Friday, February 5, 2010

Төр ард түмнээ газар хөдлөлтөөс аврахын оронд, үүгээр далимдуулан 3 тэрбум төгрөг зувчуулахнээ


Газар хөдлөлтөөс өмнө Хаити 
яг манайх шиг нөхцөл байдалтай байв

Хаити орон тэр чигээрээ бидэнд анхааруулга сануулга болж байна. Газар хөдлөлтөөс болж, улс орон байтугай, хүнс ус тэнд үгүй болж, тэр өдөртөө амьд явахын төлөө, зэрлэгшсэн хүмүүс алалцаж, дайтаж байна. Цаасан хайрцаг, цаасан овоохойд хаитичууд үй олнороо өлсөж цангаж, өвдөж зовсоор хиарч байна. Хаитийн хаосыг наад захын зохицуулалтаар багасгахын тулд АНУ 14 мянган цэрэг илгээсэн ч, өчүүхэн төдий эмх замбараа тогтоож үл чадан, харин ч түрэмгийлэгчид хэмээн хараан зүхэгдэв.
Хэдэн жилийн өмнөөс л газар хөдлөлт болно шүү гэдгийг гадаад дотоодын мэргэжилтнүүд төрд нь анхааруулж, түгшүүрийн дохио дэлдсэн авч, хариу арга хэмжээ аваагүйгээс иймд хүрчээ. Хамаг ашигт малтмалаа харьд эзэмшүүлсэн тул төрд нь ямар ч мөнгө байхгүй, олон тэрбумын өр л байдаг юм байна. Монголд яг л ийм нөхцөл байдал бүрэлдчихээд байна.

Нийслэл, Дорноговь, баруун бүсэд хүчтэй газар хөдлөх магадлал социализмын үед л мэдэгдэж байж. 5 жилийн төлөвлөгөө, интэрнационализм энэ тэр ярьсаар өнгөрч. Дараа нь тогтсон нийгмийн үед ч нууж хааж л явж. 1.9-ний газар хөдлөлтөөс хойш л ил боллоо шүү дээ.
2009 онд орос-монголын судалгааны баг нийслэлд хүчтэй газар хөдлөнө гэж анхааруулсан. Түүнээс хойш японы баг бас анхааруулсан ч, судалгааг нь устгасан шиг билээ. Холбогдох мэргэжилтнүүд хайгаад олоогүй гэсэн. Манай эрдэмтэд ч анхааруулж ирж. Гэтэл “хэзээ ч магадгүй, одоо ч магадгүй” гэж судлаачдын хэлэх хүртэл, 1.9-ний газар хөдлөлт хүртэл үүнийг нуун дарагдуулж ирсэн төрийг юу гэх вэ?
1.9-нд ч, дараа нь ч төр огт байхгүй мэт, энэ асуудлаар дуугарахгүй байсаар өдий хүрэв. 17 хоногийн дараа буюу 26-нд мэргэжилтнүүдийг хүсэлтийнх нь дагуу ерөнхийлөгч л хүлээн авч уулзах шив. Тэгээд, ҮАБЗ-өөр хэлэлцэх эсэхээн хэлэлцье гэж шивнэсэн гэв үү. УИХ, ЗГ бол шивнээ ч үгүй. Гялгар ууттай л ноцолдоод байсан. Гэтэл энэ асуудлаар өчүүхэн миний бие 1.9, 17, 24-ний өдрүүдэд өгүүллүүд бичиж, гурвууланг нь сонин, сүлжээнд нийтлүүлж, ард түмнээ сэрэмжлүүлж, аврагдах арга замыг сурталчилж, төрөөс хавьгүй ихийг хийчихсэн байх юм. Ийм хэвээр л байх уу?

Харин ч нам засгийн зүгээс хэвлэл мэдээлэл, албан хаагчдад газар хөдлөлтөөс сэргийлэхийн эсрэг суртал ухуулга хийхийг даалгасан шиг байна. Нэгэн жишээ хэлэхэд, холбогдох мэргэжилтнүүд хэвлэлийн хурал хийлгэхдээ асуудлыг бүрхэгдүүлэхийг оролдов.
Тэд удахгүй газар хөдөлнө гэдэгт бүү итгэ, хэзээ хөдлөхийг мэдэх ямар ч арга, бурхан байхгүй, одоо ч магадгүй, үгүй байж ч магадгүй, тиймээс амар амгалан байцгаа /үхэцгээ л гэсэн үг юм даа/ гэж тайвшруулав. Эмээлтээс Өлзийт хүртэл, бас Хустайн нурууны дагуу том хагарал гарч, тэнд газар хөдлөлтийн идэвхжил маш өндөр болж байгаа, тиймээс Улаанбаатарын баруун талд 10, зүүн хэсэгт 9.99 баллын газар хөдлөлт болно, хугацааг нь л цаг минут, сэкүнд доля-гаар хэлэх боломж гарахгүй, тиймээс бүү санаа зов гэж тайтгаруулав. Бүр давраад, энд хэзээ газар хөдөлснийг бид мэдэхгүй байна, хоёр удаа газар хөдлөөдөхвөл үечлэлийг нь тогтоочихно л доо, их төлөв давтамж нь мянгаас илүү жил байдаг, тэгэхлээр үечлэл тогтооход маш их мөнгө хугацаа шаардагдана, эхний удаад 3 тэрбумыг л авмаар байна гэх нь тэр!
Судлаачид нь ийм юм ярихлаар яах вэ, таминь ээ. Дэлхийн төвшний гамшиг болсон их зудыг төр маань нуун дарагдуулахыг оролдож байснаа, арайчүү 3,7 тэрбум төгрөг гаргах болсон. Гэтэл газар  хөдлөл судлаачид бас нэг зуд гарч ирэв ээ, янз нь. Судлаад тодорхой болчихсон юмыг одоо бас яаж судлах гээд байгаа хэрэг вэ? Алтан чагнуур, мөнгөн хэмжүүрээр судлах гээд байнуу.
Төрийн албан хаагчид буюу, тэр судлаачид нэгэн дуугаар газар хөдлөлтийг урьдчилан мэдэж боддоггүй гэж буй. Урьдчилан мэдэж болдоггүй тийм судлаачдын үгийг сонсох хэрэггүй л байхгүй юу. Тэр “улс төрийн” ажлаа л хийгээд явцгааж байг.
Яахав, ТВ-ийн хөтөлбөр шиг төдөн цаг, өдөн минутад хөдөлнөө гэж зарлаж болохгүй нь үнэн. Энэ салангид болгосон дэталь дээр тоглоод л, ард түмнийг мунхруулж, аюулд учруулж байна. Бүрэн үнэн гэвэл, ойрын үед, одоо ч нийслэлд хүчтэй газар хөдөлж магад. Урьдчилан мэдэж болно, мэдсэн нь энэ.
Хаагдах, харвах өвчин тусчихаад, “төд өдөн цаг минутад би үхнэ гэх баталгаа алга” гээд эмчлүүлэхгүй яваад байж болохгүйн л адил нөхцөл бүрэлдчихээд байхад, айсуй гамшгийг мэдрэхгүй, сэхээрэхгүй гэвэл ерөөсөө тархины тал нь юм уу, ихэнх нь ажиллагаагүй болсон л хэрэг.
Тэр гурван тэрбум төгрөг хуваарилж, судлуулна гэж цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдах хэрэггүй. Магадгүй тэр мөнгөөр СГД-гэнэраторын үйлчилгээг авчих ч юм билүү.
Ингээд, үг олдож, үхэр холдохоос наана, гол асуудалдаа оръёо. Цаг мөч бүхэн бидний, ойр дотныхны маань амьд амьдралаар хэмжигдэж байна. Монголын төрд улс үндэстнээ аюул гамшигт үйж сөнөөх гээгүй л бол ухаарах сэхээрэхийг сануулж, тулгамдсан үүргээ биелүүлэхийг анхааруулж, дараах уриалгыг өргөж байна.

Монголын төрд хандсан уриалга
Газар хөдлөлтийн аюулаас улс үндэстнээ аварцгаая!
Ойрын үед Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 9-10 баллын хүчтэй, улс үндэстнийг мөхөөх аюултай газар хөдлөлт болох магадлал өндөр байна. Тиймээс, Монголын төрдөө хандаж уриалах нь,
1. Газар хөдлөлтөөс сэргийлэх хамгийн түгээмэл арга нь  нүүн шилжилт. Шаардлагатай бол нийслэлийн хүн ардыг, оюуны болон материаллаг баялгийг нүүлгэн шилжүүлцгээе! Өмч хөрөнгөө давагдашгүй хүчин зүйлээс болж алдсан иргэдийн хохирлыг төрөөс барагдуулах, тэднийг сууц, ажлын байр, төрөл бүрийн тусламжаар хангахад мөн бэлтгэцгээе!
2. Дараагийн түгээмэл арга нь, хөрсөн дор цөмийн дэлбэлэлт хийж, газар хөдлөлтийн энэргийг эзгүй нутаг руу татаж, гаргах. АНУ, ОХУ зэрэг улсууд энэ аргыг үр нөлөөтэй хэрэглэж, туршлага хуримтлуулсан ажээ. Энэ аргыг боломжтой бол хэрэглэцгээе!
3. Сүүлийн үед соронзон-гидродинамик гэнэраторын /СГГ/ аргыг ОХУ-д боловсруулан буй болгожээ. Бага хэмжээний нутагт төвлөрөн, хүчтэй гарах энэргийг их хэмжээний нутгаар бараг мэдэгдэхгүй доргилт болгон цацаж гаргадаг арга юм. Үүнийг мөн судалж, боломжтой бол хэрэглэцгээе!
4. Газар хөдлөлтийн аюулаас улс үндэстнээ аврах ажлыг санхүүжүүлэх арга замуудыг олцгооё!
5. Улаанбаатарын, Монголын газар хөдлөлтийн асуудлыг олон улсын тавцанд ил тод гарган, сурталчлан таниулж, дэлхий дахинаас тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэцгээе!

Сэтгүүлч Ч.Мөнхбаяр
ММХ.II.II

No comments: