Wednesday, January 20, 2010

Мангас


(үгүүллэг)

Өрвөөхэй гэдэг бяцхан богширго яагаад бутны ёроолд хяран хэвтэж буйгаа ойлгосонгүй. Жигүүр, хавирга сүвэргэ, ер нь бүхий бие нь жигтэйхэн их зовуурьлана. Ухаан алдаж, ой нь балардсан тул хэрхэн ийнхүү өвдөх болсныг, ямар учраас нисч чадахгүйд хүрснээ мэдэхгүй байлаа.
Гэтэл бутны хажууд аймшигт мангас ирэв. Тэр мангас жигүүртнийг бодвол, бараг сохор ч гэлээ, өөрийг нь олоод харчихаж. Ямар ч өд сөдгүй эрэмдэг далавчаа сунгаж, үзүүр дэх сэрзгэрээр нь бор шувууг атгаад авлаа.
Ингээд л намайг идэх байх гээд Өрвөөхэй нүдээ анихад, аюулхай зүрх нь өчүүхэн цээжинд нь багтаж ядан дэлсч, айснаас болоод балчирхан сэтгэл нь орж гарна.
Мангас олзоороон зуушлахын оронд, хүйтэн төмөр үүрэнд хийжээ. Тэнд нь бэлэн зэлэн ус,  будаа байж байх нь сонин. Тэнхэрч сэргэхээр минь идээ болговол илүү амттай байдаг биз гэж Өрвөөхэй бодов. Хэрэв тэр ус, будаанд ам хүрвэл бие минь сэхэж, мангасын зоог болох мөч л ойртоно шүү дээ гэж санасан ч, өлсч цангахын эрхэнд тэссэнгүй.
Хоол ундыг нь хомхой мангас булаалдан, авч явж жамирах хэдий ч баралгүй, буцаан авч ирнэ. Дороосоо дандаа ундарч, ургаж байдаг юм билээ.
...Өдрөөс өдөрт илааршсаар богширгохон бараг л эрүүл саруул болов. Гэхдээ хэзээ ч бүрэн эдгэхгүйн шинж буй.
Чадал бүрэлдсэний учир тамын муухай мангасаас дайжин зайлъя, энэ муу үүрний хариугүй нарийн утсыг зад мөргөсү гээд хичнээн дэрхийн давшлавч, даанч нэмэргүй.
Байсхийгээд мангас эзэн нь, аварга том толгой тэргүүнээ үүрэнд нь тулгах шахам ойртуулахад Өрвөөхэй ухаан зулаггүй эмээж, орох байх газраа олж ядна. Өд сөд нь юу ч үгүй зулгарсан, хошуу нь булгарч үгүй болсон, нүд ам нь хавтайн налчийсан үзэшгүй муухай тэр араа шүдээ байдгаараа арзайлган, яг л одоо үүртэй нь залгих нь уу гэтэл, тэгсгээд холдох бөгөөд, өмнөө модны хальс овоолж байгаад л оройжин ховдоглон сууна. Жижиг гуурсаар хошуугөа орлуулан, тоншдог бололтой.
Өдөр нь мангас алга болчихно. Энэ үед Өрвөөхэйн айдас хүйдэс хөнгөрч, эрх дураар байсан эгшин, ижий аав, ахан дүү, найз нөхдөөн дурсана, дуудна, бүр дуулна. Үе үехэн тэд нь бүр ирдэг гээч! Даанч мангасын үүрэнд орохоос эмээж буй бололтой, эргээд л явчихна.



Заримдаа мангасын гэрт нэлээд сэрүүхэн. Харин гадаа бол дандаа л эерүү дулаан үүрэнд байдаг сан даа. Тэнгэрээс цагаахан өнгөтэй хөвсгөр будаа асгарна. Ямар гоё амттай байдаг бол.
Нэгэнтээ эзэн нь үүрнийх нь амыг хаахаа мартчихав. “Одоо л нэг...” гээд Өрвөөхэй ухасхийж, хурмастын өөд дүүлсэн ч, мангасын үл үзэгдэх сэрзгэр тархийг нь чанга гэгч дэлсэв. Ахиад, ахиад л шувуухай тэмүүллээ... Мангас муу ёрын ид шидээрээ түүнийг ухаан баларттал жанчив. Ойр дотныхныг нь бас ингэж хөөдөг байсанж.
Төдөлгүй хаанаас ч юм, өөрийн биеэр гарч ирээд, сульдан доройтсон хөөрхий богширгыг элдэн хөөлөө. Аргагүй л мөхөсдөн баригдахаар нь түүнийг төмөр үүрэнд эргүүлэн хорив. Дараа нь мангасын, шувуухайд хандан дуугарах нь аанай муур мяулахтай төсөрхөнө. Гэхдээ муур хажууд нь тийм ч аймшигтай үзэгдэхгүй биз ээ.
Чингээд л эзэн алга болов. Өдөржингөө бор шувуутай хөөцөлдөж, модны хальс хуулдаг байлгүй. Хааяа, нисч чадахгүй түүнийг гадаа, шувуухайн хойноос үхэн хатан хөөцөлдөж, модонд авирснаа мөчир хугарахад пидхийн ойчиж байгааг төсөөлөхөд богширгын инээд хүрч, өвчин хууч нь намжих ч шиг болно.
Хичнээн ч өдөр сар шаналав даа. Ингээд шаналаад байхаар шимт муутай байдаг юм болов уу, мангас өөрийг нь болгоохгүй л байлаа. Хөгшрөхөөр л хоолоон болгодог онцгой жор байдаг байх гэж таамаглаж ч үзэв...
Он цаг улирч, охор богино насан туршдаа зовж бэтгэрсэн Өрвөөхэй өвгөрчээ. Нэгэнтээ түүний бие ихэд чилээрхэж, суудаг саваанаасаа годройтон унаад, үүрнийхээ ёроолд ёолон хэвтлээ. Мангас хар гүйхээрээ ирж, түүнийг сэрзгэр дээрээн тавьж, муур мэт дуугаран, үнэрлэж, өд сөдөнд нь хошуугаа нааж ч байх шиг. “За тэр, хэзээ нэг цагт намайг ингээд л идэх байсан юм...” гэж Өрвөөхэй бодож, хэнд ч юм гомдсондоо нүднээсээ дусал нулимс бөмбөрүүлээд өөд болжээ.

МЗЭ-ийн гишүүн Ч.Мөнхбаяр

No comments: