Хятад хамгаас өндөр хөгжчихлөө, Хятадын зуун эхэлчихлээ хэмээгч манай цээжээ дэлдэгсдээс үл хамааран Хятад улс үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ (ҮНБ) Их Британийг л гүйцлээ. Харин АНУ-аас ҮНБ нь 6 дахин бага байгаа (Британий хүн ам Хятадынхаас 24 дахин, Америкийнх 4 дахин бага). Басхүү хөгжилд нь саад бэрхшээл их тохиолдож буй. 800 сая хөдөөгийнхөн ядуу амьдралтай, 160 сая хүн ажилгүй байгаа нь маш их асуудал зөрчлийг үүсгэдэг. Тэд хөгжлөөр илүү далайн эргийнхэн рүү тэмүүлдэг, цаадуул нь хүлээж авахгүй гэж улайран эсэргүүцдэг. Далайн эргийнхэн болохоор хөдөөгийнхний газраас байнга булааж, зэвсэгт тэмцэлтэй ч учирч байгаа. Хятадын доторх хурц асуудлуудын зах зухаас дурдахад л иймэрхүү.
Асуудал бэрхшээлээ шинэ колоничлолын замаар шийдвэрлэхийг Хятад оролдож байна гэж дэлхийн олон нийт шуугих болсон. Судлаачид Хятадыг хөрш орнууддаа, тухайлбал Монгол, Оросын Алс Дорнодод, Зүүн Өмнөд Ази, Африкт шинэ колоничлолын идэвхтэй бодлого явуулж байна гэж үздэг.
2006 оны эхээр Хар Африкийн бараг бүх улсын төрийн тэргүүн оролцсон Африк-Хятадын томоохон чуулган Бээжинд боллоо. Тэдгээр тэргүүн Африкийнхаа дээд хэмжээний уулзалтад ч хурж цуглаж өгдөггүй атал энд ирцгээсэн нь хосгүй гэнэ. Хятад Африкт өргөн хэмжээний геополитикийн бодлогыг хэрэгжүүлж байгаа юм.
Африк бол дарангуйлал, алаан хядаан, дайн дажин, өвчин зовлон, гай гамшгаар дүүрсэн, газар дээрх там гэдэг нь ойлгомжтой. Тиймээс бүгд л Хар Африкаас дөлөх болсон. Гэхдээ Африкад хөндөгдөөгүй асар их байгалийн баялаг, газар нутаг бий. Энэ нь хятадуудыг эрхгүй татаж байгаа.
Гэвч тэнд хятадууд нэн их саад бэрхшээлтэй учирч байгаа ажээ. Монголд хэдэн доллараар хахуульдаад аргалчихдаг шигээ авирлах гэхээр африк дарга “Намайг тэнэг негр гэж бодоо юу!” гээд л АК-гаар шүршчих дөхдөг гэнэ. Хэдэн сая, тэрбум долларын асуудал болж байж шийдэгддэг байна. 2006 онд Нигерийн нефтийн Акпо ордыг хятадууд 2,27 тэрбум доллараар худалдан авчээ. Үүнийг энэ орны олон нийт дээрэм, мөлжлөг гэж үзэж эсэргүүцэж буй.
Манайхан бол дэлхийд гайхагдсан том ордоо зүгээр л өгчихдөг шүү дээ. Африкчууд юмыг нь зүгээр авах гэвэл дайтах байлдахдаа тулдаг байна. Уг нь ч тэгж өгөхгүй гээд байгаа нь эрүүл ухаан, хүний нэгэн суурь мэдрэмж л дээ. Алтны үртсийн төлөө алалддаг хэрнээ, алтны ордоо харамлахыг мэддэггүй биднээс л дээр юм.
Анголоос нефть худалдан авахыг хүссэн хятадууд дайнд сүйдсэн нефть олборлолыг нь сэргээхийн тулд 2 тэрбум долларыг нэн хөнгөлөлттэйгээр зээлдүүлжээ. Анголчууд ч сэргээх юмаа сэргээчихээд, нөгөө зээлийг дор нь нефтиэрээ төлчихсөн гэдэг. Монголд бол 2 тэрбум доллар зээлдүүлэх шаардлагагүй шүү дээ. Хүссэн бүхнээ л үнэгүй авчихаж болох юм чинь. Тэгээд ч 2 тэрбум доллар өгөөд, та нар олборлол үүсгээд төл гэвэл юу болох билээ. Ханаж цадахаан мэдэхгүй хар мангас мэт дарга нар маань хувааж аваад л ор мөргүй болгочих хойно. 1990 оноос хойш гадаадаас зээлсэн бараг 10 тэрбум долларын ихэнхийг нь шүтээн болсон Хайнань Майнанийнхаа казинод нь өргөөд л дуусгачихсан биз дээ. Гэтэл Зөвлөлтөөс зээлсэн гэгдэх 10 тэрбум доллараар Монгол улс “капитализмыг алгасч” л байлаа.
Африкт олон цагаач суурьшуулах гэсэн Хятадын бодлого бас бүтэлгүйтсэн. Бүх Африкт нийтдээ 78 мянган БНХАУ-ын иргэн ажиллаж байна. 830 сая хүн амын дэргэд 78 мянга гэдэг их биш болох нь ойлгомжтой. Гэтэл 2 сая хүн амтай манай Монголд аягүй бол 78 мянгаар тогтохгүй тооны БНХАУ-ын иргэд байж магад шүү дээ.
Яагаад өргөн уудам, халуун дулаан Африкт тэд идээшихгүй байна вэ гэвэл юунаас ч айдаггүй гайхал африкчууд алж хядчих гээд болдоггүй гэнэ. Нэгэн улсад нь хятадын наймаачдын барааг африк наймаачид овоолж шатаагаад, өөрсдийг нь амь голтой төдий үлдээжээ. Өөр улсад, хятадын хямд бараанаас болж дампуурал, ажилгүйдэл гаарлаа гэж бухимдсан жагсагчид бас л хятадууд руу уулгалан дайрч, улс орныг бултаар орхин зулбахад хүргэжээ. Бас нэг улсад бага цалин өглөө, их дэг тогтоолоо гэж бухимдсан хятад компаний африк ажилчид үйлдвэр юугаа нурааж сөнөөгөөд, эздийг хөөж туужээ. Гана ч гэлүү тэр улсад өөрсдийнх нь үйлдвэрүүд илүү цалинтай, аятай таатай нөхцөлтэй байдаг бөгөөд, гэм нь хангалттай ажлын байр гаргаж өгч чаддаггүй юм байна л даа. Гэтэл манайхан цалинг нь овоо хэмээн олзуурхаж, хятад эздэд дарлуулж суудгийг санаарай. Африкаас дэндүү олон зүйлээр дор байнам бус уу.
Хар Африкийн ард олон булаалгахгүй, дарлуулахгүй гэх, эрүүл ухаант хүний энгийн бөгөөд, зайлшгүй мэдрэмжээ алдаагүй байнам. Гэтэл бид ер нь хэн болж таарч байна вэ. Явж явж хүн гэдэг нэр ахдах юм биш байгаа. Африкийн муу муухай гэгддэг дарангуйлал, алаан хядаан, өвчин зовлон, гай гамшиг манайд байж л байгаа шүү дээ. Африкийнх нь илүү их хэмжээтэй л болохоос. Манайд нийгмийн зөрчил улам л хурцдаж байгаа болохоор дайн дажин гарахыг ч үгүйсгэх аргагүй! Африкаас дээр гээд байх юм бидэнд улам л цөөн болж байгаа, Африк харин улам л дээрдээд байгаа.
Африкчууд хүн төрхийг олж байгаа, монголчууд хүн төрхийг алдаж байгаа гол ялгаа ажиглагдах юм. “Ээ хөөрхий, энэ африкчууд сармагчин төрлөөсөө гараагүй, ичиг ичиг” гэж суудаг маань шинэ төрлийг олж буй бидний хувьд харин жинхэнэ ичиг ичиг юм байна даа, хөөрхий.
Хятадын бодлого Африк руу их чиглэх тусмаа бидэнд сайн. Гэхдээ бид ямар ч бодлогогүй байвал юу нь ч сайн байхав дээ.
Ч.Мөнхбаяр. MMVII.I
No comments:
Post a Comment