Tuesday, February 16, 2010

Асашёрюгийн ээж Х.Пүрэвбадам: Хүү маань дайчин, хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байсан нь амжилт гаргахад нь нөлөөлсөн


Сүмо бөхийн их аварга Асашёрю Дагвадоржийн бага насных нь талаар түүний ээж Х.Пүрэвбадам гуайтай уулзаж ярилцсан юм.

- Дагваа багадаа ямар хүүхэд байв?
- Доржоо маань их дайчин зантай, хөдөлгөөнтэй, сэргэлэн л хүүхэд байсан даа. Манай банди нар багадаа бужигнаад л, хөгжилдөөд л, тэрсхэн өссөн. Сургуульд байхдаа Доржоо биеийн тамир, хөдөлмөр, дуу хөгжим зэрэг хичээлдээ сонирхолтой, тооны төрлийн зэрэг хичээлүүддээ сонирхол багатай, энэ байдал нь мэдээжээр сурлаганд нь нөлөөлдөг, тийм л хүүхэд байсан. Айхтар онц сурлагатай, айхтар муу сурлагатай байгаагүй.

Сахилгын хувьд хүү маань үе үехэн дэггүйтчихнэ. Томоотой хүүхэд байгаагүй. Ямар нэг хүүхэд дорд үзэх гэвэл таарсан хариуг нь өгчихдөг л байж дээ. Би тэр үед нь их томоотой байлгах гээд л нэлээн шаардаж шахдаг байсан.
Хүүгийн маань санаа хортой гэмтэй байгаагүй. Дэггүй зүггүй нь гэмгүй талдаа. Цаана нь хар санаа байдаггүй л байсан. Гол нь санаанд л байх шүү дээ. Санаа сайтай бол дэггүйтсэн ч хор гэм нь бага. Санаа муу бол, томоотой царайлсан ч хор гэмтэй л байдаг.
- Хөвүүд тань гэртээ хөл бөмбөг, хоккей тоглож үймүүлдэг байсан гэсэн…
- Харин тийм. Нэг удаа өдөн дэрийг юмаар ороож баглаад хөл бөмбөг тоглосон байгаа юм. Нөгөөдөх “бөмбөг” задраад гэрээр дүүрэн өд болчихсон, бас хаалгаа эвдчихсэн байсан.
Бас нэг өдөр зонтикны бариулаар нэг юм цохиод хоккей тоглоцгоосон байгаа юм. Тэгсэн чинь аавынхаа том гээчийн, 1 х 1 м-ийн хэмжээтэй, жаазтай зурагны шилийг хагалчихсан. Өвгөний маань морь унаж авахуулсан, хайртай зураг нь байсан. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор гэрэл зургийн үзэсгэлэнд тавигдаж байсан зураг л даа. Тэгээд аавдаа тэлээгээр шавхуурдуулсан санагдана. Аав ээжийнхээ алганы амтыг үзээгүй хүүхэд гэж байх биш.
Нэг удаа өвгөн маань том азарган чононы арьс авчирсан юм. Тэр нь банди нарт сайхан тоглоом харагдахгүй юу. Тэгээд л сүүлийг нь тасалчихсан байсан. Сугараа, Сумъяа хоёроос асуусан чинь бид мэдэхгүй ээ л гээд байсан. Бүдээ, Доржоо хоёр харин хэргээ хүлээсэн. Хожим нь сонсохнээ, Доржоо маань нөгөө арьсыг нөмөрч, биедээ хүлээд, чоно болж мөлхөөд, Бүдээ зонтикоор “буудаад” байсан юм билээ л дээ. Доржоо ч “би үхээгүй ээ” гээд л яваад байж, Бүдээ нь “чи үхсээн, одоо миний чоно болох ээлж” гээд байж. Доржоо “би үүрэндээ орлоо” гээд орон доогуур яваад орчихоор нь Бүдээ нь “Чи үхсэн шүү дээ” гээд сүүлнээс нь татаад байсан чинь тасарчихсан юм билээ. Тухайн үедээ загнаж зэмлэхээс өөр аргагүй болдог ч, хойчдоо хор гэм багатай, нэг иймэрхүү л зүггүйтчихдэг, алиа хошин ч гэмээр тоглоом наадамтай хүүхдүүд байж дээ.
Доржоо маань их цэвэр үзэмжтэй хувцаслахыг хичээдэг байсан. Нэг удаа хичээлдээ яарч байсан хэрнээ цамцаа индүүдэж өмсөөд гарч л дээ. Гэхдээ индүүгээ унтраахаа мартаад явчихсан байгаа юм. Тэгсэн чинь бага зэргийн гал гараад, сервант маань зарим хэмжээгээр шатаад сүйдчихсэн байсан. Тэр үед сервант чинь том л хөрөнгөд тооцогддог байлаа шүү дээ. Бас шал шатаад, цемент нь ил гараад ирчихсэн байсан. Аз болж, Сумъяа ирээд галыг нь унтраасан байгаа юм. Бид ч Доржоод их уурласан л даа. Гэхдээ би дотроо “салан задгай байдал гаргасан нь л буруу болохоос, цэвэрч нямбай байх нь зөв л дөө” гэж бодож байлаа. Доржоо маань өндөг шиг өөгүй яваагүй.  Гэхдээ хор гэмтэй юм хийдэг хүүхэд байгаагүй.


- Дагвааг айхтар хулиган, хавийнхаа сургуулиудаас хөөгдсөн хүүхэд байсан гэж бичсэн байсан…
- Миний хүү тэгж хөөгдөж туугдаж яваагүй л дээ. Миний мэдэхгүй зүйлийг “мэдээд” биччихдэг улсууд хэрвээ тийм хөөгдсөн баримт, захирлын тушаал мушаал нь байдаг бол аль хэдийнэ олоод хэвлэчих байсан биз. Сургууль дээр нь очиход л илэрхий болох юмыг тэгж тодруулаагүй байж, хэнээс юу сонсоод биччихдэг юм, санаанаасаа зохиочихдог ч юм уу, мэдэхгүй юм даа.
Хүү маань гудамжинд танхайраад явдаггүй, харин ч сургуулийнхаа янз бүрийн ажилд оролцох дуртай хүүхэд байсан. Нийгмийн тустай хөдөлмөр, өвдсөн юм уу гачигдалд орсон хүүхдэд туслах зэрэг ажилд хүү маань идэвхтэй оролцдог, бараг найзуудтайгаа хамт зохион байгуулаад байдаг байсан. Хичээл дээрээ партны ард томоотой суух нь заримдаа уйтгартай санагддаг байсан байж магадгүй. Гэхдээ партнаас босоод, ангийнхантайгаа янз бүрийн ажилд оролцоод, хөгжилдөөд явах дуртай байсан. Танхай балмад хүүхэд бол тийм байхгүй шүү дээ.
А ангиас Б ангид өөрийн сонирхлоор нэг шилжиж байсан. Бас өөрийнхөө сонирхлоор хөрш зэргэлдээ сургуульдаа шилжиж байсан. Ах нар нь байдаг 77-р сургуулийн биеийн тамирын Гоошоохүү багш шилжүүлж авах сонирхолтой ч байсан. Үнэн байдал бол ийм л байгаа. Мэдэхийг хүсвэл үнэн байдал нь бэлээхэн, мэдэхэд амархан байж л байгаа шүү дээ. Хөөгдөж туугдсан гээд биччихээр хөөгдсөн туугдсан болчихгүй, үнэн байдал нь тэрнээс шалтгаалахгүйгээр байж л байгаа юм.
Зарим багш Доржоог үймүүллээ л гэдэг байсан. Үймүүлсэн байж болно л доо. Гэхдээ тэд хүүхдийг аль болох л дараад, дарангуйлаад байхыг л бодохоос, сайн тал байвал тэрийг нь хөгжүүлээд, сайн талаар нь муу талыг нь арилгаад, урам зориг өгөөд, зөв зүйтэй залуурдаад, сурган хүмүүжүүлээд аваад явах тал дээр дутагдалтай байсан шиг санагддаг.
- Дагваа өөрөө санаачлаад, ангийнхаа сагсан бөмбөгийн багийн хувцсыг таны тусламжтайгаар бэлтгэсэн гэсэн…
- Би 25-р бааз, хожим Автокомбинат нэртэй болсон тээврийн байгууллагад нягтлан байсан л даа. Зах зээлд шилжихэд манай хангамжийн “Автоимпекс” байгууллага татан буугдсан, тэгэхэд янз бүрийн гачигдалтай 25 оёдолчны амьдрал ахуйд туслах зорилгоор оёдлын “Хүчит” үйлдвэрийг байгуулж, санхүүг нь би барьж байсан юм. Тэр үйлдвэр маань улсын чөлөөт бөхийн шигшээгийн хувцас, сагсан бөмбөгийн лигийн багуудын хувцас, туг зэрэг олон зүйлийг оёж хийсэн л дээ.
Тэгтэл нэг өдөр хүү маань ангийнхаа сагсны шигшээ багийг өөрийн гэсэн хувцастай болгоход туслаач гэсэн. Би ч санаачлагыг нь дэмжсэн. Доржоо маш урамтайгаар өнгө зүс, хийц загварынх нь талаар саналаа ярьж гарсан. Ер нь Доржоо маань спорт стилээр хувцаслах их дуртай, спорт стилээ ч сүрхий мэддэг байсан. Би хүүгийнхээ санаа оноог хэлж тусгуулаад, бүр загварыг нь тусгайлан гаргуулаад тэр хувцсыг хийлгэсэн. Их гоё хувцас болсон доо. Ангийнхаа хүүхдүүдэд майк, шорт, Гоошоохүү багшдаа багийнхантайгаа адил стилийн бэлтгэлийн өмд цамц хийлгэж өгч байсан.
- Дагваа хэр багаасаа спортоор хичээллэсэн бэ?
- Аав нь спортын хүн болохоор хүүхдүүд маань яаж спортоос хөндий байхав. Долгорсүрэн алсын тээвэрт явчихдаг, би хүүхдүүдээ ангирын зулзаганууд шиг л дагуулаад явдаг байсан. Тэгэхдээ хүүхдүүдээ спорт заал, спортын арга хэмжээ, тэмцээн зэрэгт их дагуулж очдог байсан. Ер нь спорт ч гэлтгүй, зураг зурах, дуулж бүжиглэх гээд миний дагуулж очсон бүх арга хэмжээнд Доржоо оролцоод явдаг байсан. Зураг зурахдаа ч тааруухан л даа. Багаасаа олны дунд байх дуртай хүүхэд болж өссөн. Нөхөр маань хүүхдүүдээ хөдөө дагуулж явдаг байсан. Бүдээ, Сумъяа хоёр маань машин тэргэнд их дуртай. Ялангуяа Бүдээ их сонирхоод байдаг болохоор аав нь тэгш тал газар Бүдээгээр жолоо бариулдаг байсан. Харин Доржоо маань машин тэрэг нэг их сонирхдоггүй байж билээ.
Банди нар маань хоорондоо их барилдаж ноцолддог, гэртээ бараг бөхийн “секци” байгуулчихна шүү дээ. Бас хүүхдүүд маань бүгд сагсанд маш их дуртай байсан. Би “сагс тоглоно” гээд тэнээд байх вий гээд дандаа урамшуулах журмаар сагс тоглохыг нь зөвшөөрдөг байсан. Хичээл давтах, гэр орныхоо ажлыг хийх зэрэг байдлыг нь харгалзаж байж, тодорхой цаг зааж урамшуулдаг байсан. Зохих хэмжээний даруулгатай л өссөн хүүхдүүд дээ. Ахас ихсээ их хүндэтгэнэ, гэхдээ хүндэтгэлээ гээд буруу зүйлийг бол дууриахгүй, буруу зүйлтэй эвлэрэхгүй.
Доржоо манай багыг, ганц охин дүүгээ арчилж маллаж өсгөсөн хүүхэд шүү дээ. 6 настай байхад нь охин маань төрсөн, тэгээд гэртээ өссөөн. Доржоо дүүдээ маш их сайн байсан. Дүүгээ харна, хоол ундыг нь бэлтгэж өгнө, хувцас хунарыг нь угаана. Ийм л хүүхэд байсан даа. Миний хүүхдүүд чинь гэр орныхоо ажил төрөлд их тустай дэмтэй, бүгд тодорхой тодорхой ажлын хуваарьтай, харин гадуур тэнээд хулигаантаад явах сонирхол ч үгүй, зав ч үгүй байсан. Доржоо бол шувууны бага нь жиргэнэ гэгчээр гэр орноо цэвэрлээд, дэлгүүр хоршоонд ч оочирлоод л явдаг байсан шүү дээ.


Аав нь бөх болохоор хүүхдүүд маань хар багаасаа л бөхөд ойр өссөн. Аавынхаа бэлтгэлд их очно. Бэлтгэл дээр Доржоо маань бага юм болохоор бүх юманд нь туслаад л эрвийж дэрвийж явдагсан. Доржоо бас ах нарынхаа бэлтгэл сургуульд очих дуртай байсан.
6-р ангид байхад нь “Жуулчин” клүбийн Эрдэнэбилэг багш нь бөхийн удамтай хүүхдүүдийг жүдо, үндэсний бөхөөр хичээллүүлнэ гээд бэлтгэл сургуульдаа хамруулахад Доржоогийн нар нь гарсан даа. Тэгээд л спортоор ултай суурьтай хичээллэсний үр дүн нь дороо гараад л, 1996 онд ахыгаа заан болоход хүүхдийн барилдаанд түрүүлж байсан шүү дээ. Ах Сумъяа нь ч хүүхдийн барилдаанд түрүүлж байсан, тэгэхэд би манайхнаас анх төрийн тэргүүнээсээ шагнал авлаа гээд бэлгэшээж байсан. Тэр тохиолдол хожим хэд хэд ч давтагдах учиртай байж дээ.
- 1993 онд Өвөрхангай аймгийн 60 жилийн ойн наадамд танайхан бүгдээрээ очиход улсууд Долгорсүрэн заан хүүхдүүдтэйгээ нийлээд наадмын түрүүг авах гэж ирлээ гэсэн гэдэг…
- Тийм ээ, бид цугаараа тэр наадамд очсон л доо. Тэгэхэд тийм яриа гарсан байсан. Удалгүй тэнд манай 25-р баазын тээвэрт яваа жолооч нар Алтайгаас ирэх замдаа бууж саатаад сайхан байж билээ. Тэд маань нутгийн улсууд тэгж яриад байх юм гэж бидэнд дуулгахад надад бахархах сэтгэл төрж, яасан дэмбэрэлтэй үг вэ гэж бодож байсан. Цэрэнтогтох аварга, Ганбаатар арслан гээд нэртэй том бөхчүүд ирсэн сайхан наадам болсон шүү дээ. Ойн наадамд Долгорсүрэн, Бүдээ хоёр томчууд, хүүхдүүдийн барилдаанд хоюул 8-д үлдсэн. Бүдээ маань наймын хувин, цагаан идээгээр шагнуулж байсан. Сумъяа өвдчихөөд, халуунтай байсан ч гэсэн барилдсан чинь нэг л давсан.
Уг нь ч бид нутгийнхаа ойг хүндэтгэж очсон болохоос, наадмын түрүүг авах гээгүй л дээ. Гэхдээ л бэлгэшээлтэй үг байж дээ.
Сумъяа маань ирэх жил нь улсын начин болсон. 1996 онд Сумъяаг улсын заан болоход, зааны хүү заан болсон ховор сайхан тохиолдол боллоо гээд л баярлаж байсан. Зэрэгцээд дүү Доржоо нь хүүхдийн барилдаанд түрүүлснийг ч хэлэх үү. Бүдээ маань хамгийн залуу начин болоод даагаар шагнуулж байсан. Сумъяа ч хамгийн залуу начиныг даагаар анх удаа шагнахад, дааганы эзэн болж байсан шүү дээ. Сумъяа, Доржоо хоёр маань олон сайхан амжилт гаргасаар, хоюулаа аварга боллоо. Нөхөр хүүхдүүд маань бөх гэдэг хийморилог энэ спортоор сайхан сайхан амжилт үзүүлж олныг баясгаж ирсэн нь хосгүй хувь тавилан юм даа гэж бодож явдаг.
- Дагваа Япон руу явсан эхэн үедээ их бэрхшээлтэй учирдаг байв уу?
- Хэл мэдэхгүй, дэг жаяг хатуу зэрэг нь хэцүү л байсан гэсэн. Хүү маань эрхдүү өссөн ч тэнд очоод, огтхон ч шантралгүй, зорьсоныхоо төлөө зүтгэсээр тэр хатуу чанга ертөнцөд идээшиж чадсан, хэлээ ч сайн сурсан, гаргаж болох амжилтынх нь оргилд хүрлээ шүү дээ. Сүмод чинь хийх юмаа сайн хийгээд байвал бас нэг айхтар зодож жанчдаг ч юм уу, дэглэдэг дээрэлхдэг ч юм уу, улсуудын ойлгодог шиг тийм хэцүү юм байдаггүй гэсэн.
Гэхдээ сүмод явсан хүүхэд эхний 3 жилдээ гэртээ харихгүй, сайн байвал жилд 1 удаа харина гэсэн журамтай байдаг нь ар гэрийнхэнд нь амаргүй байдаг. Сайн амжилт үзүүлж цолонд хурдан хүрвэл тэр журам нь хөнгөвчлөгдөнө л дөө. Эхэн үедээ хүүгээ их л санадаг, тэнгис далай харвал хүү маань мөн ч алс хол байгаа шүү дээ гэж бодоод уйлах дөхдөг байсан. 16-хан настайдаа л явсан шүү дээ. Гэхдээ хүүгийнхээ сэтгэлийг зовоогоод яахав гээд биеэ их барьдаг, сэтгэлээ хатуужуулдаг байсан.
Тэмцээний үеэр хүн болгон л аваргыг давчихвал нэр төрийн хэрэг гэж бодож, хүүгийн минь өөдөөс ширүүхэн тулдаг. Би өвөг дээдсийнхээ шүтэж ирсэн Сундуйн Жүдийг уншиж, хүүгийнхээ төлөө залбирч явдаг болохоор барилдааныг нь халиралгүй тайван үзэж, бүх юм сайхан болж бүтнэ дээ гэж суудаг. Хүүгээ ч, дунд нь өсч өндийсөн дөрвөн уул, Дүнжингарав чинь түшиж тулна шүү, итгэлтэй барилдаарай, хүчтэн, мэхтэний өөдөөс адилхан л хүч мэхээ гаргаарай гээд хурцалж ирлэж байдаг.
- Дагваа аваргын хүү энд байгаа юу?
- Зун Японд их халуун байдаг болохоор бид энд өөрсөд дээрээ, хөдөө агаар салхинд байлгасан. Цав цагаан хүү ирсэн, бов бор болоод явсан. Сая Доржоотой утсаар ярьсан чинь “энэ хүн чинь үймүүлээд, хэргийн эзэн болсоон” л гэж байна билээ.
- Дагваа аваргыг саяын Сумъяа аваргын цолны найран дээр сэлэм эргүүлж зочдыг хөөсөн, бүгдэнд нь шанаа өгч хүчээр архи уулгасан зэргээр зохисгүй авирласан гэж сонин дээр бичсэн байна. Үнэхээр тийм явдал болсон юм уу.
- Доржоо хүү маань аварга ахыгаа, аваргын нэр төрөө хүндэтгээд л байж байсан даа. Гэхдээ төрсөн ах дүүс л юм болохоор хоорондоо алиалж хошигнох байдал хаа нэг гаргаж байсан. Хүн айлгаж зовоогоод байсан юм байв уу, үгүй юу гэдгийг телевизээр тэр найр хуримыг зөндөө л үзүүлэхэд харсан хүмүүс мэдэж байгаа болохоор надад тайлбарлаж хэлээд байх юм алга.
Доржоо ахдаа, гурван дээд амжилтыг үзүүлсэн башёдоо зүүж явсан, хийморь лүндаа шингэсэн, их аварга хүний хувьд хамгийн гол зүйл ёкозуна гэдэг ёслол хүндэтгэлийн бүсээ бэлэглэсэн. Гэтэл тэр сурвалжлагч Сумъяабазар дүүдээ сүмогийн эд бололтой зангидсан олс бэлэглэлээ гээд л бичсэн байсан. Иймэрхүү л “үнэн бодит байдалтай” юм бичсэн харагдсан. Тэгээд бас өөрөө очиж сурвалжлаагүй, эх сурвалжаас асууж тодруулаагүй байж, “тийм сурагтай, ийм сурагтай” гээд л бичсэн байсан. Сэтгүүлч, сурвалжлагч гэдгийг би сэтгэлгээгээ дайчлан байж сурвалжлан бичдэг хүн гэж ойлгодог. Гэтэл одоо сураг бичдэг болсон юм уу. Сураг гэдгийг үнэн, худлын аль нь гэх вэ, баримт гэж үзэх үү, цуурхал гэж үзэх үү, ерөөсөө ойлгохгүй байна. Бусдын хийгээгүй юмыг хийсэн болгоод шүүмжлээд байгаа тэр хүн өөрөө үр хүүхдээ хийгээгүй юмыг нь хийсэн болгож шүүмжлээд, лав л миний хүүхдүүдээс илүү сайн, гайхамшигтай хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэх байх даа л гэж бодсон.
Ер нь миний хүүг хэдхэн хоног ирээд явахад л ор үндэсгүйгээр өчнөөн муулж бичдэг. Тэгэхэд Японд бол ёкозунаг амьд бурхан гэж үзэж хүндэтгэдэг. Харин манай зарим сурвалжлагч, янз бүрийн улс Дагваа шиг муу муухай хүн байхгүй мэт л авирлах юм. Атаархал гэхэд ч хаашаа юм, хорлон сүйтгэл ч гэмээр юм шиг. Эгч нь ерөөсөө ойлгохгүй юм даа. Ойлгоод ч яах юм билээ.
- Арвайхээрт Дагваа аваргын хөшөөг босгохоор шав тавьсан, зориулагдах хөрөнгийг нь “Асашёрю” сан гаргана гэснийг уншсан, тэр үнэн үү?
- Би тэр тухай огт сонсоогүй юм байна. Надад дуулдмаар л юм.

Ярилцсан Ч.Мөнхбаяр. MMVI.X

No comments: