Wednesday, January 20, 2010

Утаажилтаас болж хохирсон хүмүүс төрөөс 100 сая төгрөг нэхэмжлэн, хөдөлгөөн байгуулж тэмцэх гэнэ


Манай сонинуудын нэгэн уншигч “Нийслэлийн утаажилтаас болж надад учирсан хохирлыг төрөөс нэхэмжилнэ” хэмээн бидэнд хандлаа.

-Тө өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Б.Гомбосүрэн гэдэг. Утаажилтаас болж, эрүүл мэндээр хохирсон тул, орон тооны ажил хийж чадахаа больж, гэрээрээ орчуулга гэх мэтийн халтуур хийсэн шүү болж суудаг болсон. Уг нь, мэргэжил маань уул уурхайн инженер. Уралын уулын дээд сургуулийг төгсгөсөн.
-Урьд та хаана ямар ажил эрхэлж байв?
-Би Эрдэнэт, Бор-Өндөр, Хар-Ааригийн уурхайнуудад ажиллаж байсан. Хувиараа бизнес эрхлэх гэж оролдсон минь бүтэлтэй болоогүй. Дараа нь уул уурхайн компаниудад янз бүрийн ажил хийж байсан ч сүүлдээ амьсгал дутмагших өвчтэй болсноос болж, тогтмол цалинтай, тодорхой үүрэгтэй ажил хийж гүйцэтгэж чадахаа болилоо.
-Яагаад та өөрийгөө утаажилтаас болж өвчилсөн гэж үзэв? Уурхайн тоосжилтоос болсон биш үү?
-Би дандаа конторт ажилладаг байсан. Уурхай руу төдийлөн орохгүй. Харин ч хөдөөний цэнгэг агаарт бие минь маш эрүүл саруул, амьсгал уужим тэнүүн байсан юм шүү. Спортоор хичээллэж ч явлаа. Уурхайд орох, очихдоо маск, рэспиратор зүүх хөдөлмөр хамгааллын дүрэмтэй байсан.
1991 оноос хойш бол би уурхайд ер очоогүй. Манай СХД-ийн I хорооллын хойд дэнжид гэр хороолол буй болсноос хойш л өвчтэй боллоо. Уг нь тэр дэнж бол урин дулаан цагт манай хорооллынхон гэр бүлээрээ гарч пикник хийдэг, царцаа шаагиж, цэцэг алагласан тийм л сайхан газар байв. Улсын мэдлийн, нөөцийн газар. Барилгажуулалтын төлөвлөгөөнд орсон, айл буух хориотой юм л даа.
Гэтэл хариуцлагагүй төр засгийнхан тэнд айл бууж байгаатай огт тэмцээгүй. Харин ч сонгууль бүрээр атгаг улс төрчид тэдний буусныг хууль бусаар баталгаажуулж, газар олгосон. Хууль гэж байдаг л юм бол тэр газар олголт бол эрх зүйн ямар ч чадамжгүй. Манай хорооллын хойно айл буусаар Баянхошуутай нийлчихсэн.
Гэр хорооллын маш их массын утаа I хороолол руу бууж ирж, хонхор газар тогтдог. Манай байрууд хайрцагласан хэлбэртэй баригдсаныг ч хэлэх үү. Өөдөөс харсан байр үзэгдэхтэй үгүйтэй ч болдог. Хамгийн их утаажилттай нь манай хороолол.
Энэ утаажилтаас болж л би өвчилсөн. Надад утаажилт маш таагүй нөлөөлж буй нь эхнээсээ мэдрэгдээд байдаг байсан. Хэдэн жилийн өмнөөс амьсгал доголдож эхлээд, одоо амьсгалын дутмагшил гэдэг хүнд бэрх өвчин тусаад байна. Амьсгалын дутмагшил бүх биеийг минь сул дорой болгосон.
Би агаар дутмагшихад, байн байн уртаар амьсгал авахад хүрдэг. Энэ нь ажил хийх байтугай, ярих ч боломжгүй болгодог. Унтахад ямар хэцүү байдаг  гэж санана. Агаарын дутагдал, нойргүйдлээс болж мэдрэлийн ядаргаа, невроз, рефлексийн алдагдал гээд тархи толгойн өвчтэй болж бүр зүдэрч байна. Тэдгээр нь агаарын дутмагшлыг эргээд даамжруулж байна. Нервийн өвчтэй болохоор хоол боловсруулах, ой санамж, реакц гээд л хамаг юм муудаж байна. Заримдаа амьсгал дутмагшихад эм тариагаар бөмбөгдөөд ч нэмэр болдоггүй, зуу татахад хүрдэг.
Эмнэлэг миний өвчнийг удаан хугацааны турш тодорхойлж чадаагүй. Нарийн шинжилгээ судалгааны эцэст, уушиг утаажилтын хорт бодисоор бохирдож бөглөрснөөс болж, агаар авалт хомсдож, улмаар үүнээс болж амьсгалын хэвийн явц гажиж, дутмагшлын өвчин үүссэн байна гэсэн. Амьсгал уужимсгах эмчилгээ л хийх юм. Утаа нь хэвээрээ болохоор нэмэр алга.
Төрөл бүрийн эмчилгээ хийлгэх, утаажилтгүй газар амьдрахын тулд би төрөөс 100 сая төгрөг нэхэмжлэнэ. Би хувьдаа орон сууцгүй л дээ.
Миний өвчлөлд төр буруутай. Төрийн хариуцлагагүй байдал л намайг ажил хөдөлмөрийн чадваргүй болголоо.
-Сая гаруй хүн утаажилттай нөхцөлд өвчлөлгүй амьдраад болоод л байна шүү дээ.
-Миний уушиг утаажилтыг хүлээж авдаггүй физиологийн онцлогтой юм гэсэн. Ер нь яахлаараа монгол хүний уушиг утаажилтаар амьсгалаад л болоод байдаг, гаж буруу хөгжсөн байх ёстой юм. Тэгээд ч олон хүн утаажилтаас болж өвчилсөн, цаашдаа ч нэмэгдэнэ. Хүчээ нэгтгэн тэмцэхгүй байгаагаас болж, хувь хувьдаа хохироод л, чимээгүй мөхөцгөөгөөд л явж байна.
Нийслэл хотын утаажилт жилээс жилд улам ихэсч, дэлхийн хамгийн хортой, хүнд хэцүү нөхцөлтэй хотын тоонд ороод байгаа. Үүнтэй холбоотой өвчлөл, аваар осол, гэмт хэрэг үлэмж ихсээд байгаа.
Уг нь, утаажилттай тэмцэнэ гэж 6 тэрбум төгрөг зарцуулсан ч, улам нэмэгдсэн. Өнөөгийн аймшигт утаажилт 6 тэрбум төгрөгийн үнээр бүтлээ шүү дээ. Гэтэл хотын удирдлага болон, фракцийнхан утаажилттай тэмцэхэд ахиад 10 тэрбум гаргаж өг гэж лоббидож байна гэсэн. 10 тэрбумаар тэд утаажилтыг улам ч их өсгөх нь ойлгомжтой. Бүр монголчуудыг зориуд хордуулаад байна уу гэмээр. Амаараа утаажилттай “тэмцэвч”, алгаараа утаажилтыг бүтээж байдаг улс шүү дээ.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлж байна гэсэн чинь, резин дугуйгаар түлш бэлтгэх үйлдвэр гээчид хүртэл зөвшөөрөл олгож. Тэр үйлдвэр нь, хаягдал резин дугуй зэргийг цуглуулах дархан эрхтэй, тэрийгээ жижиглэн хэрчиж шуудайлаад л, “үйлдвэрлэв” гэсэн тэмдгээ дарчих юм гэнэ шүү. Иймэрхүү “түлш”-ийг асар хортой  л гээд байгаа юмсан.
1998 онд би нийслэлийн нэг хүнд оногдох агаарын бохирдол жилд 90кг байна гэж уншиж байсан. Гэтэл одоо 183 кг болж. Сүүлийн үед надад бас утааны харшлын шинж тэмдэг илэрч, ханиалгаж, бие загатнаж, юм туурч байна.
Агаарын бохирдол 15 хувиар буурсан гэж дарга нар тайлагнаад л байдаг. Манай утаанаас харийнхан зугтаж, элчингүүд дайжиж, гадаад харилцаагүй ч болох гэж байна. Утаанд харагдац муудсанаас хүмүүс бэртэж, аваар осол гарч байна. Би өөрөө ч гэр хороололд айл олох гэж, утаажилт дунд баримжаа гаргах санаатай өлийж яваад, халтирч унаж, хөлөө бэртээсэн.
Богино хугацаанд амьсгалын, уушигны өвчин, хорт хавдар, эрэмдэг хүүхэд төрөх нь хэд дахин ихэссэнийг эмч мэргэжилтнүүд утаажилттай шууд холбон тайлбарлаж байна шүү дээ.
Агаарын бохирдлыг барилгажуулалтаар шийдвэрлэнэ гэсэн нь төсвийн хөрөнгийг борлогддоггүй үхмэл хөрөнгө болгож, эдийн засгийн хямрал авчирлаа. Утаагүй түлш л гэх юм. Утаагүй түлш гэж байдаггүй байхгүй юу. Тэгэхийн оронд, гэр хорооллын айлуудад яндангийн шүүлтүүр түгээх нь яав. Тэгж болохуйц л хөрөнгө үрж зарсан. Татвар төлөгчдийн мөнгийг ард түмнийхээ эсрэг хорт хийн атак хийхэд л зориулах шив.
Агаарын бохирдлын талаар 12 хуульд өөрчлөлт оруулна гэж аль эрт яригдсан. Ямар ч өөрчлөлт хийгдсэнгүй. 1989 онд намайг Хөх хотод очиход их утаатай байсан. Ноднин зун очсон хүн цэнгэг агаар, мод зүлгийг нь гайхаад л ирж байна.
Би 100 сая төгрөгөө авахын төлөө туйлбартай тэмцэнэ. Гэр хорооллынхныг би огтхон ч буруутгахгүй, төрийн хариуцлагагүй явдал л буруутай. Миний 100 саяын тэмцэлд эвлэн нэгдэх хүн олон бий гэж бодож байна. Хамтран тэмцье, өвчин эмгэгээсээ салцгаая, утаагүй газар амьдарцгаая, төр засагт дохио, анхааруулга өгцгөөе, утаажилттай тэмцдэг болгоцгооё гэж уриалж байна. Энэ асуудлаар надтай холбоо барья гэвэл, эвсэн тэмцье гэвэл 9514-6033 утсаар хандаарай.
-Төр тэр мөнгийг, утаажилтаас болж хохирсон хүмүүст, хаанаасаа гаргаж өгөх болж байнаа?
-Би уул уурхайн хүн. Уул уурхайгаа өөрийн болго. Нэмж хэлэх үг алга.
Ярилцсан Ч.Мөнхбаяр


No comments: