Миний бие Интэрнэтэд гаж үзэгдлүүдийг олонтаа хардаг.
Зудын холбогдолтой нийтлэл, мэдээллийн дорх сэтгэгдэл, форумын сэдэв дэх бичлэгүүдийг үзэхэд эрүүл бус зүйл дийлэнх нь. Битгий зудын хохирогчдод тусал, хохь нь л гэсэн байх юм. Өвөрмонголтой холбоотой сэтгэгдэл бичлэгүүдийн ихэнх нь өмнөдийн яс цус нэгт ахан дүүсээ үзэн ядсан өнгө аястай. Ашигт малтмалын тухайд гэхэд, өөрсдөө эзэмших ямар ч боломж, үндэслэл, шаардлага байхгүй юм чинь харийнханд эх орноо өгөөд бай, өгөөд бай, монголчууд залхуу, арчаагүй, алтан дээр суусан гуйлгачин заяатай гэсэн утга давамгайлна.
Интэрнэтэд үл бүтэх улсууд, дэглэмд таатай мангуунууд ордог юм уу, эсвэл албан ёсны суртал ухуулгаас болоод ингэтлээ мунхарчихав уу гэж гайхахад ч хүрч байсан.
Миний нийтлэлүүдийн дор хараал зүхэл, доромжлол, эргүүтэл, өдөөн хатгалт, заналхийлэл голдуу хурна. Над руу зөвхөн ингэж дайрч давшлаад байна уу гэтэл үгүй юм аа. Бүгдэн рүү л тэгж халддаг аж. “Гурван охин” хамтлагийнхныг ямар жигшүүртэйгээр доромжлон гутаасан байсан гээ. Намайг доромжлох нь бүр хажууд нь юу ч биш гэмээр.
Газар хөдлөлтийн талаар чухал асуудал хөндөөд л том нийтлэл бичиж, Интернэтэд тавьсан. П…-гаас бусад бүх хараал, доромжлол л дор нь бичигдсэн байна билээ. Шинээр хараал зохиож ч байгаа янзтай. Хамгийн гайгүйгээс нь дурдахад, арван жилийн мэдлэггүй, хэрэгтэй юм ганц ч алга, эрүүл хүн үү өвчтэй хүн үү, муу ёрлохоо болиоч, юу ч мэдэхгүй, ойрд ингэж инээсэнгүй, туйлширлаа, сэтгэлийн хөөрлөөр хандлаа, галзуу хүний өдрийн тэмдэглэл, хэрэгтэй сэдэв хөндөж бай, тийм сүрхий юм бол бидэнд биш төрд наад асуудлаа тавь, гайхамшигтай гажиг зүйл бичиж г.м. Нийтлэл бүрийн минь дор шахуу: “Таминь ээ, энэ галзуугийн юмыг битгий тавьж байгаач ээ. Шар хадны эмнэлэгт ор байхгүй юм уу?” гэж бичээд, мөшгөөд явдаг галзуу ч буй болов. Ташрамд, би түүнийг галзуу гэсэн нь доромжлол биш, онош, баримт юм. Тийм хүнийг эмнэлгийн үзлэгээр оруулбал, сэтгэцийн гажигтай л байгаа.
Ард түмнийхээ төлөө 20 гаруй жил нүдээ чилээж, ухаанаа цуцааж, биеэ гарздан бичиж тэмцэж явсны хариуд ийм үг сонсох ч гэж дээ гэмээр үе гарна. Нэг хүн гурван өөр нэрээр орж доромжилсныг нь үзэхүл, бүр нэг тодорхой зорилготой, захиалгатай байна даа. Үгүйсэн бол, яагаад тэгж улангасах билээ. Улам л олон хүнийг доромжлохоо бодмоор юм. Төр, нийгмийг хамгийн шударгаар, тууштай шүүмжлэгч миний эсрэг бодлоготой явуулгын л хэсэг юм болов уу даа.
Намайг ойлгодог дэмждэг хүмүүс ч сэтгэгдэл, бичлэгээ цөөнгүй үлдээдэг, бүр доромжлогчидтой хэрэлдсэн байна. Гэхдээ тэд маань цөөнх нь л дөө.
Манай нэг томоохон нийтлэлч интернэтээр доромжлогчдын талаар бичсэн байсан. Нэг доромжлогчийг илрүүлсэн чинь, том дарга байхаар нь үнэхээр гутсан юм билээ.
Тэдний бүтэц гэвэл, 1-рт, сэтгэцийн хувьд хэвийн бусчууд, 2-рт танхай хүүхдүүд, 3-рт төр болон улс төрийн байгууллага, зүтгэлтнүүдээс тодорхой даалгавар авсан “сэтгэгдэлчин” хэмээх үүрэгтнүүд, 4-рт, тэр зүтгэлтнүүд болон хамаатнууд, хамсаатнууд нь байдгийг би ажигласаан. Нөхөд ойр дотныхон маань “Тэр солиотнуудын үгийг битгий тоо, бүү эмзэглэ” л гэдэг.
Гэхдээ доромжлол, хараал, гүтгэлэг гэдэг чинь эрүүгийн гэмт хэрэг шүү дээ. Монголд хууль, хууль сахиулах байгууллага буй нөхцөлд гэмгүй хүмүүс гэмт халдлагын золиос болж, хохирч, үүнийгээ хүлцэж явах ёсгүй. Яагаад тэр гэмт хэрэгтнүүд, солиотон галзуучууд, амны салиа нь арилаагүй нусгайчууд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явах ёстой юм бэ? Заримыг нь шоронд, заримыг нь галзуугийн больницод, заримыг нь жорлонд хорих нь зүйтэй нийгэм бус уу? Интэрнэт гэхлээр л бүх юм гаж буруу болчих учиртай юу.Цахим сүлжээнд хууль үйлчилэхгүй юу?
Огтхон ч үгүй юм. Сэтгүүлч миний хувьд, болохгүй зүйл бол болохгүй л зүйл, түүнтэй эвлэрнэ гэж байхгүй. Намайг доромжилсон бүхнийг шүүхэд өгч, торгууль төлбөрөөр нь баяжиж, тэдгээр этгээдийг хүмүүжүүлж, эмчилж, хонгон дээр нь алгадуулмаар байна. Газар хөдлөлтийн нийтлэлтэй холбогдуулж намайг доромжилсон Т, hurel, Reader, hi, sanal, IP:77.176.196.119, IP: 124.158.86.21 гээд л долоон хүнээс төлбөр авахад л би ард түмнийхээ төлөө тэмцлээ санхүүжүүлэх хөөрхөн мөнгөтэй болчихно. Ашигтайг таатайтай хослуулна гэдэг л энэ шүү дээ.
Интэрнэтийн давуу тал нь, доромжлогч гүтгэгчдийн бичсэн үг, хугацаа, компьютерийн IP бүгд хөдөлбөргүй баримт болоод байж байгаа юм. Тэрийг нь миний бие хэвлэж аваад, нотариатын газраар баталгаажуулчихсан. Нэрээ нуусан тэр хулгай нарыг олоход ядах юмгүй.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 110-р зүйлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр доромжилсон бол, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин өсгөсөнтэй тэнцэх торгууль оногдуулах буюу 1-3 сар засан хүмүүжүүлэх хөдөлмөр хийлгэнэ гэсэн буй. Бас хүндрүүлж авч үзэх заалтуудтай. Торгуулиас гадна, сэтгэлзүйн хохирлыг барагдуулна гэж юм бий. Зүгээр нэг, хүн доромжилчихоод солиотой таашаалаа эдлээд юм уу, мөнгө хөлс аваад явж байж болдоггүй байхгүй юу. Дааганаас унаж үхээгүй байж, дарвагараас унаж үхдэгийг санууштай. Миний бие эрүүл ухаантай, саруул явдалтай тул юу бичихээ мэднэ, хууль намайг хамгаална, харин тэр гэмт хэрэгтнүүд тэнэг явдлаасаа болж, үйл лайгаа эдлэх л болно, тэр нь л шударга.
Интернэтээр доромжлох, гүтгэх явдлын эсрэг бүх хохирогчид, сүлжээний ажилтнууд, төр хамтран тэмцэхийг уриалж байна. Интэрнэтийг гэмт хэрэгтнүүдээс цэвэрлэх хөдөлгөөн байгуулан тэмцье. Надад ямар ч юм тодорхой уриалга, хууль, тогтоол болж цэгцтэйгээр бууж ирчих гээд байдаг тул далимд, дараах тогтоолын төслийг санаачлав.
Монгол Улсын Засгийн Газрын Тогтоол
/Төсөл/
/Төсөл/
Огноо… Улаанбаатар Дугаар…
Цахим сүлжээнд доромжлох, гүтгэх гэмт хэргийн эсрэг
арга хэмжээг чангатгах тухай
арга хэмжээг чангатгах тухай
Сүүлийн үед цахим сүлжээнд доромжлох, гүтгэх гэмт хэрэг үйлдэгдэх нь ихэсч, нийгэмд гэмт сөрөг нөлөөг учруулах боллоо. Учир иймд, Монгол Улсын Засгийн Газраас тогтоох нь:
1.Доромжлох, гүтгэх гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг цахим сүлжээний хүрээнд сайжруулсугай.
2.Цахим сүлжээнд доромжлох, гүтгэх гэмт хэргийн илрүүлэлтийг эрчимжүүлсүгэй.
3.Цахим сүлжээнд доромжлох, гүтгэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд сурталчилгааны ажлыг зохион байгуулсугай.
4.Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг Монгол Улсын ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржид даалгасугай.
1.Доромжлох, гүтгэх гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг цахим сүлжээний хүрээнд сайжруулсугай.
2.Цахим сүлжээнд доромжлох, гүтгэх гэмт хэргийн илрүүлэлтийг эрчимжүүлсүгэй.
3.Цахим сүлжээнд доромжлох, гүтгэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд сурталчилгааны ажлыг зохион байгуулсугай.
4.Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг Монгол Улсын ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд
С.Батболд
Ч.Мөнхбаяр
ММХ.II.II
http://moenhbayar.blogspot.com
С.Батболд
Ч.Мөнхбаяр
ММХ.II.II
http://moenhbayar.blogspot.com
No comments:
Post a Comment