Tuesday, February 16, 2010

Дагвааг би тийм авир гаргасан гэдэгт үнэмшихгүй


Долгорсүрэн зааны дөрвөн хүүхэд – Сумъяабазар, Сэржбүдээ, Дагвадорж, Ичинноров нар 77-р сургуульд сурч байсан бөгөөд, хөвүүдэд нь биеийн тамирын багш, спортын мастер, чөлөөт бөхийн шаггүй дасгалжуулагч Д.Гоошоохүү хичээл зааж байжээ. “Би тэр шавийн багш, энэ шавийн багш гэж ярьж явахыг урьдал болгодоггүй. Биеийн тамирын хичээлийн ач холбогдол, сагсан бөмбөгийн тухай л яримаар байна” хэмээн тэр яриагаа эхэлсэн юм.


- Би Монголынхоо сүмочдыг, тэр тусмаа Асашёрю аваргыг дэмжиж, хүндэтгэж явдаг. Тийм болохоор, Дагвадорж аваргыг Сумъяабазар ахдаа гар хүрсэн, бизнесмен эмэгтэйчүүдэд агсам тавьсан, авгайгаа ч байнга зоддог, аавыгаа “Өвгөн чи дуугүй бай” гээд загнадаг, маш танхай балмад, онгироо сагсуу нэгэн гэх зэргээр хэвлэлд бичсэн нь мэдээж таатай санагдаагүй. Тэрхүү мэдээллийн талаар та юу хэлэх вэ?
- Би энэ тухай чамаас л дуулж байна. Тийм юм бичигдсэн бол надад үнэхээр утгагүй санагдаж байна. Ерөөсөө үнэмшихгүй байна. Би Долгорсүрэнгийнхээр орж гардаг, тэднийхэнтэй ойр дотно явсан хүн. Тэднийг сайн мэднэ. Аав ээж хоёр нь хүүхдүүдийнхээ хүмүүжилд их анхаардаг, хатуу байх үедээ ч хатуу байж чаддаг, тэднийг сайн барьж, хүмүүжүүлж, төлөвшүүлж чадсан хүмүүс. Хүмүүжүүлэх үүднээс ч спортоор хичээллэхийг нь дэмждэг байсан байгаа юм. Дүү нь ахыгаа зоддог хүмүүжил тэднийхэнд байхгүй, ах захаа мэддэг, хүндэтгэдэг л хүмүүжилтэй өсөцгөөсөн. Өдий насандаа, аварга болчихоод тийм авир гаргах улс биш.
Дагвадорж тийм л танхай балмад, болдоггүй юм бол тэр айхтар ёс журамтай сүмогоор дархан аварга болтлоо ахина, амжилт үзүүлнэ гэж байхгүй шүү дээ.  Ер нь спортын аль ч төрөлд сахилга батыг зайлшгүй чухалд тооцдог. Сахилга батгүй хүн спортод амжилт гаргах байтугай, зүгээр хичээллээд явж ч чадахгүй. Өндөр амжилтыг гаргах тусмаа л өндөр сахилга баттай байдаг байхгүй юу. Амжилт гаргасан тамирчин хүнийг сахилгатай, өөрийгөө захирч, биеэ авч явж чаддаг хүн гэж дүгнэчихэд буруудахааргүй байдаг.
- Багадаа энэ хавийн сургуулиудаас хөөгдөж, нааш цааш шилжсэн, айхтар сахилгагүй хүүхэд байсан гэж бас бичдэг. Энэ сургуульд Долгорсүрэн гуай арын хаалгаар оруулсан ч гэдэг…
- Тийм зүйл бас бичигдсэн юм уу. Хүүхэд сургуулиас хөөгдөнө гэдэг чинь хичээлдээ огт явдаггүй юм уу, бүр хэрэг түвэгт ноцтой холбогдсон нөхцөлд л байж болох асуудал шүү дээ. Дагвадорж бол дунд зэргийн сурлагатай л хүүхэд байсан. Сахилгын хувьд, үймүүлэх нь бий ч, багшийнхаа үгэнд ороод, үгийг нь аваад л явдаг байсан. Бурхан шиг хүүхэд байлаа гэж худлаа ярихгүй. Тийм бай ч гэж би шавь нартаа шаарддаггүй. Би бол монгол хэлний юм уу, математикийн багш биш, биеийн тамирын багш. Бусад багш нар хүүхдүүдийг чимээгүй бай, хөдөлгөөнгүй суу, самбар луу анхаар, томоотой байцгаа гэж шаарддаг бол би огт өөр зүйлийг шаарддаг. “Үзүүлээд өг, наагаад өг, ял, дийл, дар” л гэдэг. Хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, тэмцэлтэй, өрсөлдөөнтэй, зоригтой, хор шартай, бууж өгдөггүй бай гэж шаарддаг. Дагвадорж бол тийм л хүүхэд байсан.  
Хүүхэд дэггүйтэж зүггүйтэж байж л хорвоог таньдаг, буруу зөвийг мэддэг, хүмүүжлийг олж авдаг.
Спортын хүний психологи, зан характер чинь энгийн хүнийхээс шал өөр, дайчин, оргилуун, эрч хүчтэй, ялалт руу тэмүүлсэн, энергитэй байдаг. 
Дагвадоржийн хоёр ахыг би бөхийн секцдээ хичээллүүлж байхад Дагваа чинь сэргэлэн жаахан хүүхэд ирчихээд л хараад суудаг байсан. Би ер нь Дагвааг анх ажаад л сайн бөх болохыг нь таньсан, мэдэрсэн юм. Ерөөсөө л Сумъяа, Бүдээ, Дагваа чинь төрмөл бөхчүүд байхгүй юу. Харваас андашгүй. Дагваа өөр сургуулийнх болохоор манай бөхийн секцэнд явдаггүй байсан. Харин бөхийн удамтай хүүхдүүдийг цуглуулна гэсэн “Жуулчин” клуб Дагвааг жүдо бөхөөр хичээллүүлж байсан. Дагваа үндэсний бөхөөр ч хичээллэдэг байсан. Бөх ах нар нь байхад бөх болохоос ч биш яахав.
Гэхдээ Дагваа сагсанд маш их хорхойтой, сайн ч тоглодог байсан. Тэрийг нь би олзуурхаад, сургуулийнхаа багтаа авъя гэж бодоод л нааш нь шилжүүлэх асуудлыг сэдсэн. Долгорсүрэн заан ч ах дүү нартай нь нэг сургуульд байлгая гэж байсан. Ийм л юм болсон хэрэг шүү дээ. Дагваа ч миний удирддаг сагсны секцэд явах сонирхолтой байсан байх.


- Дагвадорж таны хэр шавь байв?
- Дагваа манай сургуульд нэг улирал л байсан юм уу даа, тийм болохоор би өөрийгөө Дагваагийн багш гээд байдаггүй шүү дээ. Яахав, сагсны секцэндээ миний зааж сургасан юм бий л байх.
Сагсанд дуртай байдлыг нь харахад бол сагсны хүн болох нь дээ л гэмээр байдагсан. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн гол довтлогч байсан. 
Их идэвх санаачлагатай. Нэг удаа багийнхнаа хувцсаар хангасан гээд л бод. Тухайн үедээ нэлээн ганганд орох, хар хөх өнгийн майкаар багийнхныгаа ижилсүүлсэн. Ээж нь оёдлын үйлдвэрт нягтлангаар ажиллаж байсан юм билээ. Өөрөө санаачлаад л, багийнхандаа хувцас авчирсан. Тэр майкийг одоо ч би хадгалж явдаг. Манай сургуулийн шигшээгийн нэгэн дурсгал юм гээд. Дагваа чинь одоо ч улсынхаа шигшээг хувцсаар хангаж байдаг хүн шүү дээ.
Тэгснээ л сүмо руу явчихсан юм. Би ч бөх болсон нь дээр гэж бодож байсан. Сагсаар яваад байгаа хэр нь л Дагваа бөх л харагдаад байдаг байсан байхгүй юу. Гэхдээ сагсны спорт хүнийг хөл гарын хөдөлгөөн сайтай, хурдтай, хараатай, оночтой, реакцитай гээд л олон сайн талтай болгодог юм. Тэр зэрэг нь бөхөөр хичээллэхэд тус нэмэр болдог байсан байлгүй дээ.
- Сумъяабазар аварга, Сэржбүдээ начин мөн таны шавь шүү дээ.
- Тэгэлгүй яахав. Тэр хоёрын тухайд бол би харин багш нь гэж бардам хэлж чадна. Манай сургууль бөхөөрөө тасархай байлаа шүү дээ. Өсвөрийнхний янз бүрийн шатны тэмцээн, пионер сурагчдын спартакиад зэрэгт бараг бүх жинд нь аваргалж явсан үе ч бий. Улсын шигшээ шавь нараас маань бүрдэх дөхөж байсан. Би чинь сургуулийнхаа бөхийн, сагсан бөмбөгийн гээд л янз бүрийн л секцийг хичээллүүлж явлаа. Бөхийн секц маань нэлээн амжилтад хүрсэн. Яг л ид мандаж байх үед нь Сумъяабазар, Сэржбүдээ манай сургуульд шилжиж ирж байсан. 
МУГТ, 1996 онд 6 давж улсын начин, 2001 онд улсын заан болсон, самбо, жүдо бөхөөр өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аваргад тэргүүлэх амжилтуудыг үзүүлж байсан О.Одгэрэл, МУГТ, ДАШТ-ний хүрэл медальт, Ази тивийн аварга Ц.Цогтбаяр, ОУХМ, 1989 оны дэлхийн залуучуудын аварга С.Эрдэнэбаяр, СМ Б.Батнамсан гээд л олон шилдэг өсвөрийн бөхчүүд манай секцэд хичээллэж байлаа шүү дээ. Сумъяабазар, Сэржбүдээ хоёр нэмэгдээд ирнэ гэдэг сайхан хэрэг. 
Сумъяабазар манайд ирээд, поп-хадагтай Сарантуяагийн ээж Таня багшийн ангид орж, 1991 онд төгсгөсөн юм. Спортын уур амьсгалтай гэр бүлээс гаралтай, бие томтой, харваас төрмөл бөх гэлтэй огт өөр хүүхэд л байсан. Би секцэндээ хичээллүүлээд чөлөөт бөхөөр дүүрэг, улсын аварга болгож байсан. 
Би Сэржбүдээгийн анги даасан багш нь байлаа. Сэржбүдээ бас сагсанд их дуртай байсан юм. Сумъяа ч гэсэн сагсанд сонирхолтой л доо. Гэхдээ дүү нар шигээ тийм их хорхойсдоггүй байсан. Сэржбүдээд би бөх, сагсыг зэрэг зааж, сагсны секцдээ хичээллүүлж, сургуулийн бөхийн шигшээдээ дасгалжуулж байв. Бүдээ “Замчин” клүбэд бас бөхөөр хичээллэдэг байсан. Үүний зэрэгцээ мань хүн сургуулийнхаа сагсны шигшээд тоглож байсан. Манай сургууль Улаан-Үдийн 3-р сургуультай шеф байлаа. Тэгээд манай сургуулийн эрэгтэй эмэгтэй сагсан бөмбөгийн баг Улаан-Үдийн сургуулийнхантай тоглохоор явахад би Сэржбүдээг авч явж байсан. Сэржбүдээ нуруулаг, төвийн тоглогч байсан. Манай эрэгтэй эмэгтэй багийн аль аль нь шефийнхнийг нутагт нь хожоод ирж байсан. 
Долгорсүрэн зааны бага охин ч манай сургуульд сурч байгаад Японы дунд сургууль руу явсан. Гольфоор хичээллэдэг гэсэн, амжилт гаргах биз ээ. Эднийхэн бол спортын уур амьсгал, энергитэй, спортын элит гэр бүл байгаа юм.
- Та Долгорсүрэн зааныхантай ойр дотно явсан уу?
- Би эхэн үедээ Долгорсүрэн заантай уулзахдаа сурган хүмүүжүүлэгчийн хувьд харьцдаг байснаа, сүүлдээ бөхөд хайртай байдаг маань биднийг найз нөхөд болгосон. Би тэднийхээр орж гарч, заантай ганц нэг шил юм хувааж, ярьж хуучилж суудаг байлаа. Би Сумъяа, Бүдээ хоёрыг секцэндээ дасгалжуулдаг байсан, Дагваа бол өөр сургуульд байсан. Гэхдээ Дагвааг анх харахад л нүдэнд унаад, бөх болох нь гэсэн сэтгэгдэл төрж байсан юм. Дагвааг би “сайн бөх болох хүү” гэж урамшуулж суудаг байсан. Тэднийхнийг мэддэг болохоороо ч, хэвлэл мэдээлэл дээр бичигдсэн шиг тийм явдлууд болсон гэдэгт итгэхгүй байна.
- Та өөрийгөө уншигчдад танилцуулна уу?
- Би УБДС-ийг биеийн тамирын дасгалжуулагчийн мэргэжлээр төгсгөсөн. 1975 оноос хойш үндсэндээ 31 жил багшилж байна. “Сагсан бөмбөгийн сургалт, онолын арга зүй” гэдэг ном бичсэн. Шинжлэх ухааны магистр, сагсан бөмбөгийн спортын мастер цолтой.
Биеийн тамирын багш болсноороо бахархдаг, мэргэжилдээ дуртай. Сэтгэлд хүрсэн шавь нартай ч болсон, тэднээрээ бахархдаг.
Бие бялдрын ядуурлаас сэргийлэх нь миний гол зорилго байж ирсэн. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Бие, оюун хоёр уялдаатай. Бие бялдрын хөгжил, эрүүл мэнд бол биеийн баялаг юм. Гэтэл спортоор хичээллэхгүй, эрүүл мэндээ хайхрахгүй бол биеийн ядууралд ордог. Бие бялдрын ядууралд орсон хүн эдийн засгийн хувьд баян байгаад ч жаргалтай байдаггүй. Бие, оюуны ядуурлаас хэн бүхэн сэргийлж явах учиртай. Биеийн тамирын хичээл хамгийн чухал хичээлийн нэг.
Өнөөдөр хүмүүс бие, оюуны ядууралд маш их орж байна. Энэ ядуурлын асуудлыг өөрсдөө ч, төр ч хангалттай анхаарахгүй байна. Зөвхөн эдийн засгийн ядуурлыг л яриад байдаг. Тэр чинь ядуурлын зөвхөн нэг хэсэг. Бие, оюуны ядууралгүй бол эдийн засгийн ядуурлаас гарахад амархан. Бие, оюуны ядуурал бол хамгийн ноцтой, хамгийн анхаарууштай асуудал шүү гэж төгсгөлд нь хэлмээр байна. Бие, оюуны ядууралд орсон болохоор хов жив бичээд л, уншаад л, сул дорой явдаг байхгүй юу.
Ярилцсан Ч.Мөнхбаяр. MMVI.IX

No comments: