Монгол улсыг маань дээрэлхэх, дарлах гэсэн нь мундахгүй болжээ. Өөрөө хоёр, гурав хуваагдчих гээд аргаа барж байгаа Казахстаны дээрэнгүй этгээдүүд Монголын түүх, газар нутаг руу өнгөлзөөд амар заяаг үзүүлэхээ больсон аж.
Тэд “Монгол орон бол тэр чигээрээ унаган казах нутаг. Тэнд өвөг дээдэс кипчакууд маань түмэн жилийн өмнөөс аж төрж ирсэн. Хүннү бол кипчакийн улс. Сяньби ба түүний залгамжлагч улсууд, Жужань ч мөн адил. Түрэгийн хаант улс бол ойлгомжтой. Бүгд кипчакийнх. Уйгур, Киргизийн ноёрхлын үед ч тэнд кипчакууд л үндсэн хүн ам нь байсан.
Их Монголын нэгдсэн улс бол кипчакийн улс. Монгол гэдэг нь Мын кол буюу Мөнх дайчин кипчак хүн, Тенгиз буюу Тэнгис гэсэн нэр нь гуйвж сунжраад Чингис болсон. Чингис хаан бол кипчак зэрэг түргүүдийг аврагч, бүх түргүүдийг нэгтгэгч, түргийн нэгдсэн улсыг сэргээхэд л ухамсарт бүх амьдралаа зориулсан түргийн, кипчакийн, тодруулбал казахын суут хөвүүн. Чингис хаан бүх дэлхийн түргүүдийг нэгтгэх, дайснуудыг нь номхтгох шударга ариун дайндаа мордохдоо Хойд зүгийн зэрлэг хамниган омгийнхныг ойгоос нь туун авчирч, газар орноо түр хамгаалуулсан. Тэдэнд кипчакууд бөө мөргөл, мал адгуулах эрдэм, дайтах ухааныг сайн санаагаар зааж сургаж, өвлүүлсэн нь гай болсон. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр, тэд ойн ард, бураат зэрэг унаган нэрээ хусч хаяж, кипчакийн улсын Мын кол гэсэн нэрийг хазгай муруй дуудаж Монгол болгон зүүж, улмаар ой руугаа буцах санаагүй болж, кипчакийн ариун дагшин нутгийг булааж авсан.
“Мынколын нууц товчоонд” мынкол хүмүүс кипчак нэр, цолтой байдаг. Мөн тэр үеийн мынкол овог аймгуудын нэр казах болон бусад түргүүдийн дунд хадгалагдан үлдсэн, монголчуудын дунд үлдээгүй. Чингисийн удмууд түргийн улсуудыг захирч, түргүүдийн төлөө тэмцэж ирсэн, өдгөө ч тийм байгаа. Эртнээс уламжилж ирсэн, газар усны унаган кипчак нэрүүдийг монголчууд өөрчлөхийг хэчнээн чармайсан ч, өнөөгийн монголчуудын бүх нутаг даяар түрэг нэр үлдсэн.
Монголчуудын Зүүнгар улсын хаад Чингисийн удам биш байсан. Тэд харин Чингисийн удамт хаад ноёдын эсрэг, тэдний захирсан түрэгийн болон монголын улсууд, аймгуудын эсрэг улангасан дайрч давшилдаг байсан. Өмнөд монголчууд Чингисийн удмуудад захирагдахаас, Монголчууд Түвдээс хаан залж, захирагдах болсон. 1911, 1921, 1990 зэрэг түүхэн аятай моментууд тохиолдоход ар монголчууд Чингисийн удамд захирагдъя гэж зүүдлээ ч үгүй. Харин ч ХХ зууны эхээр ар монголчууд Чингисийн удмуудаа бүгдийг нь алж хядаж дуусгасан. Чингис монголчуудын хаан биш болохоор л тэр.
Гэтэл түргийн бүх ард түмэн Чингисийн хойчист хэзээ ямагт захирагдсаар ирсэн. Манай казахууд Чингисийн хойчсоос бусдад төрөө мэдүүлнэ гэдгийг төсөөлдөг ч үгүй. Хэрэв Чингисиийн хойчист нь халдвал казахын ард түмэн бүх нийтээр эрслэн босно гэдгийг мэдэх тул Ленин, Сталин ч тэдэнд халдаж зүрхлээгүй, социализмын үед Чингисийн хойчсыг намын даргаар тавьдаг байсан. Казахстаны төрийн толгойд орос хүн тавих гэхэд казахууд аль 1985 онд түрхрэн босч байсан гавьяа буй. Чингисийн удмуудыг хамгийн их хүндэтгэдэг нь казахын ард түмэн. Өөрийнх нь хаан учраас тэр.
Харин Ленин, Сталин нэг том нүгэл үйлдсэн. Казахын нутаг, түүх, их хаадыг үзэл суртлын хүчээр үнэнч боол монголчууддаа өгсөн. Түргүүдийг дарахын тулд түүхийг нь баллаж, Чингис хаан ба түүний хойчис түргүүдийн дайсан мэтээр номлодог байсан.
Өнөөгийн казахуудын дунд жинхэнэ мынколчууд олон бий. Монгол орон Мынкол болох ёстой, мынколчуудынх байх ёстой. Мынколын түүх ч биднийх. Харин хамниган гаралтай, тунгуус кипчакийн холимог хэлтэй, зэрлэгүүдийн удам монголчууд хойд зүгийн унаган тайга руугаа явж, бидний нутгаас тонилбол таарна. Хэзээ нэгтээ тэр сайхан үйл явдал болох л болно, түүний төлөө бид үхэн үхтлээ тэмцэх болно!” гэж хорт домгийг өгүүлдэг.
Түрэгийн дээрх домог цөөнгүй хүнийг төөрөгдүүлдэг. Монголчууд маань ч үүнд автаад, нэг их гайхамшигтай сайхныг дуулсан, туйлын үнэнийг мэдсэн аятай “тэр чинь тийм юм байна лээ ш дээ” гэж мэдэмхийрч явах нь цөөнгүй болов.
Түүх юуг өгүүлнэ вэ? Монгол нутгийн анхдагч хүн ам болох өвөг монголчууд хүн гүрнийг байгуулж, түрэгийг ч түрсэн, хожим өөрсдөө тархахдаа монгол хэлт дээдсийн тогтворжсон бүтцээрээ бусдыг захирч явсан. Гадагш хальсан түргүүд бусдыг хүчээр уусгадаг бодлогоороо өрөөлийг өөртөө хайлуулан тэлж байсан бол, монгол хэлтнүүд зохих нөлөөгөө үзүүлээд түрэгжиж байсан нь харамсалтай бөгөөд энэ нь хүннү бол түргийн давамгайлалтай гэсэн ойлголт төрүүлсэн.
Түрэг, хятад, араб, ром гээд бусдыг өөртөө уусгахыг эн тэргүүний зорилгоо болгодог ард түмнүүд байсан. Османы Турк тухайн улс түмнийг эзлэн аваад, эрчүүдийг нь хүйс тэмтэрч, эмсийг нь гаремдаа аваачих юмуу, түрэг үр тээгч болгож, хүүхдийг нь олзлон, хар багаас нь түргээс бусдыг үзэн ядагч маньяк цэргүүд буюу янычар болгоод ах дүүсийг нь хядуулдаг байсныг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэгвэл түргийн бүх л ард түмэн тийм бодлоготой байсан. Дандаа алж хядаад байдаггүй юмаа гэхэд, өөр олон аргаар бусдыг уусгадаг байв. Тийм бодлогогүй монголчууд маань эртнээс түрэгт их л уусч замхарсан даа.
Чингисийн удмынхан буюу монголчууд түрэгийн улсуудад хаанчилж байсан. Хүннүгийн үед ч тийм байсан байх үндэслэл бүрэн буй. Гэхдээ энэ нь Чингисийн байлдан дагууллын өмнө Монголд монголчууд байгаагүй гэх баталгаа болохгүй нь мэдээж. Зарим монгол хаад, ноёд түрэгжиж, түргүүдэд ашигтай бодлого явуулж байсан байлаа ч тэр.
Түргийн ард түмнүүдийн дунд татар, найман, хэрээд, хонхэрээд, мангууд, жалайр, киян, барлас, арулад, нузук гээд монгол овог аймгуудын нэр хадгалагдан үлдсэн байдаг. Монголчууд түргүүдийг захирч байсан, түргүүдэд ууссаны дурсгал нь эдгээр нэрс билээ. Монголчуудын дунд хадгалагдан үлдээгүй ч биш юм. Тэдгээр нэр Монголд ноёлогчдын байр суурьтай байгаагүй, эгэл нэрс байсан, мөн Монголд овог аймгийн бүтэц задарч, өөрчлөгдсөнөөс, хэрэглэгдэх нь багассан талтай.
Алтан Орд, Цагаадайн улсын монголчууд түрэг хэлтэн болсон. Гэвч монголын менталитетээ түүхэн урт хугацаанд хадгалсаар байсан юм. Одоо ч хадгалсаар яваа нь буй. Түүнээс бус Чингисийн байлдан дагуулал түргийнх байсан юм биш.
Монгол оронд түрэг нэртэй газар ус байдаг, монголчууд түрэг нэр цол хэрэглэж байсан нь үнэн. Гэхдээ энэ нь түргүүд (555-923) Монголд хэсэг ноёрхож байсан, түр нутаглаж байсны ул мөр билээ. Монголчууд аливааг нэг их баллаж сохлоод байдаггүй болохоор тэдгээр нэрүүд хадгалагдан үлджээ.
Казахын фашистуудын саявтар зохиосон дээрх домгуудыг олон баримтаар няцааж болно.
Тэрхүү домогт итгэгчид монголчуудын дунд ахин гарах вий, урьд итгэсэн нь тэр хэвээр яваад байх вий гэдгээс сэрэмжлэн энэ өгүүллийг бичив.
Уг нь казах монгол хоёр ахан дүү, холбоотон байх учиртай ард түмнүүд. Урьд харийнхны хатгаасаар эвдрэлцэж байснаасаа болж, хоёул эрх чөлөөгөө алдаж байсан. Мунхаг фашистуудаас болж, хоёр ард түмний найрамдалд ан цав гарах учиргүй.
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment