Wednesday, January 20, 2010

Нэрт улс төрчид төмөр барс жилд ямар явах вэ?


/Зураг төөргөөр нь шинжихүй/

Улс төрчдийг зурхай төөргийн үүднээс шинжин харцгаая.

• УИХ-ын дарга Д.Дэмбэрэл цагаагчин төмөр могой жилтэй (1942). Төрсөн жилийн төөргийн хувьд, идэх өмсөх нь элбэг, явдал хөдөлгөөн их, урлах үйлдэхэд авъяастай, бусдын гэмийг ярих, өрөөлийн өөг харах дуртай, дээрэм хулгай, дайсны хорлол олонтой, нөхрийн мөс муу гэжээ. Бас эд хөрөнгөө  үрэмтгий, ханиад томуу хүрэх, биед яр шарх гарах  нь хялбар, дайсны хорлол, хараал зүхлийн уршгаар хүндээр өвдөх, сэтгэлийн муу оёг өвчин тусах магадлалтай хэмээсэн байх юм.
Зурхайн зурлагын хувьд, сайн сайхан зүйлс урьдаас ургах авч, ариун бусыг үйлдвэл эд агуурс хомсдож, буян барагдаж, анд нөхдийн сэтгэл урвана гэнэ.
• Сайд С.Ламбаа цагаан төмөр бар жилтэй /1950/, 61-ний жил нь орох тул ажил алба, бизнес, эрүүл мэндийн хувьд ихээхэн эрсдэлтэй байх болно. Гахайн ханиадаа дарж, сөнөж мөхөхөд хүрээд, өөдөөс нь бослого үймээн гаргах гээд байгаа эрүүл мэндийн салбараа өөд нь татахгүй бол ч...
Төөргийн хувьд, урт настай, удаан жаргалтай гээд жижүүрийн үгс байна. Цаашилбал, төмөр бар жилтэй эр хүмүүний бие сайхан /боксоор хичээллэж явсан нэгэн л дээ/, ан амьтан алах хийгээд мах архинд дуртай, уур омог их, догшин зан араншинтай, үг хатуу /санал шүүмжлэлээ хэлсэн спортынхныг төрийг эсэргүүцсэн хэмээн буруутгаж төрөөс авсан бүхнээ буцааж өг гэж л байсан/, эд хөрөнгө элбэг боловч батгүй гэжээ. Энэ жил 5 том барцад тохиолдох гэнэ. Мэсний аюул, гэнэтийн ослын магадлал байн гэнэ шүү, базарвааний хумпад.
Зурхайн зурлагын хувьд, ад зэтгэрийн хорлолд өртөж, биеийн тэнхээ тамир доройтож, сэтгэл тайван бус болж, өвчин тусч болзошгүй гэжээ. Мөн эд агуурс хомсдож, буян барагдаж, анд нөхдийн сэтгэл урваж, хийморь бөхнө гэсэн байна. Ер нь сайн юм бичигдээгүй байна шүү.
• “Алтан гадас” фракцын загал-майлсан эцэг, гуру, далд удирдагч Р.Гончигдорж, оргүй хоосноос овоо толгод шиг алт мөнгийг ургуулан чадагч шидтэн Батж.Батбаяр нар хөх усан могой (1953) жилтэй. Төөргийн хувьд, нас нь их урт, нуруу нь их өндөр гэж байна /Уг нь ч, жижиг болохоороо л молекул цол авсансан/. Сэтгэл хөнгөн, дээдэст зөөлөн, доодост ширүүн дээрэнгүй, хүсэж зорьсон үйлээ чармайн шамдаж бүтээдэг гэсэн нь үнэн талдаа. Уймран элдвийн юм бодомхой /хор найруулдаг гэж байгаа юм болов уу/, алдаа эндэлдээ гэмших нь бага, хар амиа хичээх дуртай, эд  хөрөнгө, идэх өмсөх элбэг, нас сүүдэр 77 хүрнэ, энэ жил 4 их барцад тохиолдоно.
Зурлагын хувьд амины найлзуур модон дэлгэрнэ, амь нас батжина гэх зэрэг бүх хүнд давтагдсан хэдэн сайн үгс байх нь байна. Гэхдээ нүгэл үйлдвэл, бие өвдөж, нойргүйдэж, сүнс сүлд нь зайлна. Энэ хоёр улс төрчийн маань хүссэн эд агуурс арвижиж, худалдаа наймаа нь ашиг олз ихтэй байх аж.
• Нийтлэлч Б.Батбаяр /Баабар/, улаан олигарх Ч.Улаан хоёр хөх модон морь /1954/ жилтэй. Төөргийн хувьд, идэх, өмсөх нь элбэг, аж төрөл нь нэн сайн, нас урт. Элдвийг санаж сэтгэн хийвч, эцэст нь үл хүргэх учир тэр нь дарамт болно. Модон морь жилтэн арга башир, уур хилэн их, анд нөхөр хийгээд хань нөхрөө эвгүйдүүлж тавыг алдуулна. Тэднийг бас баясгана. Зүхэх, хөнөөх үйлд дуртай. Хаан язгуур хийгээд ад, мөн газар орны хорлолтой учирна /Ашигт малтмалын хэрэг боольхойноос үүдэх буй заа/. Хий бадгана тусах нигууртай, ирэх жил гурван их барцадтай учирна, гэм нүгэлтэй явбал 60 насална.
Зурлагын хувьд амины найлзуур мод дэлгэрч, амь нас батжина гэж. Бараг бүх хүний тухайд тийм үгс байлээ л дээ. Эрхтний  хүрээ захаасаа эвдэрч, хийморь, хүчин доройтож, үгүйрүүлэгч зэтгэр босож, идээний сав ёроолдоо цоорон, хийсэн бүхэн доошоо гоожин, олсон зүйл нь үл тогтож, эд хөрөнгө доройтож, өвчин орооно гэнэ. Нүгэл үйлдвэл шүү дээ. Үйлдэхгүй бол алтан бумба нь рашаанаар дүүрэх сурагтай.
• Алдарт улс төрч, бизнесч, элсний 13-ын нэг Д.Тэрбишдагва хөх модон хонь /1955/ жилтэй. Төөргийн хувьд, идэх өмсөх элбэг, бие том, эрхтэн бүрэн тодорхой. Аж төрөл, ажил үйлд мунгинуу. Ирэх жил гурван том барцад тохионо, элэг цөс, нүдний өвчин, хутга мэс, хөрөө хянгарын аюул, уруудах доройтох гэм, барс ирвэсний арьс, хөх өнгөтэй эд юмсаас болж учрах гай зэргийн магадлал өндөр аж.
Зурлагын хувьд, тэнгэрээс шимнусын зураг зурагдан, лусын буг хөдлөнө. Насны болон эрхтний хүрээ эвдэрч, сэтгэл хямарч, сүлд хийморь доройтож, хийсэн бүхэн доошоо гоожиж, хутга мэсний аюул ирэх юм байх. Нүгэл гэмийг умартаж, сүм хийдийг бараадвал сэтгэл гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр оршино.
• Манай улс төрийн нэгэн манлай, ерөнхий сайдын суудал нь эдгэхийг нь хүлээгээд байж байгаа, намын дарга, УИХ-ын гишүүн С.Баяр, энэ насыг эрхэм гишүүн, сайдын суудалд элээж яваа, баруун түмний их улс төрч Ц.Нямдорж улаан гал бич /1956/ жилтэй. Үнэхээр л, улаан гал бичнүүд дээ.
Төөргийн хувьд, гоё сайхан гэсэн хэдэн үг байна. Барс жилд таван их барцадтай учирна. Таван үр хүүхэдтэй болох заяатай. Хувцас хунараар гангалах дуртай, эд хөрөнгө ихтэй, ам задгай, омог хүч их, бусдын явдал үйлдлийг ярих хорхойтой, хүсэл тачаал их гэжээ. Хий шар, зүрхний өвчин, ус, хойд зүг аюултай.
Зурлагын хувьд, амины найлзуур мод дэлгэрнэ гэхчлэн эерэг зүйл байна. Эд агуурс нь арвижиж, худалдаа наймаанд ашиг олз ихтэй явна. Дайсны хорлол, хов жив гай учруулна. Амрагуудын эв түнжин эвдэрнэ.
• Ардчилсан хувьсгалын баатар Э.Бат-Үүл, “мэргэжлийн” дарга, “төрөлхийн” гишүүн Д.Лүндээжанцан улаагчин гал тахиа /1957/ жилтэй. Алдар нэр сайн гэнэ. Элдвийг сэтгэн бодомхой, арга башир их, ам хэл хатуу, ан амьтан бүрэлгэхэд баясдаг, явдал үйл салан задгай, мартамхай, барс жилд зургаан лут барцадтай учрах гэнэ. Оршуулгын болон сүм хийдийн газар, орон байрны хорлол гэм учрах аж. Энэ бол маш муу хэрэг. Гай түйтгэрээс аврагдах гэж сүм хийд бараадъя гэтэл, тэгж болохгүй юмсанж.
Зурлагаар бол, амины найлзуур мод дэлгэрнэ. Эд хөрөнгө арвижиж, худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Гэхдээ ариун бус зүйлийг үйлдвээс, юу ч бүтэхгүй.
• Монголын хаан болох дөхөж явсан Н.Энхбаяр, АН-ын дарга, шадар сайд Н.Алтанхуяг, үүргэвчтэй аялсаар парламентэд яваад орчихсон З.Алтай шар шороон нохой /1958/ жилтэй. Төөргийн хувьд, ухааны жолоо охор, уур хилэн их, олон зүйлийг хүсэж санан сэдэвч гүйцэлдүүлэх нь хомс, үг яриа олон, тачаал арвин, бусдыг өөлөх шоолох, тоглоом наадамд дуртай, өрөөл бусдад муу санавал үл мартана, эд хогшил эс тогтоно, дал наслана, ирэх жил долоон их барцад тохионо, хий шар, мэдрэлийн өвчин тусах магадлалтай, мод, зүүн зүгээс аюул ирнэ гэжээ.
Зурлагаар бол, тэнгэрээс Шимнусын зураг зурагдан, лусын буг хөдөлж, насны хүрээ эвдэрч, сэтгэл хямраах үйл, шалтгаан их учирч, зүүд зөн нь ч муудаж, тайван бус болж, биеийн тэнхээ тамир доройтож, өвчин тусч, хийморь арилж, хэл амны бузар хүрч, дээдсийн зэм шийтгэлийг хүлээж, эд агуурст гарз гарч, хутга мэсний аюул ойртож, шөнө орой явах аргагүй болох юм байх. Гэм нүглийг бүрэн цээрлэж, улс үндэстнийхээ төлөө амь бие хайргүй зүтгэж, сүм хийдээс салахаан байхгүй бол, тун чиг хатуухан жил тэдэнд тохиох нь ээ.
• Манай толгой баячуудын нэг, өсч торниж яваа улс төрч Ш.Сайхансамбуу шар шороон гахай /1959/ жилтэй. Төөргийн хувьд, эд хөрөнгө, хоол унд элбэг боловч, гарлага гарах нь хялбар. Санаа сэтгэл уян зөөлөн, ухааны жолоо охор, төрөл садандаа тус дэм болохдоо хойрго, дайсны болон, эрт дээр үед нутаглаж байсан газрын эзний хорлолд өртөмтгэй, зургаан их барцад тохионо гэжээ.
Зурлагын хувьд, тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Биеийн тэнхээ тамир доройтож, сэтгэл хямраах үйл тохиож, өвчин тусч болзошгүй. Нүгэл хилэнцийг тэвчвээс арилжаа наймааны хэрэгт одтой байна.
• “Баян Монгол” корпораци байгуулж, хүн бүрт л сар бүр хэдэн мянган долларын хишиг хүртээж байх юм ярьж сонгогдсоноо, одоо болохоор “аль хэдийн байгуулцанштээ, мэдээгүүмуу?” гэж, монголчуудыг баярлуулан гомдоосон, насан үүрдийн дарга сайдын нигууртай Л.Болд гишүүн цагаагчин төмөр үхэр /1961/ жилтэй. Төөргийн хувьд, нас урт, алдар нэр сайн, санаа сэтгэл хувьсамтгай, бие хөнгөн, санаснаа бүтээхдээ сайн, өвчин зовлон, дайсны хорлол бага, хойрго, эзэн дээдэст хүндтэй, тэднийг баясгана гэжээ.
Зурлагын хувьд, төмөр барс жилд нэлээд тааруу явах төлөв гарсан байна. Тэнгэрээс Шимнусын зураг зурагдан, лусын буг хөдлөнө. Хэрүүл шуугиан, хов живийн бузарт өртөнө, насны хүрээ эвдэрнэ, сэтгэл хямраах зүйл тохиолдож, зүүд зөн ч буснина, дээдсийн зэм шийтгэлийг хүртэнэ, эд агуурс хомсдоно, сүлд доройтно, өвчин ээрнэ, гэмтэж бэртэнэ, хутга мэсний аюул ирнэ, шөнө үдэш явж үл болно гэсэн байна. Чин шударга, гэм зэмгүй явбаас аврагдаж болно.
• Ард түмэнд Х Богд гэж андуурагдан сонгогдсон ч, “албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдах, ардчиллын 20 жил болох”-ыг үзэн малийж буй Ц.Элбэгдорж, С.Баярын местээ хадгалуулахаар түр суулгасан хүн гэгддэг ч, хаа очсон газараа Брежнев адил урт илтгэл уншаад яваад байдаг болсон Сү.Батболд, дарга нь атлаа Ард түмний намаан орхиод, АН-д аврал эрэн элссэн, АТГ-аас салахаан байсан, алмайруулж гайхашруулдаг Л.Гүндалай, Ардчилсан холбооны “гений дзю-до” лидер байснаа сайд болоод ир нь мохсон, бяр нь харьсан гэгдэх Х.Баттулга, АН-ын хэл ам, тархи толгой нь ч болж үзсэн, 25 компанитай хорьж болшгүй гишүүн гэгдэх Л.Гансүх, МАХН-аа шинэчлэнэ хэмээн махран шуугиулж явсан ч, эрхэм гишүүн болчихоод эвлэгхэн гэгч мартаж орхисон Д.Оюунхорол гээд л олон нэрт улс төрч маань хар усан туулай /1963/ жилтэй. Монголын төр ч хар усан туулайн сүрэг болж дээ.
Төөргийн хувьд, сэтгэл хатуу, уран гартай, нөхөр олон, худалдаа арилжаанд сайн, мартамтгай, санаж зорьсон, амласнаасаа няцах буцах нь элбэг, харамч зантай гэжээ. Ноён хүнээс эд юм авах, уул ус сүйтгэх, баруун урд зүг зорчихоос болгоомжлохгүй бол аюул ирэх аж.
Зурлагын хувьд, ад зэтгэрийн хорлолд өртөж болзошгүй. Хүссэн эд агуурс нь арвижиж, худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна гэнэ. Энэ хэд маань ирэх жил баяжиж өгөх нь ээ. Гэхдээ буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээж, харин бүр хоосорч, дампуурч, хэрэг төвөгт орж, өөдлөхөөн байх юм гэсэн шүү.
• Ашигт малтмалын карьерээс албан тушаалын карьер луу шилжсэн С.Оюун, 7.1-ний хэрэгт холбогдсон ч, долоон хожгорын үлгэр сонссон аятай амар тайван яваа Ц.Мөнх-Оргил, үндэсний бөхийн цагийг эзэлсэн их аварга, үндэстэн улсын хэрэгт цагийг эзлэн буй Б.Бат-Эрдэнэ, газрын наймаачин арилжаачин гэгдсэн ч, гэсгээл цээрлүүлэл амсах байтугай, гэнэт суга дэвшин төрийн өндөрлөгөөс доошлохоо байсан М.Энхболд хөх модон луу /1964/ жилтэй.
Төөргийн хувьд, цог золбоотой, нас урт, өөрийн санаж сэдсэнээ хийж бүтээх нь туйлбартай, уян үгтэй, эдлэх зовлон бага, идээ, эд юмс элбэг, эрх мэдэл ихтэй, өрөөл бусадтай атаархан тэмцэлдэмтгий, орой гэрт нь хүн цугларах нь элбэг, ирэх жил зургаан их барцадтай учирна гэжээ. Уул ус сүйтгэвэл барцад их тохиолдоно. Баруун зүг, төмрөөс болгоомжил.
Зурлагын хувьд, барс жилд тэнгэрээс шимнусын зураг зурагдан, лусын буг хөдөлнө. Насны болон эрхтний хүрээ эвдэрч, сэтгэл хямраах зүйл тохиолдож, зүүд нойрондоо ч шаналж, дээдсийн шийтгэлийг хүртэж, дайсны хорлол тулгарч, элдэв муу хов жив, хэрүүл шуугианд хутгалдаж, амрагаас хагацаж, ойр дотныхноос хөндийрч, хийморь, хүч, сүлд доройтож, үгүйрүүлэгч зэтгэр босох тул идээний сав нь ёроолдоо цоорон, хийсэн бүхэн доошоо гоожин, олсон зүйл үл тогтож, хутга мэсний аюул буй болж, шөнө үдэш явбал буг чөтгөр шүглэх нигууртай юм байна. Сайн, эерэг зүйл эдний зурлагад ер үзэгдсэнгүй. Гэмээ наминчилж, буяныг арвижуулж, алдаа нүглээ засваас, сая аймшигт нигуураас салах юм гэнээ. Сүм хийдээс эс холдон, бараг лам болох учиртай.
• Бие бага ч, бэлчээр томтой, овор бага ч олз ихтэй гэгддэг З.Энхболд гишүүн улаагчин гал морин /1966/ жилтэй. Төөргийн хувьд, уур уцаар, догшин авиртай, ухаан бодол мөчид, хөнгөмсөг, ам бардам, маргаан тэмцэлд дуртай, эр хүн болвоос эхнэр олонтой, эд хөрөнгө нь батгүй, ирэх жил долоон том барцад тохиолдоно, ад зэтгэрийн хорлол ирнэ, уушигны хатгалга, халуурах өвчин тусна, хойд зүг болон, уснаас болгоомжил гэжээ.
Зурлагын хувьд амины найлзуур мод нь дэлгэрнэ. Гэвч ариун бус зүйлийг эс тэвчвээс бие өвдөж, сэтгэл зовон нойргүйдэж, сүлд хийморь доройтож, хэл амны хорлолд өртөж, өвчин эмгэг тусч, ааш зан эвдрэн ширүүсч, хийморь сүлд доройтно. Нүгэлийг тэвчвэл, хүссэн эд агуурс нь арвижин, худалдаа наймаандаа ашиг олз ихтэй байх аж.
• Оюутолгойгоо харьд өгсөн гурван ардын баатрын нэг гэгдэн мандах болсон, “азтай ч залуу, одтой ч залуу, сүпэрмэн” Х.Баярцогт улаагчин гал хонь /1967/ жилтэй. Төөргийн хувьд, биерхүү, хүч тамир их, санасан зорьсондоо хүрдэг, алдар нэр сайн, эд хөрөнгө, идэх өмсөх зүйлээр элбэг. Ирэх жил зургаан их барцад тохионо. Газар усны эздийн хорлол, шүглэх элдэв дон, бөөр бэлхүүсний өвчин, ус цас, хойд зүгээс аюул ирнэ.
Зурлагын хувьд, тэнгэрээс шимнусын зураг нь зурагдаад, лусын буг нь хөдлөөд байгаа хүмүүсийн багц гай зовлон бүгд тохиолдох нигууртай юм байна. Ажил алба, эд хөрөнгө, эрүүл мэнд гээд л. Хэрэв хичээж чармайж, нүглийг тэвчиж явбал хүссэн эд агуурс нь арвижиж, худалдаа наймааны ажил нь ашиг олз ихтэй байх аж.
• Амьдай Сү.Батболдоосоо илүү гарна уу гэхээс, дутнаа гэж байхгүй, оготны нүхэн дэхь сувдыг ч ороод аваад гараад ирч чадах, олби шиг овсгоо самбаат нэгэн болох Су.Батболд шар шороон мич /1968/ жилтэй. Төөргийн хувьд омог бардам, зүрх зориг сайн, үйлдэх бүтээх чадал сайн, олонд хүндлүүлнэ, эд хөрөнгө чинээлэг, 78 наслана, ирэх жил есөн их барцадтай учирна, хий бадгана өвчин, газар усны хорлол, зүүн зүг, модноос аюул ирнэ. Зурлагын хувьд, амины найлзуур мод нь дэлгэрэх хүмүүст учирч болох багц гай зовлон цөм отно. Нүгэл эс үйлдэн, буяныг арвижуулбаас гай зовлонгоос аврагдаж болно, гэхдээ эд агуурс нь арвижих, худалдаа наймааны ажил нь ашиг олз ихтэй байх төлөв ирэхгүй.
• Сайхан ч залуу, билэгтэй ч залуу гэгддэг, хар нялхаасаа парламент, сайдын суудал дээр өсч бойжсон, өөр газар сууж үзээгүй Ч.Сайханбилэг шарагчин шороон тахиа /1969/ жилтэй. Төөргийн хувьд, омог зүрх их, ам бардам, ухаан бодол хөнгөн боловч сонссон мэдсэнээ мартахгүй, хүсэл тачаал их, үг дуу цөөн, атаа тэмцэл ихтэй, харамч хахир зантай, 6 үр хүүхэдтэй болно, 70 наслана, ирэх жил долоон их барцадтай, орон суурин газрын болон усны хорлол ирэх учиртай, эцэг цөс, нүдний өвчин тусах гайтай, зүүн зүгээс болон модноос аюул ирнэ гэжээ. Зурлагын хувьд, амины найлзууртнуудын багц гай зовлон цугаар ирэх нигууртай бөгөөд, түмэн буянг үйлдэн, буман нүглийг даран явбаас, аврал ирнэ, ажил үйлс бүтнэ.
• МАХН-ын залуу халуун дайчин боевик, атамануудын нэг Э.Мөнх-Очир, ертөнцийн дэвшихүйг эзэмшсэний тул ерөнхий сайд болж мэднэ ч гэгдэх, нэр нь хүртэл олон нүүдлийн цаадхыг үзэхүйг илэрхийлэх Г.Занданшатар цагаагчин төмөр нохой /1970/ жилтэй. Төөргийн хувьд, эд хөрөнгө, идэх өмсөх нь элбэг, үйл, бодол тод хурц, хорвоогийн аж төрөлд бодлогогүй, эд хөрөнгө арвижин хорогдох нь хялбар, үр хүүхдийн заяа 3-4, ирэх жил долоон их барцад тохионо, хулгай дээрэмд өртөнө, галын аюулд хохирно, урд зүгээс хорлол ирнэ гэжээ. Зурлагын хувьд, тэнгэрээс шимнусын зураг нь зурагдаж, лусын буг нь хөдлөөд байгаа хүмүүсийн багц гай зовлон тэр аяараа нүүрлэх магад. Бурхны ариун цагаан зам мөрөөр, үнэн сэтгэлээр явбаас элдэв түйтгэрээс хэлтрэн, өршөөгдөнө.
• Сүүлийн үед зөв зүйтэй үзэл бодол, шударга ёс, ажил үйлийг дэвшүүлж, дэлгэрүүлж, эхлүүлж, дуугарч явах болсон зоригт гишүүн Х.Тэмүүжин, Оюутолгой зэрэг эх нутгаа эрдэс баялагтай нь харьд тушаасан ардын баатруудын нэг Д.Зоригт /нөгөө баатрууд нь Х.Баярцогт, Л.Гансүх зэрэг/ цагаан төмөр гахай /1971/ жилтэй. Төөргийн хувьд идэх өмсөх элбэг, хүмүүст хүндлүүлнэ, үр хүүхдийн заяа 2-4, тохиолдох их барцад 7, гал хийгээд урд зүгээс болгоомжил.
Зурлагын хувьд тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Энэ хоёр хүний сайн явсан нь тэнгэрт ивгээгдэж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр, хийморийн цог заль нь бадарч, явах суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн нь сэтгэлчлэн бүтнэ. Нүгэлтэй явсных нь эд агуурс хомсдон, буян барагдаж, анд нөхдийн сэтгэл урваж бүрэн сүйрч дампуурна.
• Сүмогийн барилдааны олон жилийн хур их туршлагаа парламентийн “барилдаанд” хэрэгжүүлэхээр зориг шулуудан, “таргаа таргаа” гээд яваад байгаа, хамгийн залуу эрхэм гишүүдийн нэг Кёкушюзан Д.Батбаяр харагчин усан үхэр (1973) жилтэй. Төөргийн хувьд, үр ач олон, 6-р сард төрсөн бол буян хишиг арвин, заяа тавилан, ааш зан маш сайн, өөр сард төрсөн бол тиймгүй юм байх. Усан үхэр жилтэн сэтгэлдээ атаа жөтөө бугшууламтгай, аливааг хийж бүтээхдээ муу, нойр их, хойрго, үг яриа хатуу ширүүн, бусдын үг сонсох нь муу, үзэж харсан юмандаа шунах, авах эзэмдэх дуртай, бусдын үйл хэрэгт ам хэлээрээ л тус хүргэх гэж оролддог, санасан зорьсноо хэзээ нэгтээ биелүүлж чаддаг гэжээ. Зарим усан үхэртэн голч шударга ааштай байдаг аж. Ирэх жил дөрвөн том барцад тохиолдож, оршуулгын газрын хорлол, баруун зүг болон шорооноос учрах аюул буй гэнэм. Зурлагын хувьд, тэнгэрээс шимнус нь зурагдаж, лусын буг нь хөдлөгсөдтэй адил.
Энэхүү төөрөг, зурлага нь дарга сайд нарын тухайд үзэж харахад л тодорсон бөлгөө. Манай хамаг шилдэг зурхайч, судлаач нарын нийлж гаргасан, албан ёсны төөрөг, зурлагаас сийрүүлсэн агаад, өөрөө нэмсэн хассан зүйл гэж үгүй болно. Үүнийг уншигч бүр хялбар шалгаж мэднэ.
Дарга сайд нарт учрах явдал нь эгэл иргэдийнхээс өөр юм. Учир нь, жирийн ард олонд тэр эрх мэдэл, эд хөрөнгө, арилжаа наймаа, явдал суудал, хүсэл шунал, гэм нүгэл нь үгүй бөлгөө.
Ирэх жил ерөнхийдөө дарга ангийнханд хүндхэн тусахаар зурхайд бууж буй агаад, тэр нь нийгэм-улс төрийн төлөв байдлаар ч батлагдаж байгаа юм. Дарга ангийнхан хэт өсч үржсэнээс, хоорондоо тэмцэлдэн дайтах болно. Дайтаад ч эхэлчихсэн. Хичнээн дарга АТГ, шүүхэд шилжиж, хар PR-аар бөмбөгдүүлж, огцруулах ажиллагаанд өртөж, зарим нь бүр гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа билээ дээ. Энэ байдал ирэх жил улам гүнзгийрнэ. Тэд гэм нүглээн үйлдсээр байх нигууртай тул өөдлөнө гэж үлгэрийн далай, номонд байхгүй.
Дарлагч ноёлогч анги өвөр хоорондын тэмцэлдээ идэгдэн сулрахад, эгэл ард бид харин төмөр барс адил хатуужин хүчирхэгжих бөлгөө.

Ч.Мөнхбаяр

No comments: