Monday, January 4, 2010

Бөх

үгүүлэлгэ

Батболд хүнд нойрноосоо арайхийн сэрэв. Яг л дэвжээн дээр медалийн төлөө барилдсаны дараа ийм байдагсан. Гэхдээ Батболд их төлөв бэлтгэл хангагчаар ажиллаж, үүрүүлж шидүүлж байсан бөлгөө. Дөчин насыг зооглосон түүнд одоо эрүүл газар гэж нэг ч үгүй.
Босоод алхахад л тархи нь дүйнгэ мангуу. Ингэж байгаад хүнд өвчин эмгэгтэй болж, ижий аав, хэдэн дүү нараа зовоох вий гэсэн бодол түүнийг шаналгана. “Баяртай” гэж шигшээ аль эрт Батболдод хэлсэн ажээ. Сурч мэдсэн юм гэж даанч түүнд үгүй. Дасгалжуулагч болно гэж бодож байсан нь үлгэрийн далай.
Гэнэт утас нь хангинаж мань хүнийг цочоов. Хэн ч түүн рүү залгадаггүй шахам болоод байсан бөлгөө. Ялдамхан хоолой:
-Та Лхагвасүрэнгийн найз мөн үү? гэх нь тэр. Лхагвасүрэн бол дэлхийд нэрээ цууриатуулах хувьтай авьяаслиг тамирчин байсан бөгөөд, даанч хэтэрхий их ном зохиол уншиж, элдвийг бясалгаснаас болж амиа хорлочихсон бөх.
-Тиймээ. Та өөрөө хэн бэ? гэвэл:
-Би Лхагвасүрэнгийн сүйт бүсгүй нь байсан юм. Таны, сонинд өгсөн ярилцлагыг уншаад, Лхагваагаа санаад.. гээд шуг шуг уйлах сонсдов. Батболд хэрэндээ л сандарч,
-Битгий уйлаач дээ. Би Лхагваагийн ганц сайн найз байх нь байсан. Гэхдээ тэр чинь 15 жилийн өмнөх явдал шүү дээ. Уг нь… хэмээн түгдчив.
-Тийм ээ, чи хамгийн сайн найз нь байж! хэмээн, сонсоход өөрөөс нь нэлээн олон дүү бололтой тэр бүсгүй уйлна. “Та”-гаас “чи” рүү дороо шилжихийг нь Батболд мэдэрч, бага зэрэг гайхсан ч:
-Би танд юугаар тус болж чадах юм бол? хэмээн өчив.
-Чамтай уулзмаар байна. Лхагваагаа л бодоод … гээд л бүсгүй мэгших аж.
-Үгүй, би… Эмчилгээ… Боломж муутай л байна хэмээвээс, бүсгүй:
-Манай ажил оройхон тардаг. Түүнээс хойш хоёулаа тухтайхан уулзмаар байна! гэж, нэлээд тулган шаардангуй, эрх дураар янзтай хэлэв.
Ийм л яриа боллоо. Батболд хэдий 40 нас хүрсэн ч ижий аавынхаа гэрт амьдрах бөлгөө. Түүнд хэдхэн санжигнасан медалиас өөр ямар ч өмч хөрөнгө үгүй. Нэгэнтээ тэрбээр дэлхийн аварга Рашидовыг ялж, бадарч дүрэлзэж явсан ч, монголчуудын сүүдэр мэт байнгын дагуул болсон шударга бус шүүлт хүзүүнээс нь гарагийн медалийг нь мулталчихсан... Ээж нь:
-Чи хаачихнав? Бас л архиа уух нь уу гэхэд Батболд:
-Ижий минь дээ, танд би шинэ жил хүртэл амсахгүй гэж амласан шүү дээ. Бөөрнийхөө эмчилгээнд… гэж бөвтнөв.
Найз Лхагваа нь дурсагдана. Гялалзсан, хурц, ямар сайхан бөх байсан гэж сананаа. Өөрийг нь ёстой л элдэж өгдөг байв. Дараа нь “уучлаарай” гээд л, чадлаараа л ундаа, бууз хуушуураар дайлдагсан. Лхагваа “бэлэн” дэлхийн аварга боловч, шүүгчдийн боольхойгоор дандаа л медалийн тавцан дээр зогсох эрхээ алдчихна. Гэвч түүнийгээ ер тоохгүй. Харин ч өөрт нь худал ялагдаад, Бэлградын ДАШТ-д явуулгаж байсан бөгөөд, тэнд л Батболд Оросын Рашидовыг дийлсэн ч, дараагийн барилдаанд Беларусийн Махмудов гээчид шүүгчдийн саналаар “ялагдсан” билээ.
Үүнд ихэд сэтгэл гутран явтал нь Лхагваа:
-Бүх хорвоо ертөнц чиний өмч, чамд л үйлчилнэ. Май, Штирнэрийг унш гээд нэг ном сарвайсан. Батболд ч ямар орос хэл мэдэх биш. Тэр ном тэгээд л алга болсон. Харин удалгүй, Лхагваа найзынх нь амиа хорлосон тухай мэдээ дуулдав…
Батболд эмчилгээ хөөцөлдөн үлгэн салган гэлдэрнэ. Эпилэпс буюу унаж татах өвчин үүсч магад гэсэн аймшигт оношийг эмч нар түүнд хэлжээ. Үнэн юм. Үлгэн салган майжигнах тэрбээр “Арслантай” гүүрийн хашлага түшин гэлдэрнэ. Аав нь:
-Миний хүү авгай аваач дээ. Дүү нар чинь аль ээ эрт амьдрал зохиогоод, ямар сайхан байна гээд, толгойг нь илнэ.
Лхагвасүрэнгийн найз бүсгүй асан Саруул утасдахад, байдлыг өөрсдийнхөөрөө л ойлгосон  хөөрхий аав ээж нь хэрэндээ л хурдалж,
-Нөгөө охин чинь ярьж байна гэнэ...
-Миний бие тааруухан байна. Гам барь гэсэн. Орой гарах боломжгүй хэмээхэд, өдрөөс өдөрт наалинхай дуутай болох бүсгүй,
-Уулзъя л даа. Лхагваагийн тухай их чухал зүйл хэлэх гэсэн юм хэмээнэ. Утсаар харилцсаар ганц бие тэр бүсгүйтэй зарим хэмжээгээр дотносоод авсан ч, сарын дараа л Батболд арай чамай гэлдрэн явсаар уулзалтанд очив. Гэтэл цэл залуухан, харваас дээд зиндааны, энхрий танхилхан бүсгүй угтахыг үзээд алмайрч орхив.
-Чи чинь ямар аймаар рэкэтчин шиг юм бэ гэж бүсгүй ч гайхав.
-Яагаад рэкэтчин гэж?
-Наад тамирын хувцас,үс зүс чинь…
-Би боломжоороо л гоёж ирлээ.
Бүсгүй Лхагвасүрэнтэй насанд хүрээгүй байхдаа танилцсан агаад, түүнийг маш их хайрладаг байснаа өгүүлэх аж. Бас тэрбээр зураач гэнэ. Лхагвасүрэнг зурснаа үзүүлэхэд нь ид залуу нас нь сэрхийн санагдаж, эрхгүй догдлов. Лхагваа найзынх нь дүрлэгэр ухаалаг нүд, арслан барсын хүч чадал бүгд тэр зурганд шингэн амилжээ.
-Хамгийн гол нь, Лхагвааг надаас болж амиа хорлосон гэж би санадаг юм гээд л бүсгүй мэлмэрүүлэв.
-Харин та “их ном уншсанаас болсон” гэж ярьсан байсан. Миний сэтгэл хөнгөрөх шиг болсон ч, Лхагваа минь байхгүй болохоор… гээд л Саруул бүсгүй мэгшинэ.
-Болиод өгөөч! гэж Батболд чангахан хэлэв.
 -Штирнэр, Ницшэ, Фройд, өөр хэн хэн ч билээ болдоггүй улсууд Лхагвааг эзэмдсэн. Тэр, ямагт л “хорвоо ертөнц минийх, би бурхан, энэ новшийн амьдрал надад хэрэггүй, байх газар минь өөр” гэж ярьдаг болчихсон байсан. Энэ нийгмээс өөрийнхөө авах ёстой бүхнийг авч гүйцсэн гэж хэлдэг байсан. Штирнэр түүнийг хөнөөсөөн! гэж халамцсан Батболд бархирахад баар тэр аяараа цочсон ч, бүсгүй огт цочилгүй:
-Надаас болж амиа егүүтгэсэн. Би түүнийг орхих хэрэггүй байсан юм гээд уйлаад байв. Сүүлдээ Батболд бүсгүйг тайвшруулах гэж өчнөөн л хичээн чармайлаа, төдий л нэмэр болсонгүй. Харин ч Саруул:
-Чи миний Лхагваа! Би чамайгаа ямар удаан хүлээв! гэдэг байна шүү!



Маргаашаас нь Батболд руу бүсгүйн халуун дулаан мэссэж хөвөрч эхэллээ. Батболд бөөр, тархины ядаргаат эмчилгээндээ ихэд баяртай явдаг болов. Эмч:
-Соронзон долгионы эмчилгээ гар утасны үелзэл хоёр харшилдаг юм! гээд л утсыг нь хураагаад авчихна.
-Та тэгвэл ирсэн мэссэжийг надад уншиж өгөөд, хариуг нь бичиж өгөөд бай л даа! гэхэд эмч:
-Чи ер нь нэлээн эдгэж байна шүү. Гэхдээ би хайрын зарц биш, хувийн нууцыг хууль бусаар задлагч ч биш гэдгийг санаарай, бөх минь гээд мушилзана.
-Би чамд хайртай! гээд эмч нэгэнтээ хашхирав.
-Юу! Тэгж бичиж үү!
-Баяр хүргэе. Өвчтөн минь! Өөрөө хар! Чиний тархины бичлэг ч тун сайн гардаг боллоо. Энэ янзаар бол, эпилэпс чинь эдгэх нь ээ! Достоевский хүртэл эпилэпсийн эмчилгээгээ амжилттай хийлгэж байсан юм чинь, 21-р зуунд дөнгөлгүй дээ. “Хаадын өвчин”-өөсөө салж үз! Саруул чинь ч чамд их тусаллаа!
Дараа нь эмч, Батболд хоёр тэврэлдсэн төдийгүй, нэг юм хуваан хүртэж орхив. Ийм тохиолын төлөө балгалаа гээд ижий аав нь нэг их загнахгүй биз ээ.
Үүнээс хойш Батболдын бие үлэмж сайжирч, сэвэлзтэл алхдаг болов. Гэрийнхэн нь ч, удахгүй бэртэй болохнээ, манай энэ Бачкагийн гялалзаж явааг хараач ээ гэнэ. Яг үнэндээ бол, Батболдод нэг ч эрүүл эрхтэн, үс яс байсангүй.
-Миний хүү овоо доо гээд л аав ээж нь магтана.
-Ахад энэ хүүхэн дэндүү хөөрхөн байна аа! гээд дүү нар нь цаашлуулна.
-Чамаас хэдээр дүү гэнэ ээ? Манай Баагий ч гарч өгөх нь ээ! гээд л найзууд нь шагшина.
-Хүүе ээ, чиний бүх газар хөндүүртэй юм уу? гэж Саруулаа хэлдэг байлаа.
Аз жаргалант сар л гэж энэ аж. Гэтэл нэгэн удаа, сүүдрэвчинд сууж байхад Саруулаа:
-Чи Гантөмөрийг мэдэх үү? гэв.
-Мэдэлгүй яахав. Маш их авъяастай бөх. Харин чи яаж мэддэг юм? Спорт нэг их сонирхдоггүй гээ биз дээ?
-Спортын ордонд, чамайг сураглаж яваад танилцсан. Чиний утсыг олж өгөх гэж гүйгээд л, их тусархуу залуу санагдсан.
Бас өөрийгөө Лхагваагийн шавь гэж байсан. Яг үнэндээ ч, шавь нь биш, бишрэн шүтэгч нь юм байлээ л дээ. Сүүлдээ ч, хэцүүхэн авир ааштай залуу гэдгийг нь  мэдсэн...
-Үгүй, чи чинь бөхийн ертөнцийг яасан сүрхий мэддэг болчихоов? Олон улсын тавцан дээр, “буруу шүүлээ” гээд дэвжээний шүүгчээ аваад шидэж байсан тийм тамирчинг би мэдэхгүй. Бүр хажуугийн шүүгчдийн ширээн дээр шидээд, ширээг нь хэмхэлсэн шүү дээ. Бразилийн цагдаа нар л түүнийг зогсоосон. Рио-Де-Жанэйрод бүтэн хагас сар шоронд суусан байх аа. Спортын булхай л түүнийг эвдээд байсан шиг санагддаг юм хэмээн Батболд жүдо-гийн мэдлэгээн гайхуулав.
-Чи Гантөмөрийг хэр ирээдүйтэй гэж боддог вэ?
-Лхагваагаас ч илүү байж магадгүй. Ясны бөх дөө. Гар нь хүрсэн л бол юм хийнэ. Маргааш л дэлхийн аварга болно. Ерөөсөө бодит байдал нь дэлхийн аварга л байхгүй юу.
Пээ, тэр Миямото-г ялсныг нь! Ерөөсөө л агаарт хөөргөөд шидчихсэн шүү дээ. Даан ч барилдах эрхээ тодорхойгүй хугацаагаар хасуулаад байгаа нь харамсалтай. Хайран бөх! Ааш авир нь л дийлдэггүй хүн дээ! Манайхан эрхийг нь сэргээлгэх гээд, сайн өмгөөлөгч хөлслөөд, хөөцөлдөөд л байгаа юм билээ хэмээн Батболд ярихдаа өөрийн эрхгүй барилдааныг дүрслэн гар хуруугаа сарвалзуулна.
-Гантөмөр надад хайртай ш дээ гэж Саруулаа хэлэв.
-Юу? Тэр чинь чамаас нэлээн дүү биз дээ?... хэмээн Батболд балмагдан өчив.
-Чи айж байна уу? Гантөмөр анхны харцаар л надад дурласан гэнэ лээ...
-Би юунаас ч айхгүй. Чиний төлөө шүү дээ гэхдээ Батболд айж буйгаа мэдэрлээ.
-Гэхдээ би чамд л хайртай. Лхагвааг хайрладаг байсан шигээ чамайгаа хайрламаар байна. Гантөмөр эхэндээ хайлсан тугалга шиг харьцдаг байснаа, сүүлдээ намайг үнэхээр их дарамталж байгаа. Хэрэв би түүнийх болохгүй бол намайг ална гэсэн. Тэгэхлээр нь би “намайг Батболд хамгаална” гэж хэлсэн...
-Ална гэнэ ээ? Орчин үеийн “хайр” аа гэж...
-Бүсгүй хүн хэн хүчтэйд нь эзэмдүүлэх ёстой байдаг юм уу? Чамайг Гантөмөр уг нь бол хүндэтгэдэг гэж байсан. Гэхдээ барилдаад хэн дийлсэн нь хүүхнээ авъя гэж чамд хэлээрэй гэсэн…
-Юу гэнээ, Саруулка?
-Би чамд л хайртай ш дээ. Чиний бүх юм надад таалагддаг. Байгаагаар чинь л би чамайгаа хайрладаг.
-Надад юу ч байхгүй. Яахав, манай гэрт хүрээд ир, миний хайр аа!
-Битгий намайг яаруул л даа. Бодох юм зөндөө байна ш дээ...
Энэ яриа болсноос хойш хэд хоногийн дараа, Батболд хувцсаа өмсөн гарах гэв. Ээж нь:
-Хаачих нь вэ? Бас л архиа уух нь уу? гэхэд Батболд:
-Барилдана! гэж бөвтнөв.
Ч.Мөнхбаяр
ММIX.XI.XXVIII
http://moenhbayar.blogspot.com


P.S. Энэ үгүүлэлгэ нь хийсвэрлэл, зохиомжлол дээр суурилсан агаад, бодот хүмүүс, үйл явдалтай холбогдолгүй, цэвэр уран бүтээлийн хүрээнд хамаарах юм гэдгийг зөвөөр ойлгохыг хүсье.

No comments: