Wednesday, January 20, 2010

Дарга нар маань газар хөдлөлтийн асуудлыг нуун дарагдуулж, ард түмнээ хорлох гэж байжээ


1. Хуурай газар бараг болдоггүй 9-10 баллын газар хөдлөлт УБ-т хэзээ ч болж магад
1.9-нд газар хөдөлж, нийслэлийн зарим хэсгийнхнийг бүр паниканд автуулснаас хойш, нам засгийн өчнөөн жил далдалж байсан аймшигт нууцын хөшиг аргагүй ярагдав. Улаанбаатар сэйсмо идэвхтэй бүсэд оршдог агаад, 2010-2012 онд, маргааш ч, одоо ч 9-10 баллын газар хөдлөлт болж магадгүй гэдгийг ард түмэн сая л мэдэв.
Үүнээс хойш, олон хүний амьдрал газар хөдлөлтөөс өмнөх, хойшхи гэж хоёр хуваагдав. Өмнөх амьдрал ямар ч сайхан байгаав гэж тэд өчиж байна. Өдөр бүр үнэтэй, өдөр бүр үхэж болно. Дэлхийн II дайны үе шиг, Ленинградын бүслэлтэд орсон шиг. Хотод амьдрах аргагүй, хотоос гадна бүр ч хэцүү, хэзээ ч бөмбөгдүүлж болох ленинградчууд мэт сууна даа. Цаазаа хүлээн хоригдож буй ялтнууд шиг ч боллоо. Харин яагаад цаазын ял авсан гэж?
Нэгэн үндэсний үзэлтэн “Амэрик, Африк, Монголд хамгийн хүчтэй газар хөдлөлтүүд болох гэнэ. Хамгийн их нүгэл хурсан газрууд байна. Эх орныг нь харийн луйварчид манай урвасан муу хулгай нартай нийлээд булаан эзэлж, улс үндэстнийг мөхөөж байхад, тэдэнтэй эвсэн нэгдэж, дахин дахин сонгож, тахин шүтэж, чөтгөр шуламд итгэж биширч ирсний балаг гарлаа. Үер бууж, зун цасаар шуурч, ган гачиг тохиож, гахайн ханиад тархаж, улс санхүүгийн хувьд дампуурч, орон даяар урьд өмнө үзэгдээгүй их зуд болж, дахин дахин газар хөдөлж, ер өөдлөхөөн байлаа. Тэнгэрийн гэсгээлийг хүртэж байгаа нь энэ” гэх юм.
Газар хөдлөлтийн тухай ярьж бичихэд дургүйцэх, би л зохиогоод, буй болгоод байгаа юм шиг буруутгах байдалтай ч бишгүй тааралдаж явна. Урьд ашигт малтмал, монгол үндэстэн, төр засгийн бодлогын асуудлаар ярихад ч тийм хандлагатай зөндөө л учирч байсан. Дуугүй байвал асуудал алга болчих юм шиг сэтгэхийн тулд ямар төвшингийн маанаг байх ёстойг төсөөлөх аргагүй.
Улаанбаатар мэт ийм нөхцөл байдалтай хотод, бүр газар хөдлөлтийн буюу, сэйсмо синдром гэх, сэтгэцийн фоби /айх/ төрлийн өвчин хавтгайрдаг гэнэ. Пайниганд ч оролгүй,  маанаганд нь ч оролгүй; гарц, арга замыг хайгчид байх хэрэгтэй.
1.9-нд Дундговийн Дэрэн, Дэлгэрцогт сумуудад 5,6 магнитудаар бүртгэгдсэн, голомтдоо 7 баллын газар хөдөлжээ. Урьд нь хэдэнтээ газар хөдөлж, Дэрэнгийн хагарал гэдгийг үүсгэж байсан нутаг юмсанж. Хүнгэнэх дүнгэнэх дуу газраас гарч, хэнд ч мэдэгдэхүйц доргиосноос өөр хохирол учирсангүй.
Гэтэл, тэндхийн сэйсмо долгион 30 минутын дараа Улаанбаатарт ирэхэд 5 баллын газар хөдлөлт үүсгэж, I хороололд маань л лав, их л эвгүйцэм доргилт өгөв. Интернэтээр нэг хувь хүн “Ахин доргих юм бол гэрээсээ яаран гарцгаа. Амжихгүй бол даацын хана дагуу, толгойгоо хамгаалаад зогс, ширээн дор ор. Хүчтэй газар хөдөлж магадгүй” гэсэн мээсэж цацлаа. Гэмтээд, хөлөө гипсдүүлчихсэн байгаа миний бие “Та нар л хурдан гараарай. Би үлдэнэ” гэж хэлэхээр зэхэж, болзошгүй төгсгөлтэйгээ эвлэрээд байтал, ашгүй дахин доргисонгүй.
Нийслэлээс 180км-ийн алс газар цонхны шил хагараагүй атал, УИД, 40, 50 мянгат, өөр хаана хаана ч гэнэв, цонх хагарсан байх юм. Манай хорооллоос нэлээд илүү доргисон газрууд хэд хэд буй агаад, ард иргэдийг багагүй айлгажээ. Улаанбаатарын нутаг дэвсгэрт ийм хүчтэй газар хөдлөлт болж байсан баримт огт үгүй юм байна.
Хөрсний нягтшил бага, давхарга нимгэн, налуу их, хөрс цэвдэгтэй, ус шавартай, эвдрэлтэй бол газар хөдлөлтөд мэдрэмтгий байдаг гэнэ. Тэр мэдрэмтгийн хүчин зүйлүүд нь бүгд Улаанбаатарт зэрэгцээд, давхцаад оршиж байдаг аж. Тэгэхлээр, газар хөдлөлтийн энэргийн нөлөө ихэсч, балл нэмэгдээд явчих бөгөөд, 9-10 балл л магадлалтай юм гэнэ шүү.
Тэр бол дэлхийн хуурай газар бараг тохиолддоггүй, үхлийн балл юм. 6-7 баллд л хот газартайгаа тэгширчихдэг л юм билээ. Газар хөдлөлтийн дээд хэмжээ нь 12 балл бөгөөд, 10-аас дээш баллд хөрсөн дээрх бүхзүйл өөрчлөгдөж, орвонгоороо эргэдэг. Тэрний наадах, 9-10 балл нь 100%-ийн баталгаатайгаар газартайгаа тэгшрэх төвшин аж.
1998 оны бар жил Дундговийн Дэрэнд газар хөдөлж, 27км урт хагарал үүсгэжээ. Тэгэхэд бас Улаанбаатарт тодхон илэрсэн газар хөдлөлт болсон. Угаасаа мэдрэмхий хөрстэй Улаанбаатарын нутаг дэвсгэрт, газар хөдлөхийн урьдал дохио болох хагарлууд Сонсголон, Сонгино, Өлзийт, Эмээлт, Гавж, Хустайд үүссэн байна. Тэр хагарлуудыг судлахад, нийслэлийн бүсэд сэйсмо идэвхжил тууштай өсөн нэмэгдэж байгаа нь тодорхой болж.
Тиймээс, нэгэн зоригт эрдэмтэн, 2010-2012 онд, Улаанбаатарт 6 магнитуд, 9-10 баллын хүчтэй газар хөдлөлт болж магад гэжээ. Харин нам засаг маань газар хөдлөлтийн талаар таг дуугүй байж, нөхцөл байдлыг нуун дарагдуулаад аргалахыг чармайж байна. Эрдэмтдэд ч тийм чиг өгч, шахан дарамталж буй гэнэ.
Нэг судлаач, нийслэлийн газар хөдлөлт 100 жилийн дараа ч болж магад гэж бавтнав. Өөр судлаач, “газар хөдлөлт барилга байшинд яаж нөлөөлөхийг барилгын мэргэжилтэн биш учир мэдэхгүй” гэж бөвтнөв. Барилгынхан л лав сэйсмологичидтэй хамтран ажилладаггүй, үгийг нь ч сонсдоггүй, “тэр бол газар хөдлөл судлаачдын л мэдэх, хариуцах асуудал” гээд явж байдаг, эрдэмтэд нь ч хэлье, дуугаръя гэж боддог ч үгүй, хэлүүлдэггүй, дуугаргадаггүй ч юм билээ. 8 баллд тэсвэртэй барилга барина гэх цуурхал шахуу үг л агаарт хөвж явдаг юм байх.
Монгол бол, өдөрт 30 удаа сул газар хөдлөл болж байдаг, сэйсмо идэвх өндөртэй орон аж. Их төлөв баруун аймгуудад газар хөдөлдөг асан бол, Энэтхэгийн хойгоос хойшоогоо их түрэх болсон тул, улсын бусад бүс нутагт ч идэвхжил үүссэн юм байна. Нийслэлийнхнийг арав хорин жилийн өмнөөс сэрэмжлүүлж болох байсан атал, “маргааш ч магадгүй, одоо ч магадгүй” болтол нь нууж хааж ирснийг юу гэх вэ.

2. Монголд газар хөдлөлтийг урьдчилан мэдэж, 
сэрэмжлүүлэх боломж үгүй гэнэ
1.9-нд, Америкийн Өмнөд Калифорнид 6.5 магнитудын газар хөдлөл болжээ.
1.12-нд Хаитид газар хөдөлж, энэ улс үндсэндээ мөхөөд байна.
1.13-нд Өмнөговийн Мандал-Овоо, Цогт-Овоо сумдад 4.3 магнитуд, 6 баллын газар хөдлөлт боллоо. Дундговийнхоос сэйсмо хэмжүүрийн үзүүлэлтээр бага боловч, илүү их доргилт өгч, хүмүүсийг айлгаж сандаргасан бахй юм. Дундговьд хэдхэн сэкүнд үргэлжилсэн бол, энд 4 минут үргэлжилсэн нь байдлыг даамжруулсан байх л даа. Газраас нээлээн чанга нижигнэх, дүнгэнэх чимээ гарч, гэр байшин яйжигнаж, нохой, мал бачимдан үймсэн гэнэ. Энэ нутагт 2006, 2004 онд мөн газар хөдөлжээ. 2004 онд Олон-Овоот уурхайд эрчтэй доргилт мэдрэгдэж, ажилчид нь ихэд балмагдсан бөгөөд, 2006, 2010 оныхоос хавьгүй хүчтэй газар хөдлөлт болсон аж.
Одон орон, физик судалгааны төвийн ажилтан Г.Байгальмаагаас сэтгүүлч “Газар хөдлөлтийг урьдчилан мэдэж болох уу?” гэхэд “Байгалийн үзэгдэл учраас мэдэх боломжгүй” гэж хариулжээ. Манай төвшин ийм л байна. Үнэндээ бол, гадаадад газар хөдлөлтийн ихэнхийг урьдчилан мэддэг болсон. Монголд бараг боломжгүй.
Нэг судлаач “Хөдөө газар хөдлөлтийн станц хангалтгүй байгаа. Саяын Дундговийн газар хөдлөлтийн голомтын орчимд гэхэд л станцтай байсан бол, нийслэлийнхнийг сэрэмжлүүлж болох байсан” гэжээ. Яг Улаанбаатарт газар хөдөлбөөс яах ч аргагүй аж. Дарханыхныг сэрэмжлүүлбэл их юм.
Саяхан Өвөр Монголд сүүлийн 700 жилд үзэгдээгүй хүчтэй газар хөдөлжээ. 6 баллынх гэнэм. Идэвхжилийн бас нэг дохио.

3. Хаити улс 60 сэкүндэд мөхлөө
Хаитид хүчтэй газар хөдлөлт болно гэдгийг эрдэмтэд олон жил анхааруулжээ. 2008 онд аюул бүр ойртлоо гэж түгшүүрийн харанга ч дэлдэж. “Хойд Амэрик, Карибийн хавтангуудын уулзварт нийслэл Порт-о-Прэнс чинь ойрхон байна, арга хэмжээ авахгүй бол аймшигт сүйрэл ирнэ” гээд хэлээд л байж, хэлээд л байж. Зөрчил хагарал, бурангуй дарангуй, авлига хахуульд идэгдсэн энэ орны удирдлага яг л манай Монголынх шиг, ямар ч холбогдох зүйлийг хийгээгүй аж.
1770 онд Хаитид өдий дайны хүчтэй газар хөдөлж, их гамшиг авчирч байж. 1946 онд хөрш Доминикан улсад нь бас, эн тэнцэх хөнөөлт, 8.1 магнитудын газар хөдлөлт болжээ /Энэ хоёр улсын оршдог Эспаньола арал нь манай багавтар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээтэй/. Ер нь сэйсмо идэвх ихтэй арал.
Гэвч, өмнөхийг санадаггүй, өдгөөгийнхийг сонсдоггүй төр засаг нь гар хумхин суусаар, улсаа сөнөөчихөөд байж байна. Ерөнхийлөгчийн ордон, гэр нь юу ч үгүй замхарч, орох оронгүй, оочих аягагүй болж. НҮБ-ын төлөөлөгчийн газрын 5 давхар байшин нурж, дотор нь байсан 250 ажилтан эрсэджээ. Энд үүрэг гүйцэтгэдэг олон улсын энхийг сахиулах хүчний командлагч амь үрэгдэж.
Нэг минут газар хөдлөхөд 500 мянган хүн амиа алдаж, 3 сая хүн орон гэргүй боллоо. Өдөрт 30 хүртэл удаа бага, дунд доргилт гарч, Хаити салгалан чичирсээр байгаа учир, түр босгосон оромжууд яйжигнан жайжигнасаар, тогтолгүй нурчихаж байна. Хүнс байтугай, ус олдохгүй, хүмүүс харангадан үхэж байна. Орчин үеийн нийгмийн ямар ч шинж тэмдэг арилж, эртний хүн сүргийн төвшинд очсон ард иргэд дээрэм тонуулд олноор татагдан орж, хэн хүчтэй нь амьд үлдэж байна. Амьдралын зорилго гэвэл, нэг өдөр ч болов амьд явахуй л болжээ. Нишингийн иш, аяга ус л зорилго, утга учир нь болж.

4. Хамгийн хүчтэй газар хөдлөлт 830 000 хүний аминд хүрсэн
Япон, Хятад, Пэру, Чилид газар хөдлөлтийн төвшин хамгийн өндөр бөгөөд, уул нуруу ихтэй улсууд юм. Ялангуяа Японыг чичирдэг олон гэж нэрлэдэг.
1556 онд Хятадын Шэньси мужид газар асар хүчтэй хөдлөхөд 830 мянган хүн амь насаа алджээ. Хамгийн олон хүний амь насыг авч одсон газар хөдлөлт.
1775 онд, шашны баярын үеэр Португалийн нийслэл Лиссабонд 6 минут газар хөдлөхөд, 100 гаруй мянган хүн эрсэджээ. Хотын барилгын 85 хувь нурж, балгас болсон. Зугтан дайжсан хүмүүсийн өөдөөс цунами угтав. 3 хоног энэ хавь салгалан чичрэв. Нийслэлийг хоёр хуваасан 5м өргөн ангал үүслээ. Газар хөдлөлтийн голомт хотоос 200км зайтай байжээ.
1906 онд, Амэрикийн Сан-Францискогоос 3км зайтайд газар хөдлөхөд, хотын барилгын 80 хувь нь нурж байв. Энэ оронд газар хөдлөх нь цөөнгүй бөгөөд, АНУ-ын түүхэнд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлөө харин нэг ч хүн мэдэлгүй өнгөрсөн азтай тохиол буй /Зэлүүд нутагт болжээ/.
1948 онд, Түркмэнистаны Ашхабадад, шөнийн хоёр цагт газар хөдлөхөд, эхний доргилт л бараг бүх барилгыг нурааж, 110 мянган хүн бүрлэхэд хүргэжээ. Хоёр хоног доргилтууд тохиолдон байсны эцэст, барилгын 98 хувь нурж, 200 үйлдвэр нь бүгд сөнөсөн байна. Хотоос зайдуу шоронгоос оргосон хоригдлууд болон, хулгайч дээрэмчид ноёлон гаарч байгаад, зөвлөлтийн армийнхантай таарсан газраа буудуулан мөхжээ. Нийслэлийн төв талбайг задгай хээрийн эмнэлэг болгож; хавьд нь нөгчигсдийн цогцос, тайрсан хөл гар, огтолсон эд эрхтэн энд тэндгүй, ил задгай овоорчээ. Газар хөдлөлтийн голомт хотоос 30 км-ийн зайтай байлаа.
1976 онд, Хятадын Таншань хотын дэргэд газар хөдөлж, 650 мянган хүн амь насаа алджээ. Үүссэн ангалуудад том том байшин тэр чигээрээ орж алга болжээ.
1988 онд, Армяны Спитакан хотын ойролцоо 10 баллын газар хөдлөхөд, ойролцоох Ленинакан /Гюмри/, Коровакан, Стэпанован хотуудад 8 баллын цохилтын долгион иржээ. 4 хот, 365 тосгон суурин нэрвэгдэж, 250 мянган хүн амь эрсдэв. Спитакан хот тус улсын аж үйлдвэрийн төв нь байсан бол одоо ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн төв болжээ. Тэрхүү газар хөдлөлтийн үр дагаврыг арилгах гэж ЗХУ зүтгээд бараагүй, өдгөө ч Армян сэхэл авч чадахгүй л байна.
1999 онд Гантигийн тэнгист газар хөдөлснөөс болж, эрэг дагуух нь орших, Түркийн аж үйлдвэрийн бүс сүйрчээ. 35 мянган хүн амь эрсдэж, Түрк улсын эдийн засаг хүнд цохилт авч, хөгжил нь саарч буурав. 2008 онд Хятадын Вэньжоу хотын ойролцоо, 2010 онд Хаитийн Порт-О-Прэнсийн ойролцоо гай түйтгэр ихтэй газар хөдлөлт болов.
Номхон далайн дор Галт тойрог гэгдсэн, гал уулуудын, тах хэлбэртэй цуврал байдаг. “Тахыг” тэгшилбэл, 40 мянган км хүрнэ. Япон, Аляскаас Америк тивийн эрэг дагуу явж, Филиппин, Шинэ Гвинэй, Шинэ Зэланд, Индонезийн орчим үргэлжилсэн “тах” юм. Энд дэлхийн галт уулын 90 хувь байдаг, дэлхийн газар хөдлөлтийн 90 хувь нь тохиолддог. Ойр орчмын улс орнуудад нь ч газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт их болдог билээ.

5. 2004 оноос хойш газар хөдлөх нь гэж анхааруулсан атал, 
төр юу ч хийгээгүй аж
Газар хөдлөлт тодорхой үечлэл, зүй тогтолтой байдаг. Сэйсмологи, гэофизик, гидродинамик, гэохимийн судалгаагаар, өдгөө хуурай газрын хөдлөлтийн ихэнхийг урьдчилан мэдэж чаддаг болжээ. Хагарал үүсэх, сул доргих, хөрсөн дорх усны төвшин буурч, тэмпэратур нь дээшилж, химийн чанар нь өөрчлөгдөх зэрэг хэдэн зуун шинж тэмдгээр урьдчилан мэддэг аж. Шинж тэмдгүүд арилах, буурах нь удалгүй газар хөдлөхийн дохио. Их төлөв, гол газар хөдлөлтийн өмнө форшок буюу өмнөтгөл хөдлөлт болдог.
Монголын сэйсмологийн нөхцөл байдлыг 1900 оноос хойш судлан бүртгэлжүүлжээ. 1905 онд Булнайн нуруунд хүчтэй газар хөдлөхөд 320км урт ангал үүсч, дотор нь орсон мал хэдэн өдрийн турш дуу авиа гаргаж байв /Эквадорт 9 давхар байшин ангал руу гэмтэлгүй орж, оршин суугчид, эд хогшлыг нь амжилттай гарган авч байсан тохиол ч буй/.
1957 онд Их Богд уулнаа газар хөдлөлт болж, 200 км урт ангал үүссэн. Тэгэхэд хүн мал хөл дээрээ тогтож чадахгүй, хуурсан самар мэт хаашаа л бол хаашаа өнхөрч байжээ. 1900 оноос хойш Монголд тохиолдсон хамгийн хөнөөл ихтэй газар хөдлөлт гэвэл ийм. Аль алинд нь хүний амь сүйдээгүй.
2004 онд Орос-Монголын эрдэмтдийн баг нийслэлийн бүсэд судалгаа хийж, ойрын үед 7-8 баллын газар хөдөлж, барилгын 60 хувь нь нурах магадлалтай байна гэж анхааруулсан ч, төр засаг хүлээж авсан ч үгүй, харин хав даран нууцлахыг эрхэмлэжээ. Японы эрдэмтдийн баг судалгааны дүнгээ төр засагт маань өгснийг устгаж орхисон бололтой. Эрээд эрээд олдохгүй л юм гэнэ. Ахин япончуудаас авч болох ч, чингэх хүсэлтэй хүн гарсангүй аж.
Өнгөрсөн жил нийслэлийн бүс нутагт 509 удаа янз бүрийн хэмжээний чичиргээг бүртгэн авчээ.
“Санниковын газар” хэмээх зохиолд, эрдэмтэд хүй нэгдлийн байгууллаар амьдарч байгаа, онкилонууд гэх хагас зэрлэг хүмүүст, газар хөдлөлт болох нь гэж түм анхааруулаад тусыг эс олж, харин ч гай дуудсан муу ёрын чөтгөрүүд гэгдэн, цаазлагдах дөхдөг. Эрдэмтэд оргон явж, онкилончууд газар хөдлөлтөд нэрвэгдэн, бүрмөсөн мөхсөн билээ. Бид чинь одоо тэр онкилончуудын л төвшинд байнуу даа.

6. Хүчтэй газар хөдөлбөл УБ мөхнө, УБ мөхвөл улс мөхнө
Хаитийн Ерөнхийлөгч Прэваль орох оронгүй, оочих аягагүй болж, траншэйнд амьдрах дөхөж байгаа /траншэй үлдээгүй биз дээ/  шиг, дарга нар маань манийг аврах байтугай, өөрсдөө даруулчихаад, маниасаа тусламж гуйх юм байх. Учир нь, төрийн байгууллагуудын байрны ихэнх нь баригдаад удаж байгаа, элэгдэж муудсан, эвдэгдэж гажсан байдаг аж.
Хотын төв үндсэндээ шавар намаг дээр оршиж буй. Энэ нь зөвлөлтийн хариуцлагагүй, хүйтэн сэтгэлт мэргэжилтнүүд голын урсгалыг хааж боож, цэвдэг дээр өчнөөн барилга бариулж байсан бөгөөд, хожмын үр дагаврын тухай бодохыг ч хүсэлгүй, зөвхөн хөрөнгө мөнгө хэмнэх, төлөвлөгөө биелүүлэхийг л чармайж байснаас үүдсэн. Ингэснээр, голын ус хөрсөн доогуур тархаж, цэвдэг ч хайлж, шавар намаг болсон түүхтэй. “100 айл”-ын барилгажуулалт, ажил үүргээ гүйцэтгэж яваад шаварт хөхүүлэн живсэн залуугийн эмгэнэлээр эхэлснийг санаж байгаа биз дээ.
Төрийн ордон маань хүртэл хамгийн найдваргүй барилгын тоонд орж байгаа гэнэ. Социализмын үед, дарга нарын гамшгаас хоргодох газруудыг барьсан агаад, өдгөө бүгд 90-ээд оны их сүйтгэлд автан үгүй болжээ. Өөрсдийгөө ч аврах арга хэмжээ аваагүй ийм харалган, охор ухаант дарга нартай бид мөн хэцүү еэ.
ОБЕГ, гал команд, цагдаа цэрэг, эмнэлэг гээд гамшиг учирвал эн тэргүүнд үгүйлэгдэх хэн бүхэн, газар хөдөлбөл гарч амжилгүй байшиндаа даруулчих юм байх. Сэтгүүлч Даваахүү энэ тухай түгшин бичсэн байна билээ.
Сүүлийн үеийн байшингууд бараг хажуугаар нь хүнд даацын машин явахад хагарч цуурч байдаг гэнэ. 1.9-нд бичсэн, газар хөдлөлтийн тухай үгүүлэлдээ би “бараг бороо ороход нурдаг байшингууд баригдах боллоо” гэх үгүүлбэр оруулсан. Тэгтэл, ноднин БЗД-т бороо орсны дараа нэгэн шинэ байшинд ноцтой цууралт, гэмтэл учирч, нурах магадлалтай болсон тул, ОБЕГ шинжилж үзээд, “оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй, байшинг ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэ асуудалд дарга нар ч нүдэн балай, чихэн дүлий хандаж, оршин суугчид нь ч гол өмч хөрөнгө болсон байраа орхиж чадахгүй гэж эсэргүүцээд л өнгөрсөн аж.
7, түүнээс дээш баллын газар хөдлөлтөд байшин нурдаг. Юун түрүүн, хотын төвийн хэсэг буюу, хамаг төрийн байгууллага, баримт бичгүүд, соёл, оюуны их өв сан, төвүүд; дараагийн ээлжинд хотын барилгажсан хэсэг оршин суугчидтайгаа үгүй болбол яах вэ
Нийслэлийн барилга үндсэндээ хуучирч муудсан, социализмын үеийн хэврэг угсармал, дараах үеийн хуурамч барилгуудаас л бүрдэж байна шүү дээ /Армянд хамгийн түрүүнд л угсармалууд нь нураад өгсөн/.
Гэр хорооллынхон ч хүчтэй газар хөдлөлтөд тэсэхгүйн учир нь түймэр, дарагдах зэрэг аюулаас үүдэлтэй. Токиогийн аймшигт газар хөдлөлтийн үеэр, тус хотын оршин суугчдын ихэнх нь, газар хөдлөлтөд дарагдахгүй гэж хөнгөн хулс, цаасаар барьдаг үндэсний байшиндаа сууж байсан ч, түймэрт эгшин зуур залгиулсан билээ.
Улаанбаатар мөхвөл улс мөхнө. Учир нь Монголын нийслэл бол хэт төвлөрөл. Аль л авьяастай чадалтай нь төрийн мунхаг бодлогын харгаагаар энд шавсан. Улсын бүхий чухал, том байгууллага, өв сан, потэнциал энд л хурсан. Тиймээс, Улаанбаатарын газар хөдлөлт бол улс даяарын асуудал мөнөөс мөн.
Угаасаа нийслэлийн нутаг дэвсгэр бол том хот суурин барьж босгож болохгүй нөхцөлтэй юм билээ шүү дээ. Зарим газраа шавартай, заримд нь цэвдэгтэй, налуу ихтэй, дөрвөн уулаар хашигдсан учир агаарын бохирдол нь зайлахгүй, газар хөдлөлийн идэвхжилтэй, нийслэлд огт тохирохгүй юмсанж.
Анх хүрээ хийд байгуулахад бол болохгүй гэж юм байсангүй. Саятан хотод бол ерөөс таарахгүй байсанжээ. Мэхико хот жингээрээ хөрсний ус ихтэй газраа дараад, эвдээд, доошоо шигдээд, өөрөө бараг газар хөдлөлтийн шалтгаан болоод, 30 сая хүнд аюул нүүрлүүлэн буй. Улаанбаатарын нөхцөл байдал мөн тиймэрхүү аж.
Гэтэл болзошгүй гамшгийг нуун дарагдуулаад, өөр газруудад амьдралын нөхцлийг нь нийслэлийнхээс үлэмж дортгоод, бүх хүн амыг нүүж ир гэж уриалаад, айсуй аюулын эсрэг ямар ч арга хэмжээ эс авч, хэврэг хуурамч барилгыг хийрхэн бариулж, ахин 100 мянган тийм сууц босгоно гэж давшлаад, нуун дарагдуулсны учир газар хөдлөлтийн талаар олон улсын гэрээ хэлцэл нэгийг ч үл байгуулан ирсэн төрийг юу гэж үзэх вэ? Хаитийн төр аюулаас сэргийлэх зүйл бараг хийгээгүй ч гэлээ, олон улсын төвшинд зохих гэрээ хэлцлүүдийг байгуулчихсан юм билээ. Тиймээс ч, дэлхийн анхаарал халамжийн төвд байна. Манайх тэгээгүй учир, газар хөдөлбөл Хаитигаас дор байдалд орох нь. Дэлхий түүнд ямар ч бэлтгэлгүй байх юм чинь.
Энэ бүхнийг, төр маань харийн заавраар ч юм уу, өөрсдөө хор найруулсан ч юм уу, ямар ч байсан, ард түмнийхээ эсрэг газар хөдлөлтийн хүйтөрөлгүйтгэл /сэйсмогэноцид/ хэмээх, хүн төрөлхтөний ч эсрэг гэмт хэргийг зохион байгуулжээ гэж дүгнэж болохоор байна. Үүний төлөө, хүлээн хариуцлага гэж бий, хүлээх ч ёстой, хүлээх нь зайлшгүй!
Өдгөө төр, 1.9-ний газар хөдлөлтийн үеэр, дараа нь ч тэр талаар ганхийж дуугаралгүй, ард түмнийхээ төлөө огт санаа зоволгүй өнгөрсөн шигээ, төрийн мэдэлд үлдсэн эрдэс баялаг, өмчийг харийнханд хувьчлуулах; “Эрдэнэт”-ийн Монголд оногдох хувиас татгалзах; ашигт малтмалын ордыг концэсс нэрийн дор, газрын түрээс л авах нөхцөлтэйгээр гадаадынханд эзэмшүүлэх; ард түмнээ барилгын цэрэг болгоод, команд өгөөд л боолчилж, шулж мөлжиж байх; Хархоринд XIII зууны хотхоныг харийнханд зориулж байгуулах гэсэн асуудал л шийдэж, улс үндэстнээ аврах тухай санах ч үгүй байна. Уг нь, ¹1 асуудал байх ёстой шүү дээ.
Юу гэж ч тэд аврахав. Өөрсдөө зохион байгуулсан юм чинь. Ийм төрийг ёстой л сөнөтүгэй гэмээр байна.

7. Газар хөдлөлтийг зогсоодог сүпэр арга Орост нээгдсэнийг, Монголд яаралтай хэрэглэх ёстой!
Бид сөнөж мөхөж, үхэж үрэгдэх ёстой юу? Уншигч та алаг үр, аав ижий, амраг хань, ах дүүгийнхээ нүдийг харж байгаад, санаж байгаад, хэлээдэх. Үгүй ээ. Та өөрийн үхлээс айхгүй байлаа ч, ойр дотны хүмүүсийнхээ төлөө айх ёстой, тэдний өмнө хариуцлага хүлээснээ санах ёстой. Улс үндэстнийхээ төлөө ч айх ёстой. Тэгээд айдсаа эр зориг, тэмцлээр соль.
Газар хөдлөлтөөс аврагдах арга замууд буй юм. Тэдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө бид нэгдэн нягтарч, бие биедээ итгэж, гар гараасаа атгалцаад урагшаа алхах хэрэгтэй байна.
1. Чингис хаан маань нүүдэлчин амьдралаа орхиж болохгүй, байшинд сууж болохгүй гэж айлдсан нь юутай мэргэн сургааль билээ. Тэрбээр, суурин соёл иргэншлийн сул талыг тодорхой мэдэж байсны үндсэн дээр тийнхүү хэлжээ. Ирээдүйн хүн төрөлхтөн өндөр тэхнологитой нүүдэлчид л байх юм билээ. Харин бид тэхнологигүй атлаа, хэрээс хэтэртэл төвлөрөн суурьшсаныхаа горыг янз бүрээр л амсч ирлээ.
Газар хөдлөлтөөс сэргийлэх хамгийн түгээмэл арга нь шилжин суурьшилт буюу нүүдэл. Шаардлагатай бол, нийслэлийн иргэдийг, оюуны болон материаллаг баялгийг нүүлгэн шилжүүлэхийг төрөөс шаардацгаая! Гол өмч хөрөнгө болох орон сууцаа давагдашгүй хүчин зүйлээс болж алдсан иргэдийн хохирлыг төр барагдуулж, эхлээд Лэвиттаун маягийн хөнгөн орон сууцаар, дараа нь урьдын нөхцлөөс нь  доргүй сууцаар, мөн ажлын байр, бүх төрлийн тусламжаар хангах үүрэгтэй. Тийм боломж, мөнгө хөрөнгөний эх үүсвэр бий юу? Бий.
Филиппиний Пинатубо галт уулын дэлбэрэлтээс сэргийлж, орчмын хүн ам, амэрикийн цэргийн баазыг нүүлгэн шилжүүлж байв. Одоо тус улс Маён галт уулын орчмын хүн амыг нүүлгэж байна. 13 сая хүн амтай, Ираны нийслэл Тэгэран, газар хөдлөлтөөс зайлж, аюулгүй газар нүүж очихнээ. Түркийн хамгийн том хот Стамбул нүүх гэж банйа. Гамшгаас зайлан нүүсэн, нүүж байгаа, завдаж буй ийм жишээ олон. Амэрикийн Лос-Анжэлэс, Сан-Франциско, Сиэтл гээд бүхний мэдэх том хотууд ч нүүх гэж байгаа шүү дээ.
2. Дараагийн түгээмэл арга нь, хөрсөн дор цөмийн дэлбэлэлт хийж, газар хөдлөлтийн энэргийг эзгүй зэлүүд нутаг руу татаж, гаргадаг юм байна. АНУ энэ аргыг хамгийн олон удаа хэрэглэж байсан арвин баялаг туршлагатай. ОХУ ч цөөнгүй удаа хэрэглэсэн. Экологид мэдээж хортой. Гэхдээ тийм ч их биш. Харийн аль ч уул уурхайн компани экологид маань хавьгүй илүү хохирлыг учруулдаг. Цөмийн аргыг хэрэглэж болно.
3. Сүүлийн үед Орост гарсан соронзонгидродинамик гэнэраторын /СГГ/ арга бол маш ирээдүйтэй юм. 500 мэгаваттын СГГ-оор, бага хэмжээний газраар хүчтэй оргилох энэргийг 500км-ийн радиустай тойрогт мэдэгдэхгүй шахам балл болгоод, цацлаад хаячихдаг арга ажээ. Төр засгаасаа энэ аргыг судалж, Монголд хэрэглэж, хэрэгжүүлэхийг шаардацгаая!
4. Улаанбаатарын, Монголын газар хөдлөлтийн асуудлыг олон улсын тавцанд ил тод гарган ирж, дэлхийн улс түмнээс, төрөөр дамжуулан халуун дулаан зүрх сэтгэлийн тусламж дэмжлэгээ үзүүлэхийг хүсэн гуйцгаая!
5. Газар хөдлөлтөөс улс үндэстнээ аврахын төлөө тэмцлээ, ардчилсан хувьсгалын үйл хэргийн төлөө болон, ашигт малтмалаа хууль бус “эздээс” нь чөлөөлөх тэмцэлтэй зэрэгцүүлэн бадруулж, асуудлыг цогцоор нь, багцаар нь шийдэх  шаардлагатай. Үхэл амьдралын заагтай нүүрэлдсэн, алдах юмгүй шахам болоод байгаа энэ хүнд хэцүү, эгзэгтэй үед бидэнд жинхэнэ удирдагчид, жинхэнэ алт зэс, эрдэс баялаг ус агаар шиг хэрэгтэй. Эс бөгөөс, хэнээрээ замчлуулж, юугаараа авралыг санхүүжүүлэх билээ.
Архимэд, надад хөшүүрэг өгөөдөх, дэлхийг эргүүлчихье гэж айлджээ. Ленин, надад хувьсгалт байгууллага өгөөдөх, Оросыг эргүүлчихье гэж чангахан хэлжээ. Тэгвэл бид, эрх мэдэл, хөрөнгийн эх үүсвэр өгөөдөх, газар хөдлөлтийг эргүүлчихье, нийгмийн бүх хурц асуудлыг эргүүлчихье гэж хэлж чадах ёстой.
Газар хөдлөлтийн эсрэг хөдөлгөөн байгуулан тэмцэцгээе! Төр харин Газар хөдлөлтийн газрыг байгуулж, ард түмнээ аврахын төлөө тэмцэх ёстой. Монголоо аврах хөдөлгөөн байгуулан тэмцэцгээе! Төр шиг төртэй болбол, Монгол шиг хязгааргүй баян улсын ямар ч асуудлыг түвэггүй шийдэх боломжтой. Яг л одоо эрслэн босож, болзошгүй аюулаас бүхнийг аварцгаая!
Ч.Мөнхбаяр
ММХ.I.XVII
http://moenhbayar.blogspot.com

No comments: