Thursday, February 25, 2010

Казахстаны “Нүүдэлчин” кино монголчуудыг дээд зэргээр доромжилжээ



Бодров Монголоос хөөгдсөнийхөө хариуг ингэж авчээ

Хэрмэл найруулагч Бодров Чингис хааны тухай галзуу солиотой кино хийх санаагаа монголчуудад дуулгаж зүрхлээд, түүний төсөөлсөн шиг зэрлэгүүд бус болох манайханд амаа алгадуулаад буцсан. Эх түүхээ маруухан мэддэг зарим казахууд дээр очиж, энэ санаагаа хэлээд алга ташилтаар шагнуулаад байгаа. Тэдний маруухан мэдлэг нь манай түүхийн сайн сайхан бүхнийг газар нутаг, хүн ардтай нь казахынх, казахууд гэж өмчлөн хийрхэж, одоогийн бидний гэх казах нутагт нь эзгүйчлэн ирсэн тунгусууд гэж нэрлэн хялайдгаар илэрдэг. Гайхал Бодровын кинонцроор казахын аугаа баатар Чингис хааныг алдаршуулна гэж дүвчигнэснээр нь ч илэрч буй.
Бодров ямар “Чингис” хийх вэ? Казахын ээлж халаагүй дарангуйлагч, гэхдээ манай гэмт хэрэг хийхээс өөрийг мэдэхгүй луйварчдын засаглалыг бодвол Астана хот зэргийг ард түмэндээ өгсөн Назарбаевын даалгавраар хийсэн Бодровын “Нүүдэлчин” киногоор нь баримжаалцгаая. 

Монголчууд Чингис хаанаараа юуны өмнө бахархдаг бол казахууд Зүүнгартай байлдсанаараа бахархдаг. Казах бол ирмэл, суумал янз бүрийн түрэг овог аймаг, түрэгжсэн монголчуудаас XV зуунд бүрэлдэн тогтнож эхэлсэн шинэ залуухан үндэстэн тул өөр том дайн байлдаан хийж амжаагүй. Киноны эхэн, сүүлд “казахуудын эх оронч үзлийг сэргээн мандуулах зорилгоор, анхны ерөнхийлөгч Назарбаевын захиа даалгавраар бүтээв” гэж бичиж, мөн эхэн, сүүлд Назарбаевын хэлсэн үгийг эшилж байгаад үзүүлдэг энэ киноны гол чиг шугам нь Казах-Зүүнгарын сөргөлдөөн.
Найруулагч Бодровын ур чадвар юун дээр илрээв гэхээр энэ кино Once Upon a Time in Mexico, Mortal Kombat, Gladiatop, Narnia кинонуудын холимог, зүймэл хөнжил шиг юм болсон. Тиймээс сүүлдээ хөөгдөж, өөр найруулагч нар ажлыг нь авсан ч дээрдүүлж чадаагүй.
Бодров Монголоос ч хөөгдөж байсан. Түүнийхээ хариуг энэ кинон дээр авахыг оролдсон бололтой. Шарыш (Шарав болов уу) гэдэг баатрыг эс тооцвол, монголчуудыг мэдрэл муутай амьтас болгож дүрсэлсэн. Тэнд нэгэн элий балай бөө гардаг. Гэтэл энэ үед ойрдууд буддын өндөр соёлтой байсан. Долоон асар босгож ном хурж байснаа, хожмоо том сүм хийд цогцлоосон ойрд нутаг буй. Долоон асарт гэх энэ нутгийн нэрийг оросууд орчуулж, Семипалатинск гэх хот байгуулсан нь буддизмын бэлээхэн гэрч болж үлдсэн. Даанч казахууд ойрдын соёлын дурсгалыг буруу номын гэж устгачихаад, одоо болохоор юу ч байгаагүй гэж мэлзэж байгаа болохоос.


Голливудын дунд зэргийн төсөв буюу 40 сая долларыг үрэн таран хийсэн гэж зэмлүүлсэн Бодров “Нүүдэлчид”-ийн кино зохиолыг дангаараа бичиж чадахгүй ч, бичилцсэн нь ойлгомжтой. Түүний адал балмад, алиа марзан сэтгэлгээ шингэснээс нь үзэхэд энэ кинонд ойрд монголчууд гэж эрүүл ухаангүйгээр дайрч давшилсан улс, казахууд болохоор энхийг эрхэмлэгч, бүх талаараа төгс төгөлдөр хүмүүс гардаг. Гэтэл түргүүд бол бусдын нутгийг булааж, хүн ардыг нь түрэгчлэх экспансионист бодлоготойгоосоо болж эргэн тойрондоо ямагт асуудал үүсгэдэг байсныг санах хэрэгтэй.
Алтайн нурууны орчмоор түрэг угсаатан үүссэн, иран, фин, монголын ард түмнүүдийг өргөн хэмжээгээр уусгаж явсаар хүчирхэгжсэн. Хүүхэд, эмэгтэйчүүдийг булаах, хулгайлах, эзлэн түрэмгийлбэл соёл, эрчүүдийг нь устгаж, өөрийнхийгөө тулгах зэрэг аргаар түрэгт уусгадаг байсан.
Хожим тал бүрээс хурж, сул хүмүүс буюу казах нэртэй болсон шинэ ард түмний шунамгай ноёд ч тийм санаатай байсан. Ойрдуудын хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлдаг, булаадаг, эрчүүдийг хяддаг, нутаг орон руу нь өнгөлздөг байв. Хэрэв ойрдууд бусадтай байлдвал ямагт араас нь дайрдаг асан. Үүнээс болж ойрдууд тэдгээр ноёдод үе, үе томоохон цохилт өгдөг байсан, харин нутаг орныг нь эзэгнэж, ард түмнийг нь боолчилж уусгаж байгаагүй.
Кинон дээр казах ноёд дахин дахин “Сибириэс Алтай хүртэл манай нутаг буй” гэж байдаг. Уг нь бол тэд “Сибирь манайх” гэдэг байсан л даа. Даанч Оросоос айгаад ч юмуу, тэр үгийг нь өөрчилчихөж.
Алтай хэзээ ч тэр аяараа түргүүдийн мэдэлд байгаагүй. Энэ нурууны нэр ч монголын Алтан гэх үгээс үүсчээ. Түргүүд Алатау буюу Алаг уул гэсэн үг гэж дайраад байдаг болохоос, уг нь Алтаннуруу гэдэг байсан юм шүү. 
Монголчууд Алтайгаас цааш өргөн уудам нутагтай байсан. Ижил рүү торгууд нүүхдээ тийм ч хол яваагүй. Халимаг, Зүүнгарын нутаг бараг залгаа байсан. Чоросууд ойрд нутгийн зүүн гар талд байсан тул тэдний манлайлсан улсыг Зүүнгар гэдэг байсан. “Алтай хүртэлх нь манай нутаг” гэсэн нь Зүүнгарын нутагт өнгөлзөж байсныг нь л харуулна.
Манж ойрдуудыг хүйс тэмтэрч, бараг ард түмний нь хувьд устгасны дараа нутагт нь казахууд ирж суусан. Казахстан улс газар усны монгол нэрээр дүүрэн байдаг. Хэдийгээр монгол нэрүүдийг түрэгжүүлсэн ч гэсэн. Сансрын хот Байконур нь Баянхонгорыг гуйвуулсан үг болохыг тэр бүрий мэддэггүй.


1730-ад онд Галданцэрэн хаан Манжтай байлдаж, бүх Монголыг чөлөөлөн нэтггэх бодлого явуулж байсан. Энэ үед казах ноёд араас нь довтолж их гай тарьсан. Галданцэрэн тэдгээрийг гэсгээн цээрлүүлэхээр Сэвдэн ноёныг илгээхэд нөгөө түрэмгий ноёд (Дунд орд) яаран Оросод дагаар орсон. Ойрдууд цохилт өгч эхлэхэд хасаг ноёд Орос руу зугтсан.
Оросууд “манай албатууд руу довтоллоо” гэхэд ойрдууд тоолгүй, цохилт өгөх ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Туркестан хотыг ч торолгүй эзлэхэд эмир нь алагдсан. Галданцэрэнгийн дүүг хороосон Аблай султаныг Оросоос ирж явахад нь олзолсон. Гэхдээ Манжийн эсрэг хамтран тэмцэнэ гэхээр нь сулласан.
Зүүнгарынхан Дунд ордод цохилт өгөхдөө зөвхөн цэрэг-улс төрийн стратегийн байдлыг сайжруулах зорилго агуулсан, хүнийг ч, юуг ч олзолж авдаггүй, орхиод л явж байсан. Харин оросууд тэр үед Казахын нутгийг булаан эзэгнэж, их түрэмгий авирлаж асан. 
Галданцэрэн хаан казахын түрэмгий ноёдыг санаснаараа хашраагаад, өөрөөр хэлбэл ялаад буцсан. Хэдэн жилийн дараа өөд болоход нь хаан ширээний төлөө ширүүн тэмцэл өрнөж, Зүүнгар суларсан. Энэ үед Аблай монголчуудын хооронд яс хаяад, Монгол руу дээрмийн халдлага хийгээд л сууж байсан. Амарсанаа холбоотон нь Манжтай тэмцэлдэж байхад, хүч хавсрана гэсэн аблай хуураад л өнгөрч байсан. Харин ч Манжид барьж өгөх гэж байсан. 
Гэтэл энэ кинон дээр бол казахууд өчүүхэн төдий ч өө сэвгүй. Оросууд бараа сураг ч үгүй, Оросод нэгдээ ч үгүй, Орос руу зугтаагаа ч үгүй, Оросын түрэмгийлэл гэж байгаагүй. Манж ч гэж байгаагүй (Үнэндээ бол Манж хасагуудыг мөн ч их дарамталдаг байсан даа). Хамгийн муу муухай улс – Зүүнгарчууд. Галданцэрэн Аблайг суллаагүй, гладиатор болгосон, харин тэр оргосон. Ойрдууд Туркестаныг эзлээгүй, харин ч бут цохиулж ялагдсан. 
Түүхийн нэг ч үнэн байхгүй гэмээр, арай дэндүү худал зүйлээр дүүрсэн кино болсон. Бүхнийг эсрэгээр нь л үзүүлсэн. Хоёр л үнэн зүйл гарсан шиг.
1-рт, монголчууд олон их буутай, цэрэг зэвсгээр давуутай байсан нь үнэн. Зүүнгарынхан зэвсгийн үйлдвэрлэлтэй, өөрсдийгөө хангаад, гадагш экспортолдог байв. Зориуд зэвсгийн швед инженерийг оросуудаас булаан авчирч, ажиллуулж ч байсан. Манж, оросуудыг ширүүн галаар хуйхлаад ойртуулдаг ч үгүй байжээ.
2-рт, үнэхээр казахууд “Алаш!” гэж хашхирдаг байв. Дээр үед ойрдуудыг алж хядахдаа гарамгай казах хаан байсан бөгөөд, түүнийг ойрдууд алаач хаан гэсэн юмсанжээ. Энэ л үг казахуудын уухай болж хувирсан. Казах орныг, үндэстнийг, үзэл санааг нэрлэх ч үг болсон. Улаанбаатар дахь казах оюутнуудын нийгэмлэгийг “Алаш” гэдэг. 
Бодров гэдэг хүн иймэрхүү кино бүтээдэг юмсанжээ. Тэр “Нүүдэлчин” киноны ажлаас хөөгдсөн ч, Чингис хааны тухай киногоо Казахстанд хийж дуусгасан. “Нүүдэлчин” шиг л алиа марзан, үнэн юм нэг ч үгүй, монголчуудыг гутаасан кино болсон байх л даа. Тэгээд ч, тэнд монгол хүн гарах ч үгүй байж магад. Чингис хаан казах хүн болж дүрслэгдэх биз ээ.
Уг нь энэ киног, нүүдэлчин хоёр ард түмэн эвлэн нөхөрлөхийн оронд эвдрэлцэн дайтаж байгаад их гүрнүүдийн эрхшээлд орсон эмгэнэлийг харуулсан, ухааруулсан кино болсон биз ээ гэж төсөөлж байсан сан. Даанч тэгсэнгүй. Монголчуудыг л элэг барьсан энэ киногоор Бодров юуг ч ухааруулж чадахгүй. Энэ бол кино биш, Арлекино. 
Ч.Мөнхбаяр. MMVI.X

4 comments:

Алтаар said...

YNen ynen.

Алтаар said...

ynen ynen

Unknown said...

Тэр багш гэдэгт нь хятад гаралтай жүжигчин Jason Scott Lee хасаг хүний дүрд тоглоод байдаг нь утгагүй,өөрсдийгөө ч гутаасан юм хийх гэж.

Unknown said...

ene kinog xaanaas olj uzej bolxuuu