Миний бие 1998 онд хувийн сонин гаргаад ч байгаа юм шиг, эсвэл бусад хэвлэлүүдэд материал нийлүүлээд ажиллаад ч байгаа юм шиг сонин байдалтай хөвж явдаг байв л. Үнэндээ бол, Цэдэндоржийн цэцэрлэгийнхэн гэгдсэн бүлэг зохиолч сэтгүүлчидтэй нийлж явсан минь нь байдлыг илүү тодорхойлох биз ээ. Манай бүлэг эхлээд Хэвлэлийн бирж гэх газар цуглаж, бичсэн нийтлэл материалаа борлуулж, мөнгөжиж авцгаана. Дараа нь, уран бүтээл-мэдээллийн уулзалт хийдэг байв гэх үү дээ.
Тэр оны зун цагаан күртктэй, цэмцийтэл самнасан буурал үстэй, цэх нуруутай нэгэн ахмад хүмүүн бирж дээр үзэгдэж эхлэхэд, бүлгийнхэн маань ч “Зана гуай, Зана гуай” хэмээн ихэд хүндэтгэн байсан сан. Байхгүйд нь, Хар Зана гуай гэх нь ч буй. Хар царайтай болохоор нь тэгж буй юм болов уу гэж бодно. Гэтэл Зана гуай өөрөө:
-Тэр чинь миний царай зүстэй холбоотой биш ээ. Би чинь сонинд их ажилласан хүн. Алдааг сайн харна. Улс амьтан “Хар, Зана! Хар, Зана!” гэсээр байгаад, тэгээд нэрлээд хэвшчихсэн байхгүй юу гэж тайлбарлаж байсан. Ер нь Хар Зана гэдэгт нэлээд дургүй байсан даг аа.
Цэдэндоржийн цэцэрлэгийнхэн гэх голцуу гучийн наанатай цаанатай насны залуусын дунд Зана гуай маань хээвнэг суучихаад л, ямар л бол ямар сэдвээр хөөрөлдөн байдаг асныг нь санахул, их л залуу сэтгэлгээтэй нэгэн. Түүнээс гадна, найргийн тойрог хийж шүлгээ уншицгаахад, тун чиг анхааралтай сонсож, зөвлөгөө өгч, сургамжилж байдаг нь аргагүй л амьдрал үзэж, бийр элээсэн туршлагатай уран бүтээлчийн шинжтэй байдагсан. Тэр үед, Монголын залуучуудын холбооны байрны ардахь, бидний Цэдэндоржийн гэж нэрлэх /М.Цэдэндорж гуай энд ирж зуу татах дуртай байсан гэж хэлэлцэнэ/ цэцэрлэгт Ц.Ганхуяг, Ж.Болд-Эрдэнэ, Т.Содномнамжил, Ш.Уянга, Н.Амархүү, Т.Цолмон, С.Адъяасүрэн, Ц.Батбаяр, Н.Батбаяр, Ц.Батбаатар, Л.Батцэнгэл, М.Амгалан, Л.Заяабаатар, Р.Мөнхтөр, Г.Баатар, Г.Мөнхнасан, Г.Пүрэвдорж, Ш.Галсанбаатар, Б.Бат-Орших, Ц.Доржсэмбэ, Х.Саруулдалай, Ц.Эрдэнэ, Б.Сэргэлэн, П.Гантулга, Батсүх, Даваадорж, Баатаржав, Чулуун, Хүрэлбаатар гээд л олон олон сэтгүүлч зохиолчид цугладаг байв аа.
Бөөнөөрөө их явах ч, ний нуугүй хэлэхэд, юмны хүрэлцээ бага бол “фракц” үүсгэцгээнэ. Нэгэнтээ, “цэцэрлэгийн эрхлэгч” “фашист” гэх Ц.Ганхуяг, шог зохиолч Ш.Галсанбаатар, Ж.Зана гуай бид дөрөв фракци үүсгэв. Тэгээд нэг юм авсан чинь Ш.Галсанбаатар маань талыг нь ч билүү, бүгдийг нь ч билүү, ганцаараа нэг амьсгаагаар залгачихдаг юм байна. Ж.Зана гуай түүнийг нэлээд зэмлэнгүй байсан бөгөөд, ахин нэг юм авахад би энэ эрхэм хүнтэй “албан ёсоор” танилцаж, ихэд тухтай хөөрөлдөж билээ.
Тэгэхэд манай хүн 57-той, ануухан байжээ. Ю.Цэдэнбалын тухай роман бичнэ, урвагч власовчууд гэгдсэн оросуудын 505-р хорих ангийнхан Монголд төмөр зам барьсан тухай ч роман бичнэ, материал их цуглуулсан, би өөрөө төмөр замд ажиллаж байсан болохоор нэмж материал цуглуулахад ч дөхөмтэй байна гээд л ярихад нь би дотроо “Пээ, ямар чадалтай, цараатай уран бүтээлч вэ? Монголын уран зохиолыг ч доргиосон бүтээлүүд гарах нь дээ. Гэтэл миний байж байгааг!” гэхчлэн бодож, Занаа гуайгаа биширч, өөрийгөө чамлан суусан билээ.
Зохиолч хүн уран бүтээлийн санаа оноогоо нууцалдаг атал, тэнд нь ч тийм шийдэл хийнэ би, энд нь ч ийм үйл явдал оруулна гээд л илэн далангүй хөөрөн, үүндээ ч бүр урамшин баяссан шинжтэй байсан сан.
Бас намайг магтаж, итгэж найдаж явдгаа хэлж, харин битгий л архи их уугаарай гэх бөгөөд, нэлээд л сургамжилсан. Энэ хүн яагаад ийм итгэлтэйгээр сургааль айлдаж байдаг юм бол гэж би боддог байв.
Гэтэл Ж.Зана гуай маань, МЗЭ гэж хүнд сурталтай, нэг намын үзэл сурталд хүлэгдсэн, хаалттай газар байсныг 1990 онд өөрчлөн байгуулалцаж, уран зохиолын ардчилсан хувьсгалыг манлайлан хийлцэж, улмаар Залуу зохиолчдын зөвлөлийг байгуулан ажиллуулж, залуу уран бүтээлчдийн өмнө Монголын уран зохиолын үүд хаалгыг нээж өгч, тэднийг дэмжиж тэтгэж, сургаж хүмүүжүүлж, халамжилж байсан гавьяатай нэгэн юм билээ л дээ. Тэр залуусыг С.Дашдооров гуай “Занын хүрээ маралынхан” гэдэг байж.
Зана гуайтай анх танилцсанаас хойш 11 жил харван оджээ. 1998 оныг бодвол би түүнийг мэддэг ч болж. 1941 онд Завханы Нөмрөг суманд мэндэлж, 1959 онд нийслэлийн 1-р дунд сургуулийг онц дүнтэй төгсгөөд, Москвагийн театрын урлагийн дээд сургуулийн зохиолчийн ангид амжилттай суралцсан. Ирээд нийслэл хотын даргын референт хийж ч явсан, хөдөө цөлөгдөж ч байсан, ёстой л туг ч барьж, тугал ч хариулж үзсэн нэгэн. Эсэргүү гэгдэн, хэлмэгдэж ч байсан.
МЗЭ-ийн шагналт тэрбээр “Халуун уул”, “Уулын хүн уулаа дуулна”, “Цагаан буга учрах тавилан”, “Мухар гудамж”, “Цагаан дэлт хар морь”, “Тэнгэрийн нулимс” зэрэг яруу найраг , хүүрнэл зохиолын 10 гаруй ном гаргасан, уран бүтээлийн арвин баялаг өв сантай. Хэвлэл мэдээллийн байгууллагад насаараа ажилласан.
Сүүлийн жилүүдэд Зана ах бид “Алаг хорвоо” нэгдсэн редакци гэх халуун ам бүлд багтан, гар нийлэн, ажиллаж ирсэн билээ. Зана ахынхаа үгүүллэг, материалуудыг би мөн ч их хянаж, редакторласан даа. Аваар осолд орж, өвчин зовлонд ээрэгдэн, тэргэнцэр дээр суух болсон ч, буурал ах маань эцсийн амьсгалаа хүртэл бичиж туурвисаар байсан.
“Мөнхбаяр манайд ажиллах болсон нь их сайн хэрэг боллоо. Харин тэр Бямба, Долоонгэрэл, Хөхдээлт гээд бичээд байдаг болсон улсууд ч дээ. Гавихгүй дэг ээ” гэж үгүүлж суусныг, гэргий Оюунцэцэг нь хэлж, багагүй хөгжөөж билээ. Тэр “гавихгүй” улс нь миний псевдоним шүү дээ. Олон давтахгүйн тулд, гол зүйлүүд дээрээ л би нэрээ тавьдаг л даа.
Нэлээд хэдэн жилийн өмнө Ж.Зана гуайтай хундага тулган суухад тэрбээр: “Болд-Эрдэнэ, Уянга, Содномнамжил, Баттогтох, Гэрэлбаатар, Ганбаатар, Адъяа-сүрэн, Ганхуяг гээд хичнээн ч олон хүүхдүүд минь явчихаав дээ” хэмээн нулимс дуслуулж, архидан согтуурахгүй байхыг хичээнгүйлэн захиж байсан сан. 90-ээд оны хорь гучин залуу зохиолч их төлөв нанчид сархдаас /энэ нь нийгмийн шалтгаантай/ болж насан нөгчсөн бөгөөд, дийлэнхийг нь би таньдаг байсаан.
Зана ахынхаа гол сургамжийг үе үе зөрчдөгөө нуугаад яахав. Саяхан багагүй зөрчсөнийхөө дараа гутралд автан суутал Я.Мөнхжаргал найз маань Зана ах тэнгэрт хальсныг дуулгаж, бүр сэтгэлийн гүн уналтанд ороход хүргэсэн билээ.
Хамгийн сүүлд би Ж.Зана ахтай энэ зуны 7.6-нд, номын баяр дээр уулзаж, хэдэн үг сольсон. Тэр баяр дээр Зана гуай их л сайхан мялаалгын үг хэлж байсан даа. Харин би сурвалжлан нийтлүүлэхдээ, түүнийг Хөвсгөлийн уугуул гээд алдаад биччихсэндээ их л харуусч явдаг юм.
Манай редакцийн хамгийн ахмад ажилтан агсан Ж.Зана гуай минь тэнгэрийн орноо залраарай хэмээн, хамт олонтойгоон сэтгэлийн зул өргөхийн сацуу, эх сайхан нутгийнх нь тухай бичсэн шүлгээрээ энэ дурсамжаа өндөрлүүлье.
МОНГОЛ АЙМАГ
Эгэлхэн гэлээ ч, энэ л аймгуудад, даяар сайхан алагланхан үзэгдэнэ.
Дэлхий далайгаар хучигдсан байхад анх товойсон Отгонтэнгэр уул
Дээрхийн сувдан титмээрээ талын Монголоо гийгүүлэн солонгорном.
Завхан, Тэс, Идэр нь эгшгийн туяаг мэлтэлзүүлэн, амьдралын очсыг тольдох нь
Заяа тавиланг навчлуулж, гарцаагүй үнэний хэмнэлээр ундалнам.
Гүн их цаг галавын улмаас төөрсөн, Монгол, Бор харын элс нь алтран мишээж,
Гүйцсэн учрал тохиол - түмэн асуултын хариу бөгөөд шийд хэмээн шивнэнэ.
Хүй нуур мэт тэнгэрийн толиот ардууд нь баян зүрх, улаан хаалгат сэтгэл ээ.
Хүннү, Сүмбэ, Нирун, Монгол улсуудын агуу түүх, алхам нь байсан итгэл ээ.
Хутагт хувилгаан, яруу найрагч, баатар эрс, талын нүүдэлчдийн нутаг аа.
Хувиршгүй цалгиан, ухаан хүчийг өөдөөс цацлах нь монгол аймаг аа.
Монгол аймагт хагдрах өвсний оронд, бадрах өвс урганам зээ.
Морьтон их аймаг та, молор долгис, давлал, сүр хүч байдгийнхаа нууцыг хэлээч.
Аймаг их хийморь сүлд, цог золбоо зээглэж давхартаад, ар араасаан эгнэн угтах нь,
Асар хүчтэй хөгжим бодот бүхэн болон хувилахуй – бас айзам болон салхилах мэт.
Улирах монгол хүмүүнийг жаргаагч, улс Монголыг цэнгээгч аймаг аа,
Ундаргаас тань баясал төрүүлэгч цөм урсах нь, мөнхийн хүрхрээ мэт ээ.
Их аймгийн дунд зогсоод хамаг амьсгал, чимээг чагнахуй,
Илт орчлон цэцэг шиг дэлгэрч, шүүдэр шиг гэрэлтмүй.
Алсран цуурайтах ялгуун хоолой шиг тодхон аймгийн оргил
Авралт нэгний харц үүлэн төглөөс эх бүрийг үзсэн мэт, нэгэнтээ гялсхиймүй.
Намуун аялгуу шиг тунгалаг аймгийн сэрүүн гол ус тэнгэрээр урсаад,
Нар, тэнгэр, одод, бурхдын тусгалаар таван эгшиг мэт мяралзах нь зохист хувь заяа.
Ч.Мөнхбаяр. MMIX.XII.XIV
No comments:
Post a Comment