Миний бие, байгаль амьтанд хайртайн тул, зүй бус явдлыг хүлцдэггүйн учир, шонхрын наймааг арав гаруй жилийн өмнөөс л эсэргүүцэн бичсэн. Хамгийн сүүлд л гэхэд, “Монголчуудын сүлд болсон шонхор шувууг хайр найргүй устгаж, ард түмний хийморь лундааг бөхөөхийг оролдож байна” гэсэн нийтлэл бичиж хэвлүүлсэн. Гэтэл саяхан миний дүр, шонхрын наймааг дэмжиж буй мэтээр хэд хэдэн ТВ-ээр, давтан давтан үзэгдсэн нь ойр дотныхон, хамтран зүтгэгчдийн маань гайхшралыг төрүүлэв.
1.22-нд ТВ-ийн сурвалжлагч нэгэн бүсгүй надаас “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар ярилцлага авна” хэмээсэн ч, тэр өдрөө ирээгүй. Харин би уг хуулийг шинжиж, хэлж ярих зүйлээ цэгцлэн тэмдэглэсэн байсныгаа, редакцийнхаа шилжиж буй сонинд нийтлүүлсэн. Маргааш нь, бүсгүйг ирэхэд би уг зүйлээ л ярьсан /40 гаруй минут/. Тэрбээр, хэзээ ТВ-ээр гарахыг мэдэгдэнэ гэсэн ч, чимээгүй болсоон.
Гэтэл намайг шонхрын наймааг дэмжин, ТВ-ээр ярив хэмээн хүмүүс хэлж үгүүлж эхлэв. Бэртэлтэй байхын сацуу, сэтгүүлчийн ажлаа хийж, ТВ үзэх боломж, зав чөлөө муутай байгаа би тэдний үгүүлсэнийг ойлгохгүй, няцааж л суув.
Санаандгүй харин өөрийн нүдээр “Цагаан шонхрын эрэлд” хэмээх төлбөртэй нэвтрүүлэгт хэдэнтээ үзэгдэхийгээ харлаа. Хэвлэлийн хуулийн төслийн талаар, “Ямар ч сэтгүүлзүйн үндэслэл хийгдээгүй байна”, “Энэ нь хэвлэл мэдээллийн хэтийн төлөвт маш их балагтай”, “Үүнийг би шийдвэртэй эсэргүүцэж байна”, “Хэвлэлийн шударга хуулийн төлөө эрх чөлөө, дуу хоолойгоо нэгтгэн тэмцэхийг уриалж байна”, “Буруутан нь хуулийн хариуцлага хүлээх ёстой” гэхчлэн хэлсэн үгүүлбэрүүдийг таслан монтажилж, сэтгүүлч Цоггэрэлийг болон, шонхрын наймааг шүүмжилсэн нийтлэлүүдийг буруутган яллаж, уг наймааны алдаа гэмийг хаацайлж, Л.Гансүх сайдыг өмгөөлөн хамгаалж байгаа мэтээр шигтгэн оруулжээ. “Сэтгүүлч, судлаач Ч.Мөнхбаяр” гээд нэртэй устайгаа.
Урьд би ерөөс ингэж, Монголын гол гол ТВ-үүдээр өдөр болгон гарч, “мандаж” байсангүй. Санал санаачилгуудаа олон түмэнд хүргэх гээд амжилт олдоггүй л байсан. Гэтэл энэ удаад…
Монголын сэтгүүлзүй хаашаа явж байна вэ?
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment