Баасан тэргүүтэй чөлөөт ахмадууд ерөнхийлөгчийг халз мэтгэлцээнд дуудахдаа хатуу ширүүн үгээр бөмбөгдсөн бичиг илгээсэн билээ. Тэр бичиг дотор “Монгол улсыг Хятадад балансаас балансад шилжүүлсэн” гэсэн үг байсан нь нэн ноцтой. Урьд өмнө ямар нэг том албан тушаалтныг ийм айхавтраар буруутгаж байсан удаа үгүй.
Ерөнхийлөгчийн тамгын газар хэмээх өмгөөллийн контор болж хувираад байгаа байгууллагаас илгээсэн хариунд “Ерөнхийлөгч Монгол улсыг Хятадад балансаас балансад шилжүүлээгүй” гэх утгатай өгүүлбэрийг оруулжээ.
Одоо ер нь би шилжүүлээгүй, тэр шилжүүлсэн гэсэн баахан бие, бие рүүгээ бухсан, чихсэн хэл ам өрнөх нь үү гэсэн бодол төрөв.
Манай олон том албан тушаалтан, улс төрчид, зүтгэлтнүүд БНХАУ-д нэгдэх хүсэлтээ илэрхийлж шан хүртдэг тухай дуулиан гараад байгаа болохоор тийм бодол төрөх нь аргагүй. Гэхдээ ерөнхийлөгч тэгсэн гэж байгаа юм биш шүү. Тамгын газраас нь ч тэгээгүй гэж мэдэгдсэн.
Харин Монгол улс бүх л талаараа Хятадад балансаас балансад шилжчихсэн мэт байгаа нь үнэн. Бүх л талаараа шүү!
Зарим хүмүүс гайхаж болох юм. Хятад улс тийм олон нэгдэх хүсэлт авч байсан юм бол өдий хүртэл нэгтгэчихгүй юугаа хийж байсан юм бэ гэж.
Нэгтгэнэ гэдэг тийм ч амар хэрэг биш. Үнэхээр олон хүсэлт очдог бол түүнийг нь хуримтлуулаад л байдаг хэрэг шүү дээ. 17 жилийн турш тийм бичиг очиж байгаа бололтой. Тэгвэл 25 жилийн турш цуглуулж яагаад болохгүй гэж. 17 жил цуглуулсан юм чинь, нэмээд найман жилийг цуглуулгадаа зориулж бүрэн болно шүү дээ.
Тэгээд л НҮБ, бусад олон улсын байгууллагуудад асуудал тавина. “Монголын аль л нэр нөлөөтэй хүмүүс, ард түмний элч төлөөлөгч нар нэгдэх хүсэлтээн тавиад манай засгийн газрын ажлыг хийлгэхээн байлаа. Юун нөгөө хүний эрхийг баталгаажуулах, агаарын бохирдлыг багасгах. Монголчуудын хүсэлтэд дарагдчихаад, дороос нь өндийхөө байсан байхгүй юу. Эх орондоо нэгдэх гээд байгаа тэр хүмүүсийг болон манай засгийн газрыг зовлонгоос ангижруулаад өгөөч. Хэрвээ нэгтгэчих юм бол аль аль нь амар болохгүй юу. Энэ нэгдэх асуудлыг одоогоор Орос, Хойд Солонгос, Иран, Беларусь, Венесуэл, Шанхайн эвслийн орнууд дэмжээд байгаа...” гээд л авдар дүүрэн хүсэлтүүдийг гаргаж ирнэ шүү дээ.
Тэр бичгүүдийг үзээд НҮБ, олон улсын байгууллагууд аргагүй байдалд орно. Монголчууд “өөрсдөө хүсээд” байхад яах билээ?
Хятадууд 50 жилийн турш цуглуулсан ч чадна. Санаархал нь 33 жилийн дараа бүтнэ гэсэн үг болох нь. “50 жилийн турш монголчууд ийм юм хүсч байна. Та нараас айгаад л бид дуугүй яваад байсан юм” гэхэд л дэлхийн олон нийт мад тавиулна шүү дээ.
Тэр хугацаанд зөвхөн бичиг тоолоод л суухгүй. Нийгмийн бүх салбарыг хятадчилах бодлого явуулна. Хятад цагаачдаар дүүргэнэ. Тэр бодлогоо Монголын тоглоомын этгээдүүдийнхээ гараар гүйцэтгүүлнэ. Тэгээд “Монголчууд чинь өөрсдөө нийгмийн хамаг салбараа сайн дураараа бидэнтэй нэгтгээд эхэлчихсэн ш дээ. Хятад ах дүү нараа ч урьж залаад, хүн амын хувьд нэгдчихсэн. Тэгж л эх оронтойгоо нэгдэхгүй бол, улс болж тоглоод сайнаа үзэхгүй гэдгээ ойлгосон юм чинь” гээд л, баталгаа болгож, Монголын нийгэм бүх талаараа уруудан доройтсоныг баримтаар тоочно.
Ийм л болчихоод байна шүү дээ. Монгол улсыг Хятадад балансаас балансад шилжүүлсэн гэж харгис дэглэмийнхнийг ялласан Баасан гуайдаа баярлалаа.
Ч.МӨНХБАЯР
2007
No comments:
Post a Comment