Friday, February 5, 2010

Афганы дүрвэгчдийг орогнуулахад бэлэн гэсэн Монгол улс хазар монголчуудыг татаж авах болсон биш үү?


Терроризмын эсрэг дайн эрч хүчээ авч буй өнөө үед афганы монголчуудын хувь заяа аргагүй л анхаарал татаж байна. Афганистан бол пушту, тажик, узбек, белуж, туркмен гээд олон үндэстний улс. Тэр дундаа хазарууд Афганистаны түүх, нийгэм, соёлд чухал үүргийг гүйцэтгэсээр иржээ. Монгол угсаатныг баруун, зүүн, хойд гэж ангилж үздэгийн алинд нь ч хамааралгүй явж ирсэн Афганистаны монголчуудыг Монголын ертөнцийн хүрээнд авч үздэг болох нь зүйтэй билээ.
Монголын эзэнт гүрэн унасны дараа дундад дорнодод Монголын улсууд оршсоор байсан. Цагаадай, Хүлэгүгийн улсуудад байсан монголчуудын удам нь хазарууд юм. Хожим тэд Хазаражат хэмээх өөрийн улсыг байгуулан оршсон. XIX зууны эцсээр л Афганистаны бусад овог аймгуудтай хамт одоогийн энэ улсыг бүрдүүлэлцжээ.
XX зууны эхээр монголч эрдэмтэн Лигети, Рамстедт нар Афганистанд хэл соёлоо хадгалсан монголчууд байна гэж мэдээлэн, зохих хэмжээгээр судалсан. Тун харамсалтай нь өнгөрсөн хэдэн зуун жилийн хугацаанд монгол угсааны зарим бүлгүүдэд тохиолдсон харьд уусах ижилсэх явц хазаруудыг тойрсонгүй. Угаас перс түргийн нөлөөнд орсоор байсан тэд өнөөдөр хамгийн ихээр өвөрдсөн монгол угсаатан болжээ.
Хазар гэдгийг персээр орчуулбал мянгат гэсэн утгатай. Хазаражат нь мянгатын орон гэсэн үг болох агаад цэргийн зохион байгуулалтаас үүдсэн нэр ажээ. Афганистаны монголчууд улс орны төв хэсэгт байх Хазаражат мужаас гадна Герат, Кандагар, Нангархар, Бадахшан мужуудад тархан суудаг байна. Мөн Ираны Хорасан, Пакистанд буй.


Хазарууд монголжуу нүүр царайтай, өмсөх зүүхээр харин бусад афганчуудаас ялгарахгүй. Персийн бүлгийн дари хэлээр ярилцах агаад монгол үгсийг нэлээд хэмжээгээр хэрэглэдэг байна. Исламын шийт урсгалыг дагах боловч шүтлэгт нь бөөгийн элемент бий. Тариалан, нүүдлийн мал аж ахуй эрхлэхээс гадна худалдаа наймаанд сайн улс гэнэ. Баярын үед морь, тэмээгээр уралдаж, бөх барилдана.
Афганистанд буй хазаруудын тоог 2-4 саяын хооронд хэлбэлзэлтэйгээр гаргасан байдаг (Дэлхийд бол 10 сая бий ч гэдэг). Ер нь хазарууд бага судлагдсан ард түмэн. Нэгэн судлаач Афганистанд 20 мянган монголчууд буй гэсэн байв.
Исламын шашинт монголчуудаа элэг нэгтэн гэж үзэх сэтгэл зүйн бэлтгэл бидэнд хэрэгтэй юм. Туркийн Челебей, Оросын Бартольд нарын судлаачид Кавказад кайтак хэмээх ислам шашинт монголчууд байна гэж мэдээлж байсан. Бартольд мөн Хөх нуур орчимд толмукгун хэмээгч ислам шашинт монголчууд буй гэж мэдээлж байв. Гзтэл бид монголчуудыг зөвхөн буддын шашинтны хүрээнд ойлгодогоос бусад монголчуудыг умартжээ. Уг нь монгол л бол монгол шүү дээ.
Хазарууд бусад монголчууддаа элэгсэг дотно ханддаг гэнэ. Орост цагаач хазарууд цөөнгүй буй бөгөөд тэд буриад, халимагуудтай нөхөрлөж, Монголын ертөнцийн талаар ихэд сонирхон ярилцдаг ажээ.
Саяхан нэгэн танил маань Афганистаны хазар хүмүүсийн зүгээс монголчуудад хандаж тусламж хүссэн материал Интернэтэд байсан гэж өчлөө. Үнэхээр ч бид Афганистаны монголчуудад туслах цаг болоод байна.
Талибууд шашин, үндсээр ялгаварлах дайн хийсээр ирсэн. Суннит урсгалыг дагадаг талибуудын хувьд шийт хазарууд буруу номтон. Мөн талибууд нь пушту үндэстний дээрэнгүй үзэлтнүүд бөгөөд Герат  мужид хазаруудыг бөөнөөр хөнөөж байсан. Афганистаны төвд орших Хазаражат 1996 онд талибууд засгийн эрхийг авснаас хойш эмгэнэлээр дүүрэн байв. Тиймээс ч хазарууд бусад үндэсний цөөнхийн хамт Умардын эвслийн талд тулалдсан. Олон хазарууд өдгөө ч яс үндсээр, арьс өнгөөр ялгаварлах дарлал дор, цагаачилж дүрвэн зүдэрч байна.
Манай Засгийн газар, террортой тэмцэхэд хувь нэмэр оруулах хүрээнд орогнол олгох, дүрвэгч хүлээн авахад бэлэн байна гэж мэдэгдсэн. Үүнийгээ ажил болгож, Афганистаны монголчуудыг аврах хэрэгтэй болоод байна. Энэ ажилд барууны улсууд, байгууллагууд тусалж, санхүүжүүлэх нь мэдээж. Зарим улстөрч газар нутгаа түрээсэлнэ худалдана гэх юм. Тэр “илүүдээ гарсан” нутаг дээрээ Афганистаны монголчуудыг суурьшуулбал эх орны эрх ашигт нийцэх биш үү?

Ч.Мөнхбаяр
MMI.IX

P.S. 2001 оны намар "Өдрийн сонинд" хэвлэгдсэн нийтлэл юм.

1 comment:

small said...

Хар тамхи Эмэгтэй хүнтэй харилцах үзүүлэлт Исламын хэт даврагч бүлэглэл үүсэх Монголын хуулийг биелүүлэх чадвар удамшилын шинэ өвчин гэх олон шалгуураар шалгаж байх хуулиа эхэлж батлах хэрэгтэй
Хамаагүй бөөнөөр оруулж болохгүй байх аа