиолдоно. Жишээ нь, хуульч Ч.Энхээг Н.Энхбаярын сонгуулийн кампанид оролцсон учраас шагнаагүй юм гэсэн.
Сүүлийн үед баатар цол нэхэгсэд, баатар цолны бизнэс хийхийг санаархагсад буй болсон гэнэм. Эх орныхоо төлөө амь хайргүй тэмцэж гавъяа байгуулсан хүнийг уг нь баатар гэмээрсэн. Гэтэл савхин хувцас гараар урладаг хүнд Эгэл баатар цол олголоо. Эрүүгийн элэмэнт Энхбат, хүн хулгайлдаг Хурц, мөнгө завшдаг Сүрэнхор, хар тамхи зөөвөрлөдөг Дамдин нар янз бүрийн шалтгаар баатар маягтай болчихоод байна. Ийм л цаг юм. Уг нь миний бие:
1-рт, БНМАУ-ын баатруудаас шүүж сонгон, Монгол Улсын баатар цол (МУБЦ) нэхэн олгох,
2-рт, 1911 оны тусгаар тогтнолын, 1913-1915 оны, 1920-1921 оны чөлөөлөх дайны, Богд хаант Монгол Улсаас цол хүртсэн баатрууд, 1932 оны ардын бослогын баатруудад МУБЦ нэхэн олгох,
3-рт, Монгол үндэстний баатар цолыг буй болгож, эртнээс эдүгээ хүртэл үндэстнийхээ хувьд гавъяа байгуулсан нийт монгол туургатныханд нэхэн болон, энгийнээр олгох хэрэгтэй байнаа гэхчлэн, санал дэвшүүлсэн тусгай үгүүлэлдээ бичиж байсан. Ер нь бол баатруудын эсрэгцэл урвагчдыг бол нэхэн цаазаар авсан ч болох.
Гэтэл, гавъяа цол нэхэн олгохоо байсан юм байх аа. Ингээд монголчууд олон жинхэнэ баатруудаа зүй ёсоор хүндэтгэн дээдлэх боломжгүй болж байна. “Ардчилагчдын буянаар” зарим баатрын маань гавъяа ч замхрав. Тэд хил тогтоохдоо Байтаг Богд уулыг БНХАУ-д өгчихсөн учраас, хэдэн сайхан баатар маань төөрч будлиад, алдаа хийгээд, амиа дэмий алдчихсан ч юм шиг, хятадын нутгийг хамгаалсан хятад баатрууд ч юм шиг боллоо доо, хөөрхий.
Саяхан, шагналын шинэчлэл хийх төрийн төсөл гаргав аа, дээдцүүл маань. Улсын баатар, Хөдөлмөрийн баатар хоёрыг нэгтгэж, Үндэсний баатар болгох гэнэ. Хулгайч дээрэмчид хөдөлмөрийн баатар болоод л байдаг юм билээ, тэд үндэсний баатар болж тахигдах зам ч цэлийлээ дээ.
Ардын, гавъяат, төрийн шагнал гурвыг нэгтгэн, Чингисийн одон болгоно (Гурван өөр төвшний юм яагаад нэг төвшнийх болчихов?). Сүхбаатарын одон 2-р зиндаанд заларна (Зиндаа нь мөн үү?). Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг Өгөдэйн одон болгоно (Өгөдэй тийм л их хөдөлмөрч хүн байсан юм байх даа). Алтан гадсыг Хубилайн одон болгоно (Алтан гадас Хубилай хоёрын хооронд ямар холбоо байна). Тэгэхдээ, хөрөнгө мөнгө байхгүй тул урьдын одонгийн голыг ухаж авч хаяад, “шинэ нөхдийн” зургийг шигтгэнэ гээд л солиороод байсан, таг л болчихлоо. Сая тэр талаар ахиж нэг дуугарав уу, яав...
Тэр одонгийн голыг ухах, нэр хаяг өөрчлөхдөө гол нь биш шүү дээ. Улс нийгэмдээ онцгой гавъяа зүтгэл гаргасан бол өгөх цөөн хэдэн цол, одонтой, тэрийгээ жинхэнэ ард түмний шүтээн, бахархал болсон нэгэнд олгодог байх учиртай. Бусад нь мэргэжил, салбарын байгууллагуудаасаа зохих шагналаа аваад явах ёстой.
Жишээ нь, “Битлз” хөгжим, шоуны салбарын үй түмэн шагнал авсан. Гэтэл, Британий нэр хүнд, экспортыг үлэмж өсгөсөн гээд хааны одон бас хүртэж дээ. Ийм л хялбар, эрүүл жишгээр шагналын тогтолцоог шинэчилбээс, ерөнхийлөгчийнхний ачаалал үлэмж багасч, үндсэн үүргээ үр нөлөөтэй гүйцэтгэх боломж гарч ирэхсэн.
Ч.Мөнхбаяр
ММХ.XII.II

No comments: