Friday, February 5, 2010

Тийм баатар бий


Миний эх орон гайхамшгийн өлгий билээ. Дэлхий далайгаар бүрхэгдсэн байхад анх төвийсөн газар бол Монгол гэдэг. Энд хуурай газрын амьдрал, динозавр, шувуу, сүүн тэжээлтэн, хүн үүссэн ч гэдэг. Монголд гайхамшигт ид шидийн орон, Шамбалын орон бий гэж газар газрынхан итгэж, ирж, эрж хайсаар ирсэн. Эндхийн хүмүүс сансраас ер бусын энергийг авч, хосгүй хүчтэн болж дэлхийг тохинуулсан гэж нэрт эрдэмтэн бичсэн. Өвөг дээдэс маань гарагтаа хүчирхэг гэгдэж явсан нь Манжийн ноёрхол хүртэл үргэлжилсэн.
Эх орноо хайрлах үзэл, ариун итгэл, бишрэл, эрдэм ном, хүч чадал, тэнгэрлиг хийморьлиг шинж, ухаан гээд л юугаар ч дутаагүй байсан монголчууд харь гүрнүүдийн хорлол, дотоодын эвдрэлээс болж доройтжээ. Гэхдээ хамгийн дорой нь болтлоо доройтоогүй юм. 20-р зууны эхэнд хоёр хөрш маань бас л дорой байв. Тэр цагт хаа сайгүй л дорой байдал харагдаж байсан юм.
Үндэсний эх орончид хүчийг олж, улсаа нэгтгэх, ардчилах, шинэтгэх, хөгжүүлэх, жинхэнэ ёсоор тогтнуулах бодлогыг явуулж байтал ахин харийн хорлол нүүрлэлээ. Ар Халхад гэхэд л эх орончдыг нь хорлож, большевист дэглэмийг  хүчээр тулгаж, сэхээтэн, язгууртан, санваартнуудыг хядаж, соёлыг нь устгаж, зөвхөн люмпен пролетариудын орон болгоно гээд улайрлаа, санасандаа ч бараг хүрлээ. Ахан дүүстээ тусалж байна гэж баттай итгэж байсан зөвлөлтийн сайхан сэтгэлт эгэл хөдөлмөрчдийн  хамтаар монголчууд тусгаар тогтнол, хөгжил дэвшил, соёл боловсролын замаар урагшилсан. Гэхдээ их өр болж хувирсан тэр тусламжийг Монголд үйлдсэн дээрмийнхээ олзоор санхүүжүүлж, атгаг зорилгын үүднээс үзүүлдэг байсан. Монголчууд социализмын гэгдэх ололт амжилтынхаа үнийг өөрсдөө төлж чадсан, өөрсдөө ч бүтээлцсэн, хэнд ч өргүй, харин ч бусдаас асар их авлагатай, хийх ёстойгоо хийсэн байв.
Харийн ноёрхол унахад дарангуй дэглэм тогтлоо. Харийнхны гар хөл болж явсан, авилгад идэгдсэн номенклатурчдын хойч янз бүрийн дүрд хувилан, худалч, хулгайч, хунхууз нам эвсэл байгуулан, дарангуй дэглэмийг үүсгэлээ. Зөвлөлтийн үед үйлдэж байсан бузар булай гэмүүд нь зөвлөлтийн хазаар байхгүй тул тахал мэт гаарлаа. Гаарлыг нь өөгшүүлдэг харийн эзэд ч тодорч, дасч дадсан уяагаар нь уяж, угаадсыг нь өтгөрүүллээ, ард түмний эсрэг турхирлаа. Монголын шаар шавхруу болсон этгээдүүд түүхэн эх орныхоо нууц даалгаврыг биелүүлдэг харь гаралт мэхчин гохчингуудтай сүлбэлдэж, 16 жил улс орон, ард түмнийг тамлан тарчилгалаа. Ердийн хулгайч дээрэмчид төр гэгддэг боллоо. Манж, зөвлөлтийн бодлогод тархиа угаалгаж, савандуулж, хатаалгасан олон боол үргэлжлүүлэн тархиа буртаглуулсаар учрыг эс ухаж, шар нар, бор хоногийг л тоолон зовж, өөр хоорондоо уралцсаар өдий хүрлээ.
Үр дүнд нь юу болов?  Нүдээ нээгээд харцгаая. Хараад хилэгнэцгээе.
Төрийн өндөрлөгүүд гэмт бүлэглэлүүдийн үүр уурхай  болж, авторитаризм, хаанчлал руу хэлбийлээ. Тэд төрийн ажлын байруудад мафийн гишүүдээ тавьж, өдөр шөнөгүй хулгайлах дээрэмдэхийг л гол болгож байна. Жил бүрийн ЗГ унагах хэрүүлээр тэд хамаг муу муухайгаа дуудалцаж, барьцаж, шантажлаж, заналхийлж байдаг нь үзэгчдийн хүсэн хүлээсэн реалити-шоу, шог хошин тоглолт болж хувирсан. Гэхдээ үзээд л өнгөрдөг. Үгүй ээ, хилэгнэцгээ!
Төрийн гэмт бүлэглэлүүд байж болох бүхий л муу муухайг үйлдэж, хүний бүх үнэ цэнэтэй, сайн сайхан, ариун гэгээн бүхнийг уландаа гишгэсэн. Тэд улс орноо харийнханд худалдсан, худалдсан ч гэж, авилга аваад л өгчихсөн. Харийнхантай хавсайдаж, ард түмнийхээ эсрэг геноцид бодлого явуулсан, харийн геноцидыг улам хүчжүүлэн өргөжүүлсэн. Тэд муу муухайг үйлдвэл санасан бүхэндээ хүрдэг мэт жүжгийг биечлэн тоглож, хүн ардын ёс суртахууныг завхруулж, гэмт хэрэгт уруу татаж, үнэн үг, шударга хөдөлмөр, авьяас чадвар, монгол яс угсаа, үндэсний үзлийг жигшин зэвүүцдэг, өөрсөдтэйгээ адил болгож хүмүүжүүлсэн, өчнөөн хүмүүнийг зомби, манкурт болгосон. Тэд ард түмнийг авилгадсан. Хилэгнэцгээ!
Монгол бол дэлхийн хамгийн баян орны нэг. Аз заяатай монголчуудад зориулагдсан, эцэг өвгөд амь хайргүй тэмцэж байж бидэнд бүрэн бүтэн үлдээсэн алт, зэсээс өгсүүлээд түмэн зүйлийн баялаг хөрсөн дор минь хадгалаастай байв. Үүнийг зөв зүйтэй ашигласан бол амьдралын төвшингээр дэлхийд тэргүүн байх булаалдах байсан монголчуудын аз заяаг хулгайч, худалч бирдүүд өөрсөнд нь бол хоолойгоор давшгүй их хөрөнгө, үнэн хэрэгтээ улс орны хувьд бол сохор зоосны үнээр өгч, ард түмэндээ өлсгөлөн, гуйланчин ирээдүй, үхэж мөхсөн тамын орчинг бэлтгэлээ. Зуу зуун жил ард түмнийг жаргаах алт эрдэнэсийг татваргүй ухуулж, баялгийн ордуудыг урвалт, гутамшиг, ялагдлын бэлгэдэл болгож, ард түмэнд болохоор “хүн төрөлхтөнд хэрэггүй болсон алт, зэс гэдэг хогноос салцгаая”, “төр илрүүлж олоогүй бол төрд ямар ч хамаагүй” гэхчилэн солиорлоо л тулган хүлээлгэлээ. Монгол хүнд хумхын тоосны төдий алт олборлуулахгүй гэж бичил уурхайнхныг харгис хэрцгийгээр дарж ирлээ. Хилэгнэцгээ!
Монголын газар нутгийн ихэнхийг эх орноосоо урван тэрслэгчид харийнханд эзэгнүүллээ. Хариас түм түмэн цагаачийг урьж залж авчрахын зэрэгцээ, харь руу түм буман монголчуудыг амьдрах аргагүй болгон хөөж, тууж, боол зарц болголоо. Харийг бишрэн шүтэх, Монголоо үзэн ядах хүмүүжлийг хичээнгүйлэн дэлгэрүүлж ирлээ. Харьд улс орноо нэгтгэх, колоничлуулах, боолчлох, сөнөөлгөх чигийг гэмт бүлэглэлүүд тууштай баримталж, шанд нь сохор зоосоо авч, сохор зоосныхоо нүхээр шагайн сохорцгоолоо. Хилэгнэцгээ!
Үндэс суурь нь болох учиртай ашигт малтмалын салбар нь харийнхны гарт хэдийнэ орчихсон эдийн засаг уулнаас уруудах уруй адил ямагт доошилж ирлээ. МАА-д ямар ч хөгжил дэвшил үгүй болж, социализмын үеийн зохион байгуулалт, мал эмнэлэг, үүлдэржүүлэлт зэргийг умартаж, судлаачдад мэдэгдэж байгаа хамгийн эртний хэвшил л төлөвшлөө. Тооны хувьд л өссөн нь бэлчээр сүйдэх, хомсдоход хүргэснээс илүүтэйгээр харийнхны эзэгнэсэн, сөнөөсөн газарт хавчигдаж, хүндхэн асуудалтай тулгарууллаа. Харийн худалдаачид малчдын мухардал, зовлонг, төрийн бодлогыг ашиглан үнэгүй шахуу түүхий эдийг дураар эзэгнэсэн хаад, ноёд болцгоолоо. Харин малчдын амьдрал улам ч дордсоор. Монголчуудад сая сая малын шим нь үл “хүрэлцэж”, мах, МАА-н гаралтай бүх бүтээгдэхүүн, үйлдэхүүний үнэ тэнгэрт хадсан тэнэглэл үүсгэлээ. Хамаг мал, төрсөн нутгаа хаяад Улаанбаатарт нүүж ир, эзэнгүйдсэн нутгийг харийнханд зараад мөнгийг нь хувааж ид гэх ухуулгад хууртсан хөдөөнийхөн үй олноор үерлэн орж ирэх боллоо. Хилэгнэцгээ!
Харийн ноёлогчдод л үйлчилдэг байсан хоцрогдмол аж үйлдвэр маань “эздийн” дарлах чадал барагдахад бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүйд хүрч дампуурлаа. Гадны хуурамч, муу бараануудыг татваргүй оруулж ирэх хууль гаргаснаар бүр сөхөрч, булшны чулуу ч үгүй далд орлоо. Үзүүлэнгийн хэдэн үйлдвэрэнцэр бэлэн юмыг савладаг, эвлүүлдэг үйл ажиллагаа явуулж, ажилгүй ажилчид тарж, бутарч алга боллоо, ажилгүйдэл хавтгайрлаа. Үндэсний үйлдвэрлэлийг хавчиж хяхах бодлогын дүнд харийн гар урлалчдын цех, цэгүүд үржлээ. Их барилгын салбар хүүхэд тоглоом эвлүүлж байгаагийн дайтай юм болж, бүх стандарт, шаардлагыг авлигаар нулимсан, нөгөө цех, цэгүүдийн шороо хогтой хольж “үйлдвэрлэсэн” материалаар боссон, газар хөдлөх байтугай цагийн зүү хөдлөхөд цуурч байдаг, гаднаа гяланцаг, дотроо паланцаг “барилгуудаар” солигдлоо. Хилэгнэцгээ!
Монголын соёл солонгос кино, хип-хоп дуу, солиотой олон цол гуншингаар л солигдлоо. Жинхэнэ соёлоо сэргээх, цогцлоон бүтээх байтугай, зөвлөлтийн үеийнхээс ч илүүтэйгээр дайрч доромжлох боллоо. Харь гаралтнууд монголын соёлыг зэрлэг бүдүүлгийн дээд гэж өөрсөдтэйгээ адил санан ухуулж сурталчилж, зарим нэг судлаачид монголын соёл гэж яс мөлжих, аргал хоргол тоолохын дайтай юм байдаг аятай солиорч, нөгөө харь гаралтнууд болон харийнхныг баясгах алиа салбадай болон хэсүүчилж явна. Хилэгнэцгээ!
Монголын боловсрол гэж онгорхой болгонд нээгдэх дөхсөн олон “их дээд” сургуулинцруудаар төсөөлөгдөж, сувдаг шунахай, харанхуй мунхагийг л зааж дөнгөх багшинцаруудын хөлд гишгэгдлээ. Төрөөс боловсролыг сөнөөх бодлого явуулж, бичиг үсэггүйдүүлэх, сургууль завсардуулах, сургуулийн хөтөлбөрийг хялбарчилах, муу муухай сурах бичгээр бөмбөгдөх, элдэв оронцгийг хүчээр зарж борлуулах зах зээл болгох, хөдөлмөр эрхлэлтийн байдлыг хямруулах үүрэгтэй их дээд сургуулинцаруудыг олшруулж, харийн цагаачдыг урьж залах нөхцлийг бүрдүүлэхийн тулд тусгай, техникийн боловсролыг устгах, төсөв мөнгөнөөс нь хулгайлах, боловсрол хэрэггүй гэж сурталчилах, Монголын түр зуурын соёл боловсролгүй байдалд дөрөөлөн, Монголоо ихэрхэж хямсганан хардаг, Монголоо жигшдэг болгох зэрэг зүсэн зүйлийн муу арга замаар хэрэгжүүлж ирлээ. Хилэгнэцгээ!
Ард түмнийг халамжлах, хамгаалах салбарууд эсрэг үйл ажиллагаа явуулж ирэв. Эрүүлийг хамгаалах салбар авилгачин , алуурчин, дарангуй дэглэмийн хувалзуудаар дүүрлээ. Хуулийн, хууль сахиулах, хүчний гэгдсэн байгууллагууд мөн адил болохын зэрэгцээ, ард түмнийг харгислаж, тэмцэл дургүйцлийг нь нухчин дарж, гэмт хэрэгтнүүдээс хамгаалах биш, аль л  том гэмт хэрэгтнүүдийг нь өмгөөлж хамгаалдаг үүрэгтэй боллоо. Бусад халамжлах, хамгаалах байгууллагууд ч мөн адил гэдгийг гэмт бүлэглэлийн салбар үүрүүд болсон байдгаар нь бэлээхэн тайлбарлаж болно.
1921-1990 онд хүн ам 3 илүү дахин их өссөн атал 1990 оноос хойш өсөхөө байсан, аж амьдрал хэцүүдэж, бум буман аборт хийгдэж үхлийн төвшин дайн дажин болсны дайтайд хүрснээс үүдсэн. Харийн хууль бус цагаачдын болон, тэдний эрлийз хурлийз үр удмын тоо л үсрэнгүй өслөө. Мөн хүний эрхийн ноцтой зөрчигдөл, эрүүдэн шүүлт, ажилгүйдэл, ядуурал, өвчин эмгэгийн өсөлт, архидалт, янхдалт зэрэг сөрөг үзэгдэл геометрийн прогрессоор өсөв. Хилэгнэцгээ!
Ард түмний бүх төрлийн эрх хязгаарлагдлаа. Үг хэлье гэхэд өмнөх бүх суваг хаалттай, жагсаал цуглаан хийх гэхэд цагдаа, туршуул, өдөөн хатгагчид отоостой, бүслээстэй. Хэвлэн нийтлүүлье гэхэд мэдээллийн хэрэгслүүд бүгд гэмт дэглэмийн атганд орсон, эсвэл атганд нь орохыг мөрөөддөг, үнэн, сайн, зөв бүхнийг л мэдээлэхгүй байх тангарагтай, бид бол нохой гахай гэсэн уриатай, сонгож сонгогдъё гэхэд хулгайч дээрэмчдийг “сонгохоос” өөр бүх боломж хаалттай, тарчиг дорой амьдралтныг худалдаж авах хэдэн халтар цаас, “найрка” л хүлээгээстэй.  Энэ бүхний эсрэг эрслэн тэмцье гэхэд тагнаж туршихаас өгсүүлээд алж хороох  хүртэл бүх төрлийн хорлол; ямар ч хөдөлгөөн, зохион байгуулалтыг завхруулах, авилгадан мөхөөх, айлган сүрдүүлэх, удирдлагагүй болгох, өдөөн хатгагчдаар турхируулж мөн чанарыг нь алдагдуулах арга мэх бэлэн зэхээстэй.Залбирч мөргөж сэтгэлээ тайтгаруулъя гэхэд гэмтнүүдтэй сүлбэлдсэн шашны зүтгэлтнүүд ард түмнийг дэглэмийн муу муухай бүхнийг үйлийн үр гээд хүлцэн тэвчихийг номлож, шашны дайнд уриалж, мунхруулж, дарлаж, мөлжинө. Үндэсний эх оронч үзэлтэн болъё гэхэд уг үзлийг дэглэм хөлсний этгээдүүдийн тусламжтайгаар завхруулж, жалгархаж доворхон хагарч бутрахад дөхөмтэй болгож, худалч, хулгайч, хунхууз намаас  бусад нь өмнөд хөршийн үүсэл гаралтай, тагнуул туршуул нь гэж номлуулж, эцсийн эцэст монголчууд бол хятадууд юм гэсэн суртал ухуулга болж хувиргаж байна.
Ард түмний амьдралын төвшин харийнхан ашигт малтмалыг ухаж авсан нүхнээс ч дор орсон, Африкаас ч илүү ядуурсан. Зүй нь, нефть зарж диваажин байгуулсан кувейтүүдээс алт зарснаараа дээр байх учиртай атал сүйрэл сөнөл, үхэл мөхлийн ирмэг дээр явах болсон. Харьд боолчлогдох, хэдэн хулхи бараа бие биедээ дамлах, худал хэлж, хулгай хийх гээд аргагүйн эрхэнд болох болохгүй бүхий л аргыг хослуулан байж, хэдэн тоолох юмтай болж гэмээнэ гэмт бүлэглэлүүд ХЗХ зэрэг залилан, өндөр татвар, гүтгэж гэмт хэрэгт холбогдуулах, рекет, булаалт, хулгай дээрэм гээд бүр ч олон аргаар тэрийг нь хороож хохироодог аргатай.
Ард түмнийг ядууруулах бүх арга хэмжээг авах нь; юм ойлгохгүй болгох, хүчийг нь мохоох, дарангуйллаа бэхжүүлэх, атга боорцгоор худалдан авч юуг ч хийлгэх, харийн цагаачдад орон зай гаргаж өгөх, улмаар их гүрнүүдийн нүдэнд орсон хог мэт болсон энэ ард түмнийг устгаж өгч үйлчлэх геноцид  бодлогынх нь нэг хэсэг юм. Хилэгнэцгээ!
Гадаад харилцааг гадаадад колоничлогдох, гадаадын луйварчидтай нийлж хам хэрэг үйлдэх, гадаадын нэгэн орныхноос бусдыг Монголоос шахан зайлуулах, гадаадаас асар их зээл авч ард түмэн, улс орныг өрийн золиос болгох явдлаар тодорхойлцгоов.
Хамгийн хувьтай, заяатай явах учиртай ард түмэн маань түүхэндээ байгаагүй хэмжээгээр доройтлоо. Дэлхийд хосгүй доройтолд уналаа. Энэ бүхэн үргэлжилсээр л байх уу? Үгүй ээ! Монголын ард түмэн Түрэгт дарлуулан доройтсон ч Чингис хааныгаа төрүүлж сэргэн мандсан. Манжид ноёлуулж буурсан ч панмонголист эх орончдынхоо хүчээр дайсныг хөөсөн. Зөвлөлтөд колоничлуулж явсан ч, ард түмний эрүүл саруул ухааны хүчээр ардчилсан хувьсгал хийсэн. Одоо ч ард түмнийг тамлан тарчилгаж, доромжлон гутаасан хар хорон санаатнуудыг төрийн өндөр дээдээс түлхэн унагааж, үйлдсэнийх нь хэрээр гэсгээн цээрлүүлэх болно. Ард түмнийгээ аливаа зовлонгоос зайлуулж, алимад жаргалд хүргэх, ямар ч хорлол, саадыг даван гарах аугаа хүчирхэг баатар омголон хөлгөө давирч, хууль цаазын илд мэсээ далайсаар айсуй яваа. Итгэцгээ!
Тэр л баатар хулгайч дээрэмчдийг төрөөс эгнэгт хөөж, бүгдийг нь ямар ч өршөөлгүйгөөр ял асуун шүүж хуулийн чанга хатуугийн ёсоор гэсгээн цээрлүүлэх болно. Төрийн бүх байгууллагыг үйлчилгээний мөн чанарт нь оруулна. Өөдгүй муу хулгайч дээрэмчин, тэдний хань хамсаатан бүхнийг бүгдийг нь өнө мөнхийн Монголын ирээдүйг дархлан бүтээхэд  боол болгон зүтгүүлж, хөлсний их, хөдөлмөрийн цагаанаар нүглийг нь угаах болно. Харийн дайсны хар өгзгийг дахин үзэгдэхгүй болтол нь үтэр өшиглөн тонилгож, өвөг дээдсийн захиасыг гэрэлт баганан дээр сийлэх болно. Итгэцгээ!
Нам нэртэй гэмт бүлэглэлүүдийг тарааж, үүрд мөнхөд хориглож, дахин үүсэж буй болох үндсийг нь арилгаж, үндсээр нь зулгааж шатаана. Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр ухаан бодлоо уралдуулж, асуудлыг шийдвэрлэх арга замыг тал бүрээс нь хайдаг, хамтран ажиллаж ч чаддаг, ил тод , зөв шударга намууд үүсэх хөрсийг бүрдүүлнэ. Итгэцгээ!
Ашигт малтмалын тухай болон бусад харьд үйлчилж Монголыг сөнөөх зорилготой хуулиуд, тогтоол шийдвэр, гэрээ хэлэлцээрийг тэрхүү баатар хүчингүй болгож, Монголын төлөө л гэсэн гэгээн цагаан хуулиудыг буй болгоно. Монголынхоо аливаа баялгийг эрүүл ухаанаар, эзэн нь болж ашиглаж, Монголыг дэлхийн хамгийн баян, өндөр хөгжилтэй, ирээдүйн баталгаатай улс болгож хувиргана. Итгэцгээ!
Газар нутгийг эзэгнэсэн харийн түрэмгийлэгчдийг хатуу дээд цаазаар шийтгэхийг нь шийтгэж, ахин Монголын ариун дээд улс орныг санах ч тавилангүй болгон хөөнө. Хууль бус цагаачдыг мөн шийтгэхийг нь шийтгэж, хөөхийг нь хөөж, үнэхээр Монгол орны төлөө зүрхээ цохилуулъя, судсаа лугшуулъя гээд байгаад нь л зөвшөөрөл өгөх, шинэ хуулийн дагуу ассуудлыг шийдэж байна. Харийн боол монголчуудаа эздийнх нь савраас чөлөөлж, эх орондоо хөдөлмөрлөдөг чадвартай, ухамсартай болгож хүмүүжүүлнэ. Эрүүл ухаантай л юм бол харийг бус, Монголоо биширдэг зүйг сэргээж, Монголоо үзэн ядагчдыг эмчлэн эдгээнэ. Харийн колоничлогчдод үйлчилж байсан бүхий этгээдүүдийг гэсгээн цээрлүүлж, үеийн үед жигшүүлж, муу муухайн жишээ болгоно. Харийн гүрнүүдийн хорлолоор салж бутарч, хэсэгчүүлж тасдуулж, өнчирч зовсон монголчуудыгаа нэгтгэж, уугуулшууллын бодлогоор хилийн чанадын арван сая ахан дүүсээ ирүүлж, улс орноо өнөр өтгөн, элэг бүтэн, харийнханд цөөн гэж элэг бариулахгүй, хомхойрон өнгөлзөгчийнх нь хоншоорыг тас цохих тэнхэл чадалтай болно. Итгэцгээ!
Монголчуудад хишиг буянаа хайрласаар ирсэн МАА-г улам хөгжүүлнэ, шинэтгэнэ, эдүгээжүүлнэ. Соёлтой, өндөр үр шимтэй МАА-г эрхлэгч малчид хотынхноос тав тухаар ялгагдах юмгүй орчинд суурьшин амьдрах болно. Харийнхны сүйтгэж сөнөөсөн байгалийг унаган дагшин хэвд нь оруулж, МАА эрхлэхэд ч, бусад талаар ч аятай таатай болгоно. Хамаг ашигт малтмал, түүхий эдээ өөрсдөө олборлож, боловсруулж, үйлдвэрлэхдээ ашигладаг дангааршлын зарчимт хуультай болж, харийн гар харж царай алдахгүй болно. Итгэцгээ!
Аж үйлдвэрийг ашигт малтмалын салбараас олсон орлого, түүхий эдээр хөл дээр нь босгоно.Өндөр технологийн үйлдвэрлэлийг ч хөгжүүлж, монгол хүний оюунаар түүхий эдгүй үйлдвэрлэлийг ч үүсгэн буй болгоно. Өөрийн үйлдвэрлэгч, бизнесч, аж ахуй эрхлэгчдийг татварын таатай бодлогоор дэмжиж, харийнхныг тусгайлан дээдэлдгийг таслан зогсооно. Улаанбаатарт хот ихээр төвлөрч, “баланд” шунасан зөгий шиг багширч овоорохыг зогсоож, бачууралгүй амьдрахад тустай хот гандирс, балгадуудыг уужим эх орныхоо өнцөг булан бүрт бүтээн босгоно.  Чанаргүй барилгуудыг бөхлөн сайжруулж, боломжгүй бол газрын хөрснөөс арчин хаяна. Итгэцгээ!
Даян дэлхийн болон өөрийн үнэ цэнэтэй, тэргүүний бүхэн дээр суурилах, монгол үндэстэн, монголчуудын оршихуйн төлөө үйлчлэх соёлыг бүтээнэ. Дэлхийн тэргүүний бүхнээс суралцавч, Монголынхоо төлөө л гэсэн сэтгэл зүрхээр сурч боловсордог боловсролын системийг цогцлооно. Итгэцгээ!
Ард түмнийг халамжлах хамгаалах  салбарыг дээд зэргээр хөгжүүлж, Швед, Кувейт гээд тэр салбар нь аль л дээд зэргээр хөгжсөн орнуудын адил болгоно. Хүчний гэгдсэн байгууллагууд дарангуйлагчдын гар хөл болж, ард түмний эсрэг хүчээ гаргадгийг нь тас цохиж, ямар ч үед ард түмэнд л үйлчилдэг үйлчилгээний л байгууллага болгоно. Итгэцгээ!
Ард түмнийг бүх боломжтой эрх чөлөөгөөр нь хангана. Үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, сонгох сонгогдох, шүтэн бишрэх, тэмцэх гээд бүх эрх чөлөөг нь нээлттэй болгоно. Эрх чөлөөтэй байх тавилантай монгол хүмүүнийг хамгийн эрх чөлөөт болгоно. Итгэцгээ!
Ард түмний амьдралын төвшинг байнга дээшлүүлнэ. Гэхдээ өнөөгийн төр шиг атга боорцгоор авилгадах замаар биш, хөдөлмөрлөсөн шиг хөдөлмөрлөж, чаддаг мэддэг бүхнээ эх орондоо зориулж, бүхий л эх орныхоо хайр хишгийг хүртдэг байх боломжийг нь бүрдүүлж, амьдралын төвшинг нь дээшлүүлнэ. Эх орныхоо эзэн нь байж, улс гэрийнхээ амьдралыг аваад явах чадал ухаантай ард түмэн болох боломжийг нь бүрдүүлэх замаар амьдралын төвшинг дээшлүүлнэ. Идэх эдлэхийг бус, мэдэх, мэдрэхийг эрхэмлэдэг байсан унаган төрхөндөө орох боломжийг нь бүрдүүлж өгч байж амьдралын төвшинг нь дээшлүүлнэ. Манжийн дарлалаас хойш өдий хүртэл гадаад дотоодын дарлалд зовсон ард түмнийхээ нулимсыг тэрхүү агуу баатар эр хүчирхэг алга юугаараа арчиж өгч, алимад жаргалд хүргэнэ. Итгэцгээ!
Тэр баатар хэн бэ? Иргэний хөдөлгөөний удирдагч уу? Луйварчдын толгойлогч уу? Огцорсон сайд уу? Ахин мэндлэх Чингис хаан уу? Аль эсвэл тийм баатар байхгүй, буй болох ч үгүй юу? Монголоос баатар биш, зөвхөн хулгайч, дээрэмчин, бэртэгчин, залилагч, боол, хулчгар, усан тэнэг, алуурчин, бүх л төрлийн адгийн шаар шавхруунууд л төрж гарах учиртай болсон юм уу?
Үгүй ээ! Тийм баатар бий. Байх байхдаа тоолж барашгүй олон бий. Тэр баатар бол зөв шударгыг ухаарч ойлгогч уншигч та билээ. Тан шиг хүмүүсээс бүтэх ард түмэн билээ. Ямар нэг идтэн шидтэн, их санхүүжилттэн, уран үгийг урсгагчид бүү найдацгаа! Та бүхнийг чадна. Тантай хамт ард түмэн байх болно. Зөвхөн та хийх ёстой. Зөвхөн олон олон танаас бүрдэх ард түмэн л хийх, хэрэгжүүлэх, ялах, яллах учиртай!
Хилэгнэсэн, итгэсэн бол мориндоо мордоцгоо! Аливаа муу муухайг даран сөнөөх баатар минь урагшаа!
Ч.Мөнхбаяр
MMVI.XI.VII

P.S. 2006 оны намар би сонин эрхлэн гаргаж байхдаа, түүндээ нийтлүүлэх гээд завдаагүй, импровизациар бичээд л орхисон өгүүлэл минь энэ юм. Бухимдлыг төрүүлэн байсан тэр цагаас хойш, байдал огтхон ч дээрдсэнгүй, харин ч нэн их дордож дээ...

No comments: