Энэ нь ардын баатар болоход хангалттай!
Монголын баатрууд гэж хэн байв? Модун, Аттила, Таньшихуай, Шэлүн, Елү Амбагай, Елү Даши, Хабул хаан, Чингис хаан, Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй, Бат, Гүюг, Мөнх, Хүлэгү, Төмөр, Бабур, Сайнболдбэх, Зэв, Зэлмэ, Сүбээдэй, Мухулай, Хубилай ноён, Боорчи, Хасар, Шихихутаг, Чингай, Чинсан, Елү Чуцай, Жамуха, Тогоон, Эсэн, Батмөнх, Түмэн, Баатар хунтайж, Галдан Бошгот, Цэвээнравдан, Галданцэрэн, Даваач, Амарсанаа, Чингүнжав, Тоорой, Ханддорж, Намнансүрэн, Цэрэнчимэд, Хайсан, Дамдинсүрэн, Магсаржав, Жалханз хутагт, Бавуужав, Тогтох, Сумъяа, Гаадаа, Мэндбаяр, Жамсарано, Ринчино, Доржиев, Бодоо, Данзан, Сүхбаатар, Дэмчигдонров.. гээд л байв даа. Аргагүй л баатрууд.
Гэтэл өнөөдөр ч баатрууд төрж байна. Осолд орсон хүн баатар мөн үү? Мэдээж, үгүй. Тэр хүнийг ойшоохгүй байж болохгүй. Гэхдээ тэр бол гавьяа байгуулаагүй. Эмгэнэлтэй хувь заяатай л хүн. Эмгэнэлт явдлын золиос болсон хүнийг яаж тэтгэхэв, ивээхэв, энэ талаар бол хууль журмууд байна. Түүний үүднээс л хандах ёстой. Энэ тохиолдолд монголын бүх иргэн, харьяатад адилхан л хандах учиртай.
Тэгдэггүй юм байна аа. Хэрэв том дарга нарын буруугаас болж, осолд орсон бол уг хохирогчид бусад хохирогчтой адилаар хандаж болохгүй. “Даргаас болж амиа алдсан бол, ардын баатар болох ёстой, ар гэрт нь байр өг, үр хүүхдэд нь цалингий нь олгож бай”. Ийм л юм боллоо шүү дээ. Бусад хохирогч бол хуулийн дагуу л асуудлаа шийдүүлнэ.
Даргын буруугаас осолдсон хохирогчийг ардын баатар болгохгүй бол болохгүй. Ар гэр нь тэмцээд, бидний үнэнийг илчлээд, аягүй бол дэглэмийг маань унагаачихаж болзошгүй. Тэр шаардсан 100 саяыг нь өг”. Ингээд л Монгол олон баатартай боллоо, зураг хөрөг, намтар нь нийтлэгдлээ, нэвтрүүлэгдлээ, цээжлэгдлээ, дуу клип ч гарлаа, ард түмэн ч дууллаа даа.
Өвчтэй, ганц бие бүсгүй бол хөөрхий еэ дээ. Тийм хүнд тэгж ингэж тусална гэсэн дүрэм журам бас л байгаа. Бүх л өвчтэй, ганц бие бүсгүйчүүдэд тэр дүрэм журмын дагуу тэгш хандахаас өөр аргагүй. Гэтэл бас л тэгдэггүй юм байна. Тэр бүсгүй ТВ-д хандаж, миний тухай нэвтрүүлэг хийгээд өгөөч гэж уйлж дуулж, санасандаа хүрсэн бол ардын баатар болох ёстой. Болсон ч.
Нэвтрүүлгийн дараа уг ТВ шинээр тодорсон ардын баатрын шүтэн бишрэгчдийн хөлд дарагджээ. Арван жилийн хүүхдүүд ангиараа, тус бүр 5000-тын дэвсгэрт бариад ирэх юм гэнэ. Баян чинээлэг хүмүүс ирээд л 100, 500, 1000, 10000 доллар чулуудаад байх юм гэнэ. Сайд ч ирсэн. Одоо өөрийгөө хүндэлдэг ТВ-ийн сэтгүүлч бүр л өөрийн гэсэн тийм, баатар тодруулчих санаатай гүйлддэг болж дээ.
Алагдсан хүн... Шимширмээр... Гэхдээ тэр бол ардын баатар мөн үү. Яавч биш ээ. Харин харьд, баян этгээдэд залуу бүсгүй алагдвал яах вэ? Ардын баатар л болно. “Тэр бол өвчтэй үр хүүхдээ аврахын тулд “Чиний хууль бус хүүхэд” гэж худал хэлэхэд хүрсэн; улс орон, гэр бүлээ авч явдаг монголын эмэгтэйчүүдийн хамгийн мундаг төлөөлөгч. Алив, сонин гарга, жагсаал цуглаан хий, жендерчид дуугар, суварга босго, сан байгуул, ГХЯ мэдэгдэл гарга”.
Ер нь нас барсан хүн манайд баатар болохдоо амархан. “Зууны луйварчин” гэж цоллуулж явсан нэгэн онгоцны осолд орлоо. Баатар боллоо. “Тэнгэрийн хүү тэнгэртээ буцав” гэгдлээ. “”Эрх баригч намын бууны нохой” гэгдэж явсан, ардчиллыг үзэн ядагч өвчнөөр өөд боллоо, баатар боллоо, Монгол улс үндэстний төлөө л цогтой тэмцэж явсан гэгдлээ. Оросын ялалтын баяраар пиво уулаа, шүхрээр нислээ, хад мөргөлөө, баатар боллоо, бараг л ардчиллын загалмайлсан эцэг гэгдсэнгүй. Ийм жишээ олон...
Хамраа гэмтээсэн хүн баатар мөн үү. Биш ээ, эмчлүүлэх шаардлагатай л хүн. Хэрэв тэр олон монголчуудын хувьд диваажин, Шамбал, эх орноос нь илүү эх орон мэт болоод байгаа Солонгост боолчлогдож байгаад гэмтсэн бол яахав. “Өө, баатар, баатар! Манай үеийн баатар гарцаагүй мөөн. ТВ-ээр гарга, хандив цуглуул, хотын дарга, бүр улсын ерөнхийлөгч болгосон ч багадна”.
Мөнгөтэй хүн баатар уу. Бас л баатар. Учир нь тэр баатар цолыг худалдан авч чадна. Худалдагч нь саяхан лааз өшиглөж явсан, нүд ирмэхийн зуур л тэнгэрт тултлаа баяжсан гэнэ шүү.
Иймэрхүү баатрууд төрөхийг эрх баригчид битүүхэн дэмжиж, талархаж байдаг. Осолд орсон, өвдсөн, алагдсан, нөгчсөн, гэмтсэн, залилуулсан хүмүүс төрд ямар ч аюулгүй шүү дээ. Харин жинхэнэ баатар бол аюултай. Жинхэнэ баатрыг буй болгохгүйн тулд осолдсон, нөгчсөн “баатруудыг” гаргаж ирж, үлгэр дуурайл болгоод бай. Тэгээд осолдоцгоож байг, нөгчицгөөж байг.
Гэх мэт юм ажиглагдаад байна шүү.
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment