Tuesday, February 16, 2010

Дагваа сургууль дээрээ цэргийн китель өмсөөд ирсэн…


Асашёрю Дагвадоржийн анги удирдсан багш нь байсан, 54-р дунд сургуулийн химийн багш Д.Эрдэнэцэцэгтэй уулзаж ярицлаа.

- Дагвадорж маань 54-р сургуулийн унаган шавь уу?
- Тийм ээ. I ангиасаа энд суралцаж байгаад, X ангидаа сүмогийн сургалттай Мэйтоку сургуульд явсан юм. Намайг 5Б ангийг удирдсан багш байхад Дагваа 5А ангиасаа манайд шилжиж ирсэн. Манай ангийг том сайхан танхимтай, бас багын найз Төмөрбарс, Галмандах нь сурдаг анги гэж шохоорхоод, үе үе наашаа булталзаад сонирхоод байдаг байсан. Тэгээд аавдаа хэлээд, аав нь хичээлийн эрхлэгчтэй уулзаж, манай ангид шилжүүлж байсан. Жаахан хүүхдийн сэтгэлгээгээр л манай ангид шилжээд ирсэн дээ. IX ангидаа 77-р сургуульд нэг улирал сууснаа, эргэж энэ ангидаа ирээд, 9-өө хамт төгсгөсөн. X ангидаа ороод 7 хоног суугаад л, Япон руу явсан.

- Анги хамт олонтойгоо ямар харьцаатай хүүхэд байсан бэ?
- Их нийтэч шүү дээ. 6-р ангидаа ангийн дарга байсан. Ангийнхан дундаа янз бүрийн зүйл зохион байгуулахдаа их сайн, нөлөөтэй хүүхэд байсан. Баяр, тэмдэглэлт ойгоор ангиудын дунд уралдаан тэмцээн зохиогдоход манай хүн зохион байгуулж гарна. Сургуулийн спортын тэмцээнүүдэд бол ангиа бүр ч сайн зохион байгуулна шүү дээ. “Багш аа, анги угаахыг надад даатгачих” л гээд байдагсан. Дагваа чинь ангийнхаа арынхаа их зайд бөхийн бичил тэмцээн үүсгэдэг байсан. Барилдаж ноцолдсоныхоо дараа ангиа зад угаацгаачихна. Найз нөхөд нь ч Дагваатайгаа гар нийлж янз бүрийн юм зохион байгуулцгаагаад л, ер нь их “коллективтэй” анги байлаа шүү дээ. Их нийтэч байсан болохоор эргээд ангийнхантайгаа захидлаар харилцаад, уулзаад, тэднийгээ янз бүрийн арга хэмжээнд уриад явдаг.
- Ямар хичээлдээ илүү дур сонирхолтой байв?
- Дагваа бол олонх хүүхдийн адил л сурлагатай. Тооны хичээлд сайн байгаагүй. Харин түүх, газарзүйн хичээлээ овоо сонирхоно. Гэхдээ биеийн тамирын хичээлдээ л илүү сонирхолтой, маш сайн байсан.
Сурч байхдаа олон удаа спортын амжилтыг үзүүлсэн. 1995, 1996 онуудад ахалсан сагсан бөмбөгийн баг нь сургуульдаа түрүүлж, цом авч байсан. 1996 оны улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж, Шонхор цолтой болсон. Тэр онд чинь бас Сүхбаатар дүүргийн үндэсний бөхийн өсвөр насныхны аварга болсон байгаа юм. Өөр амжилтууд ч гаргаж байсан. 1995 оноос бөхийн “Жуулчин” клүбэд хичээллэсэн.
Спортын хувьд маш дайчин, хор шартай байдал ажиглагддаг байсан. IX ангид байхдаа манайхан сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд нэг X ангитай ойролцоо оноотой тоглож байлаа л даа. Тэгсэн шүүгч багш манай нэг бөмбөгийг тооцоогүйгээс болж, Дагваа ангийнхаа багийн ахлагчийн хувьд багш нартай их ширүүн маргалдсан юм. Тэгээд хор шарандаа 77-р сургууль руу шилжсэн. Дараа нь нөгөө багш нараас уучлал гуйгаад, энэ сургуульдаа эргэж ирсэн л дээ.


- Дагвааг хулиган, сахилгын зөрчил их гаргадаг байсан гэж сонин дээр бичсэн байсан…
- Дагваа айхтар зөрчил гаргаж байгаагүй. Хичээл дээр ярих, инээх, үймүүлэх, нэг иймэрхүү зөрчлүүд гаргадаг байсан. Гэхдээ хүний үгийг их авамтгай шүү дээ. Намайг шаардлага тавихад ер өөдөөс хэдэрлэх юм уу, эсэргүүцдэггүй, үгэнд л ордог байсан.
Алдаа дутагдлаасаа сайн тал нь илүү байсан. Би түрүүн хэлсэн, нийтэч, спортод сайн гэж. Бас их тусч сэтгэлтэй. Ар гэрийн байдал нь хэцүү юм уу, гачигдалд орсон нэгэндээ янз бүрээр туслах, түлээ модыг нь хагалж хөрөөдөж өгөх зэрэг ажилд тэгцгээе, ингэцгээе гээд л санаачлагатай байдаг байсан. Ноднин манай нэг багш Японд очиж, Дагваатай уулзсан байсан. Тэгэхэд манай тэр яаж байна, энэ яаж байна, юугаар туслахав гээд л би бараг нэрийг нь мартах дөхсөн хүүхдийн талаар хүртэл санаа зовж асууж байна гэнэ лээ.
- Та Дагваагийн хөгжилтэй явдлыг ярьж өгнө үү?
- Юу ч гэмээр юм бэ дээ. Дагваа ер нь хөгжилтэй характертай хүүхэд. Өөрөө ч инээж хөгжих дуртай, бусдыг ч инээлгэж хөгжөөх дуртай. Дагваа сургуулийн формоо өмсөхгүй, биеийн тамирын хувцас, пижак гээд л янз бүрийн хувцас их өмсдөг байсан. 7-р ангид байхад нь би нэг удаа заавал формтой ирээрэй гэсэн чинь цэргийн парадын китель өмсөөд ирсэн. Тэгэхдээ арай ч погонгүй л дээ. Яаж байгаа юм гэхэд та л өөрөө форм өмс гэсэн шүү дээ гээд инээж байсан. Бас “надад таарах сурагчийн форм олддоггүй шүү дээ” гэж байсан. Дагваа ч их биерхүү, бадриун хүүхэд байсан л даа.
Бас 9-р ангиа төгссөн байхдаа 7-р сарын 10-ны өдөр Дагваа “Багш аа, би сүмогийн шалгаруулалтад тэнцээд, Япон явах боллоо. Манай “Жуулчин” клүбийн Дашням гэдэг хүүхэд бид хоёр тэнцлээ. Ангийн багшийн тодорхойлолт хэрэгтэй боллоо” гээд л их баяртай ирж, надтай уулзсан. Тэгэхдээ бидонтой айраг бариад ирсэн. Намайг тодорхойлолт бичиж байхад “Багш аа, нөгөө юмнуудыг битгий бичээрэй. Япон явах гэж байхад…”, “Юу бичиж байна?” гээд л, мөрөн дээгүүр өнгийж хараад л, их л санаа зовсон янзтай байсан. Тэр нь их инээдтэй. Би тааруухан юм биччихвэл Япон явах нь өнгөрнө гэж бодож байхгүй юу. “Нөгөө юмнууд” гэдэг нь “хичээл дээр ярьдаг, заримдаа хичээл тасалдаг…” энэ тэр гээд л зөрчлийг хэлж байгаа юм.
Ангийнхаа хүүхдүүдтэй хамт золгохоор ирэхдээ манайд нэг их том дээл өмсчихсөн, нэг их том хүн болчихсон юм шиг намба, буурь үзүүлсэн хүн ирж билээ. Лав аавынх нь дээл байсан байх.
Ингээд яриад байвал манай Дагваагийн хөгжилтэй явдал зөндөө шүү дээ.
- Дагваа хэр урлагийн авъяастай байв?
- Манай Дагваа чинь хөөрхөн дуулж, бүжиглэчихдэг байсан. 6-р ангид байхдаа сургуулийн багт наадмын уралдаанд ангиараа оролцоход Дагваа гол дүрд нь тоглосон. Нэг энэтхэг үлгэрийг жүжигчлэн тоглоход Дагваа баатар болж хувцаслаад л жүжиглэж байсан. Тэгээд манай анги тэр багт наадмын тэмцээнд түрүүлж байсан л даа.
- Дагваа Япон руу явах гээд онгоцны буудалд оччихоод байснаа, гэнэт эргэж “зугтаад” сургууль дээрээ давхиад ирсэн гэдэг үнэн үү?
- 1998 оны намар, хичээлийн шинэ жил эхэлсэн өдөр тийм нэг явдал болсон юм. Намайг хичээл орж байхад, Дагваа гэнэт ирсэн. Манай анги химийн кабинет л даа. Бэлтгэлийн өрөөнд нь орж бид ярилцсан. Дагваа: “Багш аа, би ангийнхаа 10 төгссөний монтажийг мартсан байна. Тэгээд нисэх гэж байснаа, онгоцны буудлаас зугтаад ирлээ” гэж байсан. Тэр үед надад шууд гаргаад өгчих монтаж байгаагүй л дээ. Би “Чи чинь юу ярьж байгаа юм бэ? Бушуухан онгоцны буудал руугаа яв. Сургууль соёл чинь хэцүүднэ шүү дээ. Араас чинь монтажийг чинь явуулна” гээд хацар дээр нь үнссэн. Тэгэхэд “За” гээд, миний шинээр хүлээж авсан 5-р ангийнханд хандаж: “Та нар манай багшийн үгэнд сайн орж байгаарай. Манай багшийг зовоогоод байж болохгүй шүү!” гэчихээд явж билээ. Өрөвдөлтэй ч гэмээр, тийм явдал болсон. Бүрэн эрх дураараа байсан хүн чинь, тэнд харь оронд, хатуу хүтүү орчны дунд ороод, эндээ хоргодох санаа гаргадаг байж л дээ. Тэгээд 7 хоногийн дараа дараачийн нислэгээр Япон руу явсан. Озэки болчихоод, багш, ангийнхантай уулзах үеэр нь бид монтаж, бусад дурсгалт зургуудыг нь эвлүүлж жаазлаад, гардуулж өгсөн.
- Та Дагваагийн барилдааныг үздэг үү?
- Хичээлгүй үед бол үздэг. Дагваа чинь солгой шүү дээ. Тэгээд солгой гараараа давааныхаа мөнгийг авч байгаа харагддаг байсан. Сүүлдээ солгой гараа хөл дээрээ сайтар дарж хичээж байгаад, зөв гараараа авах болсон нь ажиглагдсан. Одоо ч зөв гараараа аваад хэвшиж дээ. Дээд зиндаанд орсон эхэн үедээ Дагваа айхтар ширүүн догшин барилдаж байгаа харагддагсан. Аваргын намба суугаад барилдаан нь тогтуун болсон байна билээ.

Ярилцсан Ч.Мөнхбаяр. MMVI.IX

No comments: